| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/0163/И |
| Дугаар | 1200 |
| Огноо | 2015-11-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 11 сарын 26 өдөр
Дугаар 1200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/0163/И
**** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч **** аймгийн **** сум ** баг ** хэсэг ** тоотод оршин суух, регистрийн дугаар **, С** овогт Э****ын Э****гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч О.О****ын гаргасан 2015.09.17-ны өдрийн **** дугаартай албан тоотоор Э.Э****гийн өмчлөлийн **** дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний 1537,0 мкв газар болон **** дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй **** дугаартай 40.0мкв талбайтай хувийн байшинг” төлбөр авагч Д.Д****ы 6.347.475 төгрөгийн төлбөрт тооцож түүний өмчлөлд бүхэлд нь шилжүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б****, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э****, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Д****ы нэхэмжлэлтэй Э.Э****д холбогдох 6200,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Э.Э**** миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээг үндэслэн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014.10.09-ний өдрийн *** дугаартай шийдвэр гарсан.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч Д.Д****д 500000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 5700000 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал нийлээд 6347475 төгрөг төлөх ёстой гэж шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн. Би санхүүгийн боломжгүй байдлаас болж тогтоосон хугацаандаа төлбөрийг бүрэн барагдуулж чадахгүй байдалд хүрсэн тул **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зээлийн барьцаа хөрөнгөнөөс төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгөнд миний өмчлөлийн **** дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний 1537.0 мкв газар болон **** дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй **** дугаартай 40.0 мкв талбайтай хувийн байшинг албадан дуудлага худалдаанд оруулахаар 2015.05.05-ны өдрийн ** дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Б****ын ** дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгийг хураасан тогтоол гарсан.
Би хашаа, байшингаа нийт 100 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээг төлбөр авагч Д.Д**** хүлээн зөвшөөрсөн тул анхны албадан дуудлага худалдаанд харилцан тохирсон үнийн дүнгийн 70%-иар бую 70 сая төгрөгөөр 2015.06.19-ний өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдаанд 50 хувиар буюу 50 сая төгрөгөөр 2015.07.09-ний өдөр тус тус явуулсан боловч сонирхогч этгээд ирээгүй.
Э.Э**** миний бие нь 2015.06.22-ны өдрөөс 2015.09.19-ний өдөр хүртэл ажил хийхээр БНСУ руу явсан. Намайг эзгүй байхад төлбөр авагч Д.Д**** ШШГА-нд үлдэгдэл 5700.000 төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгө болох миний өмчлөлийн дээрхи хашаа байшинг төлбөртөө тооцож өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хүссэн хүсэлт гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч О.О**** хүсэлтийг хангаж, 2015.09.17-ны өдөр хашаа, байшингийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Д****ы нэр дээр шилжүүлснийг би Солонгос улсаас ирсний дараа 2015.09.28-ны өдөр мэдсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.2-т “төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно” гэж заасан миний эрхийг хязгаарласан шийдвэр болсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д “албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно” гэж заажээ. Хэрэв төлбөр авагч зөвшөөрсөн тохиолдолд албадан дуудлага худалдаа явагдсан 2 дахь үнийн саналаар тус эд хөрөнгөнүүд борлогдсонтой адил эрх зүйн үр дагавар үүснэ.
Төлбөр авагч Д.Д**** барьцаа хөрөнгө болох хашаа байшинг анх 100 сая төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч дуудлага худалдаа явагдсан. Хуулийн дагуу 2 дахь дуудлага худалдааг явуулахдаа ШШГА хашаа, байшинг 50 сая төгрөг гэж үнэлснийг миний бие маргахгүйгээр зөвшөөрч байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.3-т заасан дарааллаар орлого хувиарласны дараа мөн хуулийн 49.5-д зааснаар төлбөр авагч Д.Д****ы 6.347.475 төгрөгийг хангахаар хуульд заасан байна. Хэрэв хуулийн дагуу төлбөр авагчид үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шилжүүлэх гэж байгаа бол мөн хуулийн 49.6-д “Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангасны дараа үлдсэн орлогыг төлбөр төлөгчид олгоно” гэж заасны дагуу зөрүү / 50000000-6347475=43652525 төгрөг/ гаргуулж надад олгох ёстой байсан.
Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч О.О**** нь анх 100 саяар үнэлэгдэж байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлж, намайг эзгүйд ойролцоогоор 15 дахин бага үнэлгээтэй төлбөрт буюу 6347475 төгрөгийн өрөнд суутгаж Д.Д****ы өмчлөлд 2015.09.17-ны өдрийн **** дугаартай албан тоотоор шилжүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн албан шийдвэр нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, миний болон манай гэр бүлийн эрх ашгийг илт хохироосон хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж гомдолтой байна..
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д “төлбөр төлөгч иргэний зайлшгүй хэрэгцээт дараах эд хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй
55.1.1 зайлшгүй хэрэгцээт хоол, хүнс, гал тогооны хэрэгсэл
55.1.2 улирал бүрийн нэг ээлжийн хувцас гэж заасан байна.
ШШГА албан ёсоор хашаа байшинг хүлээлгэж өгөөгүй байхад Д.Д**** цоожийг нь эвдэж ороод, өөрөө өөр цоож хийгээд орсон байсан. Манай гэр бүл байшин дотроосоо эд зүйл болон хувцас хэрэглэлээ огт авч чадахгүй байна. Би бага насны хүүхэдтэй өвөл болж байхад наад захын хэрэглээний хувцас хоол хүнс, тавилга хэрэгсэлээ ч гэрээсээ авч чадахгүй хүнд байдалтай байна. Д.Д**** байшинг цоожилчихоод дотроос нь ядаж ойр зуурын юм аа авъя гэхэд өгөхгүй, утсаа ч авахгүй хэл амаар доромжилж байгаа нь давхар манай гэр бүлийнхний эрх ашгийг хохироож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдолтой байгаагаа мэдэгдэхэд “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан, гомдол хүлээж авахгүй” гэсэн хариуг амаар өгч, ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй.
Одоо төлбөр авагч Д.Д****д 6.347.475 төгрөгөө бэлдчихлээ, энэ төлбөрөө төлөөд хашаа, байшингаа буцааж авъя гэхэд үгүй гэж зөвшөөрөхгүй байгаа нь тэр хүнийг өр төлбөрөө барагдуулж авах биш, миний 100 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бусаар завших, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн сонирхолтой байгааг харуулж байна.
**** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч О.О****ын гаргасан 2015.09.17-ны өдрийн **** дугаартай албан тоотоор Э.Э****гийн өмчлөлийн **** дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний 1537,0 мкв газар болон **** дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй **** дугаартай 40.0мкв талбайтай хувийн байшинг” төлбөр авагч Д.Д****ы 6.347.475 төгрөгийн төлбөрт тооцож түүний өмчлөлд бүхэлд нь шилжүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч **** аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга С.З****, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 921 дугаар шийдвэрээр Э.Э****гаас 6347475 төгрөг гаргуулах буюу түүний барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж Д.Д****д олгохоор шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгч Э.Э****д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа өгч 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн **** тоот мэдэгдэл өгсөн бөгөөд заасан хугацаанд төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох **** сум ** дугаар баг ** дүгээр хэсэг ** тоот 40.0мкв талбайтай **** дугаарт бүртгэгдсэн хувийн байшин, **** нэгж талбарын дугаартай 137.0 мкв талбайтай **** дугаарт бүртгэгдсэн газрын хамт 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ** тоот битүүмжлэх хураах актаар хураан авч мөн төлбөрийг төлөхийг мэдэгдсэн.
Төлбөрийг удаа дараа төлөхийг мэдэгдсэн боловч сайн дураар төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл болон Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч Э.Э****гаас 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үнийн санал авахад 100.0 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд анхны дуудлага худалдаанд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдааны доод үнийг 70.0 сая төгрөгөөр зарласан боловч сонирхогч ирээгүй тул Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу хоёр дахь дуудлага худалдааг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр доод үнийг 50.0 сая төгрөгөөр зарласан боловч мөн дахин сонирхогч ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д заасны дагуу төлбөр авагч Д.Д****д төлбөртөө тооцож авах эсэх талаар санал авахад 6347475 төгрөгийн төлбөртөө тооцон авах хүсэлт гаргасан бөгөөд энэ талаар төлбөр төлөгч Э.Э**** болон түүний нөхөр Д.Одбаяр нарт 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 03/3587 тоот албан бичгээр мөн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр мөн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3788 албан бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөр авагч Д.Д****д үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч гүйцэтгэх хуудас, материалыг хаах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 108 тоот ахлах гүйцэтгэгчийн дуусгавар болох тогтоолоор дуусгавар болгосон болно.
Дээрхи шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан бөгөөд мөн төлбөр төлөгч Э.Э****д удаа дараа төлбөрийг сайн дураар төлөх боломж бололцоог хангалттай өгсөөр байтал нэг ч төгрөг төлөөгүй байж шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Э**** нь **** –Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч О.О****ын гаргасан 2015.09.17-ны өдрийн **** дугаартай албан тоотоор Э.Э****гийн өмчлөлийн **** дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний 1537,0 мкв газар болон **** дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй **** дугаартай 40.0мкв талбайтай хувийн байшинг” төлбөр авагч Д.Д****ы 6.347.475 төгрөгийн төлбөрт тооцож түүний өмчлөлд бүхэлд нь шилжүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг шүүхэд гаргажээ.
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 921 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Д****ы нэхэмжлэлтэй Э.Э****д холбогдох 6200.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн зохигчдын “2014 оны 10 дугаар сарын 10-нд Д.Д****ы **** банкны **** тоот дансанд 6200.000 төгрөгийг шилжүүлнэ, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна” гэсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд Д.Д****ы хүсэлтээр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3614 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр мөн өдөр 237 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. / хх-ийн 33-34/
Дээрхи шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгч Э.Э****д удаа дараа мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, Э.Э****гийн ШШГА-нд гаргасан баталгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 35-37/
Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 38 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор **** сум ** баг ** хэсэг ** тоот хувийн сууц, газрыг битүүмжилж, Эд хөрөнгө хураасан тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д “Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахын хамт тухайн эд хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болно” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна. /хх-ийн 39-40/
Төлбөр төлөгч Э.Э**** нь барьцаа хөрөнгө болох **** сум **** баг **** хэсэг ** тоот хувийн сууц, газрыг 100.000.000 төгрөгөөр үнэлэхийг зөвшөөрч саналаа бичгээр ирүүлсэн байх бөгөөд, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч Э.Э****гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, талуудаас анхны албадан дуудлага худалдааны саналыг авах зэрэг ажиллагааг хуульд нийцүүлэн хийж улмаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д… Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдааг эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж зааснаар анхны дуудлага худалдааг 2015 оны 06 дугаар сарын 19-ний 11.00 цаг, хоёр дахь дуудлага худалдааг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11.00 цагт зохион байгуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 42-49/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т “анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно” гэж зааснаар хураан авсан эд хөрөнгийг Д.Д****ы өмчлөлд шилжүүлсэн тухай акт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн шилжүүлсэн нь дээрхи хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх тул Э.Э****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Э.Э**** нь ...төлбөр авагч Д.Д**** барьцаа хөрөнгө болох хашаа байшинг анх 100 сая төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч дуудлага худалдаа явагдсан. Хуулийн дагуу 2 дахь дуудлага худалдааг явуулахдаа ШШГА хашаа, байшинг 50 сая төгрөг гэж үнэлснийг миний бие маргахгүйгээр зөвшөөрч байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.3-т заасан дарааллаар орлого хувиарласны дараа мөн хуулийн 49.5-д зааснаар төлбөр авагч Д.Д****ы 6.347.475 төгрөгийг хангахаар хуульд заасан байна. Хэрэв хуулийн дагуу төлбөр авагчид үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шилжүүлэх гэж байгаа бол мөн хуулийн 49.6-д “Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангасны дараа үлдсэн орлогыг төлбөр төлөгчид олгоно” гэж заасны дагуу зөрүү / 50000000-6347475=43652525 төгрөг/ гаргуулж надад олгох ёстой байсан гэж тайлбарлаж байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгө дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тохиолдолд орлого хувиарлах зохицуулалт бөгөөд тухайн эд хөрөнгийн хувьд худалдан борлогдоогүй тул энэ зохицуулалт хамаарахгүй болно.
Нэхэмжлэгч Э.Э**** нь 2015.06.22-09.21 хүртэл БНСУ-д байсан болох нь хэрэгт авагдсан Е серийн **** дугаартай Монгол Улсын гадаад пасспортаар тогтоогдож байх боловч Шийдвэр гүйцэтгэлийн албанаас албадан дуудлага худалдаа явуулах болсныг, хураагдсан эд хөрөнгийг шилжүүлэх болсныг удаа дараа өөрт нь болон түүний нөхөр Д.О****т мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Э**** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д “төлбөр төлөгч иргэний зайлшгүй хэрэгцээт дараах эд хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, байшин дотроосоо эд зүйл болон хувцас хэрэглэл, хоол хүнс, тавилга хэрэгсэлээ авч чадахгүй байдалд хүрээд байна гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи эд зүйлсийг битүүмжилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан Э.Э****гийн нэхэмжлэлтэй **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА