Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/000717

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** М*** ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *** газарт холбогдох

 

*** газрын даргын 2016 оны 3 дугаар сарын  28-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** , нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М*** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2006 оны *** газарт хог тээврийн жолоочоор ажилд ороод 2016.03.28 хүртэл 10 жил ажилласан. Би тус байгууллагын Исүзи *** ДА улсын дугаартай автомашиныг барьж хог тээвэрлэдэг юм. 2016 оны 3 дугаар сарын 28-нд *** газрын даргын *** тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, 43 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн. 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд явагдсан хяналт шалгалтын явцад шатахуун зарцуулалтад ноцтой зөрчил давтан гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. 2015.03.19-нд дотоод хяналтын аудит Баярсайхан дуудаад зураг үзүүлсэн. Чи 62л солярка, дизель түлш хулгайлсан байна гэж хэлсэн. Тухайн өдрүүдэд миний хог тээвэрлэдэг машинд хог ачигчаар Батмөнх, Сергей нар ачдаг байсан учраас эдгээр хүмүүс намайг машинаасаа бензин дизель авсан эсэхийг сайн мэдэх байх. Миний хувьд өглөө машинаа гаражаас авч ачигч нараа суулгаж хогоо ачиж, тээвэрлэж хаяад орой мөн ачигч нартайгаа ирж цагаа бүртгүүлж машинаа тавиад амардаг. Хог ачих ажиллаж байх явцад машиныг унтраах ямарч боломжгүй бөгөөд байнга асаж байж машин хогоо шахах зэрэг тоног төхөөрөмж ажилладаг. 1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн машин бөгөөд 2008 онд Монгол Улсад орж ирснээр намайг уг машинаар хог тээвэрлэх ажлыг өгсөн бөгөөд манай байгууллагад тасралтгүй 8 жил явж байгаа машин юм. Бид хогийг орон сууцны доод талын хогийн цэгээс ачдаг бөгөөд би өдөрт 1-2 л бензин хаанаасаа соруулчихсан түүнийгээ зарж ашиглаад зогсож байх вэ дээ. Намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Миний хувьд дизель түлш огт ашиглаж ашиг олж байгаагүй. 100 км замд хэдэн литр бензин иддэгийг ч мэдэхгүй. Ийм учраас 2016.03.28-ны өдрийн *** тоот *** газрын даргын тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, НД, ЭМД-ийн дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, Б.Ц*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Н.М*** нь 2015 оны 4 дүгээр сарын 23-24-нд явагдсан хяналт шалгалтын явцад шатахуун түгээгүүрийн газарт түгээгч нартай хуйвалдан тодорхой хэмжээний шатахуун үлдээж, өөрөө авдаг нь тогтоогдож, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 заалтаар цалинг 2 сарын хугацаагаар 15 хувь бууруулах арга хэмжээ авагдсан. Инженер техникийн ажилчдын хурал дээр дутагдлаа хүлээн зөвшөөрч дахин хулгай хийхгүй байх амлалт авч зан харьцаа ёс суртахуундаа дүгнэлт хийх үүрэг авч байсан. Гэвч 2016 оны 3 дугаар сарын 6-15-нд дахин шатахуун авч ашигладаг болох нь GPS-ийн хяналтын явцад тогтоогдож, 2016.03.28-нд газрын даргын тушаалаар 1 зөрчлийг 1 жилийн дотор дахин давтан гаргасан үндэслэлээр ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Н.М*** нь үүнээс өмнө архи уусан асуудлаар халагдаад буцаж ажилдаа орсон юм. Н.М*** ын удаа дараагийн шатахуун авдаг асуудлыг тогтоож, шалгуулахаар 2016 оны 5 дугаар сарын 11-нд НААҮГ-ын даргын хүсэлтээр Цагдаагийн газар шалгуулахаар шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.М*** нь *** газарт холбогдуулан *** газрын даргын 2016 оны 3 дугаар сарын  28-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь Н.М*** нь хөдөлмөрийн хуулинд зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.М*** нь *** газрын даргын 2016 оны 3 дугаар сарын  28-ны өдрийн *** тоот Ажлаас чөлөөлөх тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Н.М*** нь *** газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 64 тоот Ажилд томилох тушаалаар жолоочоор ажилд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

*** газрын даргын 2016 оны 3 дугаар сарын  28-ны өдрийн *** тоот Ажлаас чөлөөлөх тушаалд ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтуудыг үндэслэн ...2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 3 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд явагдсан хяналт шалгалтын явцад шатахуун зарцуулалтад ноцтой зөрчил давтан гаргасан тул үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Нэхэмжлэгч Н.М*** ыг *** газрын даргын 2015 оны 5 дугаар сарын  06-ны өдрийн 49 тоот тушаалаар ...2015 оны 05, 06 дугаар сарын цалинг тус, тус 15 хувиар бууруулах арга хэмжээ авсан байх бөгөөд тушаалд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон байна. / хх-ийн 16/

 

*** газрын даргын гаргасан.... Н.М*** нь ...2016 оны 3 дугаар сарын 06-15-ны хооронд явагдсан хяналт шалгалтын явцад шатахуун зарцуулалтад ноцтой зөрчил гаргаж 64 литр шатахуун дутаасан үйлдлийг тогтоож арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж ...Н.М*** , Г.Амаржаргал нар нь өөрсдийн жолоодож байсан машинаас түлш дутагдуулж 2016 оны 3 сард ажлаасаа халагдсан болох нь тогтоогдож байгаа боловч учруулсан хохирлын хэмжээ бага бус хэмжээнд хүрэхгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргүүлжээ.  

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 585 дугаартай тогтоолоор ...Н.М*** нь ...2016 оны 3 дугаар сарын 06-наас 15-ны хооронд *** газар өөрсдийн жолоодож байсан хог тээвэрлэгч автомашинааас жолооч Н.М*** 64 литр буюу 105600 төгрөгийн түлш дутаасан гэх гомдлыг хянахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан хохирлын бага бус хэмжээ буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгөнд хүрэхгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.М*** , итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 64 литр түлш дутаагүй, энэ нь нотлогдоогүй гэж маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолын үндэслэлд ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан хохирлын бага бус хэмжээ буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгөнд хүрэхгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд үүнийг зөрчил гаргаагүй гэж үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Н.М*** нь 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд явагдсан хяналт шалгалтын явцад шатахуун зарцуулалтад  зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.М*** т зөрчлийн улмаас 2015 оны 5 дугаар сарын  06-ны өдрийн 49 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, энэ зөрчлийг 2016 оны 3 сард дахин гаргасан болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “ Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно”, энэ хугацаа өнгөрөөгүй байхад ажилтан дахин сахилгын зөрчил гаргавал зөрчлийг давтан гаргасан гэж тооцно, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Н.М*** ын *** газарт холбогдуулан *** газрын даргын 2016 оны 3 дугаар сарын  28-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.М*** ын *** газарт холбогдуулан *** газрын даргын 2016 оны 3 дугаар сарын  28-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА