Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2016/00167

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2016/00167

Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар би,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, . хороо, . хороолол, . тоот хаягт оршин суух, И овогт Г.О /рд:........./-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, . хороо, К байр, . тоот хаягт оршин байгаа М холбоо /рд:...../-нд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 17.388.000 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, МХЭАХНҮХ-ны дэд даргын албан тушаалд эгүүлэн томилогдох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр намайг МХЭАХНҮХ-ны хэрэг эрхлэх газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.394.286 төгрөгийг уг холбооноос гаргуулж Г.О надад олгож шийдвэрлэсэн. Гэтэл тус холбоо нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Би шүүхийн шийдвэр гарснаас хойш тус холбооны удирдлагуудтай байнга ажилдаа орох талаар уулздаг. Мөнгө байхгүй учир ажилд авах боломжгүй, цалингүй ажиллавал ажил гэж хэлдэг. Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөө өгөх юм бол бичилт хийж өгье гэдэг. Иймд 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 20 хүртэл 7 жил буюу 84 сарын цалин х 207.000 төгрөг /цалингийн доод хэмжээ/= 17.388.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, МХЭАХНҮХ-ны дэд даргын ажилд эгүүлэн томилогдох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч МХЭАХНҮХ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 10-р хорооллын 9-40 тоотод суух Г.О гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ц.О , У.Б , Г.О нар тус байгууллагад ажилладаггүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоонд холбогдуулан ажилгүй байсан 2009 оны 2 сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17.388.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэд даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч МХЭАХНҮХ-ны гүйцэтгэх захирал А.Тунгалагт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар ажлын газрын хаягаар, 77.2-т зааснаар утсаар мэдэгдсэн талаар баримт иргэний хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамтаар шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Өмнө нь хариуцагчид мэдэгдэх хуудсыг 2016 оны 3 сарын 09-ний өдөр, 2016 оны 4 сарын 01-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч шүүхэд хүрэлцэн ирэхгүй, шүүн таслах ажиллагаанд хүндрэл учруулсан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 сарын 21-ний өдрийн 101/ШЗ2016/16625 дугаар захирамжаар албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

 

Иймд шүүхийг үл хүндэтгэдэг, шүүхийн мэдэгдэх хуудас авсан боловч хүрэлцэн ирдэггүй хариуцагчид нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулах, хэрэг хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалыг танилцуулахын тулд шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О г М холбооны Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд сургалт сурталчилгааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.394.286 төгрөгийг уг холбооноос гаргуулж Г.О д олгож шийдвэрлэсэн /хх-20х/ байх бөгөөд уг шүүхийн шийдвэр биелэгдээгүй /хх-3х/ байгаа болох нь баримтаар нотлогдож байна.

 

Аливаа байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ба хариуцагч М холбоо нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Г.О гийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуцагч байгууллагатай байнга очиж уулзаж байсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж хариуцагч хэлдэг гэж нэхэмжлэгч Г.О тайлбарладаг ба үүнийг хариуцагч баримтаар няцаагаагүй болно.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр Г.О г өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон нь хүчин төгөлдөр байгаа учир ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага үндэслэлгүй, мөн дээр дурдсан шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацааны буюу 2009 оны 2 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.О гийн нэхэмжлэлийн зарим шаардлага нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн шаардлагатай давхцаж байна.

 

Иймд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацааны буюу 2010 оны 2 сарын 13-ны өдрөөс 2016 оны 2 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилд эгүүлэн тогтоолгох, 2009 оны 2 сарын 20-ны өдрөөс 2010 оны 2 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Г.О гийн 2008 онд авч байсан сарын дундаж цалин хөлс нь 106.413 төгрөг байсан /хх-21х-10 дахь догол мөр/, Г.О 2008 оны 4 сараас хойшхи хугацаанд хариуцагч байгууллагаас цалин хөлс аваагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч М холбооноос (140.400 төгрөг х 55 сар) + (192.000 төгрөг х 29 сар) = 13.220.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О д олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан хариуцагч М холбоо /рд:...../-ноос ажилгүй байсан хугацааны олговорт 13.220.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г.О /рд:........./-д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4.168.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасныг баримтлан М холбооны дэд даргаар эгүүлэн тогтоолгох шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч М холбооноос тэмдэгтийн хураамжид 224.050 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР