Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 914

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00899

 

 

**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч **** аймаг **** сум ** баг ** хороо **** байр ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Урайнхайн овогт Ё****ийн Д****гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч **** аймгийн **** сумын ** дугаар баг  ** тоотод оршин суух, регистрийн дугаар **, С** овогт Ж****ын Б****д холбогдох

 

Түрээсийн төлбөр 165.000 төгрөг, материалын үнэ 15.000 төгрөг нийт 180.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 08 дугаар  сарын 13-ны өдөр хүлээн авч, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Д****, хариуцагч Ж.Б****, нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Д**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие **** Худалдааны төвд үсчний 6 суудал түрээслэн ажиллуулдаг. Ж.Б****тай 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаатай Ажлын байр түрээслэх гэрээ байгуулан 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаатай гэрээгээ сунгасан. Түрээслэгч Ж.Б**** нь манай суудлыг 4 жил түрээслэн ажиллаж байгаа бөгөөд түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгч байсан боловч 2015.06.01-ний өдрөөс 2015.06.30-ны өдөр хүртэлх 22 хоногийн түрээсийн төлбөрөө төлөөгүй болохоор нь багаж хэрэгслийг нь хураан авч хамгаалагчид өгсөн. Ав гээд үлдээсэн боловч аваагүй байсан. Өөрт нь оруулж өгөхөд ч аваагүй. Сарын түрээсийн төлбөр 195.000 төгрөг үүнээс 4 хоногийн төлбөр 30.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 165.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би материалын үнэ буюу 2 ширхэг будагны үнэ 15.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

            Хариуцагч Ж.Б**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Би **** Худалдааны төвд 4 жил үсчнээр ажиллаж байна. Манай төвд шинэ үсчин байгуулагдсан чинь бид орлогогүй болсон. Түрээсээ буулгах талаар Д****тэй уулзсан. Зарим нь хувь хүнээс мөнгө зээлээд түрээсээ өгч байсан. Би өгнө гэж бодож байсан боловч тухайн үед өгч чадаагүй. Би өглөө ажилдаа ирэхэд миний багажнууд алга болсон байсан. Миний багажийг хураагаад авсанд нь гомдолтой байна. Би наадмаар ажилласан бол түрээсийг нь төлчих байсан. Би 3 хүүхэдтэйгээ амьдардаг наадмаар хуушуурын ч мөнгөгүй байсан. Д**** нь сар гарангийн дараа надад багажнуудыг өгөхөөр нь би аваагүй. Миний багаж 300.000 төгрөгийн үнэтэй. Надад 165000 төгрөгийг төлөх чадал байхгүй тул зөвшөөрөхгүй гэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Д**** нь хариуцагч Ж.Б****д холбогдуулан түрээсийн төлбөр 165.000 төгрөг, материалын үнэ 15000 төгрөг нийт 180.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.           

 

Нэхэмжлэгч Ё.Д**** нь хариуцагч Ж.Б**** нар нь харилцан тохиролцож Ажлын байр түрээслэх гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулан 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатайгээр гэрээг сунгасан болох нь хэрэгт авагдсан Ажлын байр түрээслэх гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгээр тогтоогдож байна. /хх-ийн 4-5/

 

Гэрээнд заасны дагуу хариуцагч Ж.Б**** нь үсчнээр ажиллаж байгаад 2015.06.01-ний өдрөөс 2015.06.30-ны өдөр хүртэл 22 хоногийн түрээсийн төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ё.Д**** нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь төлөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Ж.Б**** нь төлөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх тул хариуцагч Ж.Б****гаас түрээсийн төлбөр 165000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Д****д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 15000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь 180.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагадаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 6050 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 5600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б****гаас 165.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Д****д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ё.Д**** нь 15000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б****гаас 5600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА