Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 963

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00835

 

 

**** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Т.Э****ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч  **** аймгийн Холбооны газарт холбогдох

 

Cахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 7 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Э****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н****, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э****, өмгөөлөгч Д.Ц**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Холбооны газар 1991 оноос өнөөдрийг хүртэл засварчин монтёроор 27 жил ажиллаж ирсэн. Байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороон даргын үүрэгт ажлыг 2013 оноос сонгогдон ажиллаж байна. **** аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хандан **** аймгийн Холбооны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. **** аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо нь Холбооны газарт Зөвлөмж хүргүүлсэн. Гэтэл П.Б**** нь дур зоргоор авирлах нь хэрээс хэтэрч 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ** тоот тушаал гарган намайг ажлаас халах шийдвэр гаргалаа. Ажиллах хугацаандаа Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж, ажилтны ёс зүйн дүрэм болон компанийн хэмжээнд мөрдөгдөж буй бусад дүрэм, журам, тушаал, заавар, удирдамжийг чанд сахин биелүүлж ажилласан гэж үзэж байна. Улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй. Юуны учир халах санаа өвөрлөв. Өнөөдөр бид ажилтны хөдөлмөрлөх эрхтэй холбогдуулан дуу хоолойгоо илэрхийлсний төлөө надад сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халж байгаа нь албан тушаалаа ашиглан дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого нь **** ХК-ны ажилтны ёс зүйн дүрмийн 3.8, 6.10, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4 заалтыг зөрчсөн гэж үзэж байна. П.Б**** нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах харилцаанд ажлын зөвлөлөөр хэлэлцэн танилцуулдаггүй, тушаал шийдвэрийг бие даан дангаар шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ үйлдэл нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

Мөн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ээлжийн амралт олгох мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан нь Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

Үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд **** аймгийн Холбооны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот, мөн даргын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ** тоот тушаалыг хянан үзэж уг тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч **** аймгийн Холбооны газрын дарга П.Б****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Э**** нь 2015 оны 03 сарын цагийн бүртгэлээр 12 удаа цагийн бүртгэлдээ бүртгүүлээгүй зөрчил илэрч мөн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагийн үед ахлах ня-бо В.Э****гийн өрөөнд дайран орж “нярав Д.Э**** чамаас болж ажлаасаа халагдсан, чи Э****г хамгаалах ёстой байсан, яагаад хамгаалахгүй байгаа” гэх зэргээр үндэслэлгүйгээр ахлах ажилтнаа хэл амаар доромжилж, маш бүдүүлэг авир гаргаж, ажилтнууддаа буруу үлгэр дууриал үзүүлж, Компанийн ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.2 дахь заалт болон компанид мөрдөгдөж байгаа “Ажилтаны цаг бүртгэлийн журам”-г зөрчсөн.

Т.Э****ийн гаргасан энэхүү ёс зүйгүй, бүдүүлэг үйлдэл болон 3 сарын ажлын цаг ашиглалт, таслалт, цаг бүртгэлийн талаарх асуудлыг Холбооны газрын даргын ажлын зөвлөл 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар авч хэлэлцэж, Т.Э****д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дэх зүйлийг баримталж, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, цаг бүртгэлийн журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэж 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Холбооны газрын даргын тушаал гарч Т.Э****д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дүгээр зүйлийн 10.1.2.2, 10.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн уг тушаал гарсан өдрөөс буюу 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2 сар цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Үүнээс 2 сар хагасын дараа Т.Э**** нь 2015 оны 6 дугаар сарын ажлын цаг бүртгэлд өглөө, орой ажилдаа ирэх болон тарах цагаа 3 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгүүлээгүй ажлаа тасалж компанид мөрдөгдөж буй “Салбаруудын цаг бүртгэлийн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.3.1 дахь заалтыг тус тус зөрчсөн болно.

Түүний гаргасан энэхүү зөрчил нь тус компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1.2 “Ажилтан нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн, сахилгын зөрчлийн шинж байдал, гэм буруугийн хэмжээнээс хамааруулан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дараах сахилгын шийтгэл ногдуулна”, Үүнд 10.2.3 Ажлаас халах гэж заасан байдаг ба энэ нь Т.Э****ийг ажлаас халах үндэслэл болсон. Дээрхи сахилгын шийтгэл нь хууль зүйн хувьд бүрэн үндэслэлтэй, зөрчлийн хэм хэмжээнд тохирсон болно. Иймд нэхэмжлэгч Т.Э****ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э**** нь хариуцагч **** аймгийн Холбооны газарт холбогдуулан Холбооны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Э**** нь **** аймгийн Холбооны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгуулах, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ** тоот Ажлаас халах тушаал үндэслэлгүй  гарсан тул ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь Т.Э**** Холбооны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.1, **** ХК-ны Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.1.3, **** ХК-ны ажилтны ёс зүйн дүрэмийн 2.1.2, 2.3.2, **** ХК-ны гүйцэтгэх захирлын 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ** тоот тушаал, **** ХК-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ** тоот тушаал, Холбооны газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ** тоот тушаал Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-р заалтыг үндэслэн Холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул тушаал үндэслэлтэй гарсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Э**** нь **** аймгийн Холбооны газартай 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан засварчин монтёроор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.  /хх-ийн 31-32/

 

Нэхэмжлэгч Т.Э****ийг Холбооны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.1, **** ХК-ны Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.1.3, **** ХК-ны ажилтны ёс зүйн дүрэмийн 2.1.2, 2.3.2, **** ХК-ны гүйцэтгэх захирлын 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ** тоот тушаал, **** ХК-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ** тоот тушаал, Холбооны газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ** тоот тушаал Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-р заалтыг үндэслэн Холбогдох хууль тогтоомжийг зөрчиж 2015 оны 3 дугаар сарын цаг бүртгэлд орой ажлаас буух цагаа бүртгүүлээгүй мөн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ахлах ня-бо албан өрөөндөө албан үүргээ гүйцэтгэж байхад зүй бус шаардлага тавьж, бүдүүлэг авир гаргаж хамт ажиллагсаддаа буруу үлгэр дууриалал гаргасан гэсэн үндэслэлээр 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2 сар цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 17/

 

Нэхэмжлэгч Т.Э**** нь сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр **** аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргасан байх бөгөөд **** аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1/04 тоот албан бичгээр Холбооны газрын дарга П.Б****д Зөвлөмж хүргүүлсэн байна. /хх-ийн 46/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ” мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрхи хугацаанд **** аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргаж шийдвэрлүүлсэн байх тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан .... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Т.Э**** нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр халагдсан тушаалаа эс зөвшөөрч 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрхи хуулийн хугацааг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч **** аймгийн Холбооны газрын дарга нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа 2015 оны 03 сарын цаг бүртгэлд орой ажлаас буух цагаа бүртгүүлээгүй гэж дурьдсан боловч 2015 оны 3 сарын хэдний өдөр цаг бүртгүүлээгүй болох нь тодорхойгүй, хэдэн цагийн ажил тасалсан нь тогтоогдохгүй байна.

Т.Э**** нь нярав Э****г ажлаас халагдсан талаар нягтлан бодогч В.Э****тай маргасан болох нь хэрэгт авагдсан гэрч В.Энхзаяагийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулдуулахдаа **** ХК-ны ажилтны ёс зүйн дүрэм Гүйцэтгэх захирлын 2013 оны А/123 тоот тушаалын хавсралтаар өөрчлөгдсөн байхад 2010 оны ёс зүйн дүрэм үндэслэж тушаал гаргасан буюу хүчингүй болсон ёс зүйн дүрмийг үндэслэл болгосон нь нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд **** аймгийн Холбооны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т.Э**** нь сарын 495000 төгрөгийн цалинтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул 2 сар цалинг 20 хувиар тооцож

495000х20=99000 төгрөг

99000х2 сар=198000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Хариуцагч Холбооны газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ** тоот Ажлаас халах тушаалд ...Т.Э**** нь 2015 оны 6 дугаар сарын ажлын цаг бүртгэлд өглөө, орой ажилдаа ирэх болон тарах цагаа 3 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгүүлээгүй компанийн хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн гэж дурьдсан боловч тухайн сард ажил таслаагүй ажиллаж цалингаа бүтэн авсан болох нь хэрэгт авагдсан Холбооны газрын ажилчдын 6 дугаар сарын цалин олгосон тухай хүснэгт, ээлжийн амралтын хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 71-74/

 

            Мөн нэхэмжлэгч Т.Э****ийн хүсэлтээр Холбооны газрын компьтерт үзлэг хийсэн бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 26, 29-ний өдрүүдэд дуудлагын дагуу ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. / хх-ийн 130-131/

 

Нэхэмжлэгч Т.Э**** нь Холбооны газрын Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар ажилладаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэсэн заалтыг хариуцагч Холбооны газар зөрчсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч Т.Э****ийг **** аймгийн Холбооны газрын техникийн албаны засварчин албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 8 сарын 06-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 1 сар 16 хоногийн цалин 855000 төгрөгийг олгох нь зүйтэй.

495000:22=22500 / 1 өдрийн цалин/,           22500х16 хоног=360000 төгрөг

360000+495000=855000 төгрөг

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагчаас 855000+198000 =1053.000 төгрөгөнд улсын тэмдэгтийн хураамж тооцож гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч **** аймгийн Холбооны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Э****ийг **** аймгийн Холбооны газрын техникийн албаны засварчин албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч **** аймгийн Холбооны газраас 1053.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Нэхэмжлэгч Т.Э****ийн ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийн ажилдаа эргэж орсноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг хариуцагч Холбооны газарт сургуульд мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Холбооны газраас улсын тэмдэгтийн хураамж  29822 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА