Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/00362

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/00362

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ө.Уянга, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, . хороо, . хороолол, У гудамж, . байр, . тоот хаягт оршин суух Б овогт П.Б /рд:........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, . хороо, О гудамж хаягт оршин байгаа Ө ХХК /рд:..../-д холбогдох,

 

Алданги 25.156.190 төгрөг, айл хооронд дуу намтгагч хийх зардал 6.768.000 төгрөг, дуу намтгагч хийсний улмаас ашигтай талбай багасч байгаа тул 4.070.655 төгрөг, түрээсийн орлого 7.500.000 төгрөг, охин Д.М шүүх хуралд оролцохоор ирсэн 2 талын онгоцны зардал, 5.900.196 төгрөг, охин Д.М халтирч унан зүүн өвдгөө гэмтээсний улмаас эмнэлгийн анхан шатны тусламж авсны зардал 530.000 төгрөг, ванны дутууг гүйцээсэн материал, ажлын хөлс 500.000 төгрөг, тагтны цонхны тавцанг хийлгэх, шал хулдааслах, таазны засварын зардалд 383.345 төгрөг, шал ахин хуулж засахад 330.000 төгрөг, нийт 51.138.386 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Хөнгөлөлт үзүүлсэн 10 хувьтай тэнцэх 23.727.375 төгрөг, гэрээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй алданги 3.051.087 төгрөг, нэмэлтээр хийгдсэн ажлын өртөг 2.291.623 төгрөг, валютын ханшны зөрүү 1.915.555 төгрөг, дотор заслын ажлын хөлсний зөрүү 698.641 төгрөг, нийт 31.683.281 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Д , түүний өмгөөлөгч Б.С , хариуцагч Ө ХХК-ийн захирал П.А , түүний өмгөөлөгч Д.Д , гэрч Ю.О , Д.Батцэцэг, шинжээч Б ХХК-ийн захирал П.А , иргэдийн төлөөлөгч М.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь 2013 оны 5 сарын 15-ны өдөр UA-040237 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г хариуцагчийн гэрээний төслөөр тохиролцон 2014 оны 11 сарын 30-ны өдрийн дотор багтаан ашиглалтад өгөхөөр байгуулж, гэрээний дагуу орон сууцны үнэ 202.205.710 төгрөгийг гэрээнд тохирсон хугацаандаа бүрэн төлсөн. Гэтэл уг барилга гэрээний 1.1, 4.10-т заасан хугацаа хэтэрч, гэрээний 1.4, 1.3-ийн а, к, л, г, и заалтууд биелэгдээгүй, зарим ажлууд чанар муутай, дутуу хийгдсэн. Иймд дутуу хийсэн ванны онгорхойг гүйцээж дуусгах, тагтны тавцан шал дуусгах, аюулгүйн үүднээс гал тогоо, ванны өрөөний цахилгааны залгууруудыг халуун хүйтэн усны хаалтуудаас холдуулах, тагтны аюулгүйн хамгаалалт хийлгэх, паркетан шалыг ахин шахах, зайг замаскдах, айл хоорондын дуу тусгаарлагч нэмж хийх, туузан гэрлүүдийн унтраалга салгах, нэмэх зэрэг олон ажлуудыг 2015 оны 7 сарын 1 хүртэл хийлээ. Иймд 2015 оны 4 сарын 03-ны өдрийг хүртэлх 78 хоногийн торгууль алдангийг гэрээний дагуу төлсөн 95%-ийн төлбөр 202.205.710 төгрөгөөс хоногийн 0,08%-ийн алданги тооцож, нийт 12.617.592 төгрөгийг буцаан олгуулж, гарсан зардал, хохирлоо нөхөхөд тусална уу. Гэрээний 1.3 ба 1.4-т дээд зэрэглэл-ийн ангилалд багтахаар барилгын болон интерьер, экстерьерийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, түлхүүр гардуулах нөхцлөөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл дээд зэрэглэл-д байтугай дунд зэрэглэл-д ч тэнцхээргүй орон сууцыг хүлээн авсан гэж бид үзэж байгаа. Гэрээний 1.3а т барилгын үндсэн хийц төмөр бетон карказ, хөнгөн бетон блок дүүргэгчтэй гэсэнд айл хоорондын хана барилгын үндсэн хийцэд орох ёстой гэдгийг Барилгын тухай хууль норм норматив, мэргэжлийн хяналт баталж байна. Тэгэхээр айл хоорондын ханыг гэрээгээр хөнгөн бетон блокоор зузаан ханатай өрөх ёстойг, хийхэд хялбар, үнэ хямдтай өрөө тусгаарладаг 10-14 см-ын полистрол бетон хавтангаар хийснээс айл хоорондын яриа дуу илт сонсогдож олон айл гомдол тавьдаг гэжээ.

 

Хариуцагч Ө ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд барьсан Юнайтед апартмент нэртэй 30б орон сууцны барилгын 37 тоотын орон сууц захиалгаар бариулах UA-040237 дугаартай гэрээг П.Бүтэдтэй 2014 оны 5 сарын 15-ны өдөр байгуулсан. Манай компанийн ажилтны хариуцлагүйгээс 2014 он гэхийг 2013 он гэж ташаа бичсэн байдаг. П.Б нь гэрээний 1.4 ба 1.3-ийн а, к, л, г, и заалтууд биелэгдээгүй, зарим ажлууд чанар муутай дутуу хийгдсэн байсан гэх зэргээр бичжээ. Манай компани нь батлагдсан зураг, гэрээнд тодорхойлон заасан материалаар барилгын ажлыг гүйцэтгэж, улсын комисс дээр маш сайн гэж үнэлэгдсэн. П.Б нөхөр Ё.Д нь зураг, төсөл, инженерийн тооцооноос давсан, гажууд зүйлийг анхнаасаа төлөвлөж, төсөвлөөгүй болон хийгдсэн ажлыг дахин шахаж шаарддаг. Үүнд: Дүүргэгч ханыг хөнгөн блокоор хийсэн байхад хийгээгүй гэх, үйлчилгээ хийх зориулалттай ванны хажуу онгорхойг биднээр бөглүүлэх гэх, инженерийн тооцоогоор тавигдсан радиаторыг том болгоно гэх, гал тогооны өрөөний тавилгаа захиалан авчирч суурилуулсан хойно нь тааруулж угсардаг сантехникийн холболт, цахилгааны унтраалга зэргийг өөрийнх нь тавилгаас хамааруулан хийж өгснийг, даацын рам бүхий аюулгүйн шилтэй тагтанд хаалт хийлгэнэ гэхэд бид хөрөнгө гарган хийсэн бөгөөд фасадны байдлаас бүх айлд жигд хийсэн, 2 ширхэг шал шажигнаад байна гэхээр нь засч 20 м2 шалыг хуулж, засч янзалж өгсөн, мөн шалны ширхгүүдийн хоорондох 1-2 мм нарийн зайтай байхад өөрөө замаскдуулна гэсээр замаскдуулсан байна. Гэрээний 3.1-т 2014 оны 4 дүгээр улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгч, 4.10, 3.1 дээрх хугацаанд 45 хоногийг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд гэрээний 5.3-т заасны дагуу манай талаас захиалагч нарт бичгээр хандаж 2015 оны 1-р сарын 05-ны өдрийн 02/01 албан тоотыг хүргүүлсэн. Гэрээний хугацаа 2015 оны 2 сарын 15-ны өдөр хүртэл сунгагдсан, зөвшөөрөлцсөн гэж үзээд манай компаниас нэмэлт ажлуудыг гүйцэтгэсний өртөг болон материалын үнэ өссөнтэй холбогдсон зөрүү зэрэг зардлыг хариуцаж, манай талаас захиалагч нарын гэрээний үнэд өөрчлөлт оруулж тооцоогүй болно. Уг орон сууцны барилга дээр 2015 оны 2 сарын 13-ны өдөр Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комисс хуралдан санал нэгтэйгээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг. Иймд П.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Д нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Айл хоорондын 3 тал хананд нэмж дуу намтгагч хийх 6.768.000 төгрөг, нэмж дуу намтгагч хийснээр ашигтай талбай багасах тул 4.070.655 төгрөг, гадаад иргэнд орон сууц, авто зогсоол түрээслэн олох байсан орлого 7.500.000 төгрөг, охин Д.М 2014 оны 12 сард байр хүлээн авах, 2015 оны 12 сарын 22-ны өдөр шүүх хуралдаанд оролцохоор ирсэн 2 талын онгоцны зардал 5.900.196 төгрөг, Д.М нь шүүх хуралдаанд оролцохоор ирэхдээ сэтгэл санааны тавгүй байдал нөлөөлж халтирч унан зүүн өвдгөө гэмтээсний анхан шатны тусламж авсны зардал 530.000 төгрөг, ванны дутууг гүйцээсэн материал ажлын хөлс 500.000 төгрөг, тагтны цонхны тавцанг хийлгэх, шал хулдааслах, таазны засварт 383.345 төгрөг, шал ахин хуулж засахад 330.000 төгрөг, гэрээний 6.4-т зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нөгөө талд төлөх алдангийн дээд хэмжээ үнийн дүнгийн 10% тул /213.561.900 + 38.000.000 = 251.561.900/ х 10% = 25.156.190 төгрөг, нийт 51.138.386 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ө ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Дуу намтгагч хийх шаардлага нь гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс болоогүй гэж үзэж байгаа ба захиалагч өөрийн хүслээх хийх, хийх гэж байгаа зардлыг гүйцэтгэгчээс гаргуулах үндэслэлгүй. Захиалагч өөрийн хүслээр дуу намтгагч хийснээр талбай багасч байгаа тул талбайн зөрүүг гүйцэтгэгч хариуцахгүй. Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн орон сууцаа хэрхэн яаж ашиглах, гадаадын иргэнд түрээслэх эсэх нь өөрийнх нь асуудал. Д.М өөрийн хүслээр зорчсон тээврийн зардлыг барилгын гүйцэтгэгч компани хариуцан гаргах үндэслэлгүй. Д.М нь амарч, аялж, зугаалж яваад хөлөө гэмтээсэн гэдэг тул гүйцэтгэгч хариуцахгүй. Ванны ямар ажил дутуу байгаад тэрийг хэрхэн гүйцээсэн тухай асуудал тодорхойгүй байна. Тагтны тавцан, шал, тааз, шал хуулан зассан гэх зардал нь өөрийнх нь хүсэлтээр хийсэн ажил байна. Ямар шал яагаад хуулаад дахин зассан нь тодорхойгүй байна. Үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. П.Б нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ хийх үед манай баримталж байсан нэгж талбайг тооцох хамгийн доод үнэ 3.450.000 төгрөг байсан. Өндөр настай хүмүүс гэж бодож уян хатан төлбөрийн нөхцөлтэйгээр гэрээ байгуулж 10%-ийн хөнгөлөлт үзүүлсэн. Тус компани барилгын үнийг 2013 онд төсөвлөн гаргасан. 2013 оны 5 сард 1 ам.доллар 1.437,72 төгрөгтэй тэнцэж байсан бол бидний материалаа гадаадаас татаж байсан 2014 онд 1 ам.доллар 1.740,89 төгрөг болсон байдаг. Бид долларын ханшийн зөрүүнд 207.636.403 төгрөгийг илүү төлсөн. Мөн дотор заслын ажлын хөлсний үнийн зөрүүнд 79.388.730 төгрөгийг нэмж төлсөн, төсөвлөөгүй, зайлшгүй шаардлагаар нэмэлтээр 258.530.000 төгрөгийн ажлыг нэмж гүйцэтгэсэн. Иргэн П.Б нөхөр Ё.Д нь UA0402237 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн нэр бүхий бичгийг гараар бичиж, манай менежерт авчирч өгсөн байдаг. Манай компани тус бичгийг зөвшөөрөхгүй, баталгаажуулаагүй юм. Захиалагч нь элдэв саар зүйлээр төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байдаг. Иймд хөнгөлөлт үзүүлсэн 10%-тай тэнцэх 23.727.375 төгрөг, гэрээний 6.2-т заасан гэрээний төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 3.051.087 төгрөг, нэмэлтээр хийгдсэн ажлын өртөг 2.291.623 төгрөг /66 м2 талбайд ногдох/, валютын ханшны зөрүү 1.914.555 төгрөг /66 м2 талбайд ногдох/, дотор заслын ажлын хөлсний зөрүү 698.641 /66 м2 талбайд ногдох/ төгрөг, нийт 31.683.281 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Гэрээний 1.4-т түлхүүр гардуулах нөхцлийг тодорхой оруулсан хирнээ гэрээний дагуу гадна, дотно тохижилт, авто зогсоол, зам талбай дутуу, домофон аюулгүй хамгаалалтын иж бүрдэл хангагдаагүй, захиалсан байрандаа шууд нүүн орох, аж төрөх нөхцөл бүрдээгүй байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, борлуулалт муутай 2-4 давхрыг гүйцэтгэгч тал өөрөө хямдруулсан байдаг. Гэрээний хөнгөлөлтөөс татгалзах эрх одоо хариуцагчид байхгүй. Дутуу ажлаа болон биет байдлын чанарын доголдлыг арилгатал шаардлагатай хэмжээний 10% мөнгө хөрөнгө захиалагч тал барьцаанд авч үлдэх эрхтэй. Хөлс төлөх хугацааг Иргэний хуулийн 346.1-т ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэсэн байдаг. Ажлын үр дүн дуусаагүй, доголдолтой гэсэн гомдлын шаардлагаа бичгээр 3 удаа өгснийг зүй ёсоор хүлээн аваагүй татгалзсан байхад хөлс төлөхийг 10%-иа хариуцагч шаардах эрхгүй. Иймд хуулийн дагуу авч үлдсэн 10%-ийн төлбөрөө удаасны алданги зэргийг хариуцагч шаардах эрхгүй. Нэгэнт үнээ өөрсдөө тогтоож, гэрээгээ хийж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан хойно одоо нэмэлтээр хийгдсэн ажлын өртөг, валютын ханшны зөрүү, дотор заслын ханшны зөрүү нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлэээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан, гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 25.156.190 төгрөг, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан болон арилгахад шаардлагатай зардал 12,052,000 төгрөг, олох ёстой байсан түрээсийн орлого 7.500.000 төгрөг, гэм хорын хохиролд 6.430.196 төгрөг, нийт 51.138.386 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагагыг гаргажээ.

 

Хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэгч П.Б холбогдуулан, хөнгөлөлт үзүүлсэн 10 хувьтай тэнцэх 23.727.375 төгрөг, гэрээний төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 3.051.087 төгрөг, нэмэлтээр хийгдсэн ажлын өртөг 2.291.623 төгрөг, валютын ханшны зөрүү 1.915.555 төгрөг, дотор заслын ажлын хөлсний зөрүү 698.641 төгрөг, нийт 31.683.281 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч Ө ХХК нь хөнгөлөлт үзүүлсэн 10% хувьтай тэнцэх 23.727.375 төгрөг, валютын ханшны зөрүү 1.915.555 төгрөг, дотор заслын ажлын хөлсний зөрүү 698.641 төгрөг, нийт 26.341.571 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан тул эдгээр шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэн П.Б нь Ө ХХК-тай 2014 оны 5 сарын 15-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ /1хх-5х-9х/, 2014 оны 7 сарын 23-ны өдөр Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ-г /1хх-51-52х/ тус тус байгуулж, гүйцэтгэгч Ө ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнайтед апартмент цогцолбор, Г блок, 4 давхар, 37 тоот 66 м2 талбайтай орон сууц, авто зогсоолыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч П.Б нь гэрээнд заасан хөлс 213.561.900 төгрөг болон 38.000.000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч П.Б нь 2013 оны 5 сарын 15-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан гэж, хариуцагч Ө ХХК нь ажилтан буруу бичсэн, 2014 оны 5 сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан гэж тус тус харилцан адилгүй тайлбарлаж байна.

 

Шүүх Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.3-т заасан төлбөр төлөх хуваарь /1хх-6х/-ийг харгалзан үзэж, 2014 оны 5 сарын 15-ны өдөр байгуулсан гэх хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэв.

 

Гэрээ байгуулах үед орон сууц ашиглалтад ороогүй байсан учир талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т барилга байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно, 349.3-т гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан байх ба иргэн П.Б нь хуульд заасан хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан байна.

 

Нэхэмжлэгч П.Б нь гэрээний 1.3-т орон сууцыг дээд зэрэглэл-ийн ангилалд багтахаар заасан боловч уг шаардлагыг хангахгүй, чанарын доголдолтой, айл хоорондын хана нимгэнээс өөр айлын дуу чимээ сонсогддог, орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй буюу 2015 оны 4 сарын 03-ны өдөр улсын комисс хүлээн авсан тул айл хооронд дуу намтгагч хийх зардал 6.768.000 төгрөг, дуу намтгагч хийсний улмаас ашигтай талбай багасч байгаа тул 4.070.655 төгрөг, ванны дутууг гүйцээсэн материал, ажлын хөлс 500.000 төгрөг, тагтны цонхны тавцанг хийлгэх, шал хулдааслах, таазны засварын зардалд 383.345 төгрөг, шал ахин хуулж засахад 330.000 төгрөгийг нэхэмжилж байна, мөн охин Д.М нь уг орон сууцны үнийг төлсөн жинхэнэ өмчлөгч нь бөгөөд орон сууцыг хүлээн авах, гэрчийн мэдүүлэг өгөхөөр шүүх хуралд оролцохоор Англи улсаас ирсэн 2 талын онгоцны тийзийн үнэ 5.900.196 төгрөг, охин Д.М сэтгэл санаа тайвгүйтэн халтирч унан зүүн өвдгөө гэмтээсний улмаас эмнэлгийн анхан шатны тусламж авахад гарсан зардал 530.000 төгрөгийг хариуцагч Ө ХХК хариуцах ёстой, гадаадын иргэнд түрээслүүлэх зорилготой орон сууц худалдан авсан боловч орон сууцыг голоод түрээслээгүй тул олох ёстой байсан түрээсийн орлого 7.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж өөрийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Нэг. Орон сууцны чанарын доголдол, дуу намтгагч хийх зардал, дуу намтгагч хийснээр ашигтай талбай багасч байгаа тул талбайн зөрүү, ванны дутууг гүйцээсний зардал, тагтны цонхны тавцан хийх, шал хулдааслах, тааз засах зардал, шал ахин хуулж зассаны зардал, олох ёстой байсан түрээсийн орлого, нийт 19.552.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

Ажил гүйцэтгэгч буюу Ө ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Гүйцэтгэгч Ө ХХК нь батлагдсан зураг, төслийн дагуу орон сууцыг барьж ашиглалтад оруулсан болох нь шинжээч Б ХХК-ийн дүгнэлт /2хх-45-75х/, шинжээч Б ХХК-ийн захирал П.А н шүүх хуралдаанд биечлэн оролцож өгсөн тайлбар, Байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэв, Энэхүү барилга нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, Орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой гэсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 4 сарын 03-ны өдрийн 2015/190 дугаартай акт /2хх-99-101х/, барилгын дотор хананд хэрэглэсэн полистирол хавтанг ашиглан барилгын норм ба дүрмийн дагуу гүйцэтгэсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх /хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй галын аюулгүй байдлыг хангасан байх/ заалтын хэрэгжилтийг хангасан байна гэсэн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 1 сарын 15-ны өдрийн 02-07-119/46 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч П.Б нь зураг төсөлд тусгагдаагүй ажлыг өөрийн хүсэлтээр хийж гүйцэтгэсэн, мөн хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байх тул түүний зардлыг хариуцагч Ө ХХК нь хариуцах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан холбогдох зүйлүүд нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан ажлын доголдолд хамаарахгүй гэж үзнэ.

 

Мөн өөрийн өмчийг хэрхэн эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах нь өмчлөгчийн эрх, орон сууц түрээслэх эсэх нь түрээслэгчийн хүсэл зоригоос хамаарах асуудал тул гадаадын иргэнд орон сууц, авто зогсоолыг түрээслэж олох ёстой байсан орлого гэх 7.500.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээнд дээд зэрэглэл гэсэн үг тусгагдсан боловч дээд зэрэглэл гэдэгт чухам юуг хамааруулан ойлгох талаар тодорхой тусгаагүй тул шүүх энэ талаар харьцуулсан дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Д.М онгоцны тийз, эмнэлгийн анхны тусламж авсны зардлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

Хэрэгт онгоцны зардал, эмчилгээний зардлыг өөрийн нэрийн өмнөөс шаардах эрхийг П.Бүтэд, Ё.Д нарт олгосон тухай бичгийн нотлох баримт авагдаагүй учир П.Бүтэд, Ё.Д нар Д.М өмнөөс Ө ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй байна. Иймд үүнтэй холбоотой 6.430.196 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Гурав. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлд дурдагдсан алдангийн талаар,

 

Нэхэмжлэгч П.Б нь орон сууц, авто зогсоол гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд орон сууц, авто зогсоолын нийт үнэ 251.561.900 төгрөгөөс гэрээний 6.3-т зааснаар 0,08%-ийн алданги тооцож, гэрээний 6.4-т заасан алданги гэрээний нийт үнийн 10%-иас хэтрэхгүй байна гэсний дагуу 25.156.190 төгрөг (213.561.900 + 38.000.000 = 251.561.900 х 10%)-ийн алдангийг, хариуцагч Ө ХХК нь захиалагч П.Б нь Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.3-т заасан хуваарийн дагуу төлбөрийг хийгээгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутам 6.2-т зааснаар 0,08 хувийн алданги тооцож, нийт 3.051.087 төгрөгийн /1хх-107х/ алдангийг тус тус нэхэмжилжээ.

 

Талууд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний эрх чөлөөт байдал, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангахаар алдангийн талаар зохицуулалтыг гэрээнд тусгасан байна.

 

Шаардлагын үндэслэл болгож буй Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 6.2, 6.3-т заасан алдангийг төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,08%, гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,08%-иар хоног тутам тооцох зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцож болох зохицуулалттай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч П.Б нь Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ-нд алданги тооцох тухай талууд харилцан тохиролцоогүй байтал гэрээний дүн болох 38.000.000 төгрөгөөс алданги тооцсон, хууль болон гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох журамтай байтал гэрээнүүдийн нийт үнийн дүнгээс алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

 

Талууд орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, хүндэтгэн үзэх шалтгаанаар энэхүү хугацаа 45 хүртэл хоногоор хойшилж болох талаар гэрээгээр тохиролцсон байна.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 4 сарын 03-ны өдрийн 2015/190 дугаартай акт /2хх-99-101х/-д дурдсанаар барилга байгууламжийг 2015 оны 1 сарын 18-ны өдөр барьж дуусгасан болохыг тэмдэглэж, 2015 оны 4 сарын 03-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байх ба иргэн П.Бүтэдтэй 2015 оны 4 сарын 03-ны өдөр түлхүүр хүлээлцэх акт үйлджээ. /1хх-19х, 2хх-89х/

 

Улмаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2015 оны 7 сарын 23-ны өдөр /орон сууц 1хх-150х/ болон 2015 оны 8 сарын 11-ний өдөр /авто зогсоол 1хх-151х/ иргэн П.Б нэр дээр гарчээ.

 

Гэрээний талууд хэн аль нь гэрээнд заасан барилга ашиглалтад оруулах хугацаа, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх ба ийнхүү хугацаа хэтрүүлсэн үйл баримтад хэн аль нь буруутай байх тул хариуцагчаас 25.156.190 төгрөгийн алданги гаргуулах тухай, нэхэмжлэгчээс 3.051.087 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Дөрөв. Нэмэлтээр хийгдсэн ажлын өртөг буюу Онцгой байдлын ерөнхий газраас шаардсаны дагуу галын нэмэлт систем суурилуулахад гарсан зардлын 37 тоотод ногдох зардал болох 2.291.623 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Талууд нэмэлт ажил гарсан тохиолдолд түүний зардлыг хэн хариуцах талаар гэрээнд тусгаагүй, эрх бүхий байгууллагын шийдвэрээр зайлшгүй гарсан зардлыг захиалагч хариуцах үндэслэлгүй байх тул 2.291.623 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хэрэгт шинжээчээр томилогдсон Б ХХК-ийн ажлын хөлс 800.000 төгрөгийг зохигч талуудад хувааж хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, олох ёстой байсан түрээсийн орлого болон гэм хорын хохиролд нийт 51.138.386 төгрөг гаргуулах тухай П.Б үндсэн нэхэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээний алданги болон нэмэлтээр хийгдсэн ажлын зардалд нийт 5.342.710 төгрөг гаргуулах тухай Ө ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ө ХХК нь 26.341.571 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707.551 төгрөг болон 316.336 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 293.641 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж нэхэмжлэгч П.Б буцаан олгож, нэхэмжлэгч болон хариуцагчаас шинжээчийн зардалд тус бүр 400.000 төгрөгийг гаргуулан Б ХХК /рд:5352258/-д олгосугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ө.УЯНГА

 

Б.УУГАНБАЯР