Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 913

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2014/00316/И

 

 

            **** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын ** дугаар баг, ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт М****ын Б****ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** аймгийн **** сум ** баг **** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Л****гийн Э****д холбогдох

 

**** ХХК-ны гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах,

 

2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр **** ХХК-ны Хувьцаа бэлэглэх гэрээ болон Компанийн удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

 

11.350.000 төгрөг гаргуулах,

 

2 жилийн татварын мөнгө болон жишиг компанийн ашиг орлогод дүйцүүлэн ашиг орлогоо гаргуулах,

 

Хариуцагч Л.Э****ын 28550.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Л****, хариуцагч Л.Э****, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г****, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Э**** гэгч нь 2013.10.25-ны өдрөөс 2013.12.25-ны өдрийг хүртэл манай компанийн гүйцэтгэгчээр ажиллахаар тохирч компанийн бичиг баримтыг түр шилжүүлэн аман гэрээ байгуулан ажил эхэлсэн. Манай компанийн хувиар дээр ажиллан надад 28.000.000 төгрөгийг 2013.12.01-нд өгөхөөр тохирсон. Ер нь бол Э**** гэгч нь анхнаасаа луйвардах зорилготой байсан юм байна лээ. Тохирсон мөнгөө хугацаандаа өгөлгүй 2013.12.25-ны өдөр бөөн хэрүүл, маргаан болж 5 сая төгрөгийг өгөөд 2014.01.03нд компанитай холбоотой бичиг баримтыг шилжүүлэн өгнө гэж хэлээд явсан боловч 1-3-наас хойш үргэлж надаас зугатаан утсаа ч авахгүй, тэр битгий хэл хашаа хороонд байсан байшинг хүртэл хэлж ярилгүй хулгайгаар буулган авч явж хүний хөрөнгөнд халдсан. Энэ хүн нь хүний эд хөрөнгийг хэрэглэж дуусаад хүлээлгэн өгөх нь иргэний үүрэг мөн. Манай компанийн хувиар дээр ажиллаад 70 гаруй сая төгрөгийг хувьдаа хэрэглэсэн. Компанийн үйл ажиллагаа бүтэн 10 сар зогсонги байдалтай байгаа нь Э****тай шууд холбоотой. Иймд Л.Э****аас **** ХХК-ны гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Б**** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Компани огт шилжээгүй манайд огт хувьцаа байгаагүй. Би Э****д компанийн юуг ч бэлэглээгүй. Энэ нь дүр исгэсэн, халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл юм. Анх Л.Э**** манай компанийн ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон боловч миний бие муу байсныг далимдуулан тохирсноос шал өөр буруу хэлцэл хийсэн. Иймд биднийг Л.Э**** нь маш их гомдоон итгэл алдан, хударгагүй зан гарган, хуурч мэхлэн, сэтгэл санааны болон эд материалын онц ноцтой хохирол учруулсан тул өгсөн гэх, бэлэглэсэн гэх бэлэгээ буцаан авах хүсэлтэй байна. Иймд Л.Э****тай байгуулсан 2013.10.25-ны өдөр **** ХХК-ны төлөөлөн удирдах эрх шилжүүлэх болон хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Б**** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

  1. Л.Э**** нь **** ХХК-ны хашаанд барьсан 5х7 харьцаатай байшинг бусадтай нийлэн бүлэглэж хулгайгаар буулган хүний эд хөрөнгөнд шунахай зорилго агуулан дур мэдэн халдсан тул тус байшингаа 10 сая төгрөгөөр үнэлж хохирлоо гаргуулах,
  2. Хариуцуулан хэрэглүүлж байсан бусад эд хөрөнгийг үрэгдүүлж хувьдаа завшсан
  • 380 киловатын иж бүрэн хэрэгсэл кабелийн утас -500,000 төгрөг
  • Галын сараа -500,000 төгрөг
  • Таних тэмдгүүд галын хэрэгсэл -300,000
  • Жорлон -50,000 төгрөг гаргуулах,
  1. Ажил гүйцэтгэх гэрээг санаатайгаар халхавчлах зорилгоор гуйвуулж бусадтай хуйвалдан хуурамч бичиг баримт бүрдүүлж компанийн хэвийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан тул 2 жилийн татварын мөнгө болох жишиг компанийн ашиг орлогод дүйцүүлэн, ашиг орлогоо тооцуулан хохирлоо гаргуулах шаардлагатай байна гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Б**** түүний өмгөөлөгч Р.Л**** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013.10.25-ны өдөр би Л.Э****д компани бэлэглээгүй. Манай компанид 1800,000 хувьцаа байхгүй. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээг халхавчлах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлэн шилжүүлэн авсан тул бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Би энэ хүнтэй бичиг баримт бүрдүүлээгүй. Ажил гүйцэтгэх л гэрээ байгуулсан. Энэ хүн намайг болон шүүхийг хуурсан. Шаардлага хангахгүй бичиг баримтаар гэрчилгээ авсан. Тусгай зөвшөөрөлгүйгээр бүртгүүлсэн байдаг. Хуурамч гэрээ байгуулаад **** ХХК-ны нэр дээр үйл ажиллагаа явуулсан. Тусгай зөвшөөрөлгүйгээр **** ХХК-ны хашаанд 5 машин мод буулгасан байсныг мөрдөн байцаагч Э****д мэдэгдэж шалгуулсан боловч мөн л хэрэгсэхгүй болгосон байсан. Бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдэг худлаа, тэр гэрээ нь ****а байна. Би ажил гүйцэтгүүлэхээр анх тохирсон. Би ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл Э**** бэлэглэлийн гэрээ болгосон байсан. Энэ хуурамч. Миний бие Л.Э****аас байшин, галын сараа, жорлон, кабелийн утсыг хулгайгаар авч явсан гэсэн үндэслэлээр  цагдаад хандсан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Би 5х7 харьцаатай байшингаа Ганбат гэдэг хүнд үнийг нь төлж бариулсан. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Би татварын газарт хүсэлт гаргасны дагуу тодорхойлолт өгсөн. Л.Э**** нь 2013 онд компанийн татварт 4841.000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ хүн 60-70 саяын ашиг орлого олж байсан нь үүгээр тогтоогдож байна. Ашиг орлого олж байсан тул компаны 2014-2015 ашиг орлогыг тооцуулан хохирлоо гаргуулах шаардлагатай байна гэв.

 

Хариуцагч Л.Э**** түүний өмгөөлөгч Ц.Г**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 07 сард Б**** нь над руу яриад компаниа намайг худалдаж аваач гэж ярьсан. 8, 9 сард удаа дараа мөнгө зээлээч гэхэд нь би 28.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 5.000.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд 10 сард компаниа надад шилжүүлсэн. Надад Хонгор суманд байрлалтай плокон хашаа л өгсөн. Би тэр дотор 5х7 харьцаатай байшинг мөнгийг нь өөрөө төлж бариулсан. Түүнийгээ буулгаад авсан. Жорлонг мөн би бариулсан хулгай аваад явсан байна лээ. Кабелийн утсыг би Мягмарсүрэнгээс авсан надад байгаа. Галын сараа, таних тэмдгүүд байгаа. **** ХХК нь А****ийнх гэдэг нь тогтоогддог. Энэ компани нь 1 гишүүнчлэлтэй. Б****ийн компани биш. Л.Э**** нь улсын бүртгэлийн гэрчилгээ шилжүүлж авахдаа тусгай зөвшөөрөлгүй гэж бүртгүүлсэн байдаг. **** ХХК-ны захирал А**** М.Б****т итгэмжлэл хийж өгсний үндсэн дээр Улсын бүртгэлийн газар гэрчилгээг шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн үед улсын бүртгэлийн газар ажиллаж байсан Д****ын мэдүүлэгт тодорхой тусгагдсан байгаа. Энэ нь хууль зөрчөөгүй. Мөн Э**** нь 28 сая төгрөгийг буцааж өгвөл компанийг буцааж өгөхөд татгалзахгүй гэдэг. 5х7 харьцаатай байшингийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх тусгай субект үнэлэнэ. Үүнийг компаны хөрөнгөнд дурьдаагүй, 380 квтын кабелийн утас, галын сараа, жорлон зэргийг Э****д хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Компаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тул 2 жилийн хугацаанд олох орлогыг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Э**** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

**** аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулдаг ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх зориулалттай компани юм. Уг **** ХХК захирал А****ийн А****ийн нэр дээр байсан бөгөөд уг компаныг шилжүүлэхэд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Б**** оролцсон юм. Ингээд 2013 оны 10 сарын 25-ны өдөр тус **** компани хууль зүйн дагуу миний нэр дээр шилжсэн. Компаныг шилжүүлэхэд иргэн М.Б**** нь надаас доорхи мөнгийг авсан юм.

  1. 2013 оны 9 сарын 8нд 5.000.000 төгрөг
  2. 2013 оны 10 сарын 10-нд 500.000
  3. 2013 оны 10 сарын 20-нд НДШ-ийн мөнгө тушаана гэж 150.000
  4. 2013 оны 11 сард УБ хотод ном уншуулна гэж 500.000
  5. 2013.11.10-нд татвар төлнө гээд 300.000 төгрөг
  6. 2013.11.14-нд **** банк дотор 12.000.000
  7. 2013.11.18-нд Ц.Э****ын **** банкны **** тоот дансанд Б**** хий гээд 2.000.000 төгрөг
  8. 2013 оны 11 сарын 25-нд МХГ-т өгнө гээд Б****ийн өөрийнх нь **** банкны **** тоот дансанд 300.000 төгрөг
  9. 2013 оны 12 сарын 3нд тусгай зөвшөөрөл авна гээд **** тоот дансанд 300.000 төгрөг
  10. 2013.12.6-нд Б****ад мөнгө өг гээд Ж.А****ийн **** банкны **** дансанд 1.000.000 төгрөг
  11. 2013.12.25-нд **** тоот дансанд 5.000.000 Ингээд нийт 27050.000 төгрөг бэлэн өгсөн
  12.  Мөн Б****ийн хадам, ээж аавд 2 портер зах банз өгсөн бөгөөд үүнийг тус бүрийг нь 350.000 төгрөгөөр бодоход нийт 700.000 төгрөг
  13. М.Б**** нь 2013 оны 12 сард портер машинаар 104 ширхэг цэвэр банз компаны хашаанаас ачиж авч явсны 650.000 төгрөг
  14. 2013 оны 12 сард портер зах банзыг хашааны блокны үлдэгдэл мөнгө гэж ачиж авч явсан үүний үнэ 200.000 төгрөг нийт 1550.000 төгрөг болон нийлээд 28600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч М.Б**** түүний өмгөөлөгч Р.Л**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Л.Э**** нь 28550,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь ор үндэслэлгүй юм. Өөрийнхөө худал хуурмаг булхайг нуун дарагдуулах дүр эсгэж намайг цэвэр гүтгэж нэхэмжлэл гаргасан гомдолтой байна. Л.Э**** гэгч этгээд нь манай компаны гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа эхний ачаа болох 2 ачааг мөн 2013.12.01нд 28.000.000 төгрөг өгөхөөр тохирч ажил эхлүүлсэн. Нийт 41.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Маш удаан хугацаанд биднээс зугатаж явсан. Надаас болон Мягмарсүрэнгээс намайг ажиллуулчих гэж удаа дараа гуйж байсан. Э**** гэгч нь өгөх ёстой байсан 28.000.000 төгрөгөө өгөөгүй тул гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж зөвшөөрөөгүй. Эцэс сүүлд нь манай компаны хашаан дотор байсан 5х7 харьцаатай байшинг хүртэл хэлж ярилгүй нураан авч явсан. Л.Э**** нь 2013.12.25-ны өдөр Б**** надад 5 сая төгрөг өгөхдөө өөрөө авчирч өгөөгүй. Би 2013.12.23-нд очиж тэнд байгаа банз палкыг битүүмжилж авч байж ирсэн юм. Уг 5.000.000 төгрөгийг өгөхдөө Л.Э**** нь надаас “би чамд өгөх ёстой 28.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг өгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр хэн хэн нь тооцоогүй гэсэн бичиг гарын үсэг үйлдэе” гэж гуйсан. Би бодохдоо оргүй хоцорч байхаар 5.000.000 төгрөг авч хоцроё гэж бодож гарын үсэг зурсан. Тэгээд Э**** гэгч нь тамга, тэмдэг гэрчилгээг 2014.01.03нд өгнө гэж хэлээд явсан. Надаас бүтэн 10 сар зугатааж явсан. Миний арга барагдан 2014.09.27-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хувьд Л.Э****д өглөг байхгүй, харин авлага байгаа. Э**** нь өөрийнхөө луйврыг далдлах хайцаалах санаа зорилго агуулж сөрөг нэхэмжлэл гаргасан. Хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Надаас нэхэмжилсэн 14 зүйл нь огт үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч М.Б**** нь хариуцагч Л.Э****д холбогдуулан **** ХХК-ны гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр **** ХХК-ны Хувьцаа бэлэглэх гэрээ болон Компанийн удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 11.350.000 төгрөг гаргуулах, 2 жилийн татварын мөнгө болон жишиг компанийн ашиг орлогод дүйцүүлэн ашиг орлогоо гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагууд, хариуцагч Л.Э**** нь 28.550.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

**** аймгийн **** сумын 8-р баг 17-р хороо 3-р байрны 10 тоотод байрлах Мод боловсруулах, хамгаалах, нөхөн сэргээх, Газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулах чиглэлтэй, 1 гишүүнчлэлтэй **** ХХК-ныг 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б**** овогт А****ийн А**** үүсгэн байгуулсан болох нь хэрэгт авагдсан **** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтууд, гэрч Ц.М****, гэрч А.А****, гэрч Ш.Э**** нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 26-75, 125/

 

**** ХХК нь 2010.10.21, 2012.01.12, 2013.10.24-ны өдөр Ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг тус бүр 3 жилийн хугацаатай Байгаль Орчин Аялал жуулчлалын сайдын зөвшөөрөлөөр авч үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 53-54, 69/

 

**** ХХК-ны захирал А.А**** нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр М.Б****т **** ХХК-ын / 1911012092, 4254538/-н захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, компанитай холбоотой бичиг баримтанд гарын үсэг зурах эрх олгож итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлийн хугацаа 3 жил гэсэн байна. /хх-ийн 5/

 

Энэхүү итгэмжлэлийн үндсэн дээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээр Л.Э****д 1800000 төгрөгийн хувьцааг бэлэглэж **** ХХК-ны хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 4-6/

 

Нэхэмжлэгч М.Б**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би Л.Э****тай **** ХХК-ны хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэх гэрээндээ Л.Э**** нь **** ХХК-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж орсон орлогыг миний дансанд хийх үүрэгтэй байсан гэтэл дээрхи 2 гэрээг надад мэдэгдэлгүй хийсэн тул энэ нь хүчин төгөлдөр бус юм. Би энэ гэрээг байгуулахад гарын үсэг зураагүй тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.Э**** бид худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан. Би компаныг худалдан авахаар тохиролцсон Б****т нийт 28550.000 төгрөг өгсөн тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М.Б**** нь гэрчээр Б.П****, Ш.Э****, Ш.К****, Ч**** нарыг асуулгасан боловч дээрхи гэрчүүд нь хариуцагч Л.Э****ыг гүйцэтгэгчээр ажиллаж байсныг шууд нотолж чадахгүй байх бөгөөд ямар ажил гүйцэтгэж, ямар хөлсөөр ажиллаж байсан нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Л.Э**** нь би энэ компанийг худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан би үнийг нь төлсөн гэж маргаж байгаа бөгөөд хэлцлийн дагуу мөнгө шилжүүлж байсан гэж нотлох баримтаар 2013.12.25-нд “компанитай холбоотой баримтыг шилжүүлж өгнө. Харилцан тохиролцсоны үндсэн дээр 5 сая төгрөг авч хэн хэн нь тооцоогүй нь үнэн болно. х/авсан, х/ өгсөн гэж Б****, Э**** нарын гарын үсэг зурсан баримт /хх-ийн3/, 2013.11.14-нд Б****т бэлэн 12.000.000 төгрөг өгөв. /хх-ийн 102/ нотлох баримтууд болон хэрэгт авагдсан баримтуудаар мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдож байна.  

Мөн нэхэмжлэгчийн энэ компанид 1800000 төгрөгийн хувьцаа байхгүй гэж тайлбарлаж байгаа, хариуцагч нь энэ компаниас хувьцаа аваагүй гэж байгаа зэргээс үзвэл талууд нь дээрхи хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болох халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн **** ХХК-ны хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, **** ХХК-ны тамга, тэмдгийг хариуцагч Л.Э****аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

**** ХХК-ны гэрчилгээ нь хэлцлийн үндсэн дээр Л.Э****д шилжсэн тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар **** ХХК-ны гэрчилгээ, бичиг баримтыг А.А****ийн нэр дээр шилжүүлж бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.Б**** нь  5х7 харьцаатай байшинг бариулсан гэж гэрчээр С.Ганбатыг, хариуцагч Л.Э**** нь энэ байшинг би бариулсан гэж гэрчээр Р.Э****, Б.Э**** нарыг асуулгаж мэдүүлэг авахуулсан боловч энэ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй, байшин, галын сараа, жорлон, 380 киловатын иж бүрэн хэрэгсэл кабелийн утас, таних тэмдгүүд зэрэг нь компанийн эд хөрөнгө болохыг нотлосон баримт ирүүлээгүй, дээрхи эд хөрөнгийг хүлээлцсэн талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрхи эд зүйлсийг үнэлүүлсэн Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр ирүүлсэн боловч комиссын гишүүдийн гарын үсэг дутуу зурагдсан байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Б****ийн 11350.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч Л.Э**** нь ажил гүйцэтгэх гэрээг санаатайгаар халхавчлах зорилгоор гуйвуулж бусадтай хуйвалдан хуурамч бичиг баримт бүрдүүлж компанийн хэвийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан тул 2 жилийн татварын мөнгө болох жишиг компанийн ашиг орлогод дүйцүүлэн, ашиг орлогоо тооцуулан хохирлоо гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч Л.Э**** нь нэхэмжлэгчид 28.550.000 төгрөгийг шилжүүлсэн гэж нотлох баримт ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2013.12.25-нд “компанитай холбоотой баримтыг шилжүүлж өгнө. Харилцан тохиролцсоны үндсэн дээр 5 сая төгрөг авч хэн хэн нь тооцоогүй нь үнэн болно. х/авсан, х/ өгсөн гэж Б****, Э**** нарын гарын үсэг зурсан баримт /хх-ийн3/, 2013.11.14-нд Б****т бэлэн 12.000.000 төгрөг өгөв. /хх-ийн 102/ Хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг зурсан баримтанд талууд гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэсэн баримтыг ирүүлээгүй мөн 2013.11.28-ны өдөр Л.Э****аас М.Б****ийн **** банкны дансанд  300.000 төгрөг, 2013.12.03-ны өдөр 300.000 төгрөгийг шилжүүлсэн гэж нотлох баримтаар **** банкны орлогын мэдүүлэгүүдийг ирүүлсэн бөгөөд энэ нь **** банкны **** тооцооны төвөөс ирүүлсэн М.Б****ийн **** тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар / хх-ийн 216/ тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчээс дээрхи баримтуудаар нотлогдож байгаа 17.600.000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлээс 2013 оны 9 сарын 8нд 5.000.000 төгрөг, 2013 оны 10 сарын 10-нд 500.000, 2013 оны 10 сарын 20-нд НДШ-ийн мөнгө тушаана гэж 150.000, 2013 оны 11 сард УБ хотод ном уншуулна гэж 500.000, 2013.11.18-нд Ц.Э****ын **** банкны **** тоот дансанд Б**** хий гээд 2.000.000 төгрөг, 2013.12.6-нд Б****ад мөнгө өг гээд Ж.А****ийн **** банкны **** дансанд 1.000.000 төгрөг, 2013.12.25-нд **** тоот дансанд 5.000.000 Ингээд нийт 27050.000 төгрөг бэлэн өгсөн, Мөн Б****ийн хадам, ээж аавд 2 портер зах банз өгсөн бөгөөд үүнийг тус бүрийг нь 350.000 төгрөгөөр бодоход нийт 700.000 төгрөг, М.Б**** нь 2013 оны 12 сард портер машинаар 104 ширхэг цэвэр банз компаны хашаанаас ачиж авч явсны 650.000 төгрөг, 2013 оны 12 сард портер зах банзыг хашааны блокны үлдэгдэл мөнгө гэж ачиж авч явсан үүний үнэ 200.000 төгрөг нийт 10950.000 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Б**** авсан болох нь нотлогдохгүй, портер банз өгсөн гэж нэхэмжилж байгаа боловч эрх бүхий байгууллагаар үнэлгээ тогтоолгоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.Б**** нь шүүх хуралдаанд            Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоолын дагуу улсын тэмдэгтийн хураамж 114200 төгрөгийг буцаан авсан гэж мэдүүлж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 114200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс 17.600.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 245949 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 300700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар “төлбөрийн чадваргүй” болох нь нотлох баримтуудаар тогтоогдож 11350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

      

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар  2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн **** ХХК-ны хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Л.Э****аас **** ХХК-ны гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б****т, нэхэмлэгч М.Б****ээс 17.600.000 төгрөг гаргуулж хариуцагч Л.Э****д олгож, сөрөг нэхэмжлэлээс 10.950.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн 11.350.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар **** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст **** ХХК-ны гэрчилгээ, бичиг баримтыг А.А****ийн нэр дээр шилжүүлж бичилт хийхийг даалсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 114200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс 17.600.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 245949 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 300700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА