Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01158

 

 

**** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** аймаг **** сум ** баг ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****,  Б**** овогт Л****гийн Б****ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** аймгийн Засаг даргын Тамгын газарт  холбогдох

 

 Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М****, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б**** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2008 онд Их Монгол дээд сургуулийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн. ТВ-12-д сэтгүүлчээр ажиллаж байгаад 2013 онд аймгийн Захиргааны саналаар аймгийн захиргааны Мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажилд орсон. 2013.03.18-наас одоог хүртэл ажлаа зохих ёсоор хийсэн, ямар нэгэн алдаа зөрчил гарган, хариуцлага, арга хэмжээ авахуулж байгаагүй. Гэтэл 2015.10.02-ны өдөр намайг мэргэжлийн ур чадвартаа тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б**** ажлаас минь халлаа. Үүнийг би хуулийн үндэслэлгүй эрхийн акт гэж үзэж гомдолтой байна.

Би сэтгүүлч мэргэжлээрээ тасралтгүй 7 жил ажилласан. Мэргэжилдээ дадлагжсан, хаанаас ч намайг шалгаагүй. Ур чадвартай тэнцэхгүй гэсэн ямар ч баримт гараагүй. Д.Б**** нь намайг ажлаас чөлөөлөх эрх бүхий хүн ч биш. 2015.09.15-нд Аймгийн Засаг даргын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг ажлаас огцруулж оронд нь ажлыг нь авсан хүмүүсийн нэг юм. Нөгөөтэйгүүр миний ажил үүргийн онцлог, ажлын байранд хийх ажил, тавигдах ажлыг ч мэдэхгүй, өөрөө ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болоод дөнгөж 7 хонож байгаа хүн юм. Ийм болохоор намайг ажилдаа тэнцэх эсэхийг мэдэх боломжгүй байсан хүн юм.

Иймд Д.Б****гийн 2015.10.02-ны **** тоот тушаалыг хүчингүй болгож, аймгийн Мэдээлэл технологийн албаны мэргэжилтний ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрийг гарах өдрийг хүртэл хугацааны буюу тушаалд дурьдсан 1 сарын цалин 465466 төгрөг, 2сарын цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мэдээлэл технологийн албаны дарга Н.М**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн тогтоолоор Мэдээлэл технологийн алба 2010 онд байгуулагдсан. Тогтоолоор дүрэм батлагдсан. Мэдээлэл технологийн албаны даргыг Аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө, Мэдээлэл технологийн албаны мэргэжилтнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга томилж, чөлөөлнө гэж дүрэмд тусгасан байдаг. Л.Б**** нь 2013 оноос тус албанд 2 жил гаран ажилласан. Д.Б**** нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ирээд Л.Б****ийг ажиллаж чадахгүй байна гэж халсан. Л.Б****т алдаа дутагдал байсан тэр болгонд хэлж, анхааруулж байсан. Ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Л.Б****ийн оронд хүн авч ажиллуулж байгаа. Төсөвт хүндрэлтэй асуудал гарах тул төрөөс төлүүлэхгүй байх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б**** нь **** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ** тоот тушаалаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн албаны хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 3-4/

Хариуцагч **** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** тоот тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Л.Б**** нь мэргэжлийн ур чадвартаа тэнцэхгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь тушаал үндэслэлгүй гарсан гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө ажилтны мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй болсныг тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг шаардах бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд энэ талаар ямар нэгэн дүгнэлт шийдвэр гараагүй гэж тайлбар гаргаж байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн гэж үндэслэлтэй байна.

 

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б****ийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн албаны хэвлэл мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2015.10.02-2015.12.02-ны өдрийн буюу 2 сарын цалинг тушаалд дурдсанаар 465466 төгрөгөөр тооцож нийт 930932 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Б****ийн  ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг мэдэгдэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б****ийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн албаны хэвлэл мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоож, хариуцагч **** аймгийн Засаг даргын Тамгын газраас 930932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч  Аймгийн Засаг даргын Тамгын газраас 26892 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Нэхэмжлэгч Л.Б****ийн ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийн ажилдаа эргэж орсноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг **** аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА