| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2016/06348/И |
| Дугаар | 181/ШШ2016/00352 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2016/00352
| 2016 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 181/ШШ2016/00352 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, . хороо, .. байр тоот хаягт оршин суух С овогт Э.Э /рд:......../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, . хороо, байранд оршин байгаа Г СӨХ-нд холбогдох,
Нийт 9.676.000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Нийт 17.053.600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц , хариуцагч Г СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч Д.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 9 сарын эхээрГ СӨХ-ны захирал Д.Б тай харилцан тохиролцож тус СӨХ-ны 26-р байрны баруун подвалыг засан сайжруулаад түрээслэж болно гэсний дагуу ямар ч засвар хийгээгүй 40-50 жил бохир нь хальж, өтгөн шингэн нь шалаар нэг тархсан, үмхийрсэн үнэртэй байсан подвалыг 3 сарын хугацаанд засвар хийсэн. Засвар хийж байх явцад н.Бүжидмаа гуай олон дахин орж ирж засварын явцтай танилцаж байхад нь 7 өрөө гаргаж хүнд давхар түрээслэх бодолтой байгаагаа хэлэхэд Болохгүй юм байхгүй, надад түрээсээ төлж байвал хамаагүй, гэхдээ манай гэрээнд давхар түрээслэхийг хориглоно гэсэн заалт байдаг, гэсэн ч би хасчихая гэж ярилцаад 2007 оны 12 сараас эхэлж 3 жилийн хугацаатай гэрээ байгуулж ашиглаж эхэлсэн. Гэрээний 1.3-т нийт төлбөр 158.000 төгрөг болох ба 100.000 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэх 58.000 төгрөгийг байрны засан сайжруулсан зардалд сар бүр суутгах хэлбэрээр тооцоо хийхээр талууд тохиролцсон. ГэтэлГ СӨХ-ны захирал Д.Б гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, түрээсийн төлбөрийг анх бэлнээр 100.000 төгрөг, дараа нь 120.000 төгрөг, 160.000 төгрөг, 200.000 төгрөг болгон нэмсний улмаас миний анх подвалыг засан сайжруулахад оруулсан хөрөнгийг бэлэн бусаар суутгуулан тооцох ёстой байсан ч чадалгүй өдий хүрсэн бөгөөд тухайн үед байрнаас гар эсхүл түрээсийн төлбөрөө нэм гэж байнга дарамталж аргагүй байдалд оруулсан. Талууд гэрээний нөхцлийг харилцан тохирч 2007 оны 12 сараас 2015 оны 6 сар хүртэл 12.760.000 төгрөгийн түрээсийн төлбөр авч, өгөлцсөн байдаг. 2012 оны 7 сарын 01-ний өдрөөс хуулийн шаардлага хангасан гэрээ дахин байгуулаагүй мөртлөө түрээсийн төлбөрийг дур мэдэн нэмж 200.000 төгрөг болгон 2015 оны 6 сар хүртэл 6.040.000 төгрөг авсан байдаг. 2013 оны 12 сараас түрээсийн төлбөр 160.000 төгрөг байсныг 200.000 төгрөг болгон гэрээгээ зөрчин өөрийн дураар нэмж, 13 сарын хугацаанд 520.000 төгрөг илүү авсан байдаг. Иймд талуудын хооронд 2007 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний дагуу уг байрны засан сайжруулсан засварын зардал 8.956.000 төгрөг, гэрээгүйгээр илүү төлсөн түрээсийн төлбөр 520.000 төгрөг, засварын ажлын хөрөнгө оруулалтын үнэлгээ хийлгэсэн хөлс 200.000 төгрөг, нийт 9.676.000 төгрөгийг хариуцагч Г СӨХ-ноос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Э нь анх гэрээ хийхдээ хонгилыг хэвлэлийн цех ажиллах зориулалтаар ашиглахаар тохиролцсон. Өрөө давхар түрээслэх талаар ямар ч яриа байгаагүй. Хонгилын хувьд аж ахуйн үйл ажиллагаа явуулахад бага зэргийн засвар шаардлагатай байсныг үгүйсгэхгүй. Подвалын өрөө гаргахад зарцуулсан гэх 8.956.000 төгрөгийг СӨХ хариуцах ямар ч үндэслэлгүй. 2007 оны 12 сарын 01 2011 оны 3 сарын 01 хүртэл нийт 40 сарын туршид гэрээнд заасан 58.000 төгрөгөө авч байсан. Энэ нь 2.320.000 төгрөг болох ба хонгилын засварт хангалттай хүрэлцэх мөнгө. Зах зээлийн үнэ ханшны уналт, СӨХ-ны ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага зэргээс шалтгаалан нэгэнт байрыг чөлөөлж өгөөгүй нөхцөлд түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэхийг шаардаж байсан. Энэ бүх хугацаанд анх 2007 онд гэрээгээр тохиролцсон 158.000 төгрөгөө 2011 оны 3 сарын 01-ний өдрөөс 160.000 төгрөг болгож 2.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. 2013 оны 12 сар, 2015 оны 1, 2, 3, 4, 5 сард 200.000 төгрөг болгоод дахиж төлбөр төлөөгүй. Иймд гэрээгүйгээр илүү төлсөн түрээсийн төлбөр гэх 520.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй, тухайн үед харилцан тохиролцоод төлсөн төлбөр юм. Хөрөнгө оруулалтын үнэлгээ хийлгэсэн гэх 200.000 төгрөгийг СӨХ-ноос нэхэмжилж байгаад хариу тайлбар хийх шаардлагагүй гэж үзлээ. Э.Э оосГ СӨХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дурдсан 9.676.000 төгрөгийг хариуцах хууль эрх зүйн болоод ёс зүйн ямар нэгэн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг 2011 онд сунгахдаа гэрээний 1.3-т өөрчлөлт оруулж төлбөрийг 2011 оны 3 сарын 01-ний өдрөөс 160.000 төгрөг болгосон. Түрээсийн төлбөрийг 2015 оны 5 сараас хойш огт төлөөгүй байгаа. 2015 оны 6 сараас 2016 оны 7 сар хүртэл нийт 13 сарын түрээс 2.080.000 төгрөг болно. Түрээсийн гэрээний 1.5-д төлбөр хийх хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,2 хувиар алданги төлөхөөр заасан. Иймд алданги 873.600 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэн Э.Э нь анх хэвлэлийн цех ажиллуулах зориулалтаар гэрээ хийсэн боловч түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр зориулалтыг өөрчилж 7 айлд давхар түрээслэж их хэмжээний ашиг олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тодорхой. СӨХ-ны зүгээс гэрээний хугацаа дуусч уг байрыг чөлөөлж өгөхийг шаардсан тэр цагаас буюу 2012 оны 7 сарын 01-ний өдрөөс 5 айл х 60.000 төгрөг х 47 сар = 14.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нийт 17.053.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Миний бие 2015 оны 6 сараас 2016 оны 7 сар хүртэл тухайн подвалыг огт ашиглаагүй бөгөөд ийнхүү ашиглаагүй гэдгээ шүүхийн өмнө шаардлагатай тохиолдолд нотолж чадна. Түрээсийн төлбөрийн хугацааг миний бие тухай бүрд нь хугацаа хожимдуулалгүй төлж байсан бөгөөд хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ 2015 оны 6 сараас 2016 оны 6 сар хүртэлх хугацааны алдангийг нэхэмжилсэн байна. Гэтэл дээр хэлсэнчлэн 2015 оны 6 сараас эхлэн миний бие тухайн подвалыг чөлөөлж, улмаар подвалаа хүлээн авахыг албан ёсоор хүлээн авахыг байнга мэдэгдэж байсан.Г СӨХ нь иргэн намайг тухайн подвалыг олон айлд түрээслүүлж байсан мэтээр гүжирдэн айлын тоог санаанаасаа зохион бичсэн байна. 2016 оны 2 сарын 29-ний өдөр хуучнаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэдГ СӨХ-ны гаргаж 8 айлаар тооцон 13.200.000 төгрөгийг нэхэмжилж байсан. Эндээс дүгнэлт хийхэдГ СӨХ нь дур зоргоороо, санаанаасаа нэхэмжилж байгаа нь харагдаж байна. Миний бие зөвхөн 2 айл суулгаж байсан гэдгээ шүүхэд удаа дараа мэдүүлж байсан. Анх 2015 оны 06 сард буюуГ СӨХ-ны эзэмшлийн подвалаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. З шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэний эцэст Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагчГ СӨХ-нд холбогдуулан подвалыг засан сайжруулахад гарсан зардал 8.956.000 төгрөг, гэрээгүйгээр илүү төлсөн түрээсийн төлбөр 520.000 төгрөг, засварын ажлын үнэлгээ гаргуулахад төлсөн 200.000 төгрөг, нийт 9.676.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчГ СӨХ нь нэхэмжлэгч Э.Э од холбогдуулан түрээсийн төлбөр 2.080.000 төгрөг, түрээсийн төлбөр хожимдуулсны алданги 873.600 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.100.000 төгрөг, нийт 17.053.600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Талууд 2007 оны 12 сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулж, нэг талаасГ СӨХ нь 88 м.кв талбайтай подвалын өрөөг 2007 оны 12 сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл 36 сарын хугацаатайгаар Э.Э ын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, нөгөө талаас Э.Э нь гэрээнд заасан түрээс 158.000 төгрөгийг сар бүр /100.000 төгрөгийг бэлнээр, 58.000 төгрөгийг засвар хийсэн зардалд суутган тооцох/ төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-4х/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээнд хамаарч байна.
Иймд зохигч талууд уг хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн түрээсийн төлбөр, алданги, илүү төлсөн түрээсийн төлбөр зэргийг нэхэмжлэх эрхгүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийг хүлээнэ.
Нэг. Нэхэмжлэгч Э.Э нь подвалыг засаж сайжруулахад тухайн үед 7.000.000 гаруй төгрөгийн зардал өөрөөс нь гарсан, 2016 оны 2 сарын 01-ний өдрийн үнэлгээгээр тооцоход /хх-12-15х/ 8.956.000 төгрөг болж байгаа гэж, хариуцагчГ СӨХ нь тухайн үед буюу 2007 онд Э.Э ын гаргасан зардал нь 2,0 сая төгрөгөөс хэтрэхгүй, түүнийгээ суутган тооцуулсан тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж харилцан адилгүй тайлбарладаг.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа нь 2007 оны 12 сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл нийт 36 сар байх тул сар бүр засварын зардалд суутгахаар тохиролцсон /гэрээний 1.3 дахь заалт/ 58.000 төгрөг х 36 сар = 2.088.000 гарч байгаа учир засварын зардалд 2,0 сая орчим төгрөг гарсан гэх хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэв.
Нэхэмжлэгч Э.Э нь тухайн үед гаргасан засварын зардлыг суутган тооцуулсан, 2007 онд хийсэн засварын зардлыг 2016 оны үнэ цэнээр бодож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Э.Э нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох зорилгоор хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэсэн, мөн иргэний хэрэгт үнэлгээ хийсэн ажлын хөлс болох 200.000 төгрөгийг Э.Э оос төлсөн тухай баримт авагдаагүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2013 оны 12 сараас түрээсийн төлбөр 160.000 төгрөгийг 200.000 төгрөг болгон нэмэгдүүлсний улмаас 13 сарын хугацаанд илүү төлсөн 40.000 төгрөг х 13 сар=520.000 төгрөгийг гаргуулах Э.Э ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Түрээсийн гэрээг 2010 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл нийт 3 жилийн хугацаатай байгуулсан болох нь иргэний хэрэгт авагдсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний хуримтлалын гэрээ-ний хуулбараар тогтоогдож байх боловч зохигч талууд уг гэрээг 2012 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан гэж тайлбарладаг.
ю
Хэдийгээр түрээсийн гэрээ нь хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээнд хамаарч байх боловч уг гэрээ нь бодитоор хэрэгжиж, талууд түрээсийн төлбөрийг 2015 оны 5 сар хүртэл өгч, авалцаж байсан болох нь зохигч талуудын тайлбар, СӨХ-ны орлогын ордерын тасалбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээний хугацаа дууссан хэдий ч түрээслэгч болон түрээслүүлэгч нар тухай бүр түрээсийн төлбөрийг харилцан тохиролцож өгч, авалцаж байсан байх тул 520.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
Түрээсийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй учир түрээслэгч Э.Э түрээсийн төлбөрийг нэмснийг эс зөвшөөрч, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй байжээ.
Хоёр. ХариуцагчГ СӨХ нь 2015 оны 6 сараас 2016 оны 7 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 2.080.000 төгрөг, 2015 оны 6 сараас 2016 оны 7 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги 873.600 төгрөг, гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2012 оны 7 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сар хүртэлх хугацаанд 5 айлд 60.000 төгрөгөөр түрээслэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.100.000 төгрөг, нийт 17.053.600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Өмнө дурдсанчлан, түрээсийн гэрээний хугацаа дууссан, түүний хугацааг бичгээр сунгаагүй, түрээсийн гэрээг хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн хариуцагч Э.Э нь маргааны зүйл болох подвалыг 2015 оны 6 сараас хойш эзэмшиж, ашигласан, 5 айлыг тус бүр 60.000 төгрөгөөр суулгаж, 14.100.000 төгрөгийн орлого олсон болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасныг баримтланГ СӨХ-ноос нийт 9.676.000 төгрөгийг гаргуулах тухай Э.Э ын үндсэн нэхэмжлэл, Э.Э оос 17.053.600 төгрөгийг гаргуулах тухайГ СӨХ-ны сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагчаас тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 169.766 төгрөг болон 234.590 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР