Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/966

 

 

 

 

 

 

 2021              11            11                                          2021/ДШМ/966                                               

           

Д.Б-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21ий өдрийн 331 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Баясгалангийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 12ы өдрийн 17 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Б-од холбогдох 2007003080187 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Д-гийн Б-, Булган аймагт 1987 оны 01 дүгээр сарын 29ий өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Зуун мод сумын 0 дүгээр баг, 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Налайх дүүргийн 0 дүгээр хороо, Туулын 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Д.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 12-22а тоот Ч.Д-ын гэрт архидан согтуурч байхдаа Samsung A-30s загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 710,720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3-т “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж заажээ. Гэтэл хэрэгт авагдсан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд: “... Шинжээчид дүгнэлт гаргуулахаар дараах асуултыг тавьсугай: “799,900 /долоон зуун ерэн есөн мянга есөн зуун/ банкны лизингээр авч байсан” /хх 26/ гэж хөрөнгийн үнэлгээний зүйл буюу объектыг тусгаагүй, объектын шинж чанар, хэзээ авсан, хэдэн сар хэрэглэсэн зэргийг шалгаж тогтоогоогүй байхад шинжээчийн дүгнэлтэд Samsung A-30s загварын гар утсыг асуусан мэтээр үнэлгээ хийсэн. Мөн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Миний хүүгийн авсан Samsung A-30s загварын гар утсыг зээлээр авсан” гэх өргөдөл болон гэрч Д-ын мэдүүлэг, шүүгдэгч Д.Б-ын “Баянхошуунд ломбарданд тавьсан” гэж мэдүүлсээр байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг эргэлзээгүй нотолж ирүүлээгүй байна. Энэ нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, Д.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Прокурор Г.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмыг баримтлах бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана. Тухайлбал, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Д- /хх 20-21/, гэрч Ш.Энхбаяр /хх 18-19/, яллагдагч Д.Б- /хх 38-40/ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар алдагдсан гар утас нь Samsung A-30S загварын гар утас болох нь эргэлзээгүй нотлогдсон ба яллагдагч Д.Б-ын зүгээс хохирогч Ч.Д-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох гар утасны үнэ болон бусад эд зүйлсийг нөхөн төлж барагдуулсан.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох зорилгоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжээч томилох шийдвэрт тусгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн тусгасан байна. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх өгүүлэмж хэсэгт “...Samsung A-30S загварын гар утас, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, Хас банкны цалингийн карт...” зэргээр алдагдсан эд зүйлс тус бүрийг нэг бүрчлэн тоочиж бичсэн, шинжээчид тавих асуулт хэсэгт дээр дурдсан “Samsung A-30S загварын гар утасны мэдээлэл болох “799,000 төгрөгөөр банкны лизингээр авч байсан” талаар дурдаж өгсөн байна. Үүний дагуу “Дамно” ХХК-ийн НА-20-112 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо /хх 27-28/ гарсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол эргэлзээгүй тогтоогдож хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нотлобол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай байдаг. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй байна гэж дүгнэсэн боловч тодорхой дурдаж өгөөгүй. Талууд ямар эд зүйл алдсан дээрээ маргадаггүй тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч Д.Б-ын гэм буруугийн асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжтой байна.

Хэдийгээр шинжээч томилсон тогтоолд “799,900 /долоон зуун ерэн есөн мянга есөн зуун/ төгрөгөөр банкны лизингээр авч байсан гэх ...” гэж шинжилгээний объектыг тодорхой тусгаагүй боловч уг хөрөнгө нь Samsung A-30S загварын гар утас болох нь тогтоолын “ОЛСОН НЬ” хэсэгт тодорхой тусгагдсан, гэрч, хохирогч, шүүгдэгч нар үүнийг давхар баталж нотолсон, шинжээч дурьдсан загварын гар утсанд шинжилгээ хийж, элэгдэл хорогдлыг хасаад 639,920 төгрөгөөр үнэлсэн, талууд энэ талаар маргаагүй, хохирол төлөгдсөн зэргээс үзэхэд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй болжээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б-од холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 331 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Б-од холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч Д.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН