Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/536

 

 

 

 

 

 

   2021             05           27                                       2021/ДШМ/536                                                                                                                                                                                       

Э.Пд холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/937 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Пд холбогдох 2106000000271 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Э-ийн П, Дундговь аймагт 1968 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ургамал судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 00 дүгээр гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Э.П нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 49-850А тоотод нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Б.Г-ыг хазуулж биед нь дээд уруулд урагдаж тасарсан шарх, эдийн дутагдал, хөмсөгт урагдсан шарх, доод уруул, хамар, хацарт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т “Нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах, үүнд: нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хамаарна. Харин нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй сорвиуд хамаарахгүй” гэж зааснаас үзвэл хохирогчид учирсан гэмтлийн зэрэг бодитой тогтоогдсон эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1170 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргах үед хохирогчид учирсан гэмтэл үүсээд удаагүй, оёдол тавигдсан байсны улмаас үлдэц хор уршгийг тооцоолох боломжгүй байжээ. Нөгөөтэйгүүр 1170 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа шинжээч нь хэсэг газрын үзлэг хийж “Дээд уруулын зүүн хажуу хэсэг буюу дээд уруулын ½ хэсэг бүрэн тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх” учирсныг үзсэн атлаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулна” гэсэнд хамааруулсан нь үндэслэл муутай байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана”, 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх бол шүүх хуралдааныг хойшлуулж болно”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүхийн шатанд шинжилгээ хийх боломжтой. Шинжилгээ хийгээгүй атлаа хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан мэтээр урьдчилан төсөөлж хэргийн зүйлчлэлийг өөрчилж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах, улмаар яллах дүгнэлт үйлдэх, эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааг зөвхөн прокурор явуулах хуулийн зохицуулалттай гэж дүгнэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Пд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Э.П нь нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Б.Г-ыг хазуулж дээд уруулд урагдаж тасарсан шарх, эдийн дутагдал, хөмсөгт урагдсан шарх, доод уруул, хамар, хацарт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас үзвэл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байх тул хохирогчид учирсан гэмтлийн зэргийг эргэлзээгүй тогтоох нь хэргийн бодит байдалд чухал ач холбогдолтой байна.  

Хэргээс үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1170 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... дээд уруулын ½ хэсэг бүрэн тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх ...”-ыг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулжээ.

Гэтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д “нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах. Үүнд: нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хамаарна ...” хэмээн зааснаас үзэхэд хохирогчийн биед учирсан дээд уруулын хэсэг тасарч үгүй болсон гэмтэл хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дээрх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарчээ.

Иймд Э.Пд холбогдох эрүүгийн хэрэгт дахин шинжилгээ хийлгэхээр хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/937 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Ариунболдын бичсэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН