Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А, Ё.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Яллагдагч Ё.Ц-ийн өмгөөлөгч Ж.М,

Яллагдагч Д.А-ийн өмгөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/202 дугаар шүүгчийн захирамжийг прокурор А.О эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Д.А, Ё.Ц нарт холбогдох 2116000540066 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДВ.............. регистрийн дугаартай, З овогтой Д.А.

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДВ........... регистрийн дугаартай, Х овогтой Ё.Ц.

 

Яллагдагч З овогт Д.А нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн иргэн Х.Г-өөс “малчны тэтгэврийн нөхөн даатгалын шимтгэлийн мөнгийг чинь тэтгэврийн санд төлүүлнэ хэмээн” 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Х.Г-ийн эхнэр С.О-ээс бэлнээр 2,016,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х.Г-ийн дүү Л.С рүү утсаар “тэтгэврийн сан хаагдах гэж байгаа тул Г ахын чинь тэтгэврийн нөхөн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөх шаардлагатай байна” гэж ярин өөрийн 5318007433 тоот дансаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авч, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлтөд шилжүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө 1,460,000 төгрөгийн давуу байдал бий болгосон,

 

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн иргэн Д.М-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 02 дугаар сард 350,000 төгрөгийн хахууль авсан,

 

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 06 сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн иргэн Ё.Ц-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2020 оны 07 дугаар сард 50,000 төгрөгийн хахууль авсан,

 

Яллагдагч Х овогт Ё.Ц нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материал өгснийхөө дараа 2020 оны 06 дугаар сард өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 50,000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х овогт Ё.Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч З овогт Д.А нарт холбогдох хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж... шийдвэрлэжээ.

 

 Прокурор А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Прокурорын шатанд зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ яллагдагч Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн яллах дүгнэлт ойлгомжгүй, утга найруулгын алдаатай хэн ямар гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тодорхой биш байх тул тухайн яллах дүгнэлтээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах захирамж гаргажээ.

Эрүүгийн 2116000540066 дугаартай хэргээс зарим яллагдагчид холбогдох “...иргэн Д.М-ыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосныхоо дараа 2020 оны 02 дугаар сард өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 350,000 төгрөгийн хахууль өгсөн...” гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв гээд. Тухайн тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Эрүүгийн 2116000540066 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Д.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Гэвч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс тайлбартаа “Тогтоолыг уншихад гэмт хэргийн шинжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг нь харагдаж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж бичих гэж байгаад бичиг техникийн шинжтэй алдаа гарсан юм болов уу. Уг үйлдэл нь 2020 онд болсон учраас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж тайлбарласан байхад энэ нь заавал хэргийг прокурорт буцааж засуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээргүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед прокурорын гаргасан алдааг засаад тэмдэглэлд тусгаад явах бүрэн боломжтой бөгөөд шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй заавал мөрдөн байцаалтад буцаах ноцтой алдаа биш байна гэж үзэж байна.

Мөн шүүгчийн захирамжинд дурдагдсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын голын 2 дугаар багт оршин суух хаягтай нь, гээд нэрийг бичээгүй. Хэн нь тодорхойгүй. Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа гэж бичсэн. Энэ нь хэн, хаана хэнд юу өгөөд байгаа нь ойлгомжгүй утга найруулгын хувьд яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэхээр байх тул тухайн яллах дүгнэлтээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлт болсон байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэгт холбогдож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Д.А, Ё.Ц нарт холбогдуулж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч Д.А-т холбогдох гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг Яллагдагч З овогт Д.А-т нь гээд үйлдлүүдийг доош дараалуулан бичсэн. Мөн хэрэг тус бүрийн доор нь холбогдох зүйл заалтад зааснаар, гэж бичсэн.

Мөн дараагийн яллагдагч болох Ё.Ц-д холбогдох хэргийн утгыг бичихдээ Яллагдагч Х овогт Ё.Ц нь гээд үйлдсэн гэмт хэргийг бичиж холбогдох зүйл заалтад зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай гэж бичсэн нь утга найруулгын хувьд ойлгомжтой байна гэж үзэж байна. Мөн яллах дүгнэлтийн 1, 2 дугаар хуудсанд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудад яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг тодорхой заасан байгаа болно.

Техникийн шинжтэй алдааг шүүх хуралдаанаар зөвтгөөд явах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлтийн бүрдлийг зааж өгсөн ба Д.А, Ё.Ц нарт холбогдох хэрэгт прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу яллах дүгнэлтийн бүрдэл хэсэгт заасны дагуу үйлдсэн байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхээс хэргийг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх бүрэн боломжтой байна.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/202 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцоно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх нь Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг прокурор хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн яллах дүгнэлт ойлгомжгүй, утга найруулгын алдаатай хэн ямар гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тодорхой биш байхад тухайн яллах дүгнэлтээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх боломжгүй, эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн атлаа шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дугаар зүйлүүдийг давхар баримталж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь тухайн шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр болсон байна.

 

Тодруулбал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэдэгт хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй хийвэл зохих ажиллагааг хийгээгүй байхыг ойлгох бөгөөд ямар ажиллагааг хэрхэн хийхийг шүүгч шийдвэртээ тусгах шаардлагатай байдаг бол мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа тухайн ажиллагаа явуулах журмыг зөрчсөн, уг ажиллагааны явцад бий болсон нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэх боломжгүй болсон байхыг ойлгодог.

Түүнчлэн прокурор хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Д.А-т холбогдох Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэх гэмт хэрэг, Ё.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэх гэмт хэргүүдийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэхэд саад болохооргүй байна.

Өөрөөр хэлбэл прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх зарчим нь шүүгдэгчид ял сонсгоогүй, шүүхэд шилжүүлээгүй гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хязгаарлах агуулга илэрхийлдэг.

Мөн прокурор нь Д.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон боловч тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосноор бичиж бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 22.5 дугаар зүйл гэж бичиж бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Прокурор нь төрийн нэрийн өмнөөс эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд яллах чиг үүрэг хэрэгжүүлж оролцдог бөгөөд тэгш эрх бүхий талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй шүүхийн хувьд прокурорын яллах дүгнэлтийн аливаа алдааг залруулах хууль зүйн боломжгүй юм.

Шүүгдэгч Д.А, Ё.Ц нарт холбогдох хэргийн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын голын 2 дугаар багт оршин суух хаягтай нь” гээд хүний нэр бичээгүй байгаа нь хэнийг тухайн гэмт хэрэгт яллаж байгаа талаар ойлгомжгүй, эргэлзээтэй байдал бий болгосон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах дүгнэлтэд яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгах шаардлагатайгаас гадна хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтын болон эрх зүйн дүгнэлтийн хувьд шүүхийн шийдвэрийн нэгэн адил үндэслэл нь тодорхой, дүгнэлт нь ойлгомжтой байдлаар бичигдсэн байх шаардлагатай.

Тиймээс энэ яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүйгээс яллагдагчийн хувьд мөн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрх нь зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтооход сөргөөр нөлөөлөх боломжтой.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/202 дугаартай шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлт оруулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээн, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/202 дугаар шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-д  зааснаар” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэж өөрчилж, захирамжийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.Э

 

                         ШҮҮГЧИД                                  Т.Ж

 

                                                                    Ш.Б