| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00902/И |
| Дугаар | 937 |
| Огноо | 2015-09-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00902/И
**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч **** Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй
Хариуцагч **** аймгийн **** сумын * дүгээр баг ** хороолол ** байр ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, О**** овогт Н****ийн Д****,
Хариуцагч **** аймгийн **** сумын ** дүгээр баг ** хороолол ** байр ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Ч**** овогт Н****ын Л**** нарт холбогдох
үндсэн зээлийн үлдэгдэл 9717662 төгрөг, зээлийн хүү 3853605 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 770721 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 11.000 төгрөг нийт 14352988 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О****, хариуцагч Н.Д****, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** банк бус санхүүгийн байгууллагын захирал Э.Ц****, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгч Н.Д****, Н.Л**** нар нь 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 26 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сард 1.9 хувийн хүүтэй зээлдэн авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон **** дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сумын ** дүгээр баг ** дугаар хороолол ** тоотод байрлах 24.4 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу сард үндсэн зээл болон зээлийн хүүд 393,060 төгрөг төлөхөөр тохиролцсон гэтэл зээл авснаас хойшхи хугацаанд үндсэн зээлд 4282338 төгрөг, зээлийн хүүд 4201272 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 319123 төгрөгийг л төлсөн. Манай байгууллагаас зээлдэгч нараас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл огт төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймээс уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна. Иймээс 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн 9717662 төгрөг, зээлийн хүү 3853605 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 770721 төгрөг, нотариатчын зардал 11000 төгрөг нийт 14352988 төгрөгийг хариуцагч Н.Д****, Н.Л**** нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Д****, Н.Л**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2012.03.13-нд **** банк бус санхүүгийн байгууллагаас 14.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай 1.9 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Захирал Ц****той тохиролцоод эхний удаа нэхэмжилсэн мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг төлөөд дараагийн шатандаа эвлэрлийн гэрээ хийж нэхэмжилсэн мөнгөө төлөөд явна гэж тайлбар өгсөн. Тэгээд бид 2 зээлээ байраа түрээслэх, ажил хийж орлогоороо төлөх, хашаагаа түрээсэлж төлөх журмаар явна гэж тохиролцсон боловч 3 сая төгрөг олдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй, бид УБ хотод өөрийн гэсэн газартай түүнийгээ борлуулаад төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Н.Д****, Н.Л**** нарт холбогдуулан үндсэн 9717662 төгрөг, зээлийн хүү 3853605 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 770721 төгрөг, нотариатчын зардал 11000 төгрөг, нийт 14352988 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч **** банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Н.Д****, Н.Л**** нартай 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 26 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сард 1.9 хувийн хүүтэй зээлдэн авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон **** дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сумын ** дүгээр баг ** дугаар хороолол ** тоотод байрлах 24.4 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалаан зээл олгосон болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 6-10/
Нэхэмжлэгч **** банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Н.Д****, Н.Л**** нар зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд 2014 оноос хойш ямар нэг эргэн төлөлт хийгээгүй зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд 14352988 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуагч Н.Д****, Н.Л**** нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Н.Д****, Н.Л**** нар нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул хариуцагч Н.Д****, Н.Л**** нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 14352988 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “...энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар хариуцагч Н.Д****, Н.Л**** нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох **** дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сумын ** дүгээр баг ** дугаар хороолол ** тоотод байрлах 24.4 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Д****, Н.Л**** нараас 14352988 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч **** банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Д****, Н.Л**** нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох **** дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сумын ** дүгээр баг ** дугаар хороолол ** тоотод байрлах 24.4 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг **** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229715 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 229715 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА