| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 101/2019/00366/и |
| Дугаар | 01175 |
| Огноо | 2019-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 01175
Х.Б-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01205 дугаар шийдвэртэй Х.Б-ын нэхэмжлэлтэй Б.С-д холбогдох, 24 301 224 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 10-ны 16:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах циркийн зогсоол дээр автомашин худалдан борлуулагч /машины ченж/ Б.С-гоос 84-48 УБЦ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг 107 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авах үед уг машин нь гадна болон дотор талаасаа маш цэвэрхэн цэмбэгэр, 57 600 км явсан машин байсан. Б.С нь “...машинд хийх юмгүй, ямар нэгэн асуудалгүй, тэгээд ч 57 600 км явсан машинд юу хийхэв дээ” гэж бидэнд итгэл үнэмшил төрүүлэхээр ярихад нь итгэж худалдан авсан. Уг авсан автомашиныг оношилгоонд оруулахаар ярихад Б.С нь “ямар ч асуудал байхгүй, одоо оношилгооны газрууд хаачихсан, эвдрэл гэмтэл гарвал би бүрэн хариуцна тэгээд ч би олон машин зарж байна үүнээс ирээд сольж авч болно шүү дээ” гэж хэлэхэд нь итгээд авч явсан юм. Маргааш нь автомашиныг унаад Дорнод аймаг руу явах замд маш их /100 км-т 35-40 литр/ түлш идэж, моторын маслыг үзэхэд огт маслогүй болсон байсныг нэмж явсан. Хянахын бүх гэрлүүд асаад болохгүй болохоор нь уг автомашиныг худалдсан Б.С руу залгаж ярихад “та нэгэнт тийм хол явчихсан юм чинь засварын газар хүн амьтанд үзүүлээд яаж ийгээд аргалаад аваад ирээ, ирэхээр чинь би учрыг нь олоод өгье” гэж хэлсэн. Тэгээд автомашиныг дулаан гараашид байлгаж байгаад хэд хоногийн дараа Улаанбаатар руу авч очоод Б.С-той уулзахад “би ямарч байсан засаж өгнө” гэж хэлчхээд утсаа ч авахгүй алга болсон. Олон хоног хөөцөлдсөний эцэст Б.С-той уулзахад нөгөө хэлж ярьж байснаасаа буцаж уурлаж уцаарлаж, “би хариуцахгүй тэр шүүх цагдаадаа өгөөд шийдүүлэхгүй” юу гээд явсан. Тэгээд арга буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст Б.С гэгч нь эвдрэл гэмтэлтэй байсан машины бодит байдлыг нууж залилан мэхэлж, хохироосон гомдлоор өргөдөл өгч шалгуулсан боловч Сүхбаатар дүүргийн прокурор П.Даваасүрэн уг хэргийг хянаад гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан тухай мэдэгдэж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тогтоол гаргасан. Иймд хариуцагч Б.С-гоос автомашины запас сэлбэг, засварын ажлын төлбөр 19 297 269 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 615 000 төгрөг, Дорнод аймаг Улаанбаатар хотын хооронд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр явсан замын зардал 2 081 955 төгрөг, Улаанбаатар хотод уг асуудлыг шийдвэрлэтэл байлгах газаргүй тул дулаан зогсоол түрээсэлсэн түрээсийн төлбөр 2 310 000 төгрөг нийт 24 301 224 төгрөгийг Б.С-гоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор шүүхэд гаргасан тайлбартаа: Б.С нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Ууганбаяртай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Япон Улсаас орж ирсэн 84-48 УБЦ улсын дугаартай хар саарал өнгийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан авсан, худалдан авах үед ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. Дээрх худалдан авсан автомашиныг 10 хоногийн дараа Х.Б т зарсан бөгөөд худалдах үед автомашинд ямар нэг эвдрэл, гэмтэл доголдол байгаагүй. Тэрээр уг автомашиныг худалдан авсан өдрийн маргааш нь над руу холбогдон “автомашины хянахын гэрэл асаад байгаа талаар хэлсэн бөгөөд би холбогдох хүмүүсээс тодруулж аккумулятороо унтраагаад асаахад зүгээр болчихдог юм байна” гэж хэлсэн, түүний дараа надтай огт холбогдоогүй. Түүнээс хойш 27 хоногийн дараа холбогдож автомашиныг эвдрэл, гэмтэлтэй байгаа талаар хэлж буцаах хүсэлтэй байгаагаа хэлэхэд ийм удаан хугацааны дараа буцаах боломжгүй гэдгийг тухайн үед түүнд тайлбарласан. Гэтэл автомашиныг худалдсанаас хойш нэг жилийн дараа нэхэмжлэл гарган сэлбэг, засвар, үнэлгээний зардлыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн зардал болон түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С-гоос 5 466 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 835 224 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-гоос 102 406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-т олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.Б давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Зохигчид .. хэлцэл хийж Х.Б автомашины үнэ 107 000 000 төгрөг шилжүүлж авто машинаа хүлээн авсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа талуудын хооронд үүссэн байна. Гэтэл хэлцлийн дагуу шилжүүлсэн Ланд круйзер 200 маркийн автомашин нь өөрийн шинж чанараараа ердийн хэрэглээний шаардлага хангаж бүюу зориулалтын дагүу ашиглагдах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг гэрч А.Жаргалсайхан нотлон шүүхэд мэдүүлэг өгсөн. Хавтаст хэргийн 38-39, 44-49 ,49-52 дугаар талд авагдсан баримтууд нь 84-48 УБЦ улсын дугаартай автомашинд сэлбэг,засвар хийгдсэн баримтууд,мөн хэргийн 17-р талд 2018 оны 02 сарын 01 ний өдөр авто зогсоол түрээслэх гэрээ зэрэг баримтууд нь 84-48 УБЦ улсын дугаартай Ланд круйзейр 200 маркийн автомашинтай холбоотой, хэрэгт авагдсан бусад баримтууд нь уг автомашинтай холбоогүй байна гээд ... 5 466 000 төгрөгийг Б.С-гоос гаргуулж Х.Б-т олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтүүдийг хийсэн бөгөөд хэргийн хуудас 38-39, 44-51 дүгээр талд авагдсан баримтууд нь бүгд бага дүнтэй ба хуулийн чухам ямар заалт үндэслэлээр ийм дүгнэлтэд хүрснээ дурдаагүй нь тухайн асуудлыг шийдвэрлэж буй шүүгч хуулийг бүдүүлгээр зөрчин цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэд судлан үзэлгүйгээр дутуу дулимаг дүгнэлт хийж хуульд үл захирагдаж дураараа авирлан Б.С-гоос хэдхэн төгрөг гаргуулан ам хаах төдий байдлаар хандсан шударга бус үйлдэл гаргасан.
Хэргийн 52 дугаар талд “Таванбогд” ХХК-ийн 0004506 тоот засварын хуудас байгаа юм. Үүнийг УБЦ 84-48 улсын дугаартай автомашинд хамааралтай гэсэн дүгнэлтийг хийсэн мөртлөө 19 297 269 төгрөгийн мөнгөн дүн бүхий түүнийг засч сэлбэсэн сэлбэгийн үнэ нь яагаад энэ машинд огт хамааралгүй болсон нь ойлгомжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг зөрчиж цугларсан нотлох баримтыг гүйцэд үнэлээгүй нь дээрх хуулийг буруу хэрэглэсэн. Түүнчлэн хэргийн 21-23 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын авто инженерийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтэд: Шатахуун зарцуулалт 100 км-т 34.9 литр заана. /зураг 11/ мөн УБЦ 84-48 улсын дугаартай автомашины моторт битүүмжлэл алдагдсанаас шингэн зүйл шуүрч гоожсон,хөдөлгүүрийн эд ангиудад гагнуурын баас шаваастай, ер нь моторт нь хүний хүчин зүйлийн нөлөө, хүний гар хүрээгүй эд анги гэж бараг байхгүй бүх эд ангиудад нь сэв суусан,хонхойсон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр хөшигдөж битүүмжлэл алдагдсан нь өсгөгч шил хэмжих хэрэгсэл, лаунч маркийн өргүүр, гэрэлтүүлэх хэрэгсэл зэргийг ашиглан явуулсан дээрх дүгнэлтээр дээрх автомашиныг ердийн байдлаар ашиглах ямарч боломжгүй хэвийн бус болсон нь нотлогдсоор байхад шинжээчийн дүгнэлтийг огт үнэлэхгүй орхигдуулсан зэрэг шүүхэд байж боломгүйгээр шударга бус хандсан. Цаг хугацаа, сэтгэл санаа, эд материалын маш их гарз хохирол амссан. Хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх авч хэлэлцээгүй. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг яаралтай, шударгаар шийдэж, хууль зүйн зохих дүгнэлт хийхийг хүсч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан зарчим алдагдсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаах, хэрэв боломжтой гэж үзвэл нэхэмжлэлийн үнийн дүнгээс түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн 5 466 000 төгрөг дээр 18 835 224 төгрөгийг гаргуулан аль болох чирэгдэл багатай хувилбараар нэхэмжлэлийг маань богино хугацаанд шийдвэрлэн өгөхийг хүсч байгааг хичээнгүйлэн хянаж туслалцаа үзүүлнэ гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор давж заалдах гомдолдоо: Б.С нь Х.Б-т 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 84-48 УБЦ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдсан бөгөөд гэрээ байгуулахдаа ямар нэг байдлаар нарийвчилсан оношилгоо хийлгэхээр тохиролцоогүй, ердийн хэрэглээний шаардлага хангаж буюу зориулалтын дагуу ашиглагдах боломжтой автомашиныг түүнд хүлээлгэн өгсөн, худалдах үед ч Х.Б унаж үзэж байж уг автомашиныг худалдан авсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг автомашиныг худалдан авснаас хойш нэг л удаа надтай холбогдож хянахын гэрэл асч байгаа талаар тодруулж асуусан бөгөөд түүнээс хойш надтай огт холбогдоогүй атлаа түүнээс хойш 9-11 cap өнгөрсний дараа уг автомашинд засвар хийсэн сэлбэг болон автомашин зогсоолын түрээсийн төлбөрийг нэхэмжилснийг анхан шатны шүүх зарим хэсгээр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн авто зогсоол түрээслэх гэрээг 84-48 УБЦ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинтай хэрхэн хамааралтай гэж үзсэн нь ойлгомжгүй байхад уг түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.С-д холбогдуулан гэрээний үүрэгт 24 301 224 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Х.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 84-48 УБЦ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцон машины үнэ 107 000 000 төгрөгийг шилжүүлж, автомашинаа хүлээн авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Худалдах худалдан авах гэрээний зүйл болох 84-48 УБЦ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин нь А.Дэлгэрсайханы өмчлөлд бүртгэлтэй хэдий ч Х.Б эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрч А.Дэлгэрсайхан, А.Жаргалсайхан нарын мэдүүлгээр нотлогдсон. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 121,141-142, 167-168 дугаар тал/
Талуудын маргааны зүйл нь гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө доголдолтой байсан болон доголдлыг арилгахад гарсан гэх зардлыг төлөх үндэслэлтэй эсэх болжээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, 251.2 дах хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасан.
Худалдан авагч “84-48 УБЦ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин нь хэлцлээр шилжүүлсний маргааш Дорнод аймаг явах замд доголдож эхэлсэн” гэж, хариуцагч “уг автомашныг худалдсаны маргааш над руу холбогдон машины хянахын гэрэл асаад байгаа талаар хэлсэн” гэж тус тус тайлбарласан байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч А.Жаргалсайхан “... 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө Чойбалсан хот руу явах замд ... машин түг таг хийгээд тоормос гишгэж байгаа юм шиг угзчуулаад, хянах самбарт анхааруулах тэмдэг гарч бүх гэрэл нь ассан. Энэ тухай Б.С-д хэлж хэд хэдэн удаа ярихад та нар нэгэнт хол явчихсан тул Дорнод аймаг руугаа очоод эргэж ирээрэй гэж хэлсэн” гэж мэдүүлжээ.
Хэргийн 14 дүгээр талд “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд 84-48 УБЦ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашны 20 нэрийн эд анги эвдэрсэн талаар нэрлэн зааж, засаж хэвийн байдалд оруулах, сэлбэг, эд ангийг солиход 19 158 000 төгрөгийн шууд зардал, 1 890 000 төгрөгийн шууд бус зардал, нийт 21 048 000 төгрөгийн үнэлгээ тогтоосон байна.
Түүнчлэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1962 дугаар тогтоолд Х.Б нь Б.С-д холбогдуулан эвдрэл гэмтэлтэй байсныг нуун дарагдуулж залилсан гэж Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, доголдолтой эд хөрөнгө зарсан гэх үйлдэл нь Иргэний хуулийн худалдах худалдан авах гэрээгээр зохицуулагдах маргаан ба гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн 180900942 дугаартай хэргийг хаасан талаар дурджээ.
Хэрэгт бичгийн нотлох баримт болох эрүүгийн хэргийг шалгах явцад томилогдсон шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэд УБЦ 84-48 улсын дугаартай автомашины моторт битүүмжлэл алдагдсанаас шингэн зүйл урсаж гоожсон, хөдөлгүүрийн болон бусад эд ангиудад засвартай, моторт нь хүний, гадны хүчин зүйлийн нөлөөгөөр эд ангиудад нь сэв суусан, хонхойсон, хөшигдөж битүүмжлэл алдагдсан хэвийн бус болсон талаар дурдсан. /хх-ийн 21-23 дугаар/
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх шаардлага гаргах эрхтэй. Мөн хуулийн 254.6 дахь хэсэгт заахдаа тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлж, энэхүү шаардлагаа гаргах учиртай.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 84-48 УБЦ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин биет байдлын доголдолтой байсан, нэхэмжлэгч уг доголдлын талаар Иргэний хуульд заасан дээрх хугацааны дотор илрүүлж хариуцагчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан буюу маргааш нь утсаар ярьсан талаарх зохигчдын тайлбар, гэрч А.Жаргалсайханы мэдүүлэг, Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан талаарх Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын тогтоол, уг автомашины эвдрэл гэмтлийг тогтоосон “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн тайлан зэрэг дээрх баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүхийн эд хөрөнгө доголдолтой байсан гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотолж сэлбэг худалдаж авсан, засвар үйлчилгээ хийлгэсэн талаарх баримтуудыг гаргаж өгсөн. Энэ баримтуудыг хариуцагч талаас бүрэн үгүйсгэж няцаасан бичгийн баримтуудыг гаргаагүй байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэж хариуцагчаас 18 851 372 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Тодруулбал, хэргийн 18, 35, 37, 38-43, 46-48, 50-51 дүгээр талд авагдсан баримтад заасан худалдан авсан сэлбэг, эд анги, засвар үйлчилгээний үнийг доголдол арилгахад зарцуулсан зардалд тооцсон болно. Эдгээр нь 84-48 УБЦ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашны эвдрэл гэмтлийг тогтоосон “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн тайланд тусгасантай тохирч байх төдийгүй, уг тайланд дурдсан үнээс доогуур үнийн дүнтэй буюу нэхэмжлэгч хямдаар худалдаж авчээ.
Харин эдгээрээс бусад сэлбэг, эд анги, засвар үйлчилгээний үнийг тухайн автомашинд хамааралтай гэж үзэхгүй, ямар сэлбэг болох нь тодорхойгүй, зарим нотлох баримт нь уншигдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй учир үнэлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас зардалд тооцоход эргэлзээтэй байна. /хх-ийн 34, 44, 49, 52-54 дүгээр тал/
Мөн нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу ирж, очсон унааны зардал болон түрээсийн төлбөрийг эд хөрөнгийн доголдол арилгахад гаргасан зардалд тооцохгүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлүй болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж тайлбар, гомдол гаргах боловч хэрэгт нотолсон баримтгүй. Хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5 466 000” гэснийг “18 851 372” гэж, “18 835 224” гэснийг “5 449 852” гэж, 2 дахь заалтын “102 406” гэснийг “252 207” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 252 126 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Б.НАРМАНДАХ