Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 188

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

            иргэдийн төлөөлөгч Ц.Жавхланчимэг,

           улсын яллагч Р.Энхтуяа,

            шинжээч Б.Долгормаа,

            хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Э.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овогт Энхбатын Сүхбаатарт холбогдох 201626011112 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд оршин суух албан ёсны хаягтай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Мэргэд овгийн Энхбатын Сүхбаатар /РД:РЛ86071817/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Э.Сүхбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруунтурууны 5 дугаар гудамжны 38 тоотод иргэн Ш.Жигмэдийг гэртээ амарч байхад нь “намайг гэрээсээ хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журам зөрчиж, догшин авирлан сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан,

            Танхайрах явцдаа иргэн Жигмэдийн гэрийн цайны халуун савыг хана руу шидэж хагалсан, ус буцалгагчийг 32 инчийн ЛСД зурагт руу шидэж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай устган гэмтээсэн,

            Бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Тухайн хэрэгт Эрдэнэчимэгийг яагаад татаагүй юм бэ гэж бодож байна. Би аавыгаа эмнэлэгээр авч явсан, баримтууд нь байхгүй. Аавынхаа нэхэмжилсэн мөнгө болох 439,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

2.Шинжээч Б.Долгормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Болсон хэргээс хойш хоёр хоногийн дараа хохирогчийг үзсэн. Тухайн гэмтлүүдээс нурууны баруунд дунд хэсэгт 7х0.5 см зах ирмэг тэгш ангайж зүсэгдсэн шарх, мөн бусад зулгарал гэмтлүүд нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учир нь зулгаралтуудын байдлыг харахад зураас хэлбэртэй байсан. Харин бусад цус хуралт болон хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Баруун хөлний өнчин ясны хугарал гэмтэл нь дангаараа хүндэвтэр, зүүн талын 6 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, нурууны шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  Гэмтлүүд нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Тухайн өдрөөс 2 өдрийн өмнө үүсэх боломжгүй. Би хэрэг гарсны дараа 2 хоногийн дараа хохирогчийн биед үзлэг хийсэн ба хэрэв 4 хоногийн өмнө гэмтэл авсан бол зах ирмэгээрээ хууларсан байх ёстой. Гэтэл намайг үзэхэд цаг хугацааны хувьд 4 сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой байсан. Хэрэв хэрэг гарахаас 2 хоногийн өмнө зулгаралт шарх гэмтэл үүссэн бол уг шарх гэмтэл нь  захаараа шаргал өнгөтэй байх байсан. Намайг үзэхэд шинэ, хөхөвтөр, ягаан өнгөтэй байсан. Өлмий ясны өнчин яс нь хөлний ул хэсэгт байрладаг. Хүн явж байгаад халтирч унах үед үүсэх боломжгүй. Яс гэмтэхийн тулд тухайн хэсгээр хатуу мохоо зүйлээр цохих, гадны хүч үйлчилж байж гэмтэнэ. Олон тооны зураасан гэмтлүүд нь хагарсан халуун савны хагархай дээр чирэгдсэнээс үүсэх боломжтой. Хөлний өлмий ясны хугарал гэсэн гэмтэл авсан тохиолдолд гипсдэх ёстой.  Хохирогч 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үзүүлэхдээ хөлөө гипсдүүлээгүй байсан. Хөл нь гишгэж чадахгүй, өвдөж байсан гэсэн зовиуртай ирсэн. Хөлний зураг авахуулахаар нэмэлт шинжилгээнд явуулсан. Зураг авахуулаад зургийг нь харахад хугаралтай байсан. Нуруунд үүссэн шархыг нь харахад зах ирмэг нь тэгш, ангайж зүсэгдсэн байсан. Уг гэмтэл нь хагарсан халуун саванд дээгүүр чирэгдэх үед зүсэгдэж болно. Хохирогчид үүссэн гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр буюу хамгийн багадаа 10-аас дээш удаагийн хүч үйлчилсэнээс үүссэн байна. Хавирганы гэмтэл нь сандал руу унах, сандлаар цохих үед аль алингаар нь үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Шүүгдэгч Э.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 02 дугаар сард би хотод барилгын ажил хийхээр ирсэн. 2015 оны 3 дугаар сарын 08-ны эмэгтэйчүүдийн баярын өдөр хохирогчийн гэрт ирж танилцсан. Тухайн өдөр би Эрдэнэчимэг гэх хүнтэй танилцаад тэрнээс хойш уулздаг байж байгаад дотно харьцаатай болсон. Түүнээс хойш би Эрдэнчимэгтэй цуг хохирогчийн гэрт амьдардаг, Хөвсгөл явахаар цуг манайд очдог, хоёр талынхаа гэрт ирэн, очин амьдардаг байсан. 2016 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Эрдэнэчимэг манай ахынд оръё гэхэд нь дагаад ороход хоёр хүн сууж байсан. Тухайн хоёр хүнтэй 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэгээд Эрдэнэчимэг гэр рүүгээ явсан. Би тухайн айлд архи ууж, ярьж сууж байгаад шөнө 00:00 цагийн үед хохирогчийн гэрт очсон. Гэрт ороход Эрдэнэчимэг орон дээрээ хэвтэж байсан. Хохирогч, Долгормаа эгч хоёр орондоо орсон хэвтэж байсан. Гэрт ороход зурагт хагарсан байсан, би зурагтыг яагаад хагалсан юм бэ гэж Эрдэнэчимэгтэй маргалдаж байхад хохирогч босч ирээд намайг хөөгөөд цохиод авсан. Хохирогч майктайгаа босоод ирсэн, би майкны мөрнөөс нь татаад орон дээр дарж унагаахад надаас салахгүй байсан. Хохирогч намайг заамдсан байсан, би заамдсан гарыг нь тавиулаад орон дээр дарсан. Тэгэхэд хохирогч миний гэдэс рүү тийрсэн, миний хойд талд халуун сав байсан, тухайн халуун сав газар унаж хагарсан. Тухайн үед хохирогч гараад гүйсэн. Долгормаа эгч цагдаа дуудна гэхээр нь би гэрээс гараад явсан. Намайг гэрт ороход зурагтыг Эрдэнэчимэг хагалсан байсан. Эрдэнэчимэг “чи зурагтыг төлөөд өгчих намайг хагалсан гэвэл Жигмэд ах гэрээсээ хөөнө” гэж надаас гуйж байсан. Би хохирогчийг сандлаар цохиогүй. Халуун сав хагарахад газарт шил болоогүй. Би хагарсан халуун савыг аваад үүдэнд тавьсан тул шилний хагархай байгаагүй, хагархай дээр чирээгүй. Хохирогчид учирсан хавирганы хугарал нь хохирогч хэрэг болохоос 2 хоногийн өмнө гэртээ согтуу ирж Эрдэнэчимэгтэй мөнгөний асуудлаас болж хэрэлдэхээр нь би тэр хоёрыг салгасан. Тухайн үед хохирогч өөрийн суудаг дөрвөлжин хайрцагны булан руу унасан. Би татаж босгож ирсэн. Маргааш өглөө нь хохирогч “Сүхээ ахынх нь хавирга хугарчиж” гэж хэлэхээр нь би “та эмнэлэгт үзүүлэхгүй юу” гэж хэлэхэд “мэдэхгүй” гэж хэлээд ажил руугаа явсан. Би гурван хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх санаатай хотод ирж барилгын ажил хийсэн. Тухайн үед Эрдэнэчимэгтэй танилцсан. Хөдөө эцэг, эх хоёр минь бие муутай, эмэгтэй дүү минь багадаа тархины даралт харваад нэг хөл өрөөсөн гар мэдээ муутай байсан. Би хохирогчийг сандлаар цохиогүй, гартаа ч бариагүй гэсэн мэдүүлэг” /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:

1.Иргэн Н.Эрдэнэчимэгийн өгсөн тайлбар: “...Би СХД 32 хороо Баруун турууны 5-38 тоотод өөрийн төрсөн ээж Долгормаа болон хойд аав  Жигмэд  нарын хамт гэрт байсан юм. Бид нарыг унтах гэж байхад манай хамтран амьдрагч  блох Энхбатын  Сүхбаатар гэдэг  залуу  орой манайд ирээд амбаарын хаалга эвдэж гаднаас орж ирээд над руу дайраад байсан ба ээж босож ирээд боль гэсэн чинь бас  ээж рүү дайраад байсан. Жигмэд ах босож ирээд салгах гэтэл барьж аваад ус буцалгагч болон гараараа цохиод Жигмэд ахыг  орон дээрээс нь татаж босгож ирээд  халуун саваар толгой руу нь  цохиод шалан дээгүүр  чирээд  тархи толгой руу гараараа цохиод байсан. Бид 2 хамтран амьдраад 1 жил болж байна. Тэрнээс хойш хамтран амьдарч байгаа. Гэхдээ нэг гэр оронд бол огт ороогүй. Ирэн очин байсан. Намайг тэр хөгшин Жигмэдтэй хардаад  зодсон. Согтуу үедээ  намайг үнсээд  л миний бөгс энэ тэрээс  бариад байхаар нь  Сүхбаатар харчихаад  тэгээд  хардаад зодсон байна лээ” гэж /хх-ийн 5х/

2. Иргэн Ш.Жигмэдийн өгсөн тайлбар: “...Манай эхнэр Долгормаагийн төрсөн охин Эрдэнэчимэг, нөхөр болох /хамтран амьдрагч/ Сүхбаатар нар нь нийлж архи дарс уудаг байсан. Тэр өдөр бас  архи уугаад байхаар нь  би уурлаад “одоо та 2 манайхаас яв”  гээд би гэрээсээ хөөсөн. Тэгсэн Сүхбаатар  нь гэрт  байсан халуун сав авч шидээд тэр нь манай зурагтыг  оносон чинь зурагт унасан, тэгээд  би шалдан орноосоо босоод иртэл  намайг барьж аваад миний хоолой  багалзуурыг шахаж хөл нүцгэн нөгөө газар хагарсан байсан халуун савны шилэн дээгүүр  алхуулаад  чирээд, гэрт байсан  эд зүйлсийг  хэмхчээд, унагааж байгаад дээр дэвсээд  гараараа нилээн олон цохиж зодсон” гэж /хх-ийн 6х/

 

3.Хохирогч Ш.Жигмэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээс:

-2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө 01 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 5-38 тоотод байрлах гэртээ эхнэрийн хамт унтаж байхад гаднаас миний охин Эрдэнэчимэг орж ирээд унтсан. Удаагүй байтал гаднаас Эрдэнэчимэгтэй найзалдаг Сүхбаатар согтуу орж ирэхээр нь би уурлаж “та нар өдөр болгон архи уух юм, согтуу ирээд хүн амраахгүй юм, би архи уудаг улсыг агуулж чадахгүй, явцгаа” гэж хэлсэн юм. Гэтэл Сүхбаатар “чи хүн хөөлөө” гэж хэлээд гэрийн гол хэсэгт ширээн дээр байсан халуун савыг авч зүүн орны арын хана руу шидсэн. Ингээд үүний дараагаар гэрийн зүүн ор луу ойртон ирж миний өмссөн байсан майкны энгэрээс татаж, намайг орноос татаж босгоод газар унагааж, цайны халуун савны хагархай шилэн дээгүүр чирж, дээрээс хөлөөрөө дэвсэж, ойролцоо байсан модон сандлаар намайг 2-3 удаа цохиж, гараараа толгой руу цохиж, хоолой боосон. Ингээд би арай гэж мултарсан ба энэ үед эхнэр цагдаа дуудсан байсан. Сүхбаатар гараараа толгой руу олон удаа цохиж зодсон, хөлөөрөө 4-5 удаа дэвссэн, сандлаар миний мөр, хөл рүү 3-4 удаа удаа цохисон, хоолой боосон, хагархай шилэн дээгүүр чирсэн. Миний бие бүхэлдээ  хагархай шилээр зүсэгдсэн, баруун хөлний өлмий хэсэгт яс цуурсан, зүүн талын нэг хавирга хугарсан. Намайг зодож байх үедээ зурагт руу сандал авч  шидэж зурагт хагалсан. Ус буцалгагч, цайны халуун сав, 2 ширхэг таваг, 3 ширхэг аяга хагалсан, мөн үүдний амбаарын цоожийг  эвсэн. Эдгээрийг төлүүлнэ, гомдолтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/

-2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Надад ямар нэгэн хууч өвчин байхгүй, одоо бие эрүүл хэвийн байгаа. Эрдэнэчимэг нь намайг дарамталж зодож цохидог зүйл байхгүй. Хааяа зүгээр хэл амаа ололцохгүй  асуудал бол байдаг. Миний биед учирсан гэмтлүүдийг Сүхбаатар учруулсан. Тэрнээс өмнө миний бие хэвийн зүгээр байсан ба сандал аваад шидчихсэн санагдаж байна. Тэгээд хугарсан байх. Баруун хөлний өнчин ясны хугарал болохоор сандлаар цохих гэхээр нь хааж байгаад хөлөө гэмтээчихсэн юм. Би зодуулсандаа гомдолтой байна.Намайг баахан хагарсан шилэн дээр хөл нүцгэн чирч явсан. Намайг нүцгэн байхад газар унагаад чирээд дэрээс зодож цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/

-2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Тухайн өдөр Сүхбаатар манай гэрийн  үүдний амбаарын хаалганы цоожийг  эвдэж орж ирээд  ширээн дээр байсан цайны халуун сав авч над руу шидсэн. Тэгээд ус буцалгагч над руу авч шидэхэд намайг онолгүй 32 инчийн TCL брендийн LCD зурагт хагалсан, мөн ширээн дээр байсан 3 ширхэг аяга, 2 ширхэг таваг хагалсан. Эдгээр эд зүйлийг намайг зодож байхдаа эвдэж сүйтгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/

-2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Сандал авч шидээд  тэгээд тэр нь намайг оночихсон юм. Бид хоёр урьд нь маргалдаж, зодолдож байсан асуудал байхгүй, тэр л өдөр би тэгж гэмтсэн. Намайг уначихсан байхад сандал аваад далайхаар нь би хөлөөрөө хаасан чинь миний хөлийг оноод гэмтээчихсэн юм. Харин энэ хавирганы хугарал зодооны үеэр л хугарсан болов уу даа, би хэд хэдэн газар унах үед л хугарсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 х/

 

4.Хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав Жигмэд нь 2 сарын өмнөөс зүүн талын бага тархины харвалт өвчний улмаас биеийн байдал муудаж Онч анагаах хувийн эмнэлэгт 10 хоног, СХД-ийн эмнэлэгт 10 хоног, Улсын 3 дугаар эмнэлэгт 10 хоног хэвтсэн. 1 сар гарангийн өмнөөс манай аав Жигмэд ухаан санаа нь орон гаран болж намайг болон манай нөхрийг танихгүй, заримдаа ухаан санаа нь эрүүл болоод эсхүл хэнийг ч танихгүй болсон. ...Уг хэрэг болсны дараа буюу маргааш нь би аавыг шүүх эмнэлэгт очиж үзүүлж явсан. Тэр үед бие нь жижиг урагдсан /хагархай шил дээгүүр чирэгдсэн гэх/, хавирга нь хугарч, хөлний яс нь цуурсан байсан. Сүхбаатар гэдэг залууг гэрээсээ хөөснөөс болж зодуулсан гэж хэлж байсан. Эвдэж сүйтгэгдсэн гэх зурагт, ус буцалгагч, халуун сав зэрэг зүйлийг манай аав тэтгэвэрийн мөнгөөрөө болон Оргил дунд сургуульд багшилж олсон мөнгөөрөө авч байсан эд зүйл юм. Уг эвдэрсэн халуун сав, ус буцалгагч, зурагт зэргийг хаясан байх. Хагарсан зурагтыг нь засварын газар сэлбэгэнд зарах гэхэд авахгүй байхаар нь хаячихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104 х/

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5142 дугаартай дүгнэлтэд:

- Жигмэдийн биед баруун хөлний өлмий ясны өнчин яс, зүүн талын 6 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, нурууны шарх, дух зулай, зүүн чихний дэлбэн, цээж нуруу, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун тохой, баруун зүүн шуу, баруун зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун хөлийн тавхайн зулгаралт, зүүн мөр, баруун хөлийн тавхай, баруун, зүүн хөлийн хуруу, зүүн шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26 х/

 

6.Шинжээч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баруун хөлний өлмий ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавирганы хугарал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь бүгд шинэ, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хавирганы хугарлын хувьд хэрэг болох өдрөөс 2-3 хоногийн өмнө үүссэнийг үгүйсгэхгүй, тухайн өдрөөс өмнө 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Уг үүссэн хугацааг нарийн тогтоох боломжгүй. Бүр хуучин гэмтэл бол биш. Өнчин яс гэдэг нь хөлний өлмий хэсэгт байрладаг жижиг ясыг хэлдэг бөгөөд ямарваа нэгэн үйлчлэлийн /цохих, хүчтэй дэвсэх, үсрээд унах гэх мэт/ улмаас хугардаг яс юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 х/

7.Эд зүйлийн үнэлгээ: 439.000 төгрөг гэжээ. /хх-ийн 29 х/

 

8.Гэрч Н.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээс:

-2016 оны 06 дугаар сарын  15-ны өдөр: “...Тэр өдөр би Сүхбаатартай айлд сууж байсан ба ганц хоёр шил архи уусан. Тэгээд би түрүүлээд гэртээ ирээд байж байтал араас Сүхбаатар гэрийн үүдний амбаарын цоож эвдэлж орж ирсэн ба тэгэхэд манай ээж, хойд аав болох Жигмэд хоёр орон дээрээ хэвтэж байтал үгийн зөрүүгүй хөнжлийг нь хуу татаад хоёуланг нь татаж орноос нь унагаагаад Жигмэд тэр хоёр барилцаж авсан чинь Сүхбаатар цайны халуун сав авч шидээд тэр нь хагарч шалаар нэг шил болсон чинь шалдан биеэр нь газраар чирч тонгороод унагаасан чинь Жигмэд ах зүүн талаараа газар унаж ёо ёо гээд хэвтээд өгсөн. Бас гэрт байсан жижиг  модон сандлыг аваад шидчихсэн юм. Тэр нь оносон шиг санагдаж байна. Би тухайн үед айж балмагдсан байсан болохоор яг дэс дарааллаар нь тодорхой сайн санахгүй байна. Тэгээд Сүхбаатар дахин ус буцалгагч авч манай гэрийн 32 инч зурагтыг оноод дэлгэц нь хагарчихсан юм.  ...Тэгээд хүрч ирээд  үснээс зулгааж  байгаад толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод чи энэ муу өвгөнтэй унтдаг биз дээ гэж хэлээд дахин намайг хэд хэдэн удаа цохисоноо цагдааг дуудах гэж байгааг мэдээд  шууд гараад зугтаачихсан. Би Сүхбаатартай 2015 оны цагаан сар өнгөрч байх үеэр анх танилцаж байсан. Тэгээд тэрнээс хойш хамтран амьдарсан зүйл байхгүй. Манай гэрт ирэн очин л байдаг байсан. Уг нь анх танилцаж байхад их л даруухан дуугүй, төлөв даруу  хүн шиг байсан ба манай ээж хүртэл магтаад хань болох хүн байна гэдэг байсан чинь  сүүлдээ зан нь эвдрээд, айхтар хурц ширүүн зантай болчихсон” гэсэн мэдүүлэг /хх-18-19х/

            -2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр: “...Сүхбаатар Жигмэдийг ямар нэгэн эд зүйлээр цохиж зодсон зүйл байхгүй. Орж ирээд л халуун сав авч шидээд хагалаад  л тэгээд хөл  нүцгэн дээгүүр нь чирсэн. Тэгээд ус буцалгагч зурагт руу авч шидээд л 2-лаа  хагарсан. Тэгээд дараа нь сандал барьж аваад шидэх гээд дайлайсан чинь Жигмэд гуай өөдөөс нь хөлөөрөө жийгээд тэгээд унасан ба Сүхбаатар нь сандлаа буцаагаад  тавьчихсан, тэгээд  л цагдаа дуудлаа гэсэн чинь гараад явчихсан. ...Урьд нь огт маргалдаж ийм тийм асуудал болж  байгаагүй бөгөөд хэрэг болохоос өмнө Жигмэд өөрөө согтуу Сүхбаатарыг  гэрээсээ  зайл  гэж хөөж өшиглөх гэж байгаад хий өшиглөөд хальтраад зүүн талаараа унаж байсан. Тэгээд хугалсан байж магадгүй. Тэгж анх унахдаа өвдөж барьж байна гэж хэлээгүй. Ямар нэгэн  байдлаар зовиур илрээгүй. Тэгээд сүүлд нь энэ зодоон болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67х/

            -2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр: “...сүүлд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өгсөн мэдүүлэг дээр худал мэдүүлэг өгсөн. Тухайн үед Сүхбаатар надаас гуйгаад байхаар нь Сүхбаатарыг өмөөрч мэдүүлэг өгсөн. ...Би орон дээр хэвтэж байсан болохоор сайн хараагүй, гэхдээ миний харсанаар Сүхбаатар гэрийн зуухны баруун талд сандал барьчихсан Жигмэд рүү далайгаад цохилгүй Жигмэд рүү шидсэн. Жигмэдийн хаана оносныг би хараагүй. Тэгээд Сүхбаатар Жигмэд рүү ус буцалгагч аваад шидэхэд Жигмэдийг оноогүй, зурагт оночихсон. Тухайн үед Жигмэд зурагтай  ойрхон зогсож байсан. Миний 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Сүхбаатарыг Жигмэд гэртээ байлгах дургүй, архи уухаараа хөөгөөд байдаг байсан болохоор Сүхбаатар Жигмэд ахтай маргалдах болсон шалтгаан нь байж магадгүй. Эвдэрсэн зүйлсийг хаясан. Одоо шинэ зурагт, ус буцалгагч, халуун сав авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106х/

 

9.Гэрч Д.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 12-ны 23 цаг өнгөрч байхад гэрт манай нөхөр Жигмэд бид хоёр орондоо орчихсон, Эрдэнэчимэг орондоо орчихсон унтаж байтал гэрийн хаалга чанга тогшоод байсан. Тэгтэл Сүхбаатар гэрийн үүдний амбаарын хаалганы замган цоожийг эвдэж орж ирээд шууд Жигмэдийг орон дээрээс суга татаж унагаахдаа намайг цуг орон дээрээс унагаасан. Орноос унагаахаас өмнө ширээн дээрээс халуун сав авч хана руу шидэж хагалсан. Тэгэхэд Жигмэд чи яагаад байгаа юм бэ гэхэд Сүхбаатар чи яасан гоё орон гэртэй юм, би чамаас их сайхан орон гэртэй, чи яагаад намайг хөөдөг юм гээд газар шалан дээр халуун савны хагархай шилэн дээр нүцгэн биеэр нь чирээд, сандлаар хөл рүү нь цохиж харагдсан. Тэгээд хоолойг нь гараараа боож байгаад гараа тавьсан. Тэгээд Жигмэд гэрийн хойморт сандал дээр сууж байтал гэрийн гал тогооны шүүгээний урдаас ус буцалгагч аваад Жигмэд рүү шидсэн. Тэгэхэд Жигмэдийг онолгүй хажууд нь байсан TCL нэртэй 32 инчийн LCD зурагтыг онож хагалсан юм... Тэр үед өвгөн Жигмэд гэрээс гараад зугтаагаад явсан. Тэгээд Сүхбаатарыг гэрт байж байхад нь би цагдаа дуудаж байтал Сүхбаатар гэрээс гараад зугтаагаад явсан. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Жигмэд Сүхбаатарыг “архи уугаад ажил хийхгүй байгаа хүмүүсийг гэртээ амьдруулахгүй, яваарай” гэж хэлснээс болж зодоон болсон байх гэж бодож байна. Түүнээс Жигмэдийг зодох шалтгаан байхгүй. Сүхбаатар, Эрдэнэчимэг 2  нэг жилийн  өмнөөс нийлсэн. Манай гэрт ирэн очин амьдардаг болсон. Цуг Хөвсгөл явдаг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 х/

 

10.Гэрч Р.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Э.Сүхбаатар нь  манай хөрш айлын Долгормаагийн охин Эрдэнэчимэгийн найз залуу  гэж 1 жилийн өмнө манай гэрт анх орж  ирж танилцаж байсан. Тэр үеэс хойш  Э.Сүхбаатар нь манай гэрээр орж гараад  явж байдаг юм. Э.Сүхбаатар нь манай гэрт амьдарч байх хугацаандаа  зүгээр тусархуу  хүн чанарын  хувьд сайн, хүн чанартай, даруухан ажилсаг,  хүнд тусархуу  залуу. Манай гэрээс 2-3 сарын  өмнө байхаа Хөвсгөл аймаг явлаа гээд явсан, тэгээд удалгүй Улаанбаатар хотод ирээд манай гэрт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/

 

11.Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, хүсэлт:

 Э.Сүхбаатарыг батлан даалтанд авах тухай Ч.Рэнцэнханд, Р.Эрдэнэбаатар нарын хүсэлт /хх-ийн 30-34х/

 

12.Гэрч Ч.Рэнцэнхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээс:

-2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр: “...Одоогоос 1 жилийн өмнө хөрш айлын Долгормаагийн  охин Эрдэнэчимэг  манай нөхөр гэж Сүхбаатарыг дагуулж манай гэрт орж ирсэн өдрөөс хойш танилцаж нэгнийгээ таньдаг болсон. Сүхбаатар Хөвсгөлд эхнэр хүүхэдтэй байж Эрдэнэчимэгтэй зууралдаад байгаа харагддаг. Эрдэнэчимэг Сүхбаатарыг уруу татаад архи уугаад байдаг. Сүхбаатарт хөдөөнөөс аав, ээжээс нь мөнгө ирэхээр Эрдэнэчимэг дагуулж архи ууж мөнгийг нь дуусахаар манай гэрт Сүхбаатарыг орхиод  өөрөө архи уугаад гадуур хонон өнжин алга болдог. Саяхан Сүхбаатарт хөдөөнөөс мөнгө ирэхэд Сүхбаатар, Эрвдэнэчимэг хоёр 2 хоног зочид буудалд хамт хоноод мөнгийг нь дуусахаар Сүхбаатар манай гэрт ирээд Эрдэнэчимэг архи уугаад алга болсон. Сүхбаатар манай гэрт хоноё гээд гуйгаад байхаар нь би гэртээ байлгадаг. Миний мэдэхээр  Сүхбаатар Жигмэд хөгшнийг Эрдэнэчимэгтэй хардаад  хэрүүл маргаан хийсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/

-2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр: “...Би Сүхбаатарыг батлан даалтанд авсан, улсын баяр наадмын дараа 7 дугаар сарын 18-19-ны үед манай гэрт нэг найзтайгаа ирээд наадмаар Хөвсгөлд баярлаж яваад ирлээ гэхээр нь байцаагчтайгаа уулзсан уу, аав ээжтэйгээ уулзсан уу гэхэд байцаагч ажилтай байгаа, уулзаж чадаагүй гэж байсан. Манайд хоноод явснаас хойш утас нь холбогдохгүй, би ээж аавтай нь ярихаар Хөвсгөлд ирээгүй байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 х/

 

13.Батлан даагч Ч.Рэнцэнхандад торгууль оногдуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 81-82 х/

 

14.Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 84, 99х/

 

15.Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 85, 95-97 х/

 

16.Шүүгдэгч Э.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр архи ууж байх үед Жигмэд хөгшин архи уучихсан явж байна гэж сонссон. Тэгээд тэр танихгүй 2 хүнтэй 20 цаг хүртэл хамт архинаас хувааж уусан. ...Эрдэнэчимэг Эрдэнэбаатар ахын гэрт орж ирээд “Жигмэд ах архи уучихсан байна шүү, битгий орж ирээрэй, орж ирэхээр болвол унтсан хойно нь орж ирээрэй” гэсэн. Тэгээд би тэр танихгүй залуутай хамт 1 шил архийг хувааж уучихаад шөний 01 цагийн үед Жигмэдийн гэрт очиход гэрийн үүдний амбаарыг цоожилсон байхаар нь татахад түгжээ нь мултраад унасан. Тэгэхээр нь гэрт нь ороод харахад Жигмэд өвгөн гэрийн зүүн талынхаа орон дээр сууж байснаа намайг “зайл, чи үхснээ хийж орж ирж байгаа юм” гээд намайг хөөгөөд байхаар нь би “би харанхуй шөнө хаачих вэ, маргааш зайлаад өгнө” гэж хэлэхэд миний урдаас босож ирээд намайг гараараа 2 удаа цохиод, тэгснээ галын сэтгэгч төмөр аваад намайг цохихоор нь би ор луу нь түлхэж унагаагаад орон дээр унахаар нь би хөлнөөс нь барьж байгаад орноос татаж унагаах үед ширээн дээр байсан халуун сав газар унаж хагарсан. Тэгээд Жигмэд хөгшин босож ирээд галын сэтгэгч төмөр аваад намайг цохих гэхээр нь төмрийг нь булааж аваад орон дээр дарж унагаагаад хоолойг нь боох гэхэд цагдаа дуудчихаар нь би гэрээс гарч гүйгээд тэр айлын хашаанд хээр гадаа хоноод маргааш өглөө нь Драгон ороод Хөвсгөл явсан... ...Баруун хөлний өлмий ясны өнчин ясны далд хугаралыг би орон дээрээс татаж унагаахдаа учруулсан байх, орон дээрээс намайг татаж унагаах үед тархи нь доргисон байх гэж бодож байна. Нурууны шарх, дух, зулай, зүүн чихний дэлбэн, баруун өвдөг, баруун тохойны шарх нь орон дээрээс татаж унагаах үед үүссэн, хүзүү, цээж, баруун зүүн мөрний шарх гэмтлийг би майкаар нь боож байх үед үүссэн гэмтэл гэж бодож байна. Бусад гэмтлүүд нь орон дээрээс унах үед болон надтай ноцолдож байх үед авсан гэмтэл байх гэж бодож байна. Зүүн талын 6-р хавирганы далд хугарал нь хэрэг болдог өдрөөс өмнө 2 хоногийн өмнө буюу 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Жигмэд хөгшин архи ууж гэртээ агсам тавиад Эрдэнэчимэгийг зодоод байхаар нь би дундуур нь салгах гээд ороход наадахаа аваад зайл гээд миний шанаа руу гараараа цохихоор нь би цааш түлхэхэд өөрийнх нь суудаг модон хайрцаг дээр унасан. Тэгэхэд тэр гэмтэл үүссэн байх гэж бодож байна. ... Би аяга таваг хагалаагүй. Цайны халуун савыг Жигмэд хөгшнийг орон дээрээс татаж унагаах үед би ширээн дээрээс түлхэж унагааж хагалсан байсан. Намайг шөнийн 01 цагийн үед Жигмэдийн гэрт ороход баруун хойморт байсан LCD зурагтны зүүн дээд буландаа хагарчихсан байхаар нь зурагтаа яачихсан юм бэ ээж гэж Долгормаагаас асуухад Долгормаа дуугарахгүй байсан. Тэгээд би Жигмэд хөгшинтэй хэрэлдэж, маргалдаж байх үедээ ус уух гээд ам цангаад ус буцалгагч хайгаад гарахад гэрийн хойморт байх ширээний доор таг нь эвдэрчихсэн байсан.

 “...Манай ээж Л.Пүрэвжавын бие муудаад миний өөрийн Сүхзориг /8 настай/, Сүхболд /7 настай/, Ариунзаяа /5 настай/ хүүхдүүдийг маань харах хүнгүй болоод  хүүхдүүдрүүгээ явсан. Би санаатайгаар зайлсхийж оргоогүй. ... 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөдөөнөөс Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас ээж чинь бие нь муудаад ухаан алдаад уначихлаа гэж манай хажууханд гэр нь байдаг Зоригоо гэж хүн миний гар утас руу залгаад хэлэхээр нь би хөдөө яваад өгсөн. Тэгээд ээж маань эмнэлэгт хэвтээд би хажууд нь сахиж байсан. ...Би энэ талаар мөрдөн байцаагчид хэлээгүй. Ээжний бие тааруу байсан талаар баримт байхгүй. Би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн төв 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт аавын төрсөн эгч Нарантуяагийн гэрт нь байж байгаад Нарантуяа хүүхэд нь согтуу уусан үедээ машин барьж гарах гээд маргаад байж байсан чинь хажуугийн хүн цагдаа дуудаад барьж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 39, 114, 115, 118-119 х/  болон улсын яллагчаас гаргаж өгсөн шүүгдэгч Э.Сүхбаатар нь 400 цаг албадан ажил хийлгэх ялыг эдэлж дууссан талаарх баримт 1 хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гаргаж өгсөн 11 хуудас баримт зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Сүхбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй  гэж дүгнэсэн болно. Учир нь,

хохирогч Ш.Жигмэдийн “...Э.Сүхбаатар нь намайг зодож байх үедээ зурагт, ус буцалгагч, цайны халуун сав зэргийг хагалсан” гэж, /хх-ийн 13, 16-17х/

 гэрч Д.Долгормаагийн “...Жигмэдийг орон дээрээс суга татаж унагаахаас өмнө ширээн дээрээс халуун сав авч хана руу шидэж хагалаад “чи яагаад намайг хөөдөг юм” гээд шалан дээрх халуун савны хагархай шилэн дээгүүр нүцгэн биеэр нь чирээд, сандлаар хөл рүү нь цохисон, хоолойг нь гараараа боосон, шүүгээний урдаас ус буцалгагч аваад Жигмэд рүү шидсэн чинь Жигмэдийг онолгүй хажууд нь байсан TCL нэртэй 32 инчийн LCD зурагтыг онож хагалсан юм.” гэж /хх-ийн 20-21 х/,

 гэрч Н.Эрдэнэчимэгийн “... Сүхбаатар цайны халуун сав авч шидээд тэр нь хагарч шалаар нэг шил болсон чинь шалдан биеэр нь газраар чирч тонгороод унагаасан чинь Жигмэд ах зүүн талаараа газар унаж ёо ёо гээд хэвтээд өгсөн. Бас гэрт байсан жижиг  модон сандлыг аваад шидчихсэн юм. Тэр нь оносон шиг санагдаж байна. Би тухайн үед айж балмагдсан байсан болохоор яг дэс дарааллаар нь тодорхой сайн санахгүй байна. Тэгээд Сүхбаатар дахин ус буцалгагч авч манай гэрийн 32 инч зурагтыг оноод  дэлгэц нь хагарчихсан юм” гэсэн /хх-18-19, 67, 106х/ мэдүүлгүүдээр шүүгдэгч Э.Сүхбаатар нь танхайрах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг устгасан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Хууль зүйн хувьд түүний энэхүү үйлдэл нь танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн шинжид  хамаарна.

Иймд шүүх бүрэлдэхүүн Э.Сүхбаатарт холбогдох хэргийг “Танхайрах”,  “Бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх” гэсэн зүйл ангиар давхар зүйлчилж ял халдаах хууль зүйн  үндэслэлгүй гэж  үзлээ.

           

I. Шүүгдэгч Э.Сүхбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруунтурууны 5 дугаар гудамжны 38 тоотод иргэн Ш.Жигмэдийг гэртээ амарч байхад нь “намайг гэрээсээ хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож хөнгөн гэмтэл, сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, эд хөрөнгийг эвдэж устган догшин авирлан танхайрсан болох нь:

 

 Ш.Жигмэдийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн тайлбар: “...Манай эхнэр Долгормаагийн төрсөн охин Эрдэнэчимэг, нөхөр болох /хамтран амьдрагч/ Сүхбаатар нар нь нийлж архи дарс уудаг байсан. Тэр өдөр бас  архи уугаад байхаар нь  би уурлаад “одоо та 2 манайхаас яв”  гээд би гэрээсээ хөөсөн. Тэгсэн Сүхбаатар  нь гэрт  байсан халуун сав авч шидээд тэр манай зурагтыг оносон чинь зурагт унасан, тэгээд би шалдан орноосоо босоод иртэл намайг барьж аваад миний хоолой  багалзуурыг шахаж хөл нүцгэн нөгөө газар хагарсан байсан халуун савны шилэн дээгүүр  алхуулаад  чирээд, гэрт байсан  эд зүйлсийг  хэмхчээд, унагааж байгаад дээр дэвсээд  гараараа нилээн олон цохиж зодсон” гэж /хх-ийн 6х/

 

Хохирогч Ш.Жигмэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээс:

-2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө 01 цаг өнгөрч байхад ...гэртээ эхнэрийн хамт унтаж байхад гаднаас миний охин Эрдэнэчимэг орж ирээд унтсан. Удаагүй байтал гаднаас Эрдэнэчимэгтэй найзалдаг Сүхбаатар согтуу орж ирэхээр нь би уурлаж “та нар өдөр болгон архи уух юм, согтуу ирээд хүн амраахгүй юм, би архи уудаг улсыг агуулж чадахгүй, явцгаа” гэж хэлсэн юм. Гэтэл Сүхбаатар “чи хүн хөөлөө” гэж хэлээд гэрийн гол хэсэгт ширээн дээр байсан халуун савыг авч зүүн орны арын хана руу шидсэн. Ингээд үүний дараагаар гэрийн зүүн ор луу ойртон ирж миний өмссөн байсан майкны энгэрээс татаж, намайг орноос татаж босгоод газар унагааж, цайны халуун савны хагархай шилэн дээгүүр чирж, дээрээс хөлөөрөө дэвсэж, ойролцоо байсан модон сандлаар намайг 2-3 удаа цохиж, гараараа толгой руу цохиж, хоолой боосон. Ингээд би арай гэж мултарсан ба энэ үед эхнэр цагдаа дуудсан байсан. Миний бие бүхэлдээ  хагархай шилээр зүсэгдсэн, баруун хөлний өлмий хэсэгт яс цуурсан, зүүн талын нэг хавирга хугарсан. Намайг зодож байх үедээ зурагт руу сандал авч  шидэж зурагт хагалсан. Ус буцалгагч, цайны халуун сав, 2 ширхэг таваг, 3 ширхэг аяга хагалсан, мөн үүдний амбаарын цоожийг  эвсэн. Эдгээрийг төлүүлнэ, гомдолтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/

-2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Эрдэнэчимэг нь намайг дарамталж зодож цохидог зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Сүхбаатар учруулсан. Тэрнээс өмнө миний бие хэвийн зүгээр байсан ба сандал аваад шидчихсэн санагдаж байна. Тэгээд хугарсан байх. Баруун хөлний өнчин ясны хугарал болохоор сандаар цохих гэхээр нь хааж байгаад хөлөө гэмтээчихсэн юм. Би зодуулсандаа гомдолтой байна.Намайг баахан хагарсан шилэн дээр хөл нүцгэн чирч явсан. Намайг нүцгэн байхад газар унагаад чирээд дэрээс зодож цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/

-2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Тухайн өдөр Сүхбаатар манай гэрийн  үүдний амбаарын хаалганы цоожийг  эвдэж орж ирээд  ширээн дээр байсан цайны халуун сав авч над руу шидсэн. Тэгээд ус буцалгагч над руу авч шидэхэд намайг онолгүй 32 инчийн TCL брендийн LCD зурагт хагалсан, мөн ширээн дээр байсан 3 ширхэг аяга, 2 ширхэг таваг хагалсан. Эдгээр эд зүйлийг намайг зодож байхдаа эвдэж сүйтгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/

-2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Сандал авч шидээд  тэгээд тэр нь намайг оночихсон юм. Бид хоёр урьд нь маргалдаж, зодолдож байсан асуудал байхгүй, тэр л өдөр би тэгж гэмтсэн. Намайг уначихсан байхад сандал аваад далайхаар нь би хөлөөрөө хаасан чинь миний хөлийг оноод гэмтээчихсэн юм. Харин энэ хавирганы хугарал зодооны үеэр л хугарсан болов уу даа, би хэд хэдэн газар унах үед л хугарсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 х/

 

Хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Уг хэрэг болсны дараа буюу маргааш нь би аавыг шүүх эмнэлэгт очиж үзүүлж явсан. Тэр үед бие нь жижиг урагдсан /хагархай шил дээгүүр чирэгдсэн гэх/, хавирга нь хугарч, хөлний яс нь цуурсан байсан. Сүхбаатар гэдэг залууг гэрээсээ хөөснөөс болж зодуулсан гэж хэлж байсан. Эвдэж сүйтгэгдсэн гэх зурагт, ус буцалгагч, халуун сав зэрэг зүйлийг манай аав тэтгэвэрийн мөнгөөрөө болон Оргил дунд сургуульд багшилж олсон мөнгөөрөө авч байсан эд зүйл юм. Уг эвдэрсэн халуун сав, ус буцалгагч, зурагт зэргийг хаясан байх. Хагарсан зурагтыг нь засварын газар сэлбэгэнд зарах гэхэд авахгүй байхаар нь хаячихсан. Шүүгдэгчээс 439,000 төгрөг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч нь 3 хүүхэдтэй, өвчтэй аав ээжийгээ асардаг байх тул хөнгөн ял оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5142 дугаартай дүгнэлтэд: Жигмэдийн биед баруун хөлний өлмий ясны өнчин яс, зүүн талын 6 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, нурууны шарх, дух зулай, зүүн чихний дэлбэн, цээж нуруу, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун тохой, баруун зүүн шуу, баруун зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун хөлийн тавхайн зулгаралт, зүүн мөр, баруун хөлийн тавхай, баруун, зүүн хөлийн хуруу, зүүн шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26 х/

 

Шинжээч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Баруун хөлний өлмий ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавирганы хугарал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь бүгд шинэ, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. Хавирганы хугарлын хувьд хэрэг болох өдрөөс 2-3 хоногийн өмнө үүссэнийг үгүйсгэхгүй, тухайн өдрөөс өмнө 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Уг үүссэн хугацааг нарийн тогтоох боломжгүй. Бүр хуучин гэмтэл бол биш. Өнчин яс гэдэг нь хөлний өлмий хэсэгт байрладаг жижиг ясыг хэлдэг бөгөөд ямарваа нэгэн үйлчлэлийн /цохих, хүчтэй дэвсэх, үсрээд унах гэх мэт/ улмаас хугардаг яс юм. ... хэрэг гарсанаас хойш хоёр хоногийн дараа хохирогчийг үзсэн. Тухайн гэмтлүүдээс нурууны баруунд дунд хэсэгт 7х0.5 см зах ирмэг тэгш ангайж зүсэгдсэн шарх, мөн бусад зулгарал гэмтлүүд нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учир нь зулгаралтуудын байдлыг харахад зураас хэлбэртэй байсан. Харин бусад цус хуралт болон хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Тухайн өдрөөс 2 өдрийн өмнө үүсэх боломжгүй. Би хэрэг гарсны дараа 2 хоногийн дараа хохирогчийн биед үзлэг хийсэн ба хэрэв 4 хоногийн өмнө гэмтэл авсан бол шарх зулгаралтууд нь зах ирмэгээрээ хууларсан, шаргал өнгөтэй байх байсан. Гэтэл намайг үзэхэд шинэ, хөхөвтөр, ягаан өнгөтэй байсан. Өлмий ясны өнчин яс нь хөлний ул хэсэгт байрладаг. Хүн явж байгаад халтирч унах үед үүсэх боломжгүй. Яс гэмтэхийн тулд тухайн хэсгээр хатуу мохоо зүйлээр цохих, гадны хүч үйлчилж байж гэмтэнэ. Олон тооны зураасан гэмтлүүд нь хагарсан халуун савны хагархай дээр чирэгдсэнээс үүсэх боломжтой. Хохирогчид үүссэн гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр буюу хамгийн багадаа 10-аас дээш удаагийн хүч үйлчилсэнээс үүссэн байна. Хавирганы гэмтэл нь сандал руу унах, сандлаар цохих үед аль алингаар нь үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Эд зүйлийн үнэлгээ: 439.000 төгрөг гэжээ. /хх-ийн 29 х/

 

            Гэрч Н.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээс:

-2016 оны 06 дугаар сарын  15-ны өдөр: “... гэртээ ирээд байж байтал араас Сүхбаатар гэрийн үүдний амбаарын цоож эвдэлж орж ирсэн ба тэгэхэд манай ээж, хойд аав болох Жигмэд хоёр орон дээрээ хэвтэж байтал үгийн зөрүүгүй хөнжлийг нь хуу татаад хоёуланг нь татаж орноос нь унагаагаад Жигмэд тэр хоёр барилцаж авсан чинь Сүхбаатар цайны халуун сав авч шидээд тэр нь хагарч шалаар нэг шил болсон чинь шалдан биеэр нь газраар чирч тонгороод унагаасан чинь Жигмэд ах зүүн талаараа газар унаж ёо ёо гээд хэвтээд өгсөн. Бас гэрт байсан жижиг  модон сандалыг аваад шидчихсэн юм. Тэр нь оносон шиг санагдаж байна. Би тухайн үед айж балмагдсан байсан болохоор яг дэс дарааллаар нь тодорхой сайн санахгүй байна. Тэгээд Сүхбаатар дахин ус буцалгагч авч манай гэрийн 32 инч зурагтыг оноод  дэлгэц нь хагарчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-18-19х/

            -2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр: “...сүүлд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өгсөн мэдүүлэг дээр худал мэдүүлэг өгсөн. Тухайн үед Сүхбаатар надаас гуйгаад байхаар нь Сүхбаатарыг өмөөрч мэдүүлэг өгсөн. ...Би орон дээр хэвтэж байсан болохоор сайн хараагүй, гэхдээ миний харсанаар Сүхбаатар гэрийн зуухны баруун талд сандал барьчихсан Жигмэд рүү далайгаад цохилгүй Жигмэд рүү шидсэн. Жигмэдийн хаана оносныг би хараагүй. Тэгээд Сүхбаатар Жигмэд рүү ус буцалгагч аваад шидэхэд Жигмэдийг оноогүй,  зурагт  оночихсон. Тухайн үед Жигмэд зурагтай  ойрхон зогсож байсан. Миний 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Сүхбаатарыг Жигмэд гэртээ байлгах дургүй, архи уухаараа хөөгөөд байдаг байсан болохоор Сүхбаатар Жигмэд ахтай маргалдах болсон шалтгаан нь байж магадгүй. Эвдэрсэн зүйлсийг хаясан. Одоо шинэ зурагт, ус буцалгагч, халуун сав авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106х/

 

Гэрч Д.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 12-ны 23 цаг өнгөрч байхад гэрт манай нөхөр Жигмэд бид хоёр орондоо орчихсон, Эрдэнэчимэг орондоо орчихсон унтаж байтал гэрийн хаалга чанга тогшоод байсан. Тэгтэл Сүхбаатар гэрийн үүдний амбаарын хаалганы замган цоожийг эвдэж орж ирээд шууд Жигмэдийг орон дээрээс унагаахаас өмнө ширээн дээрээс халуун сав авч хана руу шидэж хагалсан. Тэгэхэд Жигмэд чи яагаад байгаа юм бэ гэхэд Сүхбаатар чи яасан гоё орон гэртэй юм, би чамаас их сайхан орон гэртэй, чи яагаад намайг хөөдөг юм гээд газар шалан дээр халуун савны хагархай шилэн дээр нүцгэн биеэр нь чирээд, сандлаар хөл рүү нь цохиж харагдсан. Тэгээд хоолойг нь гараараа боож байгаад гараа тавьсан. Тэгээд Жигмэд гэрийн хойморт сандал дээр сууж байтал гэрийн гал тогооны шүүгээний урдаас ус буцалгагч аваад Жигмэд рүү шидсэн. Тэгэхэд Жигмэдийг онолгүй хажууд нь байсан TCL нэртэй 32 инчийн LCD зурагтыг онож хагалсан юм... Тэр үед өвгөн Жигмэд гэрээс гараад зугтаагаад явсан. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Жигмэд Сүхбаатарыг “архи уугаад ажил хийхгүй байгаа хүмүүсийг гэртээ амьдруулахгүй, яваарай” гэж хэлснээс болж зодоон болсон байх гэж бодож байна. Түүнээс Жигмэдийг зодох шалтгаан байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 х/

 

Шүүгдэгч Э.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би тэр танихгүй залуутай хамт 1 шил архийг хувааж уучихаад шөний 01 цагийн үед Жигмэдийн гэрт очиход гэрийн үүдний амбаарыг цоожилсон байхаар нь татахад түгжээ нь мултраад унасан. Тэгэхээр нь гэрт нь ороод харахад Жигмэд өвгөн гэрийн зүүн талынхаа орон дээр сууж байснаа намайг “зайл, чи үхснээ хийж орж ирж байгаа юм” гээд намайг хөөгөөд байхаар нь би “ би харанхуй шөнө хаачих вэ, маргааш зайлаад өгнө” гэж хэлэхэд миний урдаас босож ирээд намайг гараараа 2 удаа цохиод, тэгснээ галын сэтгэгч төмөр аваад намайг цохихоор нь би ор луу нь түлхэж унагаагаад орон дээр унахаар нь би хөлнөөс нь барьж байгаад орноос татаж унагаах үед ширээн дээр байсан халуун сав газар унаж хагарсан. Тэгээд Жигмэд хөгшин босож ирээд галын сэтгэгч төмөр аваад намайг цохих гэхээр нь төмрийг нь булааж аваад орон дээр дарж унагаагаад хоолойг нь боох гэхэд цагдаа дуудчихаар нь би гэрээс гарч гүйгээд тэр айлын хашаанд хээр гадаа хоноод маргааш өглөө нь Драгон ороод Хөвсгөл явсан... Баруун хөлний өлмий ясны өнчин ясны далд хугаралыг би орон дээрээс татаж унагаахдаа учруулсан байх, орон дээрээс намайг татаж унагаах үед тархи нь доргисон байх гэж бодож байна. Нурууны шарх, дух, зулай, зүүн чихний дэлбэн, баруун өвдөг, баруун тохойны шарх нь орон дээрээс татаж унагаах үед үүссэн, хүзүү, цээж, баруун зүүн мөрний шарх гэмтлийг би майкаар нь боож байх үед үүссэн гэмтэл гэж бодож байна. Бусад гэмтлүүд нь орон дээрээс унах үед болон надтай ноцолдож байх үед авсан гэмтэл байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 39, 114, 118-119 х/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Хохирогч Ш.Жигмэд хохирогчоор тогтоогдон 4 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний энэхүү удаа дараагийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо болон гэрч нарын мэдүүлэгтэй ноцтой зөрүүгүй, хэргийн гол үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын аль алин нь тодорхой мэдүүлснийг үнэлэхгүй байх бусад үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Э.Сүхбаатарын үйлдсэн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд тодорхой сэдэлттэй, хүний эрүүл мэндийн эсрэг чиглэсэн бус харин танхай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.

Учир нь, Э.Сүхбаатар нь согтуугаар  шөнө оройн цагаар, хүмүүс унтаж амарч байх үеэр хохирогчийн гэрийн хаалгыг хүчтэй нүдэх, хаалганы цоожийг эвдэх зэрэг зохисгүй үйлдэл гарган гэрт орж ирэхэд нь хохирогч /өндөр настай/ Ш.Жигмэд нь  шаардлага тавьсан буюу “та нар өдөр болгон архи ууж согтуу ирээд хүн амраахгүй юм, би архи уудаг хүнийг агуулж чадахгүй явцгаа” гэж хэлсэн нь түүний дургүйцэл, уур бухимдлыг хүргэсэн байх бөгөөд улмаар “гэрээсээ хөөлөө” гэж уурлан халуун сав авч хана руу шидэж хагалан, уг халуун савны хагархай дээгүүр хохирогч Ш.Жигмэдийг нүцгэн байхад чирэх, гараараа толгой руу  цохих, хоолойг нь боох, сандлаар цохих  зэргээр зодож биед нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл тус тус учруулсанаас гадна  гэрт унтаж амарч байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийх явцдаа гэрт байсан эд зүйлүүдийг эвдэж устгасан нь танхайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

 Өөрөөр хэлбэл, хохирогчийн зүгээс Э.Сүхбаатарыг өдөөн хатгасан, уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн зан авир, эр эмийн хардалтаас үүдэлтэй янз бүрийн зохисгүй үйлдэл гаргаагүй байх бөгөөд Э.Сүхбаатар нь хохирогчоос илүү хүч чадалтай, давуу болохоо харуулах зорилгоор түүнд хүч хэрэглэж, догшин хэрцгий авирлаж зодсон төдийгүй өөрийн танхайн догшин балмад үйлдэлдээ сүр хүч оруулах зорилгоор бусдын эд хөрөнгийг хохирогч болон бусад эд зүйл рүү шидэж устгасан үйлдэл нь танхайрах гэмт хэргийн догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх шинжүүдийг бүрэн агуулсан, хангасан гэж дүгнэхээр байна.

 

Мөн шүүгдэгч Э.Сүхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... өмнө нь Жигмэд нь миний хамтран амьдрагч болох Н.Эрдэнэчимэгийн уруул дээр нь үнсэж, хөх, бөгсийг нь барьж байсан, мөн усанд оруулсан”  нь надад сонин санагдсан. Иймд уг асуудлаас болж Жигмэдтэй муудалцсан” гэж мэдүүлсэн боловч хэрэгт цугларч бэхжигдсэн нотлох баримтуудаар түүний энэхүү мэдүүлгүүд нь өөр бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд хардалтаас үүдэлтэй ямар нэгэн маргаан болоогүй, харин “гэрээс хөөлөө” гэх асуудлаас үүдэлтэйгээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнийг үл ялих ялих зүйлээр шалтагласан гэж үзэх үндэслэлтэй ба өмнөх явдал буюу хардсан гэх асуудлууд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлсөн гэж холбон үзэх боломжгүй байна.

Мөн Э.Сүхбаатар нь мэдүүлэгтээ “...Ш.Жигмэд нь Н.Эрдэнэчимэгтэй 2 хоногийн өмнө зодолдсоноос болж хавиргаа хугалж, нүүрээ самардуулан нүүрэнд үүссэн гэмтлүүд нь учирсан, би сандлаар Жигмэдийг цохиогүй,  гартаа ч бариагүй” гэж  мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэнээс гадна шинжээчийн “уг гэмтлүүд нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Тухайн өдрөөс 2 өдрийн өмнө үүсэх боломжгүй. Би хэрэг гарсны дараа 2 хоногийн дараа хохирогчийн биед үзлэг хийсэн ба хэрэв 4 хоногийн өмнө гэмтэл авсан бол шарх зулгаралтууд нь зах ирмэгээрээ хууларсан, шаргал өнгөтэй байх байсан. Гэтэл намайг үзэхэд шинэ, хөхөвтөр, ягаан өнгөтэй байсан. Олон тооны зураасан гэмтлүүд нь хагарсан халуун савны хагархай дээр чирэгдсэнээс үүсэх боломжтой. Хохирогчид үүссэн гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр буюу хамгийн багадаа 10-аас дээш удаагийн хүч үйлчилсэнээс үүссэн байна. Хавирганы гэмтэл нь сандал руу унах, сандлаар цохих үед аль алингаар нь үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 х, шүүх хуралдааны тэмдэглэл/-ээр давхар үгүйсгэгдсэн тул хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь Э.Сүхбаатарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн нь Э.Сүхбаатарыг дээрх  хэргийг хувийн сэдэлтээр буюу хардалтын улмаас үйлдсэн, хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн 98 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах, улмаар оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

            II. Бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлхийсэн болох нь:

 

Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, хүсэлт:

 Э.Сүхбаатарыг батлан даалтанд авах тухай Ч.Рэнцэнханд, Р.Эрдэнэбаатар нарын хүсэлт /хх-ийн 30-34х/

 

Гэрч Ч.Рэнцэнхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр: “...Би Сүхбаатарыг батлан даалтанд авсан, улсын баяр наадмын дараа 7 дугаар сарын 18-19-ны үед манай гэрт нэг найзтайгаа ирээд наадмаар Хөвсгөлд баярлаж яваад ирлээ гэхээр нь байцаагчтайгаа уулзсан уу, аав ээжтэйгээ уулзсан уу гэхэд байцаагч ажилтай байгаа, уулзаж чадаагүй гэж байсан. Манайд хоноод явснаас хойш утас нь холбогдохгүй, би ээж аавтай нь ярихаар Хөвсгөлд ирээгүй байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 х/

 

Батлан даагч Ч.Рэнцэнхандад торгууль оногдуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 81-82 х/

 

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 84, 99х/

 

Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 85х/

 

Шүүгдэгч Э.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөдөөнөөс Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас ээж чинь бие нь муудаад ухаан алдаад уначихлаа гэж манай хажууханд гэр нь байдаг Зоригоо гэж хүн миний гар утас руу залгаад хэлэхээр нь би хөдөө яваад өгсөн. Тэгээд ээж маань эмнэлэгт хэвтээд би хажууд нь сахиж байсан. ...Би энэ талаар мөрдөн байцаагчид хэлээгүй. Ээжний бие тааруу байсан талаар баримт байхгүй. Би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн төв 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт аавын төрсөн эгч Нарантуяагийн гэрт нь байж байгаад Нарантуяа хүүхэд нь согтуу уусан үедээ машин барьж гарах гээд маргаад байж байсан чинь хажуугийн хүн цагдаа дуудаад барьж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115 х/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Өөрөөр хэлбэл, Э.Сүхбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Р.Эрдэнэбаатар /ЧЕ60032071/, Ч.Рэнцэнханд /ЧЕ62120761/ нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан /хх-ийн 30-34х/ байхдаа  тэрбээр 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна тухайн баримтуудыг хэрэгт цугларсан бусад нотлох баримтын эх сурвалж болох мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 70, 95-97х/, оргодол/ яллагдагч/ эрэн сурвалжлах /хх-ийн 76-78х/ зэрэг нотлох баримтуудаар харьцуулан шалгахад давхар нотлогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр шүүгдэгч Э.Сүхбаатар нь мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийгээгүй, Хөвсгөлд байгаа ээжийн бие муудаад явсан, энэ тухай мөрдөн байцаагчид хэлэх гээд очиход мөрдөн байцаагч байгаагүй, утсаа авахгүй байсан гэх мэтээр мэдүүлж байгаа ч түүний энэхүү мэдүүлгийг нотолсон өөр бусад нотлох баримтгүй байна.

            Прокурорын яллах дүгнэлтэд Э.Сүхбаатарын мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн хугацааг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэж дурдсан байх боловч дээрх шинжлэн судалсан болон харьцуулан үзсэн бусад баримтуудаар Э.Сүхбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь тогтоогдсон тул энэхүү хугацааг зөвтгөн шийдвэрлэх боломжтой, ингэж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн болно.

             

Иймд шүүгдэгч Э.Сүхбаатарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг тус тус оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

            Шүүгдэгч Э.Сүхбаатар нь 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдэж улмаар 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж, уг ял нь 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дуусаж гүйцэтгэх баримт бичиг хаагдсан болох нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-72 х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 х/,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай Хөвсгөл аймаг дахь хорих 443 дугаар ангийн албан бичиг /шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргаж өгсөн 1 хуудас  баримт/  зэргээр тогтоогджээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ” гэж тус тус хуульчилсан.

Иймд энэхүү Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн буюу 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс шүүгдэгч Э.Сүхбаатарын урьд шийтгүүлсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болсон байна гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Э.Сүхбаатар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэгт 439.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон, хохирогчийг төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Сүхбаатарт ял шийтгэл оногдуулахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Э.Сүхбаатар нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирлын хувьд хохирогчид 439.000 төгрөг төлсөн, хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн  хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж байдал зэргийг харгалзан түүнд  оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг нь хөнгөрүүлэв.

 

Шүүгдэгч Э.Сүхбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 104 хоног цагдан хоригдсоныг  түүний ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцов. /1 хх-ийн 109, 112, 133, 141/ 

Шүүгдэгч Э.Сүхбаатарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Сүхбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Мэргэд овогт Энхбатын Сүхбаатарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

            мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Э.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг бүгдийг багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Сүхбаатарын эдлэх 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сүхбаатарын цагдан хоригдсон 104 хоногийг түүний ял эдэлсэн хугацаан оруулан тоолсугай.

 

7. Шүүгдэгч Э.Сүхбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                    ШҮҮГЧИД                                                 Б.БАТАА

 

 

                                                                                                         Г.ГАНБААТАР