Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 741

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00578

 

 

**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын ** багт байрлах **** **** ХХК-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** аймгийн **** сумын ** баг Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн хэлтэс,

 

Хариуцагч: **** аймгийн Засаг даргад холбогдох

 

760870 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч **** **** ХХК-ны захирал Б.Э****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А****г, хариуцагч Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Х.Х****, нарийн бичгийн дарга Т.Т**** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** **** ХХК-ны захирал Б.Э**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2012 оны 06 дугаар сард **** сумын 3 дугаар багийн иргэн “****” ХХК-ны малчин Д****гийн тэмээн сүрэгт хүн, мал, амьтны галзуу өвчин гарсан нь УМЭАЦТЛабораторийн шинжилгээгээр батлагдан оношлогдсон. Эх хувь нь Хүнс хөдөө аж ахуйн газарт хадгалагдаж байгаа болно. Өвчний голомтын бүс болох ** багийн нутаг дэвсгэрт байрлах адуу-17 толгой, үхэр-618 толгой, хонь-1952 толгой, ямаа-1357 толгой, нохой-26 толгой мал амьтанд галзуу өвчний тарилгыг хийж гүйцэтгэсэн. Эдгээр малд тарилга хийсний хөлс болох 760870 төгрөгийг одоо болтол авч чадаагүй байна.

  1. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, **** сумтай мал эмнэлэгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх 2012 оны гэрээг байгуулан ажилласан,
  2. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.2.1-т заасны дагуу галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах үйлчилгээний хөлсийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ,
  3. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний ажлын гүйцэтгэлийг **** сумын Мал эмнэлэгийн үйлчилгээний нэгж байсан **** ХХК-тай хамтран гүйцэтгэсэн ба тарилгын акт баримтыг хавсаргав. Эх материал нь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар архивлагдан хадгалагдаж байгаа болно гэв.

 

Хариуцагч Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Х.Х**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            ХХАА-ын Мал эмнэлэгийн хэлтэс нь аймгийн хэмжээнд мал амьтдыг халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд хамруулах малын тоо, толгой түүнд шаардагдах эм бэлдмэлийн захиалгыг жил бүр гарган аймгийн Засаг даргаар батлуулан Үйлдвэр Хөдөө Аж ахуйн яаманд хүргүүлдэг юм. ХХАА-н сайд нь аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тухайн онд хийгдэх мал эмнэлэгийн арга хэмжээг тодорхой тусган хэрэгжилтийг нь манай газраас зохион байгуулдаг юм. Үүний дагуу ХХААЖДҮГ-ын Мал эмнэлэгийн албаны дарга нь / 2012 оны албан тушаалаар бичив/ сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг, хувийн хэвшлийн Мал эмнэлэгийн нэгжүүдийн захирал, эзэдтэй гэрээ байгуулан уг гэрээг ХХААЖДҮГ-ын дарга, тухайн сумын Засаг дарга нар баталгаажуулж, гэрээний хавсралтанд халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний нэр төрөл, түүнд хамрагдах малын тоо, толгойг тодорхой тусгадаг.

            **** **** ХХК-ны хувьд 2012 онд уг гэрээний 1-р хавсралтын дагуу 12 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд нийтдээ 48,5 мянган толгой мал, амьтдыг хамруулахаар үүрэг хүлээсэн юм. ХХААЖДҮГ-ын хувьд зөвхөн тухайн онд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан төлөвлөгөөт арга хэмжээг хэрэгжүүлсэн хувийн хэвшлийн мал эмнэлэгийн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн гүйцэтгэлийн материалыг үндэслэн аймгийн ИТХ-аар баталсан тухайн орон нутгийн төсвөөс санхүүжилтийг олгодог юм. **** **** ХХК нь энэхүү гэрээнд заасан халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг бүрэн хийсэн тул манай газраас гэрээнд заагдсан халдварт өвчнөөс сэргийлэх тарилганд олгох санхүүжилтийг ч бүрэн олгосон болно. Б.Э**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 3970 толгой малыг тарилганд хамруулсан 760700 төгрөгийн үйлчилгээний  хөлсийг ХХАА-н газраас нэхэмжлэхдээ гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн үндэслэл болгожээ. Гэтэл гэрээнд зөвхөн 100 толгой нохойнд галзуугийн тарилга хийхээр төлөвлөсөн бөгөөд мал /үхэр, хонь, ямаа/ тарихаар гэрээнд ямар нэгэн заалт байхгүй тул манай газраас санхүүжилт олгох үндэслэлгүй болно,

            ХХААГ нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлөвлөгөөт арга хэмжээний санхүүжилтийг ч бүрэн олгосон тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч санхүүжилт олгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Харин хариуцагч нь **** сумын Засаг дарга болно,

            **** сумын ** багт галзуу өвчин гарсантай холбогдуулан тухайн үед уг өвчнөөс сэргийлэх зорилгоор **** сумын Засаг даргын шийдвэрээр голомт бүхий бүсийн мал сүрэгт галзуу өвчнөөс сэргийлэх тарилга хийсэн нь үнэн болно. Энэ нь хүн малын халдварт өвчин гарсан үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь тухайн сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал учраас санхүүжилтийг ч **** сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй. Уг өвчин нь зөвхөн **** сумын ** багийн хэмжээнд гарсан болохоос бусад суманд гараагүй тул аймгийн хэмжээний асуудал биш юм. Харин аймгийн Засаг дарга тухайн оны төлөвлөгөөт арга хэмжээнд шаардагдах 80,6 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусган тухайн жилдээ Мал эмнэлэгийн нэгжүүдэд олговол зохих санхүүжилтээ бүрэн олгосон. Иймд сумын чанартай дээрхи арга хэмжээнд аймгийн Засаг даргын нөөцөөс дахин санхүүжилт олгох үндэслэлгүй болно. Хэрэв сумын чанартай асуудлыг сумаас биш аймгийн Засаг даргын нөөц төсвөөс гаргуулах юм бол цаашид буруу жишиг тогтохыг анхаарна уу гэв.

            Хариуцагч **** аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А****г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хариуцагч Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Х.Х****ын тайлбартай санал нэг байна.

1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх хэсэгт сум, дүүргийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн, үүсч болзошгүй гамшгийн үед тухайн сум, дүүргийн Засаг дарга бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.2 дахь хэсэгт “хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх гэж хуульчилсан. Гэтэл энэ өвчин нь зөвхөн **** сумын ** багийн иргэн Д****гийн тэмээн сүрэгт гарсан. Энэ хүн **** аймгийн нутаг дэвсгэр Хавцалд амьдарч байсан байна. **** сумаас **** аймгийн Хавцал хүртэлх газар нутгийн хэмжээ нь 26 км байдаг. Д****гийнх 21 км-т амьдарч байсан. **** сумаас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлэхээр холбогдох мэргэжилтнүүд нь очиж ажиллан тодорхой арга хэмжээ авсан байна. Энэ нь зөвхөн 1 суманд гарсан гэдэг нь үүгээр нотлогдож байна.

2.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон дараах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ,

Мөн хуулийн 15.1.2-т заасан өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах үйлчилгээний хөлс гэж хуульчилсан. Энэ нь ганцхан **** аймагт биш **** суманд ч орон нутгийн төсөв хуваарилагдсан байдаг. Хэрвээ аймгийн Засаг даргын нөөц сангаас энэ зардлыг гаргах байсан бол аймгийн Онцгой комисс хуралдан холбогдох арга хэмжээ авч, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Засаг даргын захирамж гаргадаг. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Онцгой байдал хуралдаагүй байна.

Дээрхи байдлаас дүгнэн үзэхэд 2012 оны 06 дугаар сард **** сумын 3 дугаар багийн иргэн “****” ХХК-ны малчин Д****гийн тэмээн сүрэгт малын галзуу өвчин гарч түүний үйлчилгээний хөлсөнд зарцуулсан 760870 төгрөгийг аймгийн Засаг дарга хариуцан гаргах үндэслэлгүй байна.

Иймд **** сумын **** **** ХХК-ны нэхэмжилж байгаа 760870 төгрөгийг **** сумын Засаг даргын нөөцөөс гаргуулах нь зүйтэй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** **** ХХК нь хариуцагч Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, аймгийн Засаг даргад холбогдуулан үйлчилгээний хөлс 760870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч **** **** ХХК нь **** аймгийн **** суманд мал эмнэлэг, үржлийн албаны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. / хх-ийн 4-7/

 

Нэхэмжлэгч **** **** ХХК нь **** сумын Засаг дарга, **** аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран “Сумын мал сүргийг халдварт, паразит өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, оношлох зориулалтаар улсын хөрөнгө оруулалтаар олгож буй эм био бэлдмэлийн хадгалалт, ашиглалт, зарцуулалтанд тавих хяналт, мал сүргийг мал эмнэлэгийн арга хэмжээнд бүрэн хамруулах, малын эрүүл мэндийг хамгаалах ажил үйлчилгээг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэх зорилгоор” 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гурвалсан гэрээ байгуулан ажиллаж гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэсэн, хариуцагч нь гэрээнд заасны дагуу санхүүжилт 86 сая төгрөг олгосон гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 6 сард малчин Д****гийн тэмээн сүрэгт галзуу өвчин гарсан тул голомтын бүс болох ** багийн нутаг дэвсгэрт байрлах адуу-17, үхэр-618, хонь-1952, ямаа -1357, нохой-26 толгой малд галзуу өвчний тарилгыг хийж гүйцэтгэсний хөлс 760870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Х.Х**** ... ХХААГ нь 2012 онд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлөвлөгөөт арга хэмжээний санхүүжилтийг ч бүрэн олгосон тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч аймгийн Засаг дарга нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх хэсэгт “сум, дүүргийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн, үүсч болзошгүй гамшгийн үед тухайн сум, дүүргийн Засаг дарга бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.2 дахь хэсэгт “хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх гэж хуульчилсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2012 оны 06 сард **** аймгийн **** сумын нутаг **** **** сумын ** багийн иргэн малчин Д****гийн тэмээн сүрэгт хүн, мал, амьтны галзуу өвчин гарч **** **** ХХК нь голомтын бүсэд адуу-17, үхэр-618, хонь-1952, ямаа -1357, нохой-26 толгой малд галзуу өвчний тарилгыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож талууд маргаагүй байна.

 

Хариуцагч аймгийн Засаг дарга нь бид Гамшгийн тухай хуульд заасны дагуу гамшиг болсон гэж үзвэл Онцгой байдал хуралдуулж гарах зардлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэтэл энэ нь зөвхөн нэг аймгийн нэг суманд гарсан асуудал тул гамшиг гэж үзэхгүй сумын Засаг дарга хуулиараа хариуцах ёстой тул зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн хэлтэс нь бид 2012 онд байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсийг төлсөн гэтэл энэ 2012 оны 06 сард гарсан галзуу өвчний тарилгын асуудал гэрээнд тусгагдаагүй, төлөвлөгөөт бус ажил тул бид хариуцахгүй сумын Засаг дарга хариуцана гэж байгаа боловч Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон дараах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ”, мөн хуулийн 15.2.1-д энэ хуулийн 15.1.2-т заасан өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах үйлчилгээний хөлс” гэж заасан бөгөөд аймгийн Хөдөө аж ахуй мал эмнэлэгийн хэлтэс нь аймгийн Засаг даргын харъяа агентлаг байх тул маргаж буй үйлчилгээний хөлсийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 760870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** **** ХХК-д олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 22810 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** аймгийн Засаг даргаас 22810 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА