| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00294/И |
| Дугаар | 888 |
| Огноо | 2015-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 888
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00294/И
**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч **** аймгийн **** сум ** баг ** хэсэг ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, А**** овогт Л****ын Э****ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч **** аймгийн **** сумын ** дугаар баг ** тоотод оршин суух, регистрийн дугаар **, Б** овогт С****гийн Б****т холбогдох
1300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Э****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э****, хариуцагч С.Б****, хариуцагчийн өмгөөлөгч Л.О****, гэрч Д.А****, С.М****, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Б****тай найз О****аар дамжуулж танилцсан юм. Б**** нь удаа дараа мөнгө гуйж байдаг байсан. Сүүлд эгчид нь яаралтай хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь би танд хүнээс авч өгье харин та удахгүй өгөөрэй гэхэд тэгнэ, бараа авчираад удахгүй гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө мөнгө авдаг эгчээсээ өөрийн нэрээ барьцаалаад мөнгө авч өгсөн. Удахгүй мөнгө нэхэхэд түр байж бай миний дүү санаа зоволтгүй, гутлаа бөөндөөд эгч нь мөнгө гаргаж өгнө гэж хэлсэн. Сүүлдээ утсаа авахгүй болсон. Аргаа бараад дэлгүүр дээр нь очиход дэлгүүрээ ажилуулахаа больсон гэж өөр хүн байсан. Би гэр орныг нь мэдэхгүй нөгөө хүн нь надаас нэхээд аргаа бараад би ээжийнхээ байрыг ББСБ-д барьцаанд тавьж энэ хүний өмнөөс өрийг нь төлсөн. Сүүлд холбоо барихад чи намайг ямар баримт нотолгоогоор өгсөн гэж байгаа юм, миний гар хөлийн үсэг байхгүй гэж байна лээ. Нөхөр лүү нь залгахад цувуулаад өгсөн ш дээ гэж байсан. Ер нь бол энэ хүн өгөхгүй санаа бодолтой байгаа болохоор би шүүхэд хандахаас өөр арга алга даа. Хүнд итгэмтгий зангаасаа болж хүний өмнөөс өрийг нь төлөөд байх хэцүү юм. Иймд Б****т зээлдүүлсэн 1.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Э**** түүний өмгөөлөгч Э**** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б****ыг сайн танихгүй. Найз О**** сайн хүн гэж хэлсэн. Надаас удаа дараа гуйгаад байхаар нь 1250.000 төгрөг шилжүүлсэн. Анх 15 хувийн хүүтэй гэж ярьсан. Б****аас 195000 төгрөгөөр 3 удаа нийт 585.000 төгрөг авсан. Гэхдээ үүнийг хүү нь гэж авч байсан. Би удаа дараа утсаар ярьж гэрээгээ хийе гэж байсан боловч Б**** ирээгүй. Миний найз О**** нас барсан. Хэрэв тэр байсан бол гэрч болох байсан. Тугалтай үнээ зараад өгье гэж хэлээд алга болсон. Гэтэл Б****ын ах нь гээд хүн 99409940 дугаараас яриад би мөнгийг нь өгнө битгий Б**** руу залгаарай гэсэн. Би тэр хүн рүү байнга залгаж байсан боловч утсаа авдаггүй байсан. Би хүнээс хүүтэй авсан тул их хохирч байна. Б**** нь утсаар ярихад маш их доромжилдог. Би өмгөөлөгч авч гэрээ хэлцэл хийгээгүй бол хүү авах эрхээ алддагийг мэдсэн тул Б****аас шилжүүлсэн 1250.000 төгрөгнөөс 585.000 төгрөгийг хасч үлдэгдэл 665.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Б**** түүний өмгөөлөгч Л.О**** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Э****ийг зүс танина. Эдний найз Отгонбаяр зуучилж 1250.000 төгрөгийг 1300.000 төгрөг болгож өгөхөөр авсан. Бид хүүний талаар яриагүй. Би хүнд тухайн үед 200.000 төгрөг шилжүүлж байсан тул ялгахын тулд 195000 төгрөгөөр шилжүүлж байсан. Миний бие хүнд өвдсөн. Өгнө гэж утсаар ярьдаг байсан. Номинд таараад би тугалтай үнээ өгье гэхэд мал мэдэхгүй гэсэн. Тэгээд миний төрсөн ах М**** мөнгийг нь өгнө гэсэн. **** буудлын гадаа үлдэгдэл 700.000 төгрөгийг өгсөн байсан. Би 3 удаа 195.000 төгрөгөөр шилжүүлсэн. 1 удаа ажил дээр нь 190.000 төгрөг аваачиж өгсөн. Нийт 1480.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Э**** нь хариуцагч С.Б****т холбогдуулан 1300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Э**** нь хариуцагч С.Б****тай харилцан тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1250.000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэг болон зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 3/
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ...бид анх ярихдаа сарын 15 хувийн хүүтэй гэж тохиролцсон гэхдээ бид бичгээр гэрээ байгуулаагүй тул үндсэн мөнгөнөөсөө шилжүүлсэн 585000 төгрөгийг хасч үлдэх 665.000 төгрөгийг нэхэмжилж байна гэснийг хариуцагч нь бид хүү тохиролцоогүй би 1250.000 төгрөгийг 1300.000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон би 195.000 төгрөгөөр 3 удаа 585.000 төгрөг өгсөн, мөн ажил дээр нь 190.000 төгрөг бэлнээр өгсөн, ах М**** 700.000 төгрөг өгсөн нийт 1480.000 төгрөг өгсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Нэхэмжлэгч Л.Э****, хариуцагч С.Б**** нар нь зээлийн хүүгийн талаар амаар тохиролцсон гэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй байна.
Хариуцагч С.Б**** нь 3 удаа 195.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Э****ийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан С.Б****ын **** банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. / хх-ийн 18-20/
Хариуцагч С.Б**** нь би Л.Э****ийн ажил дээр нь бэлнээр 190.000 төгрөгийг аваачиж өгсөн. Намайг мөнгө өгөхөд Э**** нь хүний үс засч байсан тул шүүгээнд хийчих гэсэн тэр үед эрэгтэй үсчин цуг байсан гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч С.Б**** нь намайг өвчтэй эмнэлэгт байх үед миний төрсөн ах С.М**** Эрдэнэгаравт 700.000 төгрөг өгсөн тул гэрчээр төрсөн ах С.М****, бэр эгч Д.А****, төрсөн дүү С.Э****, бэр Х.Ө**** нарыг гэрчээр асууж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 43.7-д зааснаар гэрчүүдэд хууль сануулж мэдүүлэг гэрчийн мэдүүлэг авсан байна. / хх-ийн 27-31/
Гэрч С.Э****, гэрч Х.Ө**** нарын ... ах хүүхдээ цэцэрлэгээс нь аваад хүнтэй уулзана гээд 39-н урд замын урд талд байдаг буудалд очсон. Тэгээд яах гэж байгаа юм бол гэсэн чинь хүүхэд дагуулсан хүн гарч ирээд жолооч талаар нь ирээд уулзаж байсан. Тэгээд дундуур нугалсан 20.000 дэвсгэрттэй мөнгө өгч байсан гэсэн мэдүүлэгээр нэхэмжлэгчид 700.000 төгрөгийг өгсөн гэж шууд нотолж чадахгүй байх бөгөөд мөн гэрч С.М****ийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт ...**** сумын ** баг **** буудлын гадна талбайд өөрийн эзэмшлийн Toyota Vitz маркийн **** улсын дугаартай автомашинтай эхнэр Д.А****, дүү С.Э****, бэр Х.Ө**** нарын хамт явж байгаад Э****т 700.000 төгрөгийг өгсөн. Э**** нь 2 орчим насны хүүхдийн хамт буудлаас гарч ирээд мөнгөө авсан гэсэн мэдүүлэг, гэрч Д.А****ийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт...бид 2014 оны 10 сард 4 том хүн 3 хүүхдийн хамт Toyota Vitz маркийн **** улсын дугаартай автомашинтай явж байсан. Э**** нь манай нөхөр рүү утасдаад байсан. Урд өдөр нь манай нөхөр 800.000 төгрөг авчирсныг гэртээ 1 хонуулаад 700.000 төгрөгийг нь хүний юм өгчихье гээд **** буудлын гадаа ирсэн. Тэгэхэд энэ хүүхэн хүүхэд дагуулаад гарч ирээд жолооч талын хаалга тойрч ирээд мөнгөө аваад явсан. 2 орчим насны хүүхэдтэй цуг байсан гэсэн мэдүүлэг зэргээр 700.000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлж байх бөгөөд дан ганц гэрчийн мэдүүлэгээр мөнгө өгсөн байдал нь тогтоогдохгүй, энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б****ийн шүүхэд гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч **** аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн замын камерт үзлэг хийхэд ...**** сумын ** байрны орчим эмнэлэгийн урд зам, **** буудал, М Ойл станц руу харсан замын камер байхгүй байсан, **** сумын 14-р баг **** буудал ХХК-ны харуул хамгаалалтын камерийн бичлэгт үзлэг хийхэд ...2014 оны хавтаст файл хадгалагдаагүй, 2015 оны 7 сарын 22-ноос өмнөх 16 хоногийн бичлэг хадгалагдаж байна гэсэн тэмдэглэл, **** сумын ** багт байрлах ** станцын харуул хамгаалалтын камерын бичлэгт үзлэг хийхэд ...2015.07.09-ний өдрөөс хойшхи бичлэг нь одоогоор хадгалагдаж байна гэсэн тэмдэглэл үйлдэгдсэн байна. / хх-ийн 50-58/
Мөн хариуцагчийн хүсэлтээр **** буудал ХХК-иас компьютерийн хардыг шүүхийн журмаар албадан гаргуулж үзлэг хийхэд ...тус хардны багтаамж 500GB учир бичлэгийг сэргээх боломжгүй гэсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. / хх-ийн 69-70/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “ хэргийн нотлох баримт нь ...гэрчийн мэдүүлэг, ...үзлэг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан боловч дээрхи гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэг нь мөнгө өгсөн гэдгийг хангалттай нотолж чадахгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдүүлэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагч С.Б**** нь энэ үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1250.000 төгрөгөөс нотлох баримтаар тогтоогдсон 585.000 / 195000х3/ төгрөгийг хасч үлдэх 665.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 50.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 35750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34549 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б****аас 665.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Э****т олгож, 50.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 35750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б****аас 34549 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА