| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2019/1023/и |
| Дугаар | 1238 |
| Огноо | 2019-07-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 1238
“БНУХХ” ТББ-ын
нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 181/ШШ2019/01023 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “БНУХХ” нийгэмд үйлчилдэг ТББ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ОМ” ХХК-д холбогдох
Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авах хүртэл МҮ-015651, МҮ-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашиглалт, олборлолт явуулахгүй байхыг даалгах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “ОМ” ХХК нь 015651А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Тэгшийн ам хэмээх газарт байрлах алтны шороон ордонд 2015-2016 онуудад буюу 2 жилийн хугацаанд олборлолтын үйл ажиллагаа явуулсны дараа буюу 2016 онд олборлолт явуулсан хэсгээ гүйцэд нөхөн сэргээгээгүй. Үүнд олборлолтын талбайд зарим хэсэгт ухсан нүх /ухаш/-ийг бүрэн гүйцэд битүүлээгүй, далан, овоолго болон тунгаагуурыг хэвээр үлдээсэн зэрэг техникийн нөхөн сэргээлт хийгдээгүй, олборлолтын талбайд хөрс сайжруулалт, ургамалжуулалт зэрэг биологийн нөхөн сэргээлт хийгдээгүй.
Нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс хойш хариуцагч компани өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт болон нөхөн сэргээлт хийж, одоо хэсэг газрыг нөхөн сэргээгээгүй үлдсэн. Мөн байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ нэхэмжлэл гаргасны дагуу тогтоогдох боломжгүй тул “ОМ” ХХК-иас байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 2 025 000 000 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах шаардлагаасаа татгалзсан болно.
Иймд “ОМ” ХХК нь алт олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авах хүртэл МҮ-015651, МҮ-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашиглалт, олборлолт явуулахгүй байхыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОМ” ХХК нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшдэг хуулийн этгээд юм. Энэхүү тусгай зөвшөөрөл нь ашигт малтмал ашиглахтай холбоотой тодорхой эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохоос гадна хуульд заасан үүргийг хүлээлгэдэг, тодорхой нөхцөл шалгууруудыг хангаж тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал хадгалагддаг. Үүнд тусгай зөвшөөрлийг олгосон Төрийн захиргааны байгууллага болон Байгаль, орчин мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Нутгийн өөрөө удирдах байгууллагууд тус тусын хяналтыг тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргаж, хариуцлага тооцдог ерөнхий загвартай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тухайлсан хууль, дүрмээр зохицуулагдаж, эрх бүхий байгууллагууд нь хяналтаа тавьж явдаг харилцаа юм. Түүнээс биш аль нэг төрийн бус байгууллагын хүсэлтээр шүүх ийм шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэний хуульд иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой талаар тодорхой хуульчилж, иргэний эрхийг ямар аргаар хэрхэн хамгаалахыг нарийвчлан заасан байдаг. Эндээс аль нь ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй буюу нэхэмжлэгчийн ямар эрх нь хэрхэн зөрчигдсөн, үүнийгээ ямар аргаар хэрхэн хамгаалуулах талаар шүүхээс хүсч байгаа нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг баримлан Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авах хүртэл МҮ-015651, МҮ-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашиглалт, олборлолт явуулахгүй байхыг “ОМ” ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “ОМ” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц давж заалдах гомдолдоо: Иргэний эрх зүйн хамгаалалтын үндсэн зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээх байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх" хамгаалалтын төрөл гэж тодорхойлж байгаа ч энэ хэргийн хувьд хариуцагчийг эс үйлдэхүй хийхийг буюу юу ч хийхгүй байхыг даалгасан байна.
"ОМ" ХХК-иас одоо тусгай зөвшөөрлүүдийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй /нэхэмжлэгч үүнийг зөвшөөрдөг/ байхад үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгаснаараа ямар эрх зүйн хамгаалалт хийгдэж, нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх сэргээх нь тодорхойгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь ашигт малтмал ашиглахтай холбоотой тодорхой эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохоос гадна хуульд заасан үүргийг мөн хүлээлгэдэг, тодорхой нөхцөл шалгууруудыг хангаж байж тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал хадгалагддаг. Тусгай зөвшөөрөл олгосон төрийн захиргааны байгууллага болон байгаль орчин, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагууд тус тусын хяналтыг тавин ажиллаж, эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргаж, хариуцлага тооцдог. Түүнээс аль нэг төрийн бус байгууллагын хүсэлтээр шүүх ийм шийдвэр гаргах үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрт "төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авах хүртэл..." гэсэн нь хариуцагчаас хамааралгүй нөхцөл шалтгаан бий болтол буюу гуравдагч этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаатай хамааралтай болж байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчмыг хангахгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагад ямар нэг зөрчигдсөн эрх, ашиг сонирхол байхгүй нь тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх тус ТББ-ын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгч байгууллага татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлын талаар нотлох баримт гаргуулахад ТББ нь "X" тайлантай, татвар төлөөгүй нь харагддаг. Мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дах хэсэгт заасны дагуу үйл ажиллагааны тайланг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, энэхүү төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой биш бөгөөд зарим гишүүд нь тухайн орон нутагт хаягтай тул эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдсөн гэж үзэх нь явцуу юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “БНУХХ” нийгэмд үйлчилдэг ТББ нь хариуцагч “ОМ” ХХК-д холбогдуулан Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авах хүртэл МҮ-015651, МҮ-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашиглалт, олборлолт явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дах хэсэгт зааснаар талууд тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүх батлах боломжтой байна.
Хариуцагч “ОМ” ХХК нь МҮ-015651, МҮ-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авах хүртэл ашиглалт, олборлолт явуулахгүй байх үүрэг хүлээж, энэхүү гэрээний 1-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэгч “БНУХХ” нийгэмд үйлчилдэг ТББ-аас аливаа хууль бус шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргахгүй байхаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6, 106 дугаар зүйлийн 106.2, 106.5 дах хэсэгт заасантай нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээнэ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 181/ШШ2019/01023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “ОМ” ХХК нь МҮ-015651, МҮ-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авах хүртэл ашиглалт, олборлолт явуулахгүй байх үүрэг хүлээж, энэхүү гэрээний нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэгч “БНУХХ” нийгэмд үйлчилдэг ТББ-аас аливаа хууль бус шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргахгүй байхаар зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ЦОГТСАЙХАН