| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2016/05023/И |
| Дугаар | 181/ШШ2016/00142 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2016/00142
| 2016 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2016/00142 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч дүүрэг, . хороо, И хаягт оршин байгаа С ХХК /рд:..... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, Ч өргөн чөлөө 8, Алтай цамхаг хаягт оршин байгаа А ХХК /рд:....../-д холбогдох,
Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 631.768.610 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т , хариуцагчийн төлөөлөгч Д.Б , Б.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 10 сарын 08-ны өдөр А ХХК-тай 2015/26 тоот газран тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн дагуу худалдан авагч нь сар бүрийн 25-ны өдрийн дотор нийлүүлэгч талтай тооцоо нийлж худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулсан өдрөөс манай компани шатахуун нийлүүлж эхэлсэн ба А ХХК нь гэрээний үүргийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Одоо нийт худалдан авсан шатахууны үнэ 429.482.400 төгрөг, гэрээний 3.3-т заасан үндэслэлээр нэг хоногийн алданги 1.288.447 төгрөг, хугацаа хэтэрсэн нийт 157 хоногийн алданги 202.286.210 төгрөг болж байна. Худалдан авсан шатахууны үндсэн төлбөр 429.482.400 төгрөг, алданги 202.286.210 төгрөг, нийт 631.768.610 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь С ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 492.482.400 төгрөгний үнийн дүн бүхий бүтээгдэхүүнийг зээлээр авсан. Гэвч харамсалтай нь нийт улс орныг хамраад байгаа санхүү эдийн засгийн хямралтай байдал манай компанийн хувьд ч мөн адил сөргөөр нөлөөлж, дээрх гэрээний дагуу бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний хугацаанд цаг тухайд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх хэрэг явдалтай холбоотойгоор талуудын удирдлагууд 2016 оны 3 сарын 31-ний өдөр уулзаж, 2015 оны 10 сарын 08-ны өдөр байгуулсан 2015/26 тоот гэрээний 3.3-т худалдан авагч энэхүү гэрээний 3.1-т заасан хугацаанд багтаан төлбөрөө төлөөгүй нөхцөлд хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.3%-ийн алданги төлнө гэж заасан байсан нөхцлийн талаар дахин хэлэлцэн тохирсон бөгөөд сарын 3%-ийн хүү тооцон нийт 485.744.594 төгрөгний төлбөр төлөхөөр тохиролцож тооцоо нийлсэн. Тус тохиролцооны дагуу А ХХК 125.000.000 төгрөг, 150.000.000 төгрөг, нийт 275.000.000 төгрөгийг төлж барагдуулаад байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа нийлүүлэх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 429.482.400 төгрөг, алданги 202.286.210 төгрөг, нийт 631.768.610 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 275.000.000 төгрөгийг төлсөн учир нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 275.000.000 төгрөгөөр багасгаж, үндсэн төлбөр 154.482.400 төгрөг, алданги 202.286.210 төгрөг, нийт 356.768.610 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Зохигч талууд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, А ХХК нийт 429.482.400 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн авч хэрэглэсэн үйл баримтын талаар маргадаггүй.
Нэхэмжлэгч С ХХК нь гэрээний 3.3-т худалдан авагч гэрээнд заасны дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3%-ийн алданги төлөхөөр зааж өгсөн учир 202.286.210 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй гэж шаардлагын үндэслэлээ, хариуцагч А ХХК нь талууд тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, хоног тутам 0.3%-ийн алданги тооцох гэрээний зохицуулалтыг өөрчилж, 3%-ийн хүү тооцохоор харилцан тохиролцсон тул 202.286.210 төгрөгийн алдангийг хариуцах үндэслэлгүй, харин 56.262.194 төгрөгийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлан маргаж байна.
Хариуцагч А ХХК-ийн тайлбар үндэслэлтэй байна.
Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах тухай гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч С ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч А ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Нэхэмжлэгч С ХХК нь 2016 оны 3 сарын 31-ний өдөр алданги тооцохгүй, хүү тооцох талаар саналыг /хх-33х/ гарган хүргүүлсэн байх ба С ХХК-ийн нягтлан бодогч С.Гантөмөр, А ХХК-ийн нягтлан бодогч Э.Уранцэцэг нар тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, хариуцагч компани үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 485.465.522 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй /хх-34х/ болохыг тодорхойлсон байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож, алданги төлөх үүрэг дуусгавар болжээ.
Иймд 485.465.522 төгрөгийн үүргээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 275.000.000 төгрөгийг хасаж, 210.465.522 төгрөгийг А ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тохиолдолд багасгасан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос буцаан олгохгүйг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг баримтлан хариуцагч А ХХК /рд:....../-иас 210.465.522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК /рд:..... /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 146.303.088 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.316.800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.210.278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР