| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00467/И |
| Дугаар | 544 |
| Огноо | 2015-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00467/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч **** аймгийн **** сумын ** дугаар баг,**** гудамжны ** тоот тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Х**** овогт Ш****гийн Д****ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч **** аймгийн **** сумын ** дугаар баг ** хороолол ** дугаар байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт В****гийн Б****д холбогдох
8520000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д****, хариуцагч В.Б****, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие В.Б****д зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 6000000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаатай 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр В.Б****д зээлдүүлсэн юм. В.Б****гаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч 2 сарын хүү болох 720000 төгрөг өгсөн ба тэрнээс хойш нэгч удаа мөнгө өрөөгүй ба элдэв шалтаг ярьж зугтаж утсаа авахгүй, уулзахгүй мөнгө байхгүй, өгөхгүй хүлээж бай В.Б****гаас үндсэн зээл 6000000 төгрөгийг, хүү 2520000 төгрөг бүгд 8520000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.Б**** шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ч.Ш****гаас 2014.02.07-ны өдөр 6000000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн болно. Ч.Ш****д 2 сарын хүү 720000 төгрөгийг **** банкны дансаар дамжуулж төлсөн. Үлдэгдэл 2 сарын хүү 720000 төгрөг, үндсэн зээл 6000000 төгрөг, нийт 6720000 төгрөгийг төлнө. Иргэн Ш.Д****ийн нэхэмжлээд байгаа 2014.11.09-ний өдрийн 8520000 төгрөг би огт зээлж аваагүй. Миний эрхэнд хүчээр халдаж аваагүй байгаа мөнгө нэхэмжлээд байгааг би зөвшөөрөхгүй. Одоогоор энэ мөнгийг төлөх санхүүгийн боломж байхгүй байна. Ч.Ш****гаас авсан 6000000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэн Ганхүлэгт өгч алдаад хүнд байдалд байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д**** нь хариуцагч В.Б****д холбогдуулан 8520000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ч.Ш****, В.Б**** нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 6000000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр тохиролцож Зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээ болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 1, 4, 16/
Дээрх гэрээг цаашид үргэлжлүүлэн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 8520000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлэх нөхцөлтэй дахин зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагыг зөрчсөн, энэ гэрээний дагуу 8520000 төгрөгийг шилжүүлээгүй зэрэг нь өмнө байгуулсан гэрээгээ үргэлжүүлж энэ гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч В.Б**** 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу зээлийн хүү 720000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэж байгаа бөгөөд энэ талаар зохигчид м****гүй байна.
Хариуцагч В.Б**** нь гэрээнд заасны дагуу 2 сарын зээлийн хүүгийн төлбөр 720000 төгрөгийн төлөлт хийж, 2014 оны 05 сараас төлөлтөө цаг хугацаанд нь хийгээгүй тул үндсэн зээл, хүүгийн хамт нийт 8520000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч В.Б**** зээл, хүү нийт 6720000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсэг 1800000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, мөн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу 8520000 төгрөг огт аваагүй, зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу 8520000 төгрөгийг нэхэмжлэгч нь шилжүүлж өгөөгүй, мөн өмнөх зээлийн гэрээгээ үргэлжлүүлж энэхүү гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу шаардах эрхгүй байна.
Иймд 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагч В.Б****гийн 6720000 төгрөгийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас 1800000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус зааснаар хариуцагч В.Б****гийн 6720000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаарлага болох 1800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА