Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2016/00168

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2016/00168

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар би,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, . хороо, Ө байр тоот хаягт оршин суух У овогт Б.Т /рд:......./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, . хороо, Х гудамж гудамж, 33 тоот хаягт оршин суух О овогт Б.Н /рд:......../-д холбогдох,

 

2008 оны 11 сарын 07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2008 оны 12 сарын 20-ны өдрийн Хэлцэл-ийн дагуу С дүүрэг, . хороо, О гудамжгудамж, 359-1 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Ц нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С , гэрч С.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 11 сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн С дүүрэг, . хороо, О гудамжгудамж, 359-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Н од бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Бэлэглэлийн гэрээ хийх болсон шалтгаан нь Б.Н гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт татаж Б.Т надтай хамтран ажиллана гэсэн учир Б.Н ын нэр дээр гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд хамтран ажиллахаар түүний нэр дээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлсэн. Бэлэглэлийн гэрээгээр объектоо шилжүүлсний дараа анх хэлэлцэж тохиролцсон тохиролцоогоо бичгийн хэлбэрт оруулж 2008 оны 12 сарын 20-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх тухай хэлцэл хийж нотариатаар батлуулсан. Уг хэлцэл ёсоор 2009 оны 7 сарын 01-ний өдөр Б.Н нь миний хадам аав болох Ц.Ц дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөх ёстой байсан. Гэтэл хариуцагч хэлцэлд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй төдийгүй хаана оршин суугаа болох нь тодорхойгүй болсон учир үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд хандсан бөгөөд хариуцагчийг эрэн сурвалжилах шийдвэрийг шүүх гаргасан байдаг. Иймд 2008 оны 11 сарын 07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2008 оны Хэлцэл-ийн дагуу С дүүрэг, . хороо, О гудамжгудамж, 359-1 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Ц нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Т той объектыг бэлэглэлийн гэрээгээр авах болсон шалтгаан нь Б.Т ын хадам эцэг Ц.Ц , хадам эх С.О нарын гуйлтаар авсан. Ц.Ц , С.О нар нь их хэмжээний өртэй учир өөрсдөд нь зээл олгохгүй байна гээд намайг нэр дээрээ объектыг шилжүүлж аваад зээл авч өгөхийг гуйсан. Тэгээд Я.Гансүх гэдэг хүнээс 20,0 сая төгрөг зээлж би 10,1 сая төгрөгийг, Ц.Ц , С.О нарт 9,9 сая төгрөгийг зээлүүлсэн. Ингээд зээлээ хувааж төлөхөөр тохиролцсон боловч Ц.Ц , С.О нар нэг ч төгрөг төлөөгүй. Иймд уг объект нь зээлийн барьцаанд байгаа тул бэлэглэлийн гэрээг буцаах ямар ч боломжгүй. Хэрэв Я.Гансүхэд зээлээ төлчихвөл уг объектыг буцааж өгч болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь 2008 оны 11 сарын 07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2008 оны хэлцлийн дагуу С дүүрэг, . хороо, О гудамжгудамж, 359-1 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Ц нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Н эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь бэлэглэлийн гэрээг хөрөнгө оруулалт татах зорилготой байгуулсан, дараа буцаан шилжүүлэхээр хэлцэл хийн баталгаажуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Б.Н нь зээл авах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцаанд байгаа, зээлийг төлж барагдуулсан тохиолдолд буцаан шилжүүлж болно гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Н од Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн /хх-58х/ боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн, 2016 оны 6 сарын 15-ны өдөр хариуцагч Б.Н ын өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч иргэний хэрэгт хариуцагч өмгөөлөгч авсан талаар нотлох баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Зохигч талууд 2008 оны 11 сарын 07-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулсан, уг бэлэглэлийн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргадаггүй ба Бэлэглэлийн гэрээ байгуулах болсон шалтгаан үндэслэлийн талаар маргаж байна.

Зохигч талуудын тайлбараас үзэхэд Б.Т , Б.Н нар 2008 оны 11 сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т зааснаар тодорхой эд хөрөнгийн хариу төлбөргүй шилжүүлэх хүсэл зориг, эрмэлзэл байгаагүй болох нь нотлогдож байна.

 

Тодруулбал, талууд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т заасан утга санаа, агуулгаар бэлэглэлийн гэрээг байгуулаагүй болохоо лавтай сайн мэдэж байсан байх ба уг бэлэглэлийн гэрээний цаана өөр хэлцэл хэлэлцэгдэн тохиролцож байсан нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар 2008 оны 11 сарын 07-ны өдөр Б.Т , Б.Н нарын байгуулсан Бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

 

Иймд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Т ын шаардлага үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул 2008 оны 12 сарын 20-ны өдөр Б.Н , Ц.Ц нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх агуулгатай Хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд уг хэлцлийн дагуу С дүүрэг, . хороо, О гудамжгудамж, 359-1 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Ц нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, 2008 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийн нэг тал нь Ц.Ц байтал Б.Т оос уг хэлцлийг биелүүлэх талаар шаардлагыг Б.Н од гаргаж байгаа нь буруу байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг хянан шийдвэрлэх эрхтэй ба нэхэмжлэгч Б.Т нь Иргэнхий хуулийн 56.4, 56.5, 56.6-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасныг баримтлан Б.Т , Б.Н нарын байгуулсан 2008 оны 11 сарын 07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2008 оны 12 сарын 20-ны өдрийн Хэлцэл-ийн дагуу С дүүрэг, . хороо, О гудамжгудамж, 359-1 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Ц нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70.200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР