Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/00263

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/00263

Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, . хороо, Х тоот хаягт оршин байгаа Б ХХК /рд:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, . хороо , өөрийн байранд оршин байгаа Баянгол зочид буудал ХК /рд:2026899/-д холбогдох,

 

27.190.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б , хариуцагчийн төлөөлөгч Д.Д , Ш.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Баянгол зочид буудал ХК-тай 2015 оны 5 сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянгол зочид буудлын гадна зам талбайг пресс бетон, энгийн бетоноор цутгаж, тэгшилж, өнгөлөх ажил хийлгэхээр тохиролцсон. Гэрээ байгуулах үед манай талаас зураг төслийг гарган баталгаажуулсан боловч, захилагч Баянгол зочид буудлын зүгээс 90 метр урт ус зайлуулах сувгийг шинээр зураг төсөлд тусгах талаар санал гаргасан. Үүний дагуу бид 2015 оны 6 сарын 15-ны өдөр хур ус зайлуулах сувагжилтын зургийг Авто замын тээврийн газрын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандад танилцуулж, өөрчлөгдсөн зургийн дагуу гэрээт ажил болон нэмэлт ажлыг хийж 2015 оны 8 сарын 04-ний өдөр ажил хүлээлцэх акт үйлдсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэж байх үед захиалагч талын шийдвэрийн дагуу нэмэлтээр ус зайлуулах хоолой хийхэд 24.770.000 төгрөг /ус зайлуулах хоолойны төлбөр 6.020.000 төгрөг, ус зайлуулах хоолой хийхэд 125 м3 бетон зуурмагны үнэ 18.750.000/-ийн зардал гарсныг одоог хүртэл бидэнд шийдэж өгөөгүй байна. Мөн биднээс шалтгаалаагүй буюу цаг агаарын болон дулааны шугамын өргөтгөл хийх, захиалагч талын шийдвэр гаргалтын хугацаа зэргээс хамааран нийт 11 өдрөөр хугацаа хэтэрсэн ба уг өдрүүдийн хугацаа хэтрэлтийн төлбөр болох 2.420.000 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцсоныг бид хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцагч Баянгол зочид буудал ХК-иас 27.190.000 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү. Бид 24.770.000 төгрөгийн нэмэлт ажил хийж байгаа талаар хариуцагч Баянгол зочид буудалд мэдэгдээгүй, зөвшилцөөгүй. Гэхдээ нэмэлтээр ажил хийж байгаа гэдгийг тэд харж байсан. Нэмэлтээр хийсэн нь үнэн юм чинь авч болно гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус компани нь Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа гэрээний бүх нөхцлүүдийг 2 байгууллагын хуулийн зөвлөхүүд хянаж боловсруулсан бөгөөд гэрээний зүйл, хэсэг тус бүрийн талаар ойлголтоо нэгтгэн нэг мөр ойлголттой байгаа тухай гэрээний 1.1-т дурдсан байдаг. Нэхэмжлэгч талаас 2015 оны 9 сарын 03-ны өдөр 15-021 дугаар албан бичгээр ус зайлуулах хоолойн зардал болох 6.020.000 төгрөг болон 125 м3 зуурмагны үнэ болох 18.750.000 төгрөгийг нэхэмжлэхэд л одоо шүүхэд хандан нэхэмжлээд байгаа ажлын хөлс, зардлын тухай асуудлыг анх мэдсэн. Дээрх албан бичгийг ирүүлэхийн өмнө буюу 2015 оны 8 сарын 19-ний өдрийн 15-020 дугаар албан бичгээр гүйцэтгэсэн гэрээт ажлын хөлсний нийт үлдэгдэл болох 39.600.000 төгрөгийг төлөхийг хүссэн бөгөөд энэ дүнгээс ус зайлуулах сувгийн дээр байршуулсан решетконы үнийг хасахыг зөвшөөрсөн байсан. Өөрөөр хэлбэл ус зайлуулах сувгийн ажилтай холбоотойгоор зөвхөн решетконы нэмэлт зардал гарсныг ажлын хөлсний дүндээ хамтатган тооцох боломжтой бөгөөд өөр нэхэмжлэх зүйлгүй гэдгийг энэ албан бичгээрээ нотолсон байгаа юм. Гэрээт ажлыг гүйцэтгэх явцад нэмэлтээр гүйцэтгэсэн гэх ус зайлуулах сувагтай холбоотойгоор гарсан гэх нэмэлт материалын зардлыг тухайн үедээ мэдэгдэж, ажил гүйцэтгэх гэрээний 10.3-т Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэрлэх байсан. Гэрээт ажлыг гэрээний 6.1-т зааснаар 35 хоногийн дотор гүйцэтгэж 2015 оны 6 сарын 20-ны өдөр дуусган хүлээлцэхээр хугацааг тохиролцон гэрээний хавсралтаар ажил гүйцэтгэх графикийг баталсан. 2016 оны 7 сарын 13-ны өдөр гэрээт ажлын гүйцэтгэлийг дүгнэхэд гэрээт ажлыг хүлээлгэн өгөх хугацаа 23 хоног хэтэрсэн байсан. Баянгол зочид буудал ХК-ийн хариуцлагатай жижүүрийн өдөр тутмын рапорт болон тус компанийг төлөөлөн Барроуд ХХК-ийн ажилд хяналт тавьж байсан ажилтнуудын бүртгэл тооцооноос үзэхэд ажил зогссон өдөр байгаагүй бөгөөд хугацаа хэтэрсэн нь тухайн компанийн ажлын төлөвлөлт, дотоод зохион байгуулалт, ажилтнуудын ажлын гүйцэтгэлтэй холбоотой гэж үзэж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний 8.1-т заасны дагуу алданги тооцсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Баянгол зочид буудал ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэмэлтээр хийсэн ажлын зардал 24.770.000 төгрөг, гэрээний дүнгээс суутгасан алданги 2.420.000 төгрөг, нийт 27.190.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Б ХХК, Баянгол зочид буудал ХК нар 2015 оны 5 сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж /хх-7-15х/, гүйцэтгэгч Б ХХК нь Баянгол зочид буудлын гадна зам талбайг пресс бетон, энгийн бетоноор цутгаж, тэгшилж, өнгөлөх ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч Баянгол зочид буудал ХК нь гүйцэтгэсэн ажлын хөлс 220.000.000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Зохигч талууд гэрээ байгуулсан, ажил хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан, ажлын хөлс өгсөн, авсан, алданги суутгасан, суутгуулсан үйл баримтын талаар маргадаггүй.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь анх гэрээ байгуулах үед тохиролцсон зураг төслийг захиалагч талын хүсэлтийн дагуу өөрчилж, ийнхүү өөрчилсөнтэй холбоотойгоор зам талбайн ус зайлуулах сувагжилтын 90 метр урттай шугамын ажил хийх байсан боловч /хх-16х/ 235 метр урттай шугамын ажил хийсэн, мөн цаг агаарын байдал, захиалагч талын шийдвэр гаргалт удаан байсантай холбоотойгоор ажлын үр дүнг хүлээлгэх хугацаа хэтэрсэн тул 11 хоногийн алданги суутган авсан нь үндэслэлгүй гэж өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг, хариуцагч Баянгол зочид буудал ХК нь ажлын хөлсийг гэрээгээр тохирсоны дагуу өгсөн, нэмэлт ажил, түүний өртгийн талаар ажлын үр дүнг хүлээн авсны дараа нэхэмжлэгчийн албан бичгээс анх мэдсэн, энэ талаар гэрээгээр харилцан тохиролцох ёстой байсан, хариуцагчийн ажил цаг агаарын нөхцөл байдлаас болж огт зогсоогүй, хэвийн явагдаж байсан гэж өөрийн татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарлан маргадаг.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-т заасны дагуу гүйцэтгэгч Б ХХК нь гүйцэтгэх ажлын төсвийг 220.000.000 төгрөгөөр тооцож төсөв зохиосныг хариуцагч Баянгол зочид буудал ХК хүлээн зөвшөөрч гэрээ байгуулжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 3.5, 7.1, 10.3 дахь заалтын зохицуулалт нь гэрээний нийт үнэ 220.000.000 төгрөг байх, ажлыг гагцхүү энэ батлагдсан төсөвт багтаан гүйцэтгэх, ажил гүйцэтгэх явцад гарах аливаа зардлыг гүйцэтгэгч тал хариуцах, гэрээгээр зохицуулаагүй асуудлыг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх агуулгатай байх ба энэ нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189.1-т заасан гэрээний эрх чөлөөт байдал, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь 90 метрийн урттай ус зайлуулах шугамын ажил хийх байсан боловч зураг төсөл өөрчлөгдсөнөөр 235 метрийн урттай ус зайлуулах шугамын ажлыг хийсэн болохыг хариуцагч Баянгол зочид буудал ХК баримтаар няцаагаагүй ба ийнхүү нэмэлтээр хийж гүйцэтгэх шугамын ажлын төсөвт өртөг хэд болох талаар, энэхүү ажлын өртөг нь гэрээнд заасан 220.000.000 төгрөгийн төсөвт орж тооцогдохгүй талаар захиалагч Баянгол зочид буудал ХК-тай харилцан тохиролцоогүй болохоо нэхэмжлэгч Б ХХК нь хүлээн зөвшөөрдөг.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу төсвийн хэмжээ нэмэгдэх талаар захиалагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч Баянгол зочид буудал ХК нь мөн хуулийн 345.3-т Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол... гэж заасны дагуу гэрээг дуусгавар болгох эсэхийг шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан төсөвт өртөг нэмэгдэхээр бол Б ХХК нь энэ талаар Баянгол зочид буудал ХК-д мэдэгдэж, төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор гэрээг цааш нь үргэлжлүүлэх, эсхүл өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх эсэхийг Баянгол зочид буудал ХК шийдвэрлэх эрхтэй байсан байна.

 

Иймд нэмэлт ажлын хөлсийг гэрээгээр харилцан тохиролцоогүй, төсөвт өртөг нэмэгдэж буй талаар гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 24.770.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Хугацаа хэтрүүлсэн алдангид суутгасан 2.420.000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор алданги тооцох зохицуулалтыг гэрээнд тусгах эрхтэй боловч энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байх учиртай.

 

Захиалагч Баянгол зочид буудал ХК нь ажил гүйцэтгэх гэрээний 8.1-т заасны дагуу 5.060.000 төгрөгийн алданги тооцон гэрээний дүнгээс суутгасан, алданги тооцохдоо гүйцэтгэгчид шилжүүлээгүй байсан 44.000.000 төгрөгөөс 0.5%-ийн алданги тооцож, 2015.06.20-2015.07.13-ны өдрийг хүртэлх 23 хоногт үржүүлж гаргасан, ажлын хөлсийг гүйцэтгэлээр нь тооцож өгөөгүй, тухай бүр шийдвэрлэж өгдөг байсан гэж тайлбарладаг.

 

Гүйцэтгэгч Б ХХК нь 12 хоногийн алданги болох 2.640.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 11 хоногийн алданги болох 2.420.000 төгрөгийг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

Захиалагч Баянгол зочид буудал ХК нь хууль болон гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох зохицуулалттай байтал шилжүүлээгүй үлдсэн үнийн дүнгээс алданги тооцсон нь буруу байна.

 

Өөрөөр хэлбэл, хэдэн төгрөгний үнийн дүнтэй дүйцэх ажил гүйцэтгэгдсэн байсан, хэдэн төгрөгний үнийн дүнтэй дүйцэх ажил гүйцэтгэгдээгүй үлдсэн болохыг тодорхойлсны дараагаар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцох нь зүйтэй байжээ.

 

Иймд, нэхэмжлэгч Байуроуд ХХК-ийн нэхэмжилсэн дүн болох 2.420.000 төгрөгийг хариуцагч Баянгол зочид буудал ХК-иас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Баянгол зочид буудал ХК-иас 2.420.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24.770.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293.900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол зочид буудал ХК-иас тэмдэгтийн хураамжид 53.670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР