| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2016/05248/И |
| Дугаар | 181/ШШ2016/00238 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2016/00238
| 2016 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 181/ШШ2016/00238 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б дүүрэг, . хороо, Э гудамж хаягт оршин байгаа Б дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, . хороо, . гудамж хаягт оршин байгаа Т ХХК /рд:...., убд:..../-д холбогдох,
Татварын өр 41.095.336 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Ө , М.Д нар, Т ХХК-ийн захирал Ж.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2016 оны 4 сарын 20-ны байдлаар хяналт шалгалтын актын төлбөр 9.859.500 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар 211.840 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 31.023.996 төгрөг, нийт 41.095.336 төгрөгийн татварын өр төлбөртэй байна. Тус компанид Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч ажилласан. Иймд хариуцагч Т ХХК-иас нийт 41.095.336 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаа багатай түлш улирлын чанартай үйлдвэрлэн Улаанбаатар хотод борлуулдаг юм. 2014 оноос Засгийн газраас айл өрхүүдэд түлшний татаас өгч борлуулалтыг дэмждэг санхүүжилт зогссон тул борлуулалт эрс багассан. 2015 оны 2 сард үйлдвэрийн байранд гал гарч тоног төхөөрөмж, үйлдвэрийн байр шатаж 58.000.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн онд захирал Ж.Ц миний бие үйлдвэрийн байрандаа осолд орж 4 сар эмчилгээнд байсан бөгөөд хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан. Татварын хэлтсээс нэхэмжилсэн 31.023.996 төгрөгөөс хэд нь тайлагнасан өр, хэд нь татвараас нөхөн татвар ногдуулсан нь тодорхой биш байна. Хэрвээ тайлагнасан өр бол энэхүү өрийг худалдан авалт, хөрөнгө оруулалтаар суутган авч барагдуулах боломжтой. Манай компани зах зээлийн үед хүнд зорилтыг даван туулж байгаа бөгөөд дээрх бэрхшээлийг хүндэтгэн үзэж хууль тогтоомжийн дагуу өр төлөх хугацааг хойшлуулах, хөнгөлөх боломжийг харгалзан үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б дүүргийн Татварын хэлтэс нь Т ХХК-д холбогдуулан хяналт шалгалтын актаар тогтоосон өр төлбөр 9.859.500 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар 211.840 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 31.023.996 төгрөг, нийт 41.095.336 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т ХХК нь Засгийн газрын дэмжлэг зогссон, үйлдвэрийн байр шатсан, улс орны эдийн засгийн нөхцөл байдал муудсан, үйлдвэрлэлийн осолд орсон тул татварын өр төлбөрийг хойшлуулах, хөнгөлөх хүсэлтэй байгаа, татварын актыг татварын хэлтсийн ажилтан тулгаж гарын үсэг зуруулсан, нэхэмжлэлийн үнийн дүн, задаргаа тодорхой бус байна гэж маргаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад тус тус зааснаар татвар төлөгч Т ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.
Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах талаар Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2-т заасан ажиллагааг дарааллаар явуулсны дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь иргэний хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хэрэгт авагдсан ярилцлагын тэмдэглэл /хх-17х, 18-19х, 46-47х, Т ХХК-ийн албан бичиг /хх-21х/, татварын улсын байцаагчийн акт /хх-44-45х/, хариуцагчийн өөрийн тайлагнасан тайлан /хх-48-50х, 51-52х/ зэрэг баримтад Б дүүргийн татварын хэлтсийн Архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хэдий ч хариуцагч компанийн захирал нь эдгээр баримтын үнэн зөв тал дээр маргадаггүй болно.
Дээр дурдсан ярилцлагын тэмдэглэл, албан бичиг, татварын улсын байцаагчийн акт зэрэг нотлох баримтыг үзэхэд хариуцагч Т ХХК нь татварын өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, одоогоор төлөх боломжгүй байгаа, дараа төлөх хүсэлтээ тухай бүр татварын хэлтэст илэрхийлж байсан болох нь тогтоогдож байна.
Хэрэв улсын байцаагчийн актаар тавигдсан татварын өр төлбөрийг үндэслэлгүй гэж хариуцагч үзсэн бол Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар акттай танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй байжээ.
Эдийн засгийн нөхцөл байдал муудсан, үйлдвэрийн байр шатсан, үйлдвэрлэлийн осолд орсон зэрэг нөхцөл байдал нь хуулиар тогтоосон татварыг хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 3.1-т зааснаар татварыг өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхийг зөвхөн Улсын Их Хурал эдэлдэг байна.
Иймд татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18.1.1, 18.1.4-т тус тус зааснаар татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй тул хариуцагч Т ХХК-иас татварын өр төлбөр 41.095.336 төгрөг гаргуулах тухай Б дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-т тус тус заасныг баримтлан Т ХХК-иас 41.095.336 төгрөгийг гаргуулан Б дүүргийн Татварын хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 363,427 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР