Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2016/00569/и |
Дугаар | 1150 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 1150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00569/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум 15-р баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , Б*** А*** гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 2-р баг Хушаатын*** тоотод оршин суух, регистрийн дугаар ШД*** , Х*** Э*** т холбогдох
1500.000 төгрөг гаргуулах,
Хариуцагч З.Э*** ийн 300000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*** , нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие З.Э*** т 2015 оны 2 дугаар сарын 23-нд ******* бараанд яваад ирье гэхэд нь 1500 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай зээлсэн. Миний найз Э*** мөнгөө тоолж өгч байхад миний дэргэд зогсож байсан. Мөнгөө авмаар байна гэхээр би худалч биш, хулгайч биш, би юмтай хүн хүлээж бай гэдэг. Иймд З.Э*** ээс 1500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З.Э*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би танил Э*** ээр зуучлуулан А*** тай танилцаж түүнээс 1100 000 төгрөг авсан. Найз Э*** 400 000 төгрөг авсан гэж байсан. Авсан мөнгөнөөсөө 600 000 төгрөгийг Э*** т А*** д өгөөрэй гэж өгөөд явуулсан. 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, өгч чадаагүй байтал А*** дэлгүүр дээр ирж хүүхдээс хүнсний зүйл авч байсан гэсэн. Танай ээжээс чинь авлагатай гэж согтуу гэрт ирж 2 эсгий туурга, ******* машины дугуй зэрэг эд зүйлийг заруулж авсан байсан. Иймд 500000 төгрөгөө миний юмыг зараад авсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч З.Э*** , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*** нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
З.Э*** миний бие хөдөө ажилд явсан хойгуур А*** нь манай гэрт очиж хүү *******ийг шахан дарамталж байгаад ээжийн чинь өрийг авч байна гэж хэлээд 2 эсгий туурга, ******* машины 2 дугуй хүнд зарж мөнгө болгож авсан байна. эдгээр зүйлийг худалдан авсан хүмүүс А*** г эсгий, дугуй зарсан, зарахаар авч явсан гэдгийг гэрчилж надад хэлсэн. Иймд 2 эсгий 1 бүрийн үнэ 50 000 төгрөг, 2 дугуй 1 бүрийн үнэ 100000 төгрөг гэж бодоод 300000 төгрөгийг А*** гаас гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч А.А*** , түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч З.Э*** ийнд очиж 2 хоносон нь үнэн. Гэхдээ дугуй, эсгий зараагүй. Түүний хүү Хөлгөө зараад архи авч уусан. Эдгээр хөрөнгө нь Э*** ийнх гэдэг нь нотлогдоогүй тул зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А.А*** нь хариуцагч З.Э*** т холбогдуулан 1500 000 төгрөг гаргуулах, хариуцагч З.Э*** ийн 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч З.Э*** нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч З.Э*** нь би А.А*** гаас 1100 000 төгрөг зээлж авсан гэж мэдүүлж байгаа боловч 1500 000 төгрөгийг зээлж авсан болох нь тэдний хажууд байсан гэрч Т.Э*** ийн ...мөнгө зээлэхэд нь би хамт байсан. З.Э*** нь 1500 000 төгрөгийг А.А*** гаас тоолж авсан, дан 20 000 төгрөгийн дэвсгэртүүд байсан гэсэн мэдүүлэг, гэрч Б.Энхцэцэгийн ...2015 оны хавар А*** манай гэрт ирээд З.Э*** надаас 1500 000 төгрөг зээлсэн” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч З.Э*** нь 600 000 төгрөгийг Т.Э*** ээр дамжуулан өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч А.А*** д өгөөгүй болох нь өөрийнх нь тайлбар, гэрч Т.Э*** ийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Э*** ийн хүсэлтээр гэрийн бор эсгий 2ширхэг, ******* маркийн автомашины 1 ширхэг дугуйны зах зээлийн үнэлгээг тогтоолгосон бөгөөд гэрийн бор эсгий 1 ширхэг нь 45000 төгрөг, 2 ширхэг нь 90 000 төгрөг, дугуй 1 ширхэг нь 30 000 төгрөг нийт 120 000 төгрөг гэсэн дүгнэлт ирүүлжээ. / хх-ийн
Хариуцагч З.Э*** нь нэхэмжлэгч А.А*** гаас эсгий, дугуйны үнэ 300 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд эдгээр эд зүйл нь өөрийн өмчлөлийнх гэдгээ нотолж чадаагүй, гэрч Хөлөгөөгийн мэдүүлэгт ...эсгийг миний найз Баттулга надад өгсөн, ******* машины дугуй нь миний өөрийн дугуй гэсэн мэдүүлэг, гэрч Мөнхцэцэгийн ...2016 оны өвөл 3 сард А.А*** З.Э*** ийг байхгүй хойгуур нь ирээд ...хүүгээр нь *******ын 2 дугуй, гэрийнх нь 2 туургыг заруулаад архи ууцгаасан” гэсэн мэдүүлэг зэргээр дээрхи эд зүйлс нь хариуцагчийн өмчлөлийн зүйл биш болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч А.А*** авч явсан нь тогтоогдохгүй байх тул хариуцагч нь шаардах эрхгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч З.Э*** ээс 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А*** д олгож, 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Э*** ээс 38950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА