| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 181/2018/02174/и |
| Дугаар | 01174 |
| Огноо | 2019-06-21 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 01174
Э.М-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00785 дугаар шийдвэртэй Э.М-ын нэхэмжлэлтэй “МД” ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 35 842 656.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.М-ын төрсөн эх Ш.Чимэдцэрэн “Голомт банк” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ1170006489 дугаартай орон сууцны зээлийн гэрээгээр 40 600 000 төгрөгийг 20 жил буюу 240 сарын хугацаатай зээлж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран гудамж 34 байр 26 тоот хаягт байршилтай 41.04 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-2204050968 бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан авсан бөгөөд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Э.М хамтран үүрэг хүлээсэн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “МД” ХК-тай Ш.Чимэдцэрэн өвчний улмаас нас барах эрсдэлээ хамгаалж орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1701007968 дугаартай гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өвчний учир нас барсан. Даатгуулагчийн хамтран зээлдэгч даатгагчид нөхөн төлбөр гаргуулахыг хүсэж 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хандсан боловч нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 8.7-д архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэж мэдэгдсэнийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 9/2904 албан бичгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон хэмжээгээр олго гэсэн боловч одоог хүртэл “МД” ХК нөхөн төлбөр олгохгүй, та нар шүүхдээд ав гэдэг. Даатгуулагч нь архаг хууч өвчний улмаас нас барсан гэж үзэхгүй. Ярих боломжгүй, ухаангүй эмнэлэгт очсон хүн өөрийгөө сүүлийн хэдэн жил даралт ихсэх өвчнөөр өвдөж байгаа тухайгаа тайлбарлах боломжгүй юм. 3 хоног сэхээнд эмчлүүлж байгаад нас барсан явдал нь архаг хууч өвчтэй байсныг илэрхийлэхгүй. Архаг хууч өвчин бол урдаас эмчлүүлж байсан, эмнэлгийн байгууллагын хяналт дүгнэлтээр тогтоогдсон байхыг хэлэх байх. Даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг даатгалын гэрээгээр тохиролцоогүй тул “Голомт банк” ХХК-ийн зээлийн үлдэгдэл дүнгээр тооцох гэж үзэж байна. Иймд нөхөн төлбөрийг даатгуулагч Ш.Чимэдцэрэн нас барсан үеийн буюу 2018 оны 4 дүгээр сарын 01-ний байдлаар банканд төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 35 842 656.80 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгчийн гэнэтийн ослын 1703007968 тоот даатгалын гэрээний даатгуулагч Ш.Чимэдцэрэн нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 19:50 минутын орчимд гэртээ байх үедээ бие нь муудаж улмаар бөөлжин ухаан алдаж, комын байдалд орж 103-аар Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэгдэж тус эмнэлэгт 2018 оны 3 дугаар сарын 27-оос 30-ны өдөр хүртэл 3 хоног Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өвчний улмаас нас барсан байна. Даатгуулагч Ш.Чимэдцэрэнгийн нас барсан шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2630 тоот Өвчний түүх дээр гол зовиур нь Артерийн даралт ихэснэ мөн Өвчний түүх дээр Артерийн даралт ихсэх өвчинтэй, сүүлийн хэдэн жил даралтын эм тогтмол ууж байгаа хэмээн тэмдэглэсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн эмнэлгээс ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02/227 тоот албан бичигт Ш.Чимэдцэрэн нь Артерийн даралт ихсэх өвчин 3-р зэрэг, Тархины аалзавчин хальсны доорх цус харвалт, Амьсгал зүрх судасны хурц дутагдал гэх оношоор нас барсан гэж тодорхойлжээ. Үүнээс үзэхэд даатгуулагчийн үхэлд хүргэсэн аалзавчин хальсан доорх цус харвалтад хүргэх үндсэн шалтгаан нь артерийн даралт ихсэх өвчин ба түүнээс үүдсэн бичил судасны эмгэг, амилиод ангиопати, судасны гажгийн улмаас судас хагарах замаар тархины эдийн дотор, ховдолд цус харван орох замаар үүсдэг буюу үхэлд хүргэх суурь шалтгаан нь даатгуулагчийн өмнөх өвчлөл болох артерийн даралт ихсэх өвчин байсан. Иймд даатгуулагчийг үхэлд хүргэсэн өвчин эмгэг нь архаг хууч эмгэгт хамаарч байна.
Үхэлд хүргэсэн суурь шалтгаан нь артерийн даралт байх тул даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болоогүй гэж үзсэн. Түүнээс гадна даатгуулагчийн даатгуулсан зээл нь хамтран зээлдэгчтэй байсныг хэлмээр байна. Голомт банкны тодорхойлолт болон ипотекийн зээлийн журмын дагуу хамтран зээлдэгч Э.М нь 33.03 хувь, үндсэн зээлдэгч Ш.Чимэдцэрэн нь 66.97 хувийн үүргийг зээлийн гэрээгээр хүлээсэн болно. Даатгагч нь зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1703007968 тоот гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 8.7-д Архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан “МД” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 24 003 827.25 төгрөгийг гаргуулж Э.М-д олгож, Э.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас 11 838 829.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277 969.1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,
Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан давж заалдах гомдолдоо: Даатгуулагч Ш.Чимэдцэрэнгийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №2630 тоот Өвчний түүх дээр гол зовиур нь “Артерийн даралт ихэснэ”, “Артерийн даралт ихсэх өвчинтэй, сүүлийн хэдэн жил даралтын эм тогтмол ууж байгаа” хэмээн тэмдэглэсэн байдаг. Мөн Баянзүрх дүүргийн эмнэлгээс ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №02/227 тоот албан бичигт Ш.Чимэдцэрэн нь “Артерийн даралт ихсэх өвчин 3-р зэрэг, Тархины аалзавчин хальсны доорх цус харвалт, Амьсгал зүрх судасны хурц дутагдал” гэх оношийн улмаас нас барсан гэж тодорхойлсон. Гэтэл шүүх дүгнэхдээ Даатгуулагчийг үхэлд хүргэсэн “Тархины аалзавчин хальсны доорх цус харвалт (I.60), амьсгал, зүрх, судасны хурц дутагдал” онош бүхий өвчин нь зөвхөн артерийн даралт ихсэх өвчнөөс үүдэлтэй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, шинжээч нар дүгнэлт гаргахаас татгалзсан тул тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэсгүйг илтгэж байна. Иймд даатгуулагч артерийн даралт ихсэх өвчний 3-р зэргийн оноштой гарсан нь амь насаа алдах үндэслэл болоогүй гэж үзнэ хэмээн шүүх өөрөө энэхүү өвчнийг архаг өвчин эсэхэд дүгнэлт хийж Ш.Чимэдцэрэнгийн №2630 тоот Өвчний түүхийг нотлох баримтын хүрээнд хангалттай үнэлээгүй. Даатгуулагч Ш.Чимэдцэрэн артерийн даралт ихсэлтийн 3-р зэрэг буюу артерийн даралт ихсэлт өвчний хүнд зэрэгтэй байнгийн буюу 1-2 долоон хоногт давтан хэмжилт хийлгэж, хойшлуулшгүй эмчилгээ шаардлагатай цус харвах өндөр эрсдэлтэй өвчин эмгэг бөгөөд энэ тухай баримт 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №2630 тоот Өвчний түүх дээр гол зовиур нь “Артерийн даралт ихэснэ”, “Артерийн даралт ихсэх өвчинтэй, сүүлийн хэдэн жил даралтын эм тогтмол ууж байгаа’’ хэмээн тэмдэглэснээр нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 35 842 656.80 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Э.М , Ш.Чимэдцэрэн нар нь “Голомт банк” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ1170006489 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, 40 600 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1701007968 дугаар гэрээг хариуцагчтай 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 58 000 000 төгрөгөөр үнэлж, зээлийн үлдэгдлийг 36 437 386.33 төгрөгөөр тооцож, 118 324.86 /69 600+ 48724.86/ төгрөгийг хураамжид төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 4-10 дугаар тал/
Дээрх “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-д Э.М-ыг “хамтран зээлдэгч” гэж тодорхойлсон. /хх-ийн 4 дүгээр тал/
Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Шүүх зохигчийн хооронд даатгалын гэрээ байгуулсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн биелэлтийг даатгуулагч, даатгуулагчийн өв залгамжлагч шаардах эрхтэй юм.
Ш.Чимэдцэрэн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нас барсан, /хх-ийн 11 дүгээр тал/ Ш.Чимэдцэрэнгийн охин, хамтран зээлдэгч Э.М даатгагчаас нөхөн төлбөр шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар “Баянзүрх-Эмнэлэг” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02/227 тоот тодорхойлолт болон тус эмнэлгээс 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 44 минутад нээсэн 2630 тоот өвчний түүхэд Ш.Чимэдцэрэнг Тархины аалзавчин хальсны доорх цус харвалт (I.60), артерийн даралт ихсэх өвчин IIIзэрэг, амьсгал, зүрх судасны хурц дутагдал оношоор хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нас барсан нь тогтоогдсон байна. /хх-ийн 22, 23-35 дугаар тал/
Даатгагч нь “... даатгуулагчийн нас барсан шалтгаан нь дээрх өвчний түүхэд Артерийн даралт ихсэх өвчтэй, сүүлийн хэдэн жил даралтын эм тогтмол ууж байгаа, Артерийн даралт ихсэх өвчин III зэрэг гэж тэмдэглэгдсэнээр Ш.Чимэдцэрэн нь архаг хууч өвчтэй байсан нь тогтоогдож байгаа, энэ нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна”, “...ухаангүй өвчтөн өөрөө тэр тухайгаа хэлж, өвчний түүхэд бичүүлэх боломжгүй, архаг хууч өвчтэй байсныг нотлох өөр ямар ч баримт байхгүй, 3 хоног эмчилгээ хийлгэснийг архаг хууч өвчтэй байсан гэж үзэхгүй” гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан хэдий ч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Шүүх зохигч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн, нэхэмжлэгч, хариуцагч тал шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх хэрэгт буй баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйл, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй болно.
Даатгалын гэрээнд заасан “нөхөн төлбөр олгохгүй байх” нөхцөл байдал үүссэн гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
Шүүх талуудын гэрээний 8 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох тохиролцооны дагуу даатгалын нөхөн төлбөрт 24 003 827.25 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Шүүх хариуцагч “МД” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийг шийдвэрийн удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгт “МД” ХК гэж буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Б.НАРМАНДАХ