Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/000933

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, *** тоотод оршин суух Д*** Г***ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** й газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*** , нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г*** түүний өмгөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2013 оны 04 сарын 01-ны өдрөөс эхлэн НААҮГ-н “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн менежерээр ажиллах болсон юм. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт үүрэгт ажлаа удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу сайн гүйцэтгэж, 16 хүнтэй ажлын байрыг хариуцаж, хүрээлэнгийн эд хөрөнгийн бүрэн байдал, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, хайлаас, агч, гацуур болон бусад модны усалгаа, тайралт, тэгшилгээ, ордууд болон бүтээлүүдийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, цэвэрлэгээ үйлчилгээг хийх ажлуудыг цаг бүрт нь удирдан зохион байгуулж ажиллаж байсан юм. 2015 оны 11 сард Г.Г*** нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар томилогдож ирсэн юм. Миний бие 2016 оны 1 сарын 27-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн улмаас эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эмчилгээгээ дуусган эмнэлэгийн хуудсаа аваад 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа очтол хүний нөөц Б.Ц*** нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Нэгдүгээр менежерийн орон тоо байхгүй болсон. Хоёрдугаарт Г.Г*** дарга энэ менежертэй хамтарч ажиллахгүй гэдгээ надаар дамжуулан хэлүүлж байна гэсэн. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нярав *******ээс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот тушаалыг авсан. Үүрэгт ажлаа 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн. Миний бие нь *** тоот даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна. Миний ажиллаж байсан менежерийн орон тоон дээр шинээр ажилд орсон З.Э*** эгч залуу Миний монгол цогцолборт хүрээлэнгийн менежерийн ажлыг нэршлийг нь өөрчлөн хийж байгаа нь ямарч орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт хийгдээгүй нь тодорхой харагдаж байна. Ямар ч үндэслэлгүй тушаалаар намайг ажлаас халж өөрийн гэс эн хүнийг ажиллуулан төрийн албыг хувийн компани шиг болгон, төрийн үйлчилгээний ажилтанг хууль бусаар халж сольсон гэж үзэж байна. Ийнхүү ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г*** түүний өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан тайлбартаа:

Миний бие ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан орон тоо хэвээр байгаа тул нэхэмжлэгч Д.Г***ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Г*** нь *** й газарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Г*** нь *** й газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн менежерийн албанд тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

*** й газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн *** тушаалаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь орон тоо хасагдаагүй тул тушаалыг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргажээ.

 

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн А/1 тоот Ажиллагсадын орон тоо, цалин батлах тухай тушаалаар нийт ажиллагсадын 2016 онд мөрдөгдөх орон тоо, цалингийн шатлал зэрэглэлийг баталсан боловч Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/05 тогтоолоор Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн газрын 2016 оны  төсөв баталсан бөгөөд үүнд ажилчдын орон тоо хасагдсан талаар дурьдаагүй болох нь тогтоогдож байна. / хх-ийн14-19/

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... орон тоо хасагдаагүй гэсэн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Г***ийн *** й газрын Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн менежерийн албанд тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.Г***ийн ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 02 сар 29 хоног, сарын дундаж цалин 480 485 төгрөг , 21,5=22348 төгрөг /1 өдөр/, 29х22348=648 096, 648 096+960970 /2сар/ =1609066 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г***ийн *** й газрын Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн менежерийн албанд тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 1 609 066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч *** й газар ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган, бичилт хийхийг даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *** дүгээр зүйлийн *** .1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 40695 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Д.АЛТАНТУЯА