| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0250/Э |
| Дугаар | 212 |
| Огноо | 2017-05-26 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарын Анхбаярт холбогдох 201726010136 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын бетон армотур угсрагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 1-3 тоотод оршин суух хаягтай, одоо Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 3-75 тоотод оршин суудаг гэх, урьд нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгүүлж, түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийтгүүлсэн Боржигон овогт Баатарын Анхбаяр /РД:ИЖ88082617/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Анхбаяр нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны орцонд иргэн Ц.Мөнхжаргалыг “үеэл дүү Э.Алтанзултай хамт архи уучихаад хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж бие махбодид нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны дотор салстын цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны орой таксинд явж байхад манай хүргэн Батжаргал утсаар яриад эхнэр Алтанзулыг хамт очиж аваад ирье гэж дуудсан. Би хүргэн Батжаргалын гэрт очоод хоол унд идэж байхад Батжаргал Алтанзулыг очиж авъя гээд бид хоёр цуг Орчлон хорооллын үүдэнд очсон. Батжаргал чи ороод ир, хүнтэй амархан ойлголцдог юм чинь гээд давхар, тоотыг нь хэлж өгөөд намайг оруулсан. Тухайн айлд ороход 3 согтуу залуу байсан. Алтанзул байхгүй байсан. Би Алтанзулын ах нь байна, авах гэж ирсэн юм гэж хэлсэн чинь өндөр залуу нь Алтанзулыг дөнгөж сая гараад явсан гэж хэлсэн. Тэгсэн хохирогч Мөнхжаргал чи ороод байж бай би дуудаад ирье гэж хэлсэн. Би коридорт нь модон сандал дээр сууж байгаад “хамт яваа хүнийх нь утсыг нь өгчих” гэж хэлсэн. Хүлээгээд сууж байхад гаднаас Алтанзул, Бурмаа өөр нэг хүүхэн гурвуулаа орж ирсэн. Алтанзул 00 руу орж бие засчихаад ширээн дээр суугаад архи хундагалж уусан. Би Алтанзулыг явъя нөхөр чинь гадаа машинд хүлээж байгаа гэж хэлэхэд хамт архи ууж байсан Дагвадорж гэх залуу “чи наад архичин дүүгээ эвтэйхэн аваад гарчиж чадахгүй байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар юу гээд байгаа цуг архи ууж байж, архи савнаасаа бусдыг дийлдэг шүү дээ” гэж хэлсэн. Алтанзул бид хоёр эхлээд гарахад араас Бурмаа гэх эмэгтэй гарсан. Тэгсэн чинь Дагвадорж миний араас дайрах үед Мөнхжаргал салгасан. Гэрээс нь гараад хаалгыг нь хаахад хаалга онгойлгоод Мөнхжаргал гарч ирээд чи юу гээд байгаа юм бэ гээд намайг цохихоор нь би зөрүүлээд хаалганы үүд хэсэгт хананд шахаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Хажуу талын айлаас хүн гарч ирэхээр нь би гарч зугтаагаад хүргэн Батжаргалд согтуу хүмүүс над руу дайраад байна гэж хэлээд дуудсан. Тэгээд хүргэн Батжаргал бид хоёр орцонд ороход лифтнээс Алтанзул гарч ирсэн. Тэгээд буцаад явсан. Тухайн үед миний шүд хөдөлсөн, уруул хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас:
1.Хохирогч Ц.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой 17 цагийн үед найз болох Буянбаатарын амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Орчлон хорооллын 41 дүгээр байрны 193 тоотод найз Дагвасүрэн болон түүний эхнэр хүүхдийн хамт ирсэн. Буянбаатарын гэрт ирэхэд Буянбаатар хоёр хүүгийн хамт гурвуулаа байсан. Тэднийд хоол цай идэж байгаад авч ирсэн 0,5 литрийн Чингис нэртэй архи гаргаж задлаад хуваан ууцгаасан. Архи дуусах үед Буянбаатар 0,5 литрийн архи гаргаж ирсэн түүнийг нь уугаад дуусчихсан байсан чинь 23 цагийн үед Буянбаатарын эхнэр хамт ажилладаг гэх эмэгтэйтэй хоёулаа халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд би Буянбаатартай хамт хоёулаа дэлгүүр оръё, хүн ирлээ гэж хэлээд хамт ойрхон дэлүүр орж 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг Буянбаатар нэр дээрээ бичүүлж аваад гэрт нь орж авсан архиа Буянбаатар, Дагвасүрэн, Бурмаа, түүний найз эмэгтэй болох Алтанзул бид тав хувааж уусан. Харин Дагвасүрэнгийн эхнэр уугаагүй эрүүл байсан. Авсан архиа хуваагаад ууж байтал Буянбаатар согтож тасраад унтаад өгсөн. Тэр үед Бурмаа, Дагвасүрэнгийн эхнэр хоёр Алтанзулыг гаргаж өгөхөөр гарсан. Гарснаас хойш 20 орчим минутын дараа хаалга цохихоор нь би тайлж өгсөн чинь үл таних залуу “би Алтанзулын ах байна, дүүгээ авахаар ирлээ” гэхээр нь “дөнгөж сая гарсан буцаагаад дуудчихъя, ороод сууж бай” гэсэн чинь “за” гээд орох үед нь би Бурмаа руу залгаад “Алтанзулын ах дүүгээ авах гээд ирчихсэн байна, хамт байвал буцаад ир” гэж хэлээд Дагвасүрэн бид хоёр ууж байсан архинаасаа хундагалж Алтанзулын ахад өгсөн чинь “машин барьж яваа уухгүй” гэж хэлсэн. Удалгүй Бурмаа, Дагвасүрэнгийн эхнэр хоёр Алтанзултай хамт орж ирсэн. Тэгсэн Алтанзул бид хоёртой хамт ширээний урд суух үед Бурмаа архи хундагалж Алтанзулд өгөх үед нь найз Дагвасүрэн Алтанзулд хандаж “чи ахыгаа хүндлэхгүй, чамайг авч явах гээд ирчихсэн байхад дэргэд нь архи уугаад байхдаа яадаг юм”, “чи ч гэсэн дүүгээ аваад яваач” гээд ахад нь хэлсэн чинь ах нь “та нар архи өгчихөөд юу гээд хуцаад байгаа юм” гэж хэлээд Дагвасүрэнтэй хэрэлдэж эхлээд дуу нь чангараад эхэлсэн чинь Бурмаа Алтанзулыг ахтай нь аваад гэрээс гарах хүртэл хэрэлдэж маргалдаад байхаар нь би Бурмаагийн араас гараад Алтанзулын ахад хандаж “манай найзыг уучлаарай, жоохон халамцуу байна гээд хэлсэн чинь Алтанзулын ах “та нар муусайн пизданууд минь, та нар юу юм, та нарыг ална шүү” гээд миний өөдөөс салаавч гаргахаар нь би “чи намайг пизда гэж хэлээд байхдаа яадаг юм” гэж хэлэн заамдаж аваад нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Гэтэл тэр залуу намайг зөрүүлээд цохиж авах үед би газар унасан. Тэгсэн толгой болон биерүү 2-3 удаа цохиж авсан тэр үед Буянбаатарын эхнэр Бурмаа, Алтанзул нар тэр залууг надаас салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 х/
2. Гэрч Э.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад ажлын өрөөндөө хамт олонтойгоо нийлээд Алтантүрүү нэртэй 0,75 литрийн архийг Бурмаа, Энхбаяр, Энэбиш, Зэргэлэн, Уугий нарын хамт уучихаад ажлаасаа гарсан. Бурмаа эгчийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 41 дүгээр байранд байдаг гэрт нь ороод ирсэн чинь нөхрийнх нь найзууд гээд эрэгтэй эмэгтэй нийлсэн 3 хүн ирчихсэн архи уучихсан байдалтай байсан. Бурмаа эгч бид хоёрыг орсны дараа түүний нөхөр Буянбаатар найз Мөнхжаргалын хамт дэлгүүр ороод хоёр шил 0,5 литр болон 0,75 литрийн архи авчирсан. ...Буянбаатар ахын найзууд хөзөр тоглохоор болохоор нь би хамт тоглоё гэсэн чинь Бурмаа эгч чи одоо яах гээд байгаа юм нөхөр Батжаргал чинь гадаа ирчихсэн, одоо харь гэхээр нь би за гээд би гарах гэсэн чинь Бурмаа эгч нэг танихгүй эмэгтэйн хамт араас гарч ирээд бид гурав дэлгүүрийн үүдэнд сүү авч уучихаад байж байхад ах залгаад чи хаана байгаа юм, би чиний байсан айлд байна гэхээр нь би буцаад Бурмаа эгч түүнтэй хамт явсан эмэгтэйн хамт Буянбаатар ахынд орсон чинь ах Анхбаяр ирчихсэн үүдний өрөөнд модон сандал дээр сууж байсан. Тэгсэн Бурмаа эгч архи хундагалаад надад өгөх үед Буянбаатар ахын найз Дагвасүрэн манай ах Анхбаярт хандаж наад нэг юмаа аваад явчихаж чаддаггүй юм уу гэж хэлсэн чинь ах уурлаад чи юу гээд байгаа юм, хамт архи уучихаад гээд хэлсэн чинь Дагвасүрэн, Мөнхжаргал, Буянбаатар ах гурав ах Анхбаярыг заамдаж авах үед нь Бурмаа эгч хамт байсан хүүхэн бид гурав салгаад ах Анхбаярыг аваад гарсан чинь араас Бурмаа эгч, хамт байсан эмэгтэй Дагвасүрэн, Мөнхжаргал, Буянбаатар ах нар гарч ирээд Мөнхжаргал нь ах Анхбаярыг заамдаад авсан чинь Анхбаяр Мөнхжаргалын зүүн нүдэнд нь гараараа нэг удаа цохих үед Дагвасүрэн, Буянбаатар хоёрыг салгасан, хөрш айлын эмэгтэй гарч ирэх үед ах Анхбаяр манай нөхрийг дуудахаар гүйгээд гарсан. Тэгсэн араас нь Дагвасүрэн, Мөнхжаргал, Буянбаатар ах нар хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 х/
3. Гэрч М.Буянбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед найз Дагвасүрэн эхнэр Учрал, найз Мөнхжаргал нар гурвуулаа ирсэн. Би хоол унд болж 1 шил архи задалсан. Түүнийгээ ууж байгаад эхнэр Бурмааг ирэх болж байна уу гээд утсаар асуусан чинь ажил ихтэй, очих болоогүй гэж хэлсэн. Тэгээд найз нартайгаа ууж идээд сууж байгаад нилээн согтчихсон байсан. Нэг мэдсэн чинь эхнэр Бурмаа хамт ажилладаг Алтанзул гэдэг эмэгтэйтэй хамт ирчихсэн ширээ тойроод сууж байсан. Тэгээд би тасраад унтчихсан. Нэг мэдсэн хүмүүс шуугих чимээ гарахаар нь сэрээд эхнэр Бурмаагаас юу болоод байгаа юм гэсэн чинь Алтанзулын ах дүүгээ авахаар ирсэн юм гээд коридорт зогсож байсан. Удалгүй найз Мөнхжаргалын нүд хавдчихсан ороод ирэхээр нь яасан юм гээд асуусан чинь эхнэрийн чинь хамт ажилладаг эмэгтэйгийн ах намайг цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/
4. Гэрч А.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Аптанзул шагнал аваад түүнийг нь угаахаар ажлын хамт олонтойгоо ажлаа тараад орой паабад ууж идэж байгаад харихаар болсон чинь Аптанзул тантай хамт явъя хүүхдэд чинь би бэлэг өгөх ёстой гээд байхаар нь хамт гэртээ ирсэн. Гэртээ ирсэн чинь манай нөхөр найз Мөнхжаргал, Дагвасүрэн түүний эхнэр Өлзий-Учрал нар ирчихсэн хоол унд идээд архи уугаад сууж байсан Аптанзул бид хоёр тэд нартай нийлж суугаад ууж идсэн. Нилээн орой болсон байхаар нь би Алтанзулыг орой болчихлоо, одоо гэртээ харь гэсэн чинь би ахыг дуудчихсан, одоо ирж байгаа, жоохон байя гэхээр нь зөвшөөрөөд жоохон сууж байгаад Алтанзулыг гаргаж өгөхөөр Өлзий-Учралын хамт гэрээс гараад явж байтал араас залгаад Алтанзулын ах нь хүрээд ирчихлээ, ороод ир гэхээр нь буцаад орсон чинь Алтанзулын ах Анхаа гэх зүс танил залуу ороод ирчихсэн сууж байсан. Тэгээд за яв даа гэсэн чинь Алтанзул би жоохон хөзөр тоглочихоод явъя гээд байхаар нь одоо яваа гэж байтал Дагвасүрэн цаанаас Алтанзулд хандаж чи одоо явалдаа айлд ирчихээд явахгүй юм гээд хэлсэн чинь Алтанзул та намайг гэрээсээ хөөлөө гээд байсан. Тэгсэн ах нь та нар хамт ууж идчихээд хүнийг хөөгөөд байхдаа яадаг юм гэж хэлэх үед Дагвасүрэн юу яриад байгаа юм дүү чинь гаднаас согтуу орж ирсэн гээд хоорондоо маргалдаад эхлэхээр нь би Алтанзулыг ахтай нь гэрээс гараад орцонд лифт хүлээгээд зогсож байтал Мөнхжаргал араас гарч ирээд Алтанзулын ахаас уучлаарай гэж байсан чинь ард пид пад гэх чимээ гарахаар нь эргээд харсан чинь Мөнхжаргал газар уначихсан Анхбаяр дээрээс нь заамдчихсан байсан. Тэгсэн цаанаас Дагвасүрэн, Буянбаатар хоёр гарч ирээд Анхаа гэх залууг Мөнхжаргалаас татаж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 х/
5. Гэрч Г.Оюундарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Анхбаяр Алтанзулын аавын 34-93 УБӨ улсын дугаартай цагаан өнгийн Буливард маркийн автомашинаар халтууранд явж байгаад орой 17 цагийн үед гэртээ ирж хоол цайгаа идчихээд ахиад халтууранд гарлаа гээд гарсан юм. Орой 00 цагийн үед Анхбаяр гэртээ хачин царайтай юм ороод ирэхээр нь яасан орой ирдэг юм, юу болсон юм гэхэд Алтанзулыг хамт ажилладаг эмэгтэйн гэрээс авч гарах гэсэн чинь нөхрийнх нь найзууд гээд гурван эрэгтэй дайраад нэг нь заамдаж унагаагаад, нэг нь ардаас гүйж ирээд цохисон гэж хэлсэн. Би нэг эрэгтэйн нүдрүү гараараа цохисон, нүд нь лав хөхөрсөн байх, нэг нь араас хөөхөөр нь зугтаачихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 х/
6. Гэрч Д.Дагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед хамт ажилладаг Мөнхжаргал болон эхнэр Өлзийн-Учрал нарын хамт найз Буянбаатарын гэрт очсон. Бид тэднийд авч очсон архиа уусан. Орой 21 цагийн үед Буянбаатарын эхнэр Бурмаа хамт ажилладаг эмэгтэйн хамт гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд тэр эмэгтэй найзындаа ирсэн юм чинь архи авч өгнө гэсэн чинь Бурмаа хэрэггүй гэж хэлээд нөхөр Буянбаатарыг Мөнхжаргалын хамт архинд явуулсан. Удалгүй Буянбаатар, Мөнхжаргал хоёр гаднаас 1 шил архи авч ирсэн. Тэр архийг Бурмаагийн хамт ажилладаг эмэгтэй бид нар хуваагаад ууж байтал үл таних эмэгтэй чанга дуугаар яриад байхаар нь би түүнд хандаж дуугаа намсгах шаардлага тавиад эндээс яв гээд хэлсэн чинь эхнэр Өлзий-Учрал, Бурмаа хоёр гаргаад өгье гээд хамт гарсан. Тэр гурвыг гарсны дараа үл таних эмэгтэйн ах дүүгээ авах гэж ирсэн. Удалгүй Бурмаа, эхнэр Өлзий-Учрал нар буцаж орж ирсэн. Бурмаагийн хамт ажилладаг эмэгтэй ахиад архи уух гээд суухаар нь би “ах чинь ирчихсэн байна, чи яваач” гэж хэлээд, мөн ахад нь хандаж “чи дүүгээ аваад яваач” гэж хэлсэн чинь ах нь гэх залуу та нар манай дүүд архи өгчихөөд хөөдөг юу юм бэ гээд над руу дайрах үед Мөнхжаргал тэр залууг аваад гарч байсан. Тэгсэн шуугиад явчихаар нь гартал Мөнхжаргал, нөгөө залуутай дээр доороо ороод ноцолдож байхаар нь би салгах гэхэд дүү эмэгтэй нь намайг хойш нь татаж унагаах үед Мөнхжаргалтай ноцолдож байсан залуу зугтаахад би араас нь ганцаараа хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27 х/
7. Гэрч Б.Өлзий-Учралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны 21 цагийн үед Буянбаатарын эхнэр хамт ажилладаг эмэгтэйгийн хамт халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд Буянбаатар гараад 1 шил архи авчраад түүнийгээ Бурмаагийн хамт ажилладаг эмэгтэйгийн хамт тойруулж ууж байтал Бурмаа хамт ажилладаг эмэгтэйгээ “чи одоо яв” гэж хэлэхэд “та намайг гэрээсээ хөөлөө” гээд тэр эмэгтэй гараад явсан. Араас нь Бурмаа гаргаж өгөхөөр гарахаар нь би согтуу байсан болохоор Бурмаатай хамт гарсан. Бид гурав засмал зам хүрээд явж байтал Бурмаагийн хамт ажилладаг эмэгтэйн ах ирчихсэн байна гэхээр нь буцаад яваад очиход ажлын газрын эмэгтэй нь архи нэхэж уусан. Тэр үед нөхөр Дагвасүрэн ахад нь “дүүгээ аятайхан аваад яв” гээд хэлсэн чинь “та нар уулгачихаад юу гээд байгаа юм” гээд маргалдах үед Мөнхжаргал нөгөө залууг аваад үүдээр гарсан чинь шуугиад явчихаар нь гараад харахад Мөнхжаргалын нүд рүү нь цохичихсон, газар уначихсан зуураад байж байсан чинь нөхөр Дагвасүрэн араас нь салгах гээд татсан чинь Бурмаатай хамт ажилладаг эмэгтэй манай нөхрийг татаад унагаах үед нөгөө залуу алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ий 28-30 х/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 981 тоот дүгнэлт:
а/ Мөнхжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 35 х/
9. Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхжаргалын биед учирсан гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарч болно. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учир нь зүүн нүдэнд гэмтэл учирсан байна. Хамрын хажуу цочирсон байна. Тархи доргилт бол нэг удаагийн цохилтын улмаас үүссэн байж болно. Тухайн цаг үед үүссэн шинэ гэмтэл мөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 х/
10. Шүүгдэгч Б.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед үеэл дүү Алтанзулын гэрт ирэхэд нөхөр Батжаргал ганцаараа байсан. Тэгсэн Батжаргал манай эхнэр Алтанзул өнөөдөр медаль авсан гээд ажлын газрынхантайгаа ууж байна гэнэ, хоёулаа хамт очоод аваад ирье гэхээр нь би хоол идчихээд Батжаргалын хамт гэрээс нь гарсан. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Орчлон хорооллын 41 дүгээр байрны үүдэнд ирэхэд “чи ороод Алтанзулыг аваад гараад ир, би машиндаа байж байя” гэхээр нь хаягийг нь заалгаад заасан айлд нь очоод хаалгыг нь тогшиход нэг махлаг хүүхэд гарч ирээд “Алтанзул эгч явчихсан, ээж гаргаж өгөх гээд хамт гарсан” гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нь өндөр биетэй залуу гарч ирээд “тэр хэд саяхан гарсан гэхээр нь хамт яваа хүмүүс нь ямар утастай яваа юм бол” гэсэн чинь “чи ороод ир” гээд гэртээ оруулсан. Намайг том өрөөнд оруулж суулгаад ууж байсан кола ундаанаасаа хийж өгсөнөө өөрийнхөө дугаараас залгаад “Алтанзулын ах нь авах гээд ирчихсэн байна” гэсэн. Тэгсэн утсаар ярьсан залуу “одоо ирэхээр боллоо, чи хүлээгээд байж бай” гэж хэлсэн. Удалгүй Алтанзул хамт ажилладаг эмэгтэй, бас нэг эмэгтэйн хамт гурвуулаа гаднаас нилээн согтолттой орж ирсэн. Тэгэхээр нь би Алтанзулыг аваад явах гэсэн чинь Алтанзул явахаасаа өмнө нэг хундага архи уучихъя гээд үлдэгдэл 0,75 литрийн архинаасаа нэг нэг татсан. Тэгээд гарах гэсэн чинь Алтанзул хамт ажилладаг хүндээ хандаж “би танайд ахиж ирэхгүй, та намайг гэрээсээ хөөлөө” гээд хэлсэн чинь хамт ажилладаг эмэгтэй нь “би нөхрөөс чинь айж байна, хэл аманд ормоогүй байна” гэснээ “за эгчийгээ уучлаарай” гээд хоорондоо хаалганы наана цаанаас тэврэлдээд байсан чинь хамт сууж байсан улаан подволк өмссөн туранхай намхан залуу надад хандаж “наад нэг архичин юмаа хурдан аваад явалдаа” гэхээр нь “би юу яриад байгаа юм, та нар чинь хамт архи уучихаад нэгнийгээ ингэж хэлээд байхдаа яадаг юм, архи чинь савнаасаа бусдыг дийлдэг юм шүү” гээд хэлэхэд “чи муу юу гээд байгаа пизда вэ” гээд улаан подволктой залуу над руу агсрах үед нь хамт байсан өндөр залуу татаад авсан. Тэгээд орцонд Бурмаа, дүү Алтанзул бид гурав орцонд үлдсэн чинь цаанаас нь өндөр залуу ганцаараа хаалга онгойлгож гарч ирэнгүүтээ нүүрэнд гараараа цохиод авахаар нь би барьцалдаж, хананд налуулж байгаад нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон чинь араас улаан подволктой залуу гараараа боож татах үед хамт хойшоо унасан. Тэгсэн тал талаас нүүр, цээж, хүзүү, хоолой ам руу өндөр залуу, Алтанзултай хамт ажилладаг хүний нөхөр махлаг бор залуу нэмж цохисон. Тэр үед хажуу хаалганы хүмүүс “болиоч ээ” гэх үед тэр хэдээс мултарч шатны уруу гүйсэн чинь тарган бор залуу ална гээд араас хөөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48, 56-57 х/
11. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 х/
12. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-94 х/
13. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн баталгаа, хяналтанд авсан хүний анкет, ялтны тухай мэдээ, захиргааны хяналтыг түдгэлзүүлэх тухай тогтоол, Б.Анхбаярын захиргааны хэргийг шилжүүлэх тухай хүсэлт, Захиргааны хяналт тогтоосон тухай тогтоол, хяналт тогтоох тогтоол /хх-ийн 74-80 х/
14. Хохирогч Ц.Мөнхжаргалын хүсэлт /хх-ийн 97, 187 х/
15. Хохирогч Ц.Мөнхжаргал, Б.Анхбаярын нарын хүсэлт /хх-ийн 203-204 х/
16. Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 195-196, 197-198 х/
17. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 201-202 х/
18. Гэрч Б.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 22-23х/
19. Гэрч Ж.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-ийн 31-32х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөөлөгчөөс гаргаж өгсөн 2 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлт:
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулж, үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны орцонд иргэн Ц.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу үеэл дүү Э.Алтанзултай нь хамт архи уучихаад түүнийг хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж түүний зүүн нүдэн тус газар гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ц.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой 17 цагийн үед найз болох Буянбаатарын гэрт найз Дагвасүрэн болон түүний эхнэр хүүхдийн хамт очиж хоол цай идэж байгаад авч ирсэн 0,5 литрийн Чингис нэртэй архи гаргаж задлаад хуваан ууцгаасан. Архи дуусах үед Буянбаатар 0,5 литрийн архи гаргаж ирсэн түүнийг нь уугаад дуусчихсан байсан чинь 23 цагийн үед Буянбаатарын эхнэр хамт ажилладаг гэх эмэгтэйтэй хоёулаа халамцуу байдалтай орж ирэхээр нь би Буянбаатартай хамт дэлүүр орж 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг авчран Буянбаатар, Дагвасүрэн, Бурмаа, түүний найз эмэгтэй болох Алтанзул бид тав хувааж уусан. Тэр үед Бурмаа, Дагвасүрэнгийн эхнэр хоёр Алтанзулыг гаргаж өгөхөөр гарсан ба 20 орчим минутын дараа хаалга цохихоор нь очиход үл таних залуу би Алтанзулын ах байна, дүүгээ авхаар ирлээ гэхээр нь дөнгөж сая гарсан буцаагаад дуудчихъя, ороод сууж бай гэсэн чинь за гээд орох үед нь би Бурмаа руу залгаад Аптанзулын ах дүүгээ авах гээд ирчихсэн байна, хамт байвал буцаад ир гэж хэлээд Дагвасүрэн бид хоёр ууж байсан архинаасаа хундагалж Алтанзулын ахад өгсөн чинь би машин барьж яваа уухгүй гэж хэлсэн. Удалгүй Бурмаа, Дагвасүрэнгийн эхнэр хоёр Алтанзултай хамт орж ирээд Алтанзул бид хоёртой хамт ширээний урд суух үед найз Дагвасүрэн Алтанзулд хандаж чи ахыгаа хүндлэхгүй чамайг авч явах гээд ирчихсэн байхад дэргэд нь архи уугаад байхдаа яадаг юм, чи ч гэсэн дүүгээ аваад яваач гээд ахад нь хэлсэн чинь ах нь та нар архи өгчихөөд юу гээд хуцаад байгаа юм гэж хэлээд Дагвасүрэнтэй хэрэлдэж эхлээд дуу нь чангараад эхэлсэн чинь Бурмаа Алтанзулыг ахтай нь аваад гэрээс гарсан, би Бурмаагийн араас гараад Алтанзулын ахад хандаж манай найзыг уучлаарай, жоохон халамцуу байна гээд хэлсэн чинь Алтанзулын ах та нар муусайн пизданууд минь, та нар юу юм, та нарыг ална шүү гээд миний өөдөөс салаавч гаргахаар нь би чи намайг пизда гэж хэлээд байхдаа яадаг юм гэж хэлэн заамдаж аваад нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Гэтэл тэр залуу намайг зөрүүлээд цохиж авах үед би газар унасан. Тэгсэн толгой болон биерүү 2-3 удаа цохиж авсан тэр үед Буянбаатарын эхнэр Бурмаа, Алтанзул нар тэр залууг надаас салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 х/
Гэрч Э.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Буянбаатар ахынд буцаад орсон чинь ах Анхбаяр ирчихсэн үүдний өрөөнд модон сандал дээр сууж байсан. Тэгсэн Бурмаа эгч архи хундагалаад надад өгөх үед Буянбаатар ахын найз Дагвасүрэн манай ах Анхбаярт хандаж наад нэг юмаа аваад явчихаж чаддаггүй юм уу гэж хэлсэн чинь ах уурлаад чи юу гээд байгаа юм, хамт архи уучихаад гээд хэлсэн чинь Дагвасүрэн, Мөнхжаргал, Буянбаатар ах гурав ах Анхбаярыг заамдаж авах үед нь Бурмаа эгч хамт байсан хүүхэн бид гурав салгаад ах Анхбаярыг аваад гарсан чинь араас Бурмаа эгч, хамт байсан эмэгтэй Дагвасүрэн, Мөнхжаргал, Буянбаатар ах нар гарч ирээд Мөнхжаргал нь ах Анхбаярыг заамдаад авсан чинь Анхбаяр Мөнхжаргалын зүүн нүдэнд нь гараараа нэг удаа цохих үед Дагвасүрэн, Буянбаатар хоёрыг салгасан. Хөрш айлын эмэгтэй гарч ирэх үед ах Анхбаяр манай нөхрийг дуудахаар гүйгээд гарсан. Тэгсэн араас нь Дагвасүрэн, Мөнхжаргал, Буянбаатар ах нар хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 х/
Гэрч М.Буянбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг мэдсэн чинь эхнэр Бурмаа хамт ажилладаг Алтанзул гэдэг эмэгтэйтэй хамт ирчихсэн ширээ тойроод сууж байсан ба шуугих чимээ гарахаар нь сэрээд эхнэр Бурмаагаас юу болоод байгаа юм гэсэн чинь Алтанзулын ах дүүгээ авахаар ирсэн юм гээд коридорт зогсож байсан. Удалгүй найз Мөнхжаргалын нүд хавдчихсан ороод ирэхээр нь яасан юм гээд асуусан чинь эхнэрийн чинь хамт ажилладаг эмэгтэйгийн ах намайг цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/
Гэрч А.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нилээн орой болсон байхаар нь би Алтанзулыг орой болчихлоо, одоо гэртээ харь гэсэн чинь би ахыг дуудчихсан, одоо ирж байгаа, жоохон байя гэхээр нь зөвшөөрөөд жоохон сууж байгаад ...хамт гэрээс гараад явж байтал араас залгаад Алтанзулын ах нь хүрээд ирчихлээ, ороод ир гэхээр нь буцаад орсон чинь Алтанзулын ах Анхаа гэх зүс танил залуу ороод ирчихсэн сууж байсан. Тэгээд за яв даа гэсэн чинь Алтанзул би жоохон хөзөр тоглочихоод явъя гэсэн чинь Дагвасүрэн цаанаас Алтанзулд хандаж чи одоо явалдаа айлд ирчихээд явахгүй юм гээд хэлсэн чинь Алтанзул та намайг гэрээсээ хөөлөө гээд байсан. Тэгсэн ах нь та нар хамт ууж идчихээд хүнийг хөөгөөд байхдаа яадаг юм гэж хэлэх үед Дагвасүрэн юу яриад байгаа юм дүү чинь гаднаас согтуу орж ирсэн гээд хоорондоо маргалдаад эхлэхээр нь би Алтанзулыг ахтай нь гэрээс гараад орцонд лифт хүлээгээд зогсож байтал Мөнхжаргал араас гарч ирээд Алтанзулын ахаас уучлаарай гэж байсан чинь ард пид пад гэх чимээ гарахаар нь эргээд харсан чинь Мөнхжаргал газар уначихсан Анхбаяр дээрээс нь заамдчихсан байсан. Тэгсэн цаанаас Дагвасүрэн, Буянбаатар хоёр гарч ирээд Анхаа гэх залууг Мөнхжаргалаас татаж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 х/
Гэрч Д.Дагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бурмаагийн хамт ажилладаг эмэгтэй ахиад архи уух гээд суухаар нь би “ах чинь ирчихсэн байна, чи яваач” гэж хэлээд, мөн ахад нь хандаж “чи дүүгээ аваад яваач” гэж хэлсэн чинь ах нь гэх залуу та нар манай дүүд архи өгчихөөд хөөдөг юу юм бэ гээд над руу дайрах үед Мөнхжаргал тэр залууг аваад гарч байсан. Тэгсэн шуугиад явчихаар нь гартал Мөнхжаргал, нөгөө залуутай дээр доороо ороод ноцолдож байхаар нь би салгах гэхэд дүү эмэгтэй нь намайг хойш нь татаж унагаах үед Мөнхжаргалтай ноцолдож байсан залуу зугтаахад би араас нь ганцаараа хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27 х/
Гэрч Б.Өлзий-Учралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөхөр Дагвасүрэн ахад нь “дүүгээ аятайхан аваад яв” гээд хэлсэн чинь “та нар уулгачихаад юу гээд байгаа юм” гээд маргалдах үед Мөнхжаргал нөгөө залууг аваад үүдээр гарсан чинь шуугиад явчихаар нь гараад харахад Мөнхжаргалын нүд рүү нь цохичихсон, газар уначихсан зуураад байж байсан чинь нөхөр Дагвасүрэн араас нь салгах гээд татсан чинь Бурмаатай хамт ажилладаг эмэгтэй манай нөхрийг татаад унагаах үед нөгөө залуу алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 981 тоот дүгнэлт:
Мөнхжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 35 х/
Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхжаргалын биед учирсан гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарч болно. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учир нь зүүн нүдэнд гэмтэл учирсан байна. Хамрын хажуу цочирсон байна. Тархи доргилт бол нэг удаагийн цохилтын улмаас үүссэн байж болно. Тухайн цаг үед үүссэн шинэ гэмтэл мөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 х/
Шүүгдэгч Б.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Батжаргал манай эхнэр Алтанзул өнөөдөр медаль авсан гээд ажлын газрынхантайгаа ууж байна гэнэ, хоёулаа хамт очоод аваад ирье гэхээр нь би хоол идчихээд Батжаргалын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Орчлон хорооллын 41 дүгээр байрны үүдэнд ирэхэд “чи ороод Алтанзулыг аваад гараад ир, би машиндаа байж байя” гэхээр нь хаягийг нь заалгаад заасан айлд нь очиход ...өндөр биетэй залуу гарч ирээд “тэр хэд саяхан гарсан гэхээр нь хамт яваа хүмүүс нь ямар утастай яваа юм бол” гэсэн чинь “чи ороод ир” гээд гэртээ оруулсан. Намайг том өрөөнд оруулж суулгаад ууж байсан кола ундаанаасаа хийж өгсөнөө өөрийнхөө дугаараас залгаад “Алтанзулын ах нь авах гээд ирчихсэн байна” гэсэн. Тэгсэн утсаар ярьсан залуу “одоо ирэхээр боллоо, чи хүлээгээд байж бай” гэж хэлсэн. Удалгүй Алтанзул хамт ажилладаг эмэгтэй, бас нэг эмэгтэйн хамт гурвуулаа гаднаас нилээн согтолттой орж ирсэн. Тэгэхээр нь би Алтанзулыг аваад явах гэсэн чинь Алтанзул явахаасаа өмнө нэг хундага архи уучихъя гээд үлдэгдэл 0,75 литрийн архинаасаа татсан. Тэгтэл Дагвасүрэн гэх залуу надад хандаж “наад нэг архичин юмаа хурдан аваад явалдаа” гэхээр нь “би юу яриад байгаа юм, та нар чинь хамт архи уучихаад нэгнийгээ ингэж хэлээд байхдаа яадаг юм, архи чинь савнаасаа бусдыг дийлдэг юм шүү” гээд хэлэхэд “чи муу юу гээд байгаа пизда вэ” гээд над руу агсрах үед нь Мөнхжаргал нь татаад авсан. Тэгээд орцонд Бурмаа, дүү Алтанзул бид гурав орцонд гарсан чинь араас Мөнхжаргал ганцаараа хаалга онгойлгож гарч ирэнгүүтээ нүүрэнд гараараа цохиод авахаар нь би барьцалдаж, хананд налуулж байгаад нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон чинь Дагвасүрэн гарч ирээд гараараа боож татах үед хамт хойшоо унасан. Тэгсэн хажуу талын айлаас хүн гарч ирэхээр нь би гарч зугтаагаад хүргэн Батжаргалд согтуу хүмүүс над руу дайраад байна гэж хэлээд дуудсан. Тэгээд хүргэн Батжаргал бид хоёр орцонд ороход лифтнээс Алтанзул гарч ирсэн. Тэгээд буцаад явсан. Тухайн үед миний шүд хөдөлсөн, уруул хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48, 56-57 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, шүүгдэгч Б.Анхбаяр нь бусадтай дүүгээ өмөөрснөөс буюу хамт архи хувааж уучихаад гэрээсээ хөөлөө гэх шалтгаанаар муудалцаж улмаар Ц.Мөнхжаргалтай харилцан барьцалдан авч түүний зүүн нүдэн тус газар цохиж биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулсныг хувийн сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Б.Анхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Б.Анхбаяр нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон /хх-ийн 67, 86-94х/ байх бөгөөд Б.Анхбаяр нь энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэнээр түүний ялгүйд тооцох хугацаа тасарсан байх тул ялтай гэж үзнэ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дараах саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. Тухайлбал,
“...Шүүгдэгчийн одоогийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн өмнө нь Ховд аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан шийтгэх тогтоол хэрэгт авагдсан байх тул дээрх ялуудыг хооронд нь нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “энэ хуулийн 58.1-д заасан журмаар ялыг хооронд нь нэмж нэгтгэхдээ биечлэн эдлэх ялын хугацааг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасныг баривчлах ялаас хэтрүүлэхгүй гэж ойлгон тайлбарлах боломжтой байх тул өмнөх ялаас нь 2 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 сарын хугацаагаар баривчлах ял оноож өгнө үү” гэжээ.
Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “энэ хуулийн 58.1-д заасан журмаар ялыг хооронд нь нэмж нэгтгэхдээ биечлэн эдлэх ялын хугацааг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасныг баривчлах ял нь 6 сараас хэтрэхгүй, хорих ял нь 15 жилээс хэтрэхгүй ба хүндрүүлэх бүрэлдэхүүн нь 25 жилээс хэтрэхгүй .... гэж ойлгож хэрэглэх нь зүйтэй тул баривчлах ялд хорих ялыг багтаах, эсхүл баривчлах ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хорих ялыг нэмж нэгтгэх ...зэргээр Эрүүгийн хууль тогтоомжийг буруугаар ойлгон хэрэглэх боломжгүй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ц.Мөнхжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж холбогдох баримт гаргаж өгөөгүй ба “шүүгдэгчээс 40.000 төгрөг авсан, гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгч Б.Анхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 97, 203-204 х/
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Анхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Баатарын Анхбаярыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял дээр, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хугацааг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Анхбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Анхбаярын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Анхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ