Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 817

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2016/00519

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж,

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух О.А -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д С Ц Т С ХК-нд холбогдох

Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч , В.Б , Б.У , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие 2011.11.18-ны өдөр ДСЦТС ХК-ийн Сүхбаатар салбарын Ерөө хэсэгт Ашиглалт борлуулалтын байцаагч орон тоон дээр ажилд орсон. 2013 оны 11 сард Сүхбаатар салбарын төвд шилжин ирж 4 дэд станц хариуцан ажиллаж байсан Д.Л гийн ажлыг хүлээж авсан. Тухайн үед олон тоолуурууд таггүй, лацгүй байсан бөгөөд энэ тухай холбогдох албан тушаалтнуудад амаар болон бичгээр удаа дараа миний бие мэдээллэж байсан. 2015 онд Байгууллагын хэмжээнд шинэ программд шилжсэнтэй холбогдуулан тухайн үед ажиллаж байсан 8 Ашиглалт борлуулалтын байцаагч-ийг 2 хэсэгт ажиллуулж аймгийн хэмжээнд байгаа бүх дэд станцуудыг хувиарлаж өгсөн. Миний бие 11 дэд станц буюу 1351 цэг хариуцан ажиллах болсон. 2015 онд Ашиглалт борлуулалтын байцаагч-ийн албан тушаалд өөрчлөлт орж Тоолуурын заалт авагч, авлага барагдуулагч гэсэн албан тушаалд шилжсэн. Тухайн байгууллагад ажилд орсон цагаасаа эхлээд миний бие алдаа дутагдал гаргаагүй, ажлын хариуцлага алдалгүй үүрэгт ажлаа хэвийн сайн гүйцэтгэж байсан төдийгүй 2015 онд борлуулалтын үзүүлэлтээрээ байгууллагадаа 2-рт жагсаж байсан. Гэтэл ДСЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал С.Нэргүй 2016.02.25-ны өдөр 70 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр намайг ажлаас халсан. Энэхүү тушаалыг миний бие 2016.02.25-ны өдөр хүлээн авсан бөгөөд үндэслэлгүй тушаал гаргаж ажлаас халсан тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь тус тушаалын 1 дүгээр заалтаар Хяналтын албаны шалгалтаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон ... гээд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байдаг. Ямар шалгалтаар ингэж тогтоосон болохыг би ойлгохгүй байна. Миний хариуцсан ажлын явцын үзүүлэлт болон үнэлгээ сайн дүнтэй дүгнэгдэж байсан. Хяналтын албанаас 2016 оны 2 дугаар сард тэдний хооронд манай ажил дээр ирж ажиллахдаа жижиг зөрчлүүдийг арилгаж, цаашид хамтран ажиллах нөхцөлүүдийг бүрдүүлэх, зөвхөн туслах чиглэлээр ажиллаж байгаа гэж бидэнд хэлж байсан. Гэтэл ДСЦТС ХК Сүхбаатар салбарт хяналт шалгалт хийж гүйцэтгэхэд илэрсэн зөрчлийн судалгаа гэх зүйлийг гаргаж түүн дээрээ үндэслэн намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж би ойлгож байна. Тус судалгаан дээр дурьдагдсан зөрчил гэх 26 зүйл нь миний хариуцан ажилладаг 1351 цэгээс 34 цэгт хяналт тавьж түүнээс 26 зөрчил илэрсэн гээд зөрчлийн дүн 76,4% гэж дүгнэсэн байдаг. Бодит байдал дээр би 1351 цэг хариуцан ажилладаг бөгөөд илрүүлсэн гэх 26 зөрчил нь надаас шууд хамааралтай бус юм. Миний хувьд тоолуурын лац, тагтай холбоотой мэдээллийг цаг тухай бүрт нь холбогдох албан тушаалтанд амаар болон бичгээр мэдээллэж байсан. Харин лацдах, таглаажуулах ажлыг хариуцсан албан тушаалтан нь хийж хэрэгжүүлэх ёстой. Ялимгүй зүйлээр шалтаглаж ажлаас халсан гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Учир нь эдгээр зөрчлүүд нь надаас шууд хамааралтай биш төдийгүй байгууллагын хэмжээнд байгаа нийтлэг зөрчил юм. Зөвлөн туслах нэрийн дор ирж ажилласан Хяналтын алба албан ёсны дүгнэлт гаргаагүй, түүнийгээ албан ёсоор танилцаагүй атлаа ажлаас халах шалтаг болгон хууль бус үйлдэл хийсэн нь ойлгомжтой байна. ... О.А-ийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүний ажлын байрны үндсэн зорилго тоолуурын заалтыг борлуулалтын циклд заасны дагуу авах, хэмжих хэрэгсэл, шугам сүлжээний илэрхий гэмтэл согог болон цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг бүртгэж мэдээлэх гэж заасан. Тодруулбал гэмтэл, согогын талаар зөвхөн мэдээлэх үүрэгтэй болохоос биш засаж, янзлах үүрэг ногдоогүй, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр үндэслэл, шаардлагаар ажлаас халсан нь буруу юм. Миний хувьд Хаан банкнаас авсан цалингийн зээлтэй бөгөөд зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 9,831,263.33 төгрөг байгаа билээ. Хууль бус, үндэслэлгүй тушаалаар ажлаас халагдсанаас болж өр зээлээ төлж чадахгүй хүнд байдалд ороод байна. Иймд ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016.02.25-ны өдрийн 70 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д С Ц Т СХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д С Ц Т СХК-нд гаргасан О.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сүхбаатар салбарын Тоолуурын заалт авагч албан тушаалтай О.А- нь Хяналтын албаны шалгалтаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг гаргасан. О.А- нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтны үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, 2015 оны тайлан хамгаалалт хангалтгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4ж, холбогдох бусад хууль тогтоомжуудын хүрээнд хөдөлмөрийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

... Нэгдүгээрт, Сүхбаатар салбарт хийсэн шалгалтын талаар: Д С Ц Т СХК нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ын дагуу батлагдсан Д С Ц Т СХК-ийн хяналтын албаны хяналт шалгалт хийх журмын дагуу 2016 оны 02 сарын 02-ны өдрөөс 2016 оны 02 сарын 05-ныг дуустал, 2016 оны 02 сарын 16-ны өдрөөс 02 сарын 19-нийг дуустал хугацаанд хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар 2015 онд илэрсэн ашиглалт, борлуулалт, хэмжих хэрэгсэл, гэрээ материалын хадгалалт, хамгаалалт, орлого төвлөрүүлэлт, хаягийн баяжилт, өргөдөл гомдол барагдуулалт, циклийн мөрдөлтийн зөрчлийг арилгасан байдлыг судалсан. Судалгааг 208 цэгт түүврийн аргаар шалгалт хийсэн. Энэхүү гүйцэтгэлийн хяналт шалгалтаар О.А- нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж 76,4%-ийн зөрчилтэй гарсан, хэрэглэгчээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг бэлэн мөнгөөр авсан, хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.7.4 шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах болон зөрчил гаргасан этгээдэд бүрэн хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх эрхтэй, мөн тус журмын 5 дугаар зүйлийн 5.1 дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын дагуу буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журамд заасан хариуцлагыг ногдуулна.

Д С Ц Т СХК-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх журмын 4 дүгээр зүйлийн 4.3 илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан зөрчлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан ажилтанд хариуцлага ногдуулах санал тавьж шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн үндэслэлээр мөн журмын 5 дугаар зүйлийн 5.1 дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын дагуу буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ., Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3-т сахилгын шийтгэлийг хэлтэс алба, салбар, зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гарган гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулна гэх мэт хууль зүйн үндэслэлүүдээр О.А-ийг захирлын зөвлөлийн хурлаар оруулсан болно.

Хоёрдугаарт, Хяналтын албаны гүйцэтгэлийн шалгалтын үр дүн: Тус салбарт хийсэн шалгалтаар АТП-104, 151, 190 КТП-226, 422, 353 дэд станцын 34 цэгт хяналт шалгалт хийхэд О.А нь 26 цэг буюу 76,4%-ийн зөрчилтэй гарсан. Зөрчлийг дэлгэрүүлбэл:

- Мөнгөн тооцооны хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын хугацаа дууссан-5

- Тоолуурын гуравдагч лацгүй, таггүй-12

- Мөнгөн тооцооны тоолуургүй хэрэглэгчтэй тооцоо хийсэн-1

- Мөнгөн тооцооны тоолуурын марк тип программ дахь мэдээллээс зөрүүтэй-5

- Тооцооны тоолуурын улсын дугаар программ дахь мэдээллээс зөрүүтэй-14

- Зүй бус хэрэглээ схемийн зөрчилтэй-2

- Программд бүртгэл байхгүй бичилт ордоггүй цэгүүд-1 гэх мэт зөрчлүүд гаргасан нь хяналтын шалгалтаар тогтоогдсон юм. Дээрх зөрчлүүдийн үр дагавар нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг зөрчсөн билээ. Талууд хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8 эрхэлж буй албан тушаалтай холбогдсон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүрэгт ажлаа чанартай зохих журмын дагуу гүйцэтгэж, хөтлөгдвөл зохих бичиг баримтыг бүрэн хөтөлж, мэдээ тайланг хугацаанд нь гаргах үүргийг биелүүлээгүй, Хөдөлмөрийн гэрээний 5.2.ё ажлын хариуцлага алдсан ажилтныг хэлтэс алба, салбар төвийн дарга нарын тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцална. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2. ажилтан дотоод журам, түлш эрчим хүчний сахилгын дүрэм болон дараахь ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Үүнд: 5.2.з-д хэрэглэгчээс бэлэн мөнгө авсан, хувьдаа ашигласан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байгаа.

Мөн Д С Ц Т СХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн, 8.2.4ж ... ажлын хариуцлага алдсан ажилтныг хэлтэс, алба салбар, төв хэсгийн дарга нарын тодорхойлолтод үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэж тодорхойлсон нь Д С Ц Т СХК-ийн зүгээс О.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн цуцлаж хууль зүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр тушаал юм. Ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан зэрэг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа тул Д С Ц Т СХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.А- нь хариуцагч Д С Ц Т СХК-нд холбогдуулж тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... Миний хувьд тоолуурын лац, тагтай холбоотой мэдээллийг цаг тухай бүрт нь холбогдох албан тушаалтанд амаар болон бичгээр мэдээллэж байсан. Харин лацдах, таглаажуулах ажлыг хариуцсан албан тушаалтан нь хийж хэрэгжүүлэх ёстой. Ялимгүй зүйлээр шалтаглаж ажлаас халсан гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Учир нь эдгээр зөрчлүүд нь надаас шууд хамааралтай биш төдийгүй байгууллагын хэмжээнд байгаа нийтлэг зөрчил юм. Зөвлөн туслах нэрийн дор ирж ажилласан Хяналтын алба албан ёсны дүгнэлт гаргаагүй, түүнийгээ албан ёсоор танилцаагүй атлаа ажлаас халах шалтаг болгон хууль бус үйлдэл хийсэн ... ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр үндэслэл, шаардлага тавьж ажлаас халсан нь буруу ... гэж , хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа ... шалгалтаар 2015 онд илэрсэн ашиглалт, борлуулалт, хэмжих хэрэгсэл, гэрээ материалын хадгалалт, хамгаалалт, орлого төвлөрүүлэлт, хаягийн баяжилт, өргөдөл гомдол барагдуулалт, циклийн мөрдөлтийн зөрчлийг арилгасан байдлыг судалсан. ... түүврийн аргаар шалгалт хийхэд О.А- нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж 76,4%-ийн зөрчилтэй гарсан, хэрэглэгчээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг бэлэн мөнгөөр авсан, хувьдаа ашигласан зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон ... гэж маргажээ.

 

Шүүх зохигчдын хооронд бий болсон үйл баримтыг бодитойгоор үнэлж, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон тэдний шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэж хэргийг тал бүрээс нь хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч О.А- нь Д С Ц Т СХК-нд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ажил олгогчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай тушаалаар Сүхбаатар салбарын тоолуурын заалт авагчийн ажил, албан тушаалаас халагджээ.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4.ж, Захирлын зөвлөлийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн гарсан байна.

Тодруулбал ажил олгогчийн санаачилгаар, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халжээ.

Ажилтныг ажлаас халах тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна ажилтныг чухам ямар үндэслэлээр ажлаас халсан, чөлөөлсөн болохыг тодорхой заасан байхыг шаарддаг бөгөөд тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан, чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх ёстой.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан бөгөөд үүнээс өөр үндэслэл зааж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглодог.

Гэтэл О.А-ийг ажлаас халах тушаалд заасан үндэслэл нь тушаалд баримталсан хуулийн зохицуулалтаас зөрүүтэй буюу эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх хуульд заагаагүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хариуцагч талаас О.А-ийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж хэрэглэгчээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг бэлэн мөнгөөр авсан гэж тайлбарлаж байгаа боловч ажлаас халах тушаалын үндэслэлд энэ талаар заагаагүй, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар дээрх бэлэн мөнгө авсан асуудал хэлэлцэгдээгүй зэргээс үзэхэд О.А-ийн энэ зөрчилд нь ажил олгогчоос ямар нэгэн сахилгын арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн гэрээний 5.2.з-д хэрэглэгчээс бэлэн мөнгө авсан, хувьдаа ашигласан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарахаар заасан боловч ажил олгогчоос тушаалдаа гэрээний энэ заалтыг бус 5.2.ё-д заасныг баримталжээ.

Хөдөлмөрийн гэрээний 5.2.ё, Байгууллагын дотоод журмын 8.2.4.ж-д тус тус зааснаар ... ажлын хариуцлага алдсан ... нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцогдохоор заасан нь ажилтны чухам ямар үйлдэл, эс үйлдэхүйг дээрх зөрчилд хамруулах, ажлын хариуцлага алдсан гэдгийг юуг үндэслэж тогтоох зэрэг нь тодорхой бус, ажилтны эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэт ерөнхий заалтыг баримталж ажлаас халсан нь хууль зөрчсөн байна.

 

О.А-ийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж 76,4%-ийн зөрчилтэй гарсан гэж буруутгаж байгаа боловч энэ зөрчлийг илрүүлсэн Д С Ц Т СХК-ийн хяналтын албаны 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шалгалтын тайланд 2015 онд илэрсэн ашиглалт, борлуулалт, хэмжих хэрэгсэл, гэрээ материалын хадгалалт, хамгаалалт, орлого төвлөрүүлэлт, хаягын баяжилт, өргөдөл гомдол барагдуулалт, циклийн мөрдөлтийн зөрчлийг арилгасан байдал, тайлангийн дүгнэлт хэсэгт ... урьд илэрсэн зөрчлүүд нь гүйцэтгэлийн хяналт шалтгалтаар бүрэн арилаагүй, ажил сайжраагүй ... гэж, мөн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шалгалтын тайланд ... шалгалтаар 2014 оны илэрсэн зөрчлийг арилгасан байдал, арилжааны программд шилжсэн үйл ажиллагааны талаар шалгалт хийж, заавар зөвлөмж өгч ажиллах ... гэжээ. Үүнээс үзэхэд дээрх шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь чухам хэзээ үүссэн зөрчил болох, нэхэмжлэгчид хэзээний ямар зөрчилд нь хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтод зааснаар тоолуурын заалт авагчийн ажлын байрны зорилго нь тоолуурын заалтыг борлуулалтын циклд заасны дагуу авах, хэмжих хэрэгсэл, шугам сүлжээний илэрхий гэмтэл согог болон цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг бүртгэж мэдээлэх гэсэн бөгөөд зүй бус хэрэглээг илрүүлж мэдээлэх, илэрхий гэмтэл доголдлыг бүртгэж мэдээлэх үүрэгтэй байна.

Хяналт шалгалт хийсэн ажлын дүгнэлтэд О.А-ийг 76,4%-ийн зөрчилтэй гэж үзэж гаргасан зөрчлүүдийг тусгасан боловч эдгээрээс зарим нь ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй ажил үүрэг байна. Тухайлбал тоолуурын гуравдагч лацгүй, таггүй байсан, зүй бус хэрэглээ схемийн зөрчилтэй, тоолуурын улсын дугаар программ дахь мэдээллээс зөрүүтэй зэрэг зөрчил дутагдал нь хэдийгээр ажилтны хариуцсан станц, цэгт илэрч байгаа зөрчил боловч тоолуурын заалт авагчийн хариуцах ажил, үүрэг мөн эсэх нь баримтаар тогтоогдсонгүй.

Харин О.А- нь өөрийн хариуцсан станц, цэгүүд дээр үүссэн зөрчил, доголдлын талаар хэсгийн инженер болон хариуцсан албан тушаалтанд мэдээлэх үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүй байсан эсэхийг шалгалтаар тогтоож, энэ зөрчилд нь хариуцлага тооцох нь хууль тогтоомжид нийцхээр байжээ.

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.18-д заасан Улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам болон улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд шалгуулагч этгээд хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд болон мэргэжлийн хяналтын төв байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороонд гомдол гаргах эрхтэй., мөн компанийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалтгалт хийх журмын 1.3-т Хяналтын алба нь дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахдаа Монгол Улсын Эрчим хүчний тухай болон бусад хууль тогтоомж, дүрэм ... ийг удирдлага болгоно., журмын 6 дугаар зүйлийн 2-т ... шалгуулсан ажилтан албан тушаалтан нь хяналт шалгалтаар гаргасан шийдвэр нь үндэслэлгүй гэж үзвэл албан бичгээр гомдлоо гүйцэтгэх захиралд гаргана. гэж заасан. Гэтэл байгууллагын хяналтын албаны тайлан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гарч, уг шалгалтын тайланг үндэслэж 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан нь шалгуулагчийн хууль, журмын дагуу хяналт шалтгалтын тайланд гомдол гаргах эрхийг хангаагүй гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О.А-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн дундаж цалинг 771,811 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин 2,161,072 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д С Ц Т СХК-аас тэмдэгтийн хураамжид 49,527 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.А-ийг Д С Ц Т СХК-ийн Сүхбаатар салбарын тоолуурын заалт авагчын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2,161,072 төгрөгийг хариуцагч Д С Ц Т СХК-аас гаргуулжнэхэмжлэгч О.А-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. дахь хэсэгт зааснаар О.А-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д С Ц Т СХК-аас тэмдэгтийн хураамж 49,527 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН