Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Д.Дашмаа,

шүүгдэгч М.Ширчин, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,

шүүгдэгч А.Хүрэлтулга, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Барга овогт Алтанхуягийн Хүрэлтулга, Хар бүргэд овогт Мөнхзаяагийн Ширчин нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000050 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 29-327 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Барга овогт Алтанхуягийн Хүрэлтулга /РД: УИ97030639/,

           Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 9-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хар бүргэд овогт Мөнхзаяагийн Ширчин /РД: УШ96120211/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Хүрэлтулга нь яллагдагч М.Ширчинтэй бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал, гялгар уутны хамт 16.4 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн задгайд өөрийн эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан,

Яллагдагч М.Ширчин нь яллагдагч А.Хүрэлтулгатай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал, гялгар уутны хамт 16.4 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн задгайд А.Хүрэлтулгын эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 Шүүгдэгч А.Хүрэлтулга, М.Ширчин нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал /гялгар ууттай/ 16.4 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн задгайд А.Хүрэлтулгын эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай Тоёота маркийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь:

 

            1.Шүүгдэгч А.Хүрэлтулгын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ширчин бид хоёр Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн ойролцоо байх “Хүрээ” ломбардны газар хамт ажилладаг. 2017 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед ажлаасаа буугаад Ширчингийнд очиж хоносон. Ширчин бид хоёр унтаж байгаад 14 цагийн орчим босоод хоол хийж идчихээд 19 цагийн орчим Ширчингийн гэрээс гараад явж байхад Ширчин “Анугаас зээлсэн мөнгөө авъя, хоёулаа гэрт нь очъё, гэр нь Американ дэнж хотхоны хажуу талын байр” гэхээр нь би өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 52-29 УБХ улсын дугаартай автомашинтайгаа Ширчингийн хамт Американ дэнж хотхоны хажуу талын хүнсний дэлгүүрийн харалдаа зогссон. Тэр үед Ширчин нөгөө Ану гэх охин руу залгаад танай гэрийн хажууд ирчихлээ гээд утсаар ярьсан. Ширчингийн найз Ану гэх охиныг хүлээгээд зогсож байхад дэлгүүрээс зүс таних Төрөө гэх залуу гарч миний машин дээр ирээд Ширчин бид хоёртой мэндэлсэн. /Тухайн үед би машиныхаа цонхыг онгойлгоод сууж байсан болохоор Төрөө намайг хараад таниад ирсэн байхаа/. Төрөө удалгүй “найз нь ажилтай болчихлоо, явлаа” гэж хэлээд явахдаа гялгар ууттай юм Ширчинд өгөөд явсан. ...Ширчин бид хоёр тэндээсээ хөдлөөд ойролцоо байх автомашины зогсоол дээр зогсоод Төрөөгийн өгсөн гялгар ууттай зүйлийг сонирхож үзэхэд ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлс байхаар нь хүмүүс хэрэглээд байдаг өвс гэдэг нь байх гэж бодоод Ширчин бид хоёр хоорондоо “Төрөөгийн өгсөн өвсийг яаж хэрэглэх үү” гэж ярилцаж байгаад тэндээсээ шууд хөдлөөд баруун тийшээ явж байгаад хорооллын 28 дугаар сургуулийн урд байх хүнсний дэлгүүрээс 1 ширхэг 0.5 литрийн цэвэр ус, 1 ширхэг Сладко нэртэй шоколад, ундаа, нэгж зэрэг эд зүйлс худалдаж аваад тэндээсээ хөдлөөд ГССҮТ-ийн баруун талд байрлах гэр хороолол дундуур явсаар байгаад нэг хүнгүй, гэрэлтүүлгэгүй газар очиж зогссон. Би авсан шоколадныхаа мөнгөлөг цаасаар 1 ширхэг тогоо /юүлүүрэн хэлбэрт оруулан/ хийсэн. Харин М.Ширчин цэвэр усны савыг цоолон бөөрөн хэсэгт нь 2 удаа цоолоод халааснаасаа шинэ 100 төгрөгний дэвсгэрт гаргаж ирээд цоолсон нүхэндээ тааруулж хийсэн. Би тогоогоо хийж дуусгаад Төрөөгөөс авсан өвсөөр дүүргэж, хуйлсан 100 төгрөгнийхээ нэг нүхэнд нь хийгээд өвсөө асаасан. Гарсан утааг нь цэвэр усныхаа савны амаар нь Ширчин бид хоёр ээлжлэн сорж хэрэглэж байхад гэнэт цагдаа нар ирээд бид хоёрыг баривчилсан. ...Ширчин бид хоёр хорооллын Sea нэртэй паабад зөөгч хийдэг байхад Төрөө байнга орж үйлчлүүлдэг байсан болохоор Төрөө гэдгээр нь зүс мэднэ. Төрөөгийн жинхэнэ нэр болон гэрийн хаягийг нь мэдэхгүй. Насны хувьд 23-25 настай, намхан нуруутай, бор царайтай. Яг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан харвал танина. ...Бид хоёр урьд өмнө нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. Тэр өдөр анх удаагаа өвс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн. ...Тэр үед бид хоёр гар утсаараа интернетэд холбогдон www.youtube.com сайт руу орж өвсийг хэрхэн хэрэглэдэг болохыг хайлт хийж байгаад цэвэр усны сав ашиглан хэрэглэж байгаа бичлэгийг үзээд тэр бичлэгийн дагуу Төрөөгийн өгсөн өвсийг хэрэглэсэн. ... Цахим сайтуудаар Каннабис ургамлын талаар маш их мэдээлэл бичигдсэн байдаг. Уг ургамлыг хуулиар хориотой гэдгийг нь мэднэ, хар тамхины төрөлд багтдаг гэдгийг уншиж байсан. Төрөөгийн өгсөн ургамлыг Каннабис гэдэг ургамал мөн эсэхийг нь тэр үед мэдээгүй, мөн байж магадгүй гэж бодоод Ширчин бид хоёр сониуч зандаа хөтлөгдөөд хэрэглэсэн. Үнэхээр Каннабис гэдэг ургамал нь мөн гэдгийг нь мэдсэн бол Ширчин бид хоёр хэрэглэхгүй байх байсан. Ширчин бид хоёр Төрөөгийн өгсөн өвснөөс өөр төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. Төрөөгөөс өвс худалдаж аваагүй, тэр үед Төрөө  нь М.Ширчин бид хоёртой юм ярьж байгаад Ширчинд гялгар ууттай өвс өгөөд хэрэглэж үзээрэй гэж хэлээд өгсөн.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1 хх-ийн 151-155, 158-160, 164 х/

 

            2.Шүүгдэгч М.Ширчингийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Хүрэлтулга бид хоёр 2017 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед ломбардаа хаагаад манай гэрт очиж хоносон. Бид хоёр өдөржин манайд унтаж байгаад үдээс хойш босоод хоол, цай хийж идчихээд 19 цагийн үед А.Хүрэлтулга бид хоёр манай гэрээс гараад явж байхдаа Ану гэх найзаасаа мөнгө авах ёстой байсан болохоор Ану руу залгаад “найзаасаа зээлсэн мөнгөө өгч чадах уу, гэрийн чинь гадаа яваад очих уу гэсэн чинь юу ч гэсэн манай гэрийн гадаа хүрээд ир” гэхээр нь би А.Хүрэлтулгад Американ дэнж хотхоны тийшээ явчих найз нь “Анугаас мөнгө авах ёстой хүрээд ир гэж байна” гэж хэлэхэд А.Хүрэлтулга “за” гэж хэлсэн. Тухайн үед А.Хүрэлтулга өөрийхөө Тоёота Приус-20 маркийн автомашинтай явж байсан. Бид хоёр Американ дэнж хотхоны ойролцоо ирээд нэг хүнсний дэлгүүрийн харалдаа зогсоод би Ануд “ирчихлээ” гэж хэлэхэд “одоохон хүлээж байгаарай” гэж хэлсэн. Ануг хүлээгээд зогсож байхад зүс таних Төрөө гэх залуу хажуу талын хүнсний дэлгүүрээс гарч ирээд зогсож байснаа А.Хүрэлтулга бид хоёрыг таниад бид хоёр дээр ирсэн. Тэр үед А.Хүрэлтулга бид хоёр машиныхаа цонхыг онгойлгоод тамхи татаад сууж байсан юм. Төрөөтэй мэнд мэдээд ойр зуурын юм яриад зогсож байхад надад гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал өгөөд хэрэглэж үзээрэй гэж хэлж өгөөд цаашаа явчихсан. А.Хүрэлтулга бид хоёр Төрөөгийн өгсөн гялгар ууттай ургамлыг үзэж байгаад нөгөө барууны орны дуучдын клип дээр гараад байдаг өвс буюу Каннабис ургамал нь мөн байж магадгүй гэж бодоод хэрэглэхээр болсон. ...А.Хүрэлтулга бид хоёр тэндээсээ шууд хотын баруун тийшээ явсан. Учир нь А.Хүрэлтулга бид хоёр хүнгүй газар очиж байгаад Төрөөгийн өгсөн өвсийг хэрэглье гэж ярьсан. Бид хоёр явж байхдаа гар утсаараа интернетэд холбогдож www.youtube.com сайтаас өвсийг хэрхэн хэрэглэдэг болохыг хайлт хийхэд өвсийг их олон төрлөөр татаж хэрэглэж байгаа дүрс бичлэгүүд гарч ирсэн бөгөөд тэдгээр бичлэгүүдээс нэгийг нь сонгож үзэхэд цэвэр усны сав, шоколадны тугалган цаас, соруул зэргийг ашиглаж байгаад өвс татаж байгаа бичлэг байхаар нь тэр бичлэгийн дагуу замаасаа нэг дэлгүүр орж цэвэр ус, шоколад аваад гэмтлийн баруун талын гэр хороолол дундуур явж байгаад хүнгүй, гэрэлтүүлгэгүй харанхуй газар очиж зогссон. Тэгээд А.Хүрэлтулга шоколадныхаа цаасыг авч тогоо болгоод харин би цэвэр усныхаа савыг хоёр удаа цоолж, нэг нүхэнд нь би 100 төгрөг хуйлж соруул мэт болгож хийгээд дээрээс нь А.Хүрэлтулгын хийсэн тогоог хийж, тогоон дээрээ Төрөөгийн өгсөн өвснөөс авч хийн, асааж гарсан утааг нь цэвэр усны савныхаа амаар нь сорж хэрэглэж байхад цагдаа нар ирж бид хоёрыг барьсан. ...Төрөөгийн өгсөн өвсийг хэрэглэж үзэхэд миний биед ямар ч үйлчилгээ үзүүлээгүй, хөгжим сонсож үзэхэд зүгээр сонсогдож байсан. Төрөө Хорооллын Sea гэдэг нэртэй бааранд байнга орж ирж үйлчлүүлдэг байсан. Тэгээд зүс мэддэг болсон. Төрөөгийн бүтэн нэр болон гэрийн хаяг зэргийг нь мэдэхгүй. Ямар ч байсан намхан нуруутай, бор царайтай залуу байдаг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1 хх-ийн 171-176, 179-181, 184-185 х/

 

            3.Сонгинохайрхан дүүрэг дахь Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн дэслэгч Б.Дашнямын илтгэх хуудас /1 хх-ийн 5 х/

 

            4.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...автомашины жолоочийн эсрэг талын хаалгыг нээхэд зорчигчийн суудал дээр цэнхэр өнгийн өвлийн куртка, түүний урд тугалган цаасаар бэлдэж хэрэглэсэн юүлүүр хэлбэртэй хэрэгсэл байхыг “В” дугаарлаж, суудлын доод саарал өнгийн шалавч дээр цэнхэр цагаан өнгийн гялгар уут, таггүй бөөрөн дээрээ 2 ширхэг цоорхойтой, дотроо шаргал өнгийн шингэн зүйл бүхий хуванцар сав, түүний нэг цооронхойд суурьлуулсан гуурс, мөн ногоон өнгийн хурц үнэртэй нунтаглан тарж байрласан өвсөрхөг зүйл байсныг “С” үсгээр дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, эд мөрийн баримтаар хураан авав...” гэжээ. /1 хх-ийн 6-10 х/

 

            5. А.Хүрэлтулгын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 12-16 х/

            -HERION хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

            -МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

            -СОС хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

             -АМР хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

            -ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь амфетамин, метамфетамин, тетрагидроканнабинолын төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав. …”

 

            6. М.Ширчингийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 17-22х/

            -HERION хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

            -МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

             -СОС хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

            -АМР хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

             -ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь амфетамин, метамфетамин, тетрагидроканнабинолын төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав. …”

 

            7.Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл: “...А.Хүрэлтулгаас 1 ширхэг тунгалаг ууттай ногоон өнгийн хурц үнэртэй нунтаглан тарж байрласан өвсөрхөг зүйл, 1 ширхэг  тугалган  цаасаар  бэлдэж хэрэглэсэн юүлүүр хэлбэртэй хэрэгсэл, 1 ширэг таггүй бөөрөн дээрээ 2 ширхэг цоорхойтой, 1 цоорхойд нь гуурс суурьлуулсан, дотроо шаргал өнгийн шингэн зүйл бүхий хуванцар сав зэрэг” /1 хх-ийн 23-25 х/

 

            8. Эд зүйл хүлээн авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 32-36 х/ 

 

            9. Мөрдөн байцаагчийн даалгавар, даалгаврын биелэлт: “... Төрөө гэгчийг хайсан тухай” /1хх-ийн 41-42 х/

 

            10. Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн хайлт, лавлагаа хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 43 х/

 

            11. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...52-29 дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин” /1 хх-ийн 44-51 х/

 

            12. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар: “...52-29 дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины өмчлөгч А.Хүрэлтулга гэх” /1 хх-ийн 52 х/

 

            13. Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд: “...А.Хүрэлтулгын эзэмшлийн 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2016 оны 7 дугаар сарын 25-нд Монгол Улсад орж ирсэн Тоёота Приус маркийн автомашины үнэлгээг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнэ 7.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1 хх-ийн 53-55 х/

 

            14. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1 хх-ийн 57-58 х/

 

            15. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “...бонго гэх зүйл, бохирлогдсон тугалган цаас, 13.6 грамм ногоон өнгийн ургамал” /1 хх-ийн 98-99 х/

 

            16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2000 тоот дүгнэлт:

            - Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь гялгар уутын хамт 7,2699 грамм, тугалган цаас нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон, ZN3838247 серийн дугаартай Монгол улсын 100 төгрөгийн дэвсгэрт нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон, улаан өнгийн тагтай хуванцар савтай шингэн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

         - Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, ZN3838247 серийн дугаартай Монгол улсын 100 төгрөгийн дэвсгэрт, улаан өнгийн тагтай дотроо шингэн зүйлтэй хуванцар савтай шингэнд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

            - Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. /1 хх-ийн 111-113 х/

 

            17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1999 тоот дүгнэлт:

              - Шинжилгээнд ирүүлсэн “М.Ширчин УШ96120211” гэж хаягласан, “А.Хүрэлтулга УИ97030639” гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

- “М.Ширчин УШ96120211” гэж хаягласан тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метафетамин /methamphetamine/ илэрч байна. “А.Хүрэлтулга УИ97030639” гэж хаягласан тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метафетамин /methamphetamine/ илэрч байна.

            - Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannibinol/ метафетамин /methamphetamin/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. /1 хх-ийн 119-120 х/

 

            18. Шүүх сэтгэц эмгэг судлалын 231 тоот дүгнэлт:

           - А.Хүрэлтулга нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. А.Хүрэлтулга нь сэтгэцийн эмгэггүй байна. А.Хүрэлтулга нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Хүрэлтулга нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Хүрэлтулгад мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна. А.Хүрэлтулгад сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. /1 хх-ийн 131-132 х/

 

            19. Шүүх сэтгэц эмгэг судлалын 230 тоот дүгнэлт:

            -  М.Ширчин нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. М.Ширчин нь сэтгэцийн эмгэггүй байна. М.Ширчин нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Ширчин нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. М.Ширчинд мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна. /1    хх-ийн 135-136 х/

 

            20. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын гүйцэтгэх газрын ажлын хэлтсийн 10/1-516 тоот албан бичиг /1хх –ийн 226-229 х/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

“Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1-4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалын аливаа материалыг, “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг хэлнэ гэжээ.

Дээрх төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай байдагт оршино.

  Иймээс сэтгэцэд нөлөөлөх бодис, бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, илгээх, тэвээрлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоомжинд заасан байдаг тул эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж  аван биедээ болон орон байр, агуулах сав, бусад байдлаар байлгасныг хууль бусаар олж авсан, хадгалсан гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Хүрэлтулга, М.Ширчин нарыг  мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хэрэгт авагдсан баримтууд:

-гэрч Д.Бадамцоогийн мэдүүлэг /1хх-ийн 102-103х/

            -шүүгдэгч А.Хүрэлтулга нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй тухай ял шалгах хуудас,

             - А.Хүрэлтулгын иргэний үнэмлэхний лавлагаа  /1хх-ийн 247-248х,

            -А.Хүрэлтулгын оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-ийн 249х/

            -Гэрч Б.Батцэнгэлийн мэдүүлэг /1хх-ийн 105-106х/

            -М.Ширчингийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 243, 2хх-ийн 3х/

            --шүүгдэгч М.Ширчин нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй тухай ял шалгах хуудас /2хх-ийн 2х/ авагдсан байна.

 

А.Хүрэлтулга, М.Ширчин нар нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх, эм бэлдмэл, бодисыг бэлтгэх, олж авах, хадгалах ... зэргийг хуулиар хориглосон, хууль бус гэдгийг мэднэ” гэдгээ аль аль нь мэдүүлсэн байх боловч тэдгээр нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад орсон метафетамин /methamphetamine/-г хэрэглэсэн төдийгүй уг үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр Делта-9 тетрагидроканнабинол гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, тээврийн хэрэгсэлд хадгалсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч А.Хүрэлтулга, М.Ширчин нарын энэхүү хувийн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан А.Хүрэлтулга, М.Ширчин нарт баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ буюу Делта-9 тетрагидроканнабинол гэх мансууруулах бодисыг хууль бусаар олж авах, хадгалах зэргээр гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота Приус-20”  маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх бөгөөд ИHW203095945 арлын дугаартай уг тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар иргэн А.Хүрэлтулгын эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв. /1 хх-ийн 44 х/

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн тагтай дотроо шингэн зүйлтэй, хажуу талд нь нүхэлж 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлж соруул мэт болгож хийсэн Бонго гэх зүйл, 10.5 x14 см харьцаатай дугтуйтай, хуйлж тогоо мэт болгосон дотор талдаа харлаж бохирлогдсон тугалган цаас, 10.5 x 14 см харьцаатай цагаан өнгийн дугтуйтай 13.6 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Барга овогт Алтанхуягийн Хүрэлтулга, Хар бүргэд овогт Мөнхзаяагийн Ширчин нарыг мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар А.Хүрэлтулга, М.Ширчин нарыг тус бүр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А.Хүрэлтулга, М.Ширчин нарт оногдуулсан 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. А.Хүрэлтулга, М.Ширчин нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц 52-29 УБХ улсын дугаартай Тоёота маркийн Приус-20 загварын А.Хүрэлтулгын эзэмшлийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн тагтай дотроо шингэн зүйлтэй, хажуу талд нь нүхэлж 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлж соруул мэт болгож хийсэн Бонго гэх зүйл, 10.5 x14 см харьцаатай дугтуйтай, хуйлж тогоо мэт болгосон дотор талдаа харлаж бохирлогдсон тугалган цаас, 10.5 x 14 см харьцаатай цагаан өнгийн дугтуйтай 13.6 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Хүрэлтулга, М.Ширчин нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Хүрэлтулга, М.Ширчин нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ