Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч /хохирогч/ Б.Батманлай, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

  шүүгдэгч /хохирогч/ Л.Буянтогтох,

шүүгдэгч Н.Ганхүрэл, тэдний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Бархас овогт Лхагвасүрэнгийн Буянтогтох, Харчин овогт Нямдоржийн Ганхүрэл нарт, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Батмөнхийн Батманлайд холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010595 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 11-134б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бархас овогт Лхагвасүрэнгийн Буянтогтох /РД:РЙ91052736/

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төнөл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Төнөл сумын 6 дугаар баг, Бурхант гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй Харчин овогт Нямдоржийн Ганхүрэл /РД: РМ:90080714/

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 11-134б тоотод оршин суух, ял шийтгэлгүй Боржигон овогт Батмөнхийн Батманлай /РД:ШБ79051411/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Буянтогтох, Н.Ганхүрэл нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Батманлайг боох, цохих хэлбэрээр зодож бие махбодид нь “дух, хүзүү, бүсэлхийд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан,

Яллагдагч Б.Батманлай нь 2017 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хохирогч Л.Буянтогтохын зүй бус ажиллагааны улмаас зодож бие махбодид нь “баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 

Шүүгдэгч Л.Буянтогтох, Н.Ганхүрэл нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Батманлайг боох, цохих зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан, мөн уг цаг хугацаанд шүүгдэгч Б.Батманлай нь хохирогч Л.Буянтогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

            Хохирогч Б.Батманлайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-наас 2017 оны 3 дугаар сарын 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 11-134б тоот байрлах гэртээ унтаж байсан чинь гэрийн хажуу талд “пизда, лалруудаа” гэж хүн хашгираад байсан. Би гэрээсээ ганцаараа гарсан чинь Ганхүрэл гэрийн хажууд зогсож байсан. Би Ганхүрэлийн хажууд очоод “чи юу болов, яав, гэртээ ор, хүмүүс унтаж байх чинь” гэж хэлсэн чинь Ганхүрэл “юу гээд байгаа юм, лалар минь” гэж хэлээд миний хувцаснаас заамдаад авсан. Би Ганхүрэлийг намайг заамдаж аваад байхаар нь гарыг нь тавиулаад Буянтогтохын гэрт оруулсан. Гэрт нь оруулахад Буянтогтох ганцаараа сандал дээр сууж байхаар нь “чи энэ найзыгаа аваач” гэж хэлсэн чинь Ганхүрэл “чи юу гээд байна" гэж хэлээд миний цамцнаас заамдаад, хоолой боогоод эхэлсэн. Би Ганхүрэлийг заамдаад авахаар нь зөрүүлээд хувцаснаас нь заамдсан чинь хажуугаас Буянтогтох ирээд миний шанаа хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон, бас толгой руу хэд хэдэн удаа цохисон. Би Буянтогтох, Ганхүрэл нартай зэрэг заамдалзаад байж байсан чинь гаднаас Буянтогтохын ээж Лхагвасүрэн, эгч нь болох Төрсөнжаргал нар орж ирсэн. Буянтогтох, Ганхүрэл нар намайг заамдаад тавихгүй арай хийж гарыг нь тавиулаад гэрээс нь гараад эхнэр Шүрэнцэцэгийг дуудаад байж байсан чинь Ганхүрэл гэх залуу хашаагаар гараад зугтаах гээд байсан. Тэгэхээр нь би Ганхүрэлийг бариад бас зууралдсан. Би хашаан дотор Ганхүрэлтэй маргалдаад гадаа зогсож байсан чинь гэр дотор Буянтогтох орилоод байхаар нь орсон чинь Буянтогтох гартаа жижиг хутга барьчихсан “өөрийгөө ална” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод хутгыг нь булааж авсан. Тэр үед би хутганд нь гараараа зүссэн. Би хутгыг нь булааж аваад Буянтогтохын гэрээс нь гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Буянтогтох гэртээ ээж, эгч нарынхаа хамт үлдсэн. Харин Ганхүрэл нь зугтах гэж байхад нь барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.  Буянтогтох нь намайг найзтай нийлж зодож гэмтээсэн. Миний биед учирсан гэмтлүүдийг  Буянтогтох, Ганхүрэл нар учруулсан. Ганхүрэл нь намайг заамдсан байхад хажуунаас Буянтогтох нь ирээд миний нүүрэн тус газар гараараа цохиод заавдаад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 26 х/

  Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хувиараа эмчилгээ хийлгэсэн. Одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3484 дугаар дүгнэлтэд:

а/ Б.Батманлайгийн биед дух, хүзүү, бүсэлхийд зулгаралт, зүүн сарвуунд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 51 х/

 

Шинжээч Ц.Бадралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Батманлайгийн биед учирсан дух, хүзүү, бүсэлхийд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн сарвуунд өнгөц зүсэгдсэн шарх нь хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 2017 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл. Уг гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 х/

 

Гэрч Э.Шүрэнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-наас 2017 оны 3 дугаар сарын 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 11-134б тоотод байрлах гэртээ гэр бүлийнхээ хамтаар унтаж байсан чинь гэрийн гадаа нэг хүн “пизда, лалруудаа” гээд хашгираад байсан. Манай нөхөр Батманлай унтуулахгүй амгалан тайван байдал алдагдууллаа гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөхөр Батманлай зодуулчихлаа гэж орж ирсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарсан. Намайг гэрээсээ гараад харсан чинь Буянтогтох, Ганхүрэл нар манай нөхөр Батманлайг хүрч ирсэнээ заамдаж аваад толгой руу нь гараараа зэрэг цохиод байсан. Би очоод салгах гэсэн чинь Буянтогтох, Ганхүрэл нар нөхөр Батманлайг зодох гээд дайраад байсан. Би ойртоод очсон чинь Буянтогтох намайг санаандгүй байдлаар тохойгоороо хамар хэсэг рүү цохисон. Тэр үед миний хамар хэсгээс бага зэрэг цус гарсан. Нөхөр Батманлайг Буянтогтох, Ганхүрэл нар нийлээд заамдаж аваад хэл амаар доромжлоод гараараа цохиод байсан. Хэсэг хугацааны дараа Буянтогтохын гэрт маргалдаад орсон чинь Буянтогтох гартаа жижиг хутга барьчихаад “би өөрийгөө аллаа” гэж хэлээд орилоод байсан. Тэгсэн чинь нөхөр Батманлай очоод хутгыг нь булааж авахдаа зүүн талын гараа зүсчихсэн. Тухайн үед Буянтогтохын ээж Лхагвасүрэн, эгч Төрсөнжаргал нар байж байсан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар ирээд Ганхүрэл, Буянтогтох нарыг саатуулах гээд цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 х/

 

Хохирогч Л.Буянтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд намайг өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11-134б тоотод байж байсан чинь Хөвсгөл аймгаас найз Ганхүрэл манай гэрт ирээд хоол хийж идчихээд 20 цагийн орчимд брашик, Нийслэл нэртэй лаазтай пиво тус бүр 1 ширхэгийг уусан. Ганхүрэл бид хоёр “Тайга” нэртэй 0,5 литрийн нэг шил архины талийг хувааж уусан. Ганхүрэл гэрээс гараад ойролцоогоор 1 цаг орчимын дараа Ганхүрэл, Батманлай нар нэгнийгээ заамдсан байдалтай манай гэрт орж ирсэн. Батманлай, Ганхүрэл нар нэгнийхээ хувцаснаас заамдалцаж авсан, нэгнийгээ хэл амаар доромжлоод л байсан. Би очоод салгах гэтэл Батманлай миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Би Батманлайг эхлээд цохиод авахаар нь зөрүүлээд Батманлайн нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Батманлайг би цохиж байх үед Ганхүрэл Батманлайн хувцаснаас нь тавиад гэрээс гараад яваад өгсөн. Намайг Батманлайтай маргалдаад заамдалцаад байж байхад гаднаас ээж Лхагвасүрэн, эгч Төрсанжаргал нар орж ирээд Батманлай бид хоёрыг салгасан. Батманлай надаас салаад гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа гаднаас Батманлай эхнэр Шүрэнцэцэгийн хамт орж ирээд Шүрэнцэцэг нь намайг хэл ам доромжлоод цохих гээд байсан. Тэгэхээр нь би гарыг нь цааш түлхсэн. ...Батманлай, Шүрэнцэцэг хоёр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Батманлайтай дахиад нэгнийхээ хувцаснаас заамдалцсан. Тэр үед Батманлай миний өвдөг хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Ээж Лхагвасүрэн, эгч Төрсөнжаргал нар салгаад бүгдийг нь буцаагаад оруулсан. Би гэрт ороод уурандаа гараа зүснэ гэж хэлээд жижиг цаасны хутга бариад “өөрийнхөө гарыг зүслээ” гэж хэлсэн чинь хажуугаас Батманлай орж ирээд миний гарт байсан цаасны хутгыг булааж авах үед өөрийнхөө гарыг зүсчихсэн. Тэр үед Ганхүрэл байхгүй байсан. Хаана байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа цагдаагийн албан хаагчид орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Миний биед гэмтэл учирсан. Эмчилгээ хийлгэсэн баримт нь байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3487 дугаар дүгнэлтэд:

а/ Л.Буянтогтохын биед баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун өвгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 37 х/

 

            Шинжээч Ц.Бадралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Буянтогтохын биед учирсан гэмтэл нь 2017 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун, дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл нь тухайн хэсэг газрын мохоо зүйлийн тус тус 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 х/

 

 Гэрч Т.Төрсөнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-наас 2017 оны 3 дугаар сарын 06-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 11-134б тоотод байрлах гэрт төрсөн эх Лхагвасүрэнгийн хамт орсон. Гэрт ороход Батманлай Ганхүрэлийн хоолойноос нь боосон байдалтай угаалгын машин дээр дараад байж байсан. Харин Буянтогтох салгах гээд зогсож байсан. Батманлай, Ганхүрэл нар маргалдаад зууралдаад байхаар нь Буянтогтох салгах гэсэн чинь салахгүй байсан ба тэгснээ Батманлай, Буянтогтох нар хоорондоо маргалдаад нэгнийгээ заамдалцаад авсан. Энэ үед Батманлайгийн эхнэр Шүрэнцэцэг нь орж ирээд надтай болон Буянтогтохтой маргалдаад байсан. Би цагдаа дуудах гээд гараад ойролцоогоор 5 орчим минут болоод буцаад гэрт орсон чинь Буянтогтох “өөрийгөө ална” гэж хэлээд жижиг хутга барьчихсан зогсож байсан. Батманлай Буянтогтохын гартаа барьж байсан жижиг хутгыг булааж авах гээд ноцолдох үед Батманлай гараа бага зэрэг зүсчихсэн. Батманлай, Буянтогтох нар намайг цагдаад дуудах гээд гэрээс гарах үед хоорондоо маргалдсан гэж бодож байна. Миний хажууд бол Батманлай, Буянтогтох нар хоорондоо зодолдсон асуудал байгаагүй. Буянтогтох, Батманлай нарыг маргалдаж байх үед Ганхүрэл алга болсон байсан, хаана байсан талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 х/

 

Гэрч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-наас 2017 оны 3 дугаар сарын 06-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо хайрханы 11-134б тоотод байрлах гэртээ охин Төрсөнжаргалын хамт орсон чинь Батманлай Ганхүрэлийг хоолойноос нь боогоод угаалгын машин дээр дараад байж байсан. Буянтогтох Батманлайг “чи манай найзыг болиоч” гэж хэлээд хоорондоо маргалдаад байсан. Удалгүй Батманлайгийн эхнэр нь болох Шүрэнцэцэг орж ирээд бас бид нартай маргалдаад эхэлсэн. Батманлай, Буянтогтох нар хоорондоо маргалдаад, нэгнийхээ хувцаснаас зууралдаад байсан. Би тухайн үед Буянтогтох, Батманлай нарыг зодолдож байхыг хараагүй. Ганхүрэл гадаа хашаанд зогсож байсан. Батманлай гэрээс Буянтогтохыг авч гараад маргалдаад, зууралдаад байсан. Би тухайн үед Буянтогтох, Батманлай нарыг маргалдаж байхыг харсан. Тэрнээс зодолдож байхыг хараагүй. Цагдаагийн байгууллагад охин Төрсөнжаргал дуудлага өгсөн. Буянтогтох гэрт байхдаа жижиг хутга бариад “өөрийгөө би алчихъя” гэж хэлээд гарныхаа хэсэгт барьсан чинь Батманлай очоод Буянтогтохын барьсан хутгыг нь булааж авч байсан. Ганхүрэлийг хэрэг болох үед хаана юу хийж байсан талаар нь сайн харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 х/

Хохирогч Б.Батманлай, гэрч Т.Төрсөнжаргал нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 16-19х/

Шүүгдэгч Б.Батманлайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-наас 2017 оны 3 дугаар сарын 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд гэртээ унтаж байсан чинь гэрийн хажуу талд нэг эрэгтэй хүн “хөөе лалруудаа, пизда нар минь” гэж хэлээд орилоод байхаар нь гараад харсан чинь Ганхүрэл гэрийн хажуу талд хэнтэй маргалдаад байгааг нь мэдэхгүй “пизда, лалар” гээд чанга орилоод байсан. Би очоод Ганхүрэлд “чи одоо гэртээ ор, бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байх юм, битгий гэрийн хажууд орилоод бай” гэж хэлсэн чинь Ганхүрэл “хөөе лалрын пизда минь чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд, хэл амаар доромжлоод байсан. Ганхүрэл намайг гэртээ ор гэсэн чинь тоохгүй байхаар нь би Буянтогтохын гэрт ороод “чи найзыгаа авалдаа” гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Би Буянтогтохын гэрт зогсож байсан чинь гаднаас Ганхүрэл орж ирсэн. Ганхүрэл нь Буянтогтохын гэрт орж ирснээ шууд намайг “чи муу пизда” гэж хэлээд хувцаснаас заамдаж эхэлсэн. Намайг Ганхүрэл хувцаснаас заамдаад цохих гэж байсан чинь хажуугаас Буянтогтох босч ирээд миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Ганхүрэл, Буянтогтох нар бүлэглэж зодоод байж байхад Буянтогтохын ээж Лхагвасүрэн нь дундуур ороод салгасан. Би Буянтогтох, Ганхүрэл нараас салаад шууд гэрээс нь гарсан. Миний ногоон өнгийн фудболк урагдсан байсан. Би гадаа эхнэрийнхээ хамт зогсож байхад Буянтогтох, Ганхүрэл нар дахиад маргалдах гээд Буянтогтох нь “та нар муу пизда нар минь" гээд хэл амаар доромжлоод байсан. Буянтогтох түүний ээж Лхагвасүрэн, Төрсөнцэцэг нарын хамт Буянтогтохын гэртээ орсон хойно Буянтогтох нь “би эсхүл та нарыг ална, аль эсхүл өөрийгөө ална” гэж хэлээд гартаа жижиг хутга бариад байхаар нь би түүний гарт байсан жижиг хутгыг булааж авах үедээ би гараа зүссэн. Буянтогтохын найз Ганхүрэл тухайн үед гэрт байхгүй гараад яваад өгсөн байсан. Би Ганхүрэл, Буянтогтох нарыг зодож гэмтээсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75, 89-90 х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2017 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө эхнэр хүүхэдтэйгээ унтах гээд хэвтэж байхад гадаа хүн чанга дуугараад байхаар нь “хэн юм болоо” гэж бодоод гарахад Ганхүрэл утсаар чанга яриад зогсож байсан. Би “орж унт” гэж хэлсэн чинь Ганхүрэл унтахгүй, танай хашаанд утсаар ярьж болдоггүй юм уу” гэхээр нь би Ганхүрэлийг Буянтогтохын гэр рүү оруулж өгсөн. Гэрт ороход Буянтогтох ганцаараа сууж байхаар нь  Буянтогтоход найзыгаа унтуул гэж хэлэсэн чинь Ганхүрэл над руу дайрсан. Ганхүрэл бид хоёр заамдалцсан байхад Буянтогтох хажуунаас намайг цохисон. Тэгээд ээж нь урд гэрээсээ ирээд бид нарыг салгасан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Л.Буянтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Төнөл сумаас найз Ганхүрэл ирээд Ганхүрэл, Дашбаатар нартай хамт брашиг, Нийслэл нэртэй 2,5 литрийн пиво хувааж уусан. Дашбаатар пиво ууж дуусгаад
гэртээ харилаа гээд 21 цаг болж байхад яваад өгсөн. Ганхүрэл Дашбаатарыг хүргэж өгнө гэж хэлээд хамт гараад явсан. Ганхүрэл манай гэрээс гарч яваад ойролцоогоор 1 цаг орчим болоод буцаж орж ирэхдээ Ганхүрэл, Батманлай нар хоорондоо маргалдсан байдалтай орж ирээд шууд нэгнийгээ заамдаад авсан. Батманлай Ганхүрэлийн хоолойг нь боогоод байх шиг байсан. Тэгэхээр нь очоод салгах гэсэн чинь Батманлай миний нүүрэн хэсэгт тохойгоороо цохисон. Намайг Батманлай тохойгоороо цохиод авахаар нь би гараараа 3-4 удаа цохисон. Намайг Батманлайг цохиж байх үед Ганхүрэл гэрээс гараад явсан байсан. Батманлай надад цохиулчихаад намайг заамдаад авахаар нь би
“за за одоо больё” гэж хэлсэн чинь Батманлай гэрээсээ гарч яваад хэсэг хугацааны дараа Батманлай эхнэр Шүрэнцэцэгийнхээ хамт орж ирсэн. Батманлай Шүрэнцэцэг нарыг орж ирэхээс өмнө түрүүлээд ээж Лхагвасүрэн, эгч Төрсөнжаргал нар орж ирсэн. Батманлай Шүрэнцэцэг нар гэрт орж ирээд “чи муу зайлаараа пизда минь, хогийн архичин” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би гал тогооны тавилганы шургуулганд байсан цаасны хутгыг аваад “би гараа зүслээ” гэж хэлээд барьсан чинь Батманлай
миний гарт байсан цаасын жижиг хутгыг булааж авсан. Булааж авах үедээ гараа бага зэрэг зүссэн байсан. Шүрэнцэцэг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гэрээс гарсан чинь Батманлай гэрийн гадна талд миний нүүрэн тус газар руу гараараа нэг удаа цохиод, хөл хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед Ганхүрэл ерөөсөө харагдаагүй, хаана байж байсан талаар нь мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар ирээд намайг саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78, 83-84 х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэртээ байж байхад Ганхүрэл гэрээс гараад явсан. Удалгүй Ганхүрэл, Батманлай хоёр гэрт орж ирээд хоорондоо зууралцаж, заамдалцсан. Би тэр хоёрыг салгах гэхэд Батманлай ах миний эрүү рүү тохойлдсон. Би Батманлайгийн нүүр тус газар нь 3-4 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүгдэгч Н.Ганхүрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би Хөвсгөл аймгийн Төнөл сумаас Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхлэхээр ирсэн ба тухайн өдрөө найз Буянтогтохын гэрт ирсэн. Буянтогтохын гэрт нутгийн дүү Дашбаатар байсан ба бид гурав брашиг уугаад дараа нь Нийслэл нэртэй 2,5 литрийн пиво худалдаж аваад хувааж уусан. Бид нар худалдаж авсан пивоо ууж байгаад Дашбаатар гэртээ харихаар 21 цаг өнгөрч байхад явсан. Би найзтайгаа гар утсаар ярихаар Буянтогтохын гэрээс гараад Батманлайгийн гэрийн ойролцоо ярьсан. Гар утсаар ярихдаа чанга ярьсан чинь хажуу талын айлын эзэн нь буюу Батманлай гарч ирээд “чи одоо орж унтаач, чи хүүхэд унтуулахгүй байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “за за одоо унтлаа” гэж хэлсэн. Батманлай намайг дагуулаад Буянтогтохын гэрт орсон чинь Батманлай “чи гэрийн гадаа ирээд бусдын амгалан тайван байдал алдагдууллаа” гэж хэлэхээр нь би “би чанга яриагүй ш дээ” гэж хэлсэн чинь Батманлай намайг гэнэт хоолойноос боогоод эхэлсэн. Намайг Батманлай боогоод эхэлсэн чинь хажуугаас Буянтогтох салгах гээд очсон ба Батманлай нь Буянтогтохыг гарынхаа толгой хэсэгт нь санаандгүй цохисон. Тэгсэн Батманлай намайг заамдаж байснаа тавиад Батманлай, Буянтогтох нар нэгнийхээ нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиод байсан. Батманлай, Буянтогтох нар нэгнийхээ хувцаснаас зууралдаад байж байсан чинь Буянтогтохын ээж Лхагвасүрэн, түүний араас Буянтогтохын эгч Төрсөнжаргал, хэсэг хугацааны дараа Батманлайгийн эхнэр Шүрэнцэцэг орж ирсэн. Буянтогтох, Батманлай нарыг салгаад байж байсан чинь цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би Батманлайд хоолойгоо боолгуулаад болсон хэргийн талаар сайн харж чадаагүй. Би газар явган суугаад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81, 86-87 х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Буянтогтохын гэрт ээжтэй нь золгох гэж очсон. Буянтогтох бид хоёр нэг, нэг пиво уусан. Би гадаа гараад чанга дуугаар утсаар ярьж байхад хойд талын айлын Батманлай ах гэрээсээ гарч ирээд “амгалан тайван байдал алдагдууллаа, одоо орж унт бацаан минь” гэж хэлсэн. Буянтогтохын гэрт Батманлай ах бид хоёр цуг орсон. Би гэрт ороод “танай хашаанд утсаар ярьж болдогүй юм уу” гэж хэлэхэд Батманлай ах “бацаан минь унт гээд байхад, хүний үгэнд ордоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр зууралдсан. Буянтогтох Батманлай ахаа боль гээд салгах гэхэд Батманлай ах Буянтогтохын нүүр хэсэгт нь тохойгоороо цохисон. Тэгсэн Буянтогтох, Батманлай хоёр хоорондоо 2-3 удаа цохилцсон. Би Батманлай ахыг цохиогүй. Гаднаас Төрсөнжаргал, Лхагвасүрэн нар орж ирсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Ганхүрэл нь шөнийн цагаар, хүмүүсийн унтаж амрах үеэр иргэн Б.Батманлайгийн гэрийн гадаа гар утсаараа бусадтай чанга чанга ярих, хараалын үг хэлэх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байх бөгөөд улмаар хохирогч Б.Батманлай нь  гэрээсээ гарч ирж түүнд шаардлага тавихад нь өөдөөс нь эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон байдал гаргасан төдийгүй Б.Батманлай нь Л.Буянтогтохын гэрт орж найзыгаа авахыг Л.Буянтогтохоос шаардахад Н.Ганхүрэл нь түүнийг заамдсан, харилцан заамдалцсан байхад нь шүүгдэгч Л.Буянтогтох нь тэр хоёрыг салгах гэсэн нэрийдлээр хохирогч Б.Батманлайгийн нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон, мөн Б.Батманлай нь Л.Буянтогтохын нүүр болон хөлөн тус газар нь тохойлдох, өшиглөх  зэргээр харилцан бие биедээ гэмтэл учруулсан үйл явдал болжээ.

Хохирогч Б.Батманлай нь бусдад хууль ёсны шаардлага тавьсан боловч түүнийг нь үл биелүүллээ гэх шалтгаанаар хохирогч Л.Буянтогтохын биед гэмтэл учруулсаныг хувийн сэдэлттэй гэж дүгнэх, харин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан Н.Ганхүрэл, Л.Буянтогтох нар нь үйлдлээрээ бие биедээ дэмжлэг үзүүлж, хохирогч Б.Батманлайд гэмтэл учруулсаныг танхайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Иймээс шүүгдэгч Л.Буянтогтох, Н.Ганхүрэл нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан “...Н.Ганхүрэлд холбогдох хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, Л.Буянтогтоход холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлйн 99.1 болгон өөрчилж, улмаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналуудыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

Шүүгдэгч Л.Буянтогтох, Н.Ганхүрэл нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах, шүүгдэгч Б.Батманлайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батманлай нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Буянтогтохын бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг учруулаагүй гэж гэм буруу дээр маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Буянтогтоход хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Л.Буянтогтох нь шүүгдэгч Б.Батманлайтай сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Батманлайд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан “хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

            Шүүгдэгч Л.Буянтогтох, Н.Ганхүрэл, Б.Батманлай нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 94, 95 х/-аар тогтоогдож байна.

          

          Хохирол төлбөрийн тухайд:

          Хохирогч Л.Буянтогтох нь шүүгдэгч Б.Батманлайгаас, хохирогч Б.Батманлай нь шүүгдэгч Л.Буянтогтох, Н.Ганхүрэл нараас хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй гэх тул шүүгдэгч Н.Ганхүрэл, Л.Буянтогтох, Б.Батманлай нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 127, 128, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Н.Ганхүрэл, Л.Буянтогтох нарын анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, хохирогчийн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг байдлуудыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Ганхүрэл, Л.Буянтогтох, Б.Батманлай нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бархас овогт Лхагвасүрэнгийн Буянтогтох, Харчин овогт Нямдоржийн Ганхүрэл нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Батманлайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Батманлайд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Буянтогтох, Н.Ганхүрэл нарыг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Буянтогтох, Н.Ганхүрэл нарын эдлэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

5. Шүүгдэгч Л.Буянтогтох, Н.Ганхүрэл, Б.Батманлай нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Буянтогтох, Н.Ганхүрэл нарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, Л.Буянтогтоход хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст, Н.Ганхүрэлд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст тус тус  даалгасугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Буянтогтох, Н.Ганхүрэл, Б.Батманлай нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ