Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/01433/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалжтус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоотод оршин суух, О*** овогт Ж*** Ц*** /регистрийн дугаар ТЕ***, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг,*** хотхоны *** тоотод оршин суух, Т*** овогт С*** Б*** /регистрийн дугаар ПЖ*** , утас ***/-д холбогдох

1,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц***, хариуцагч С.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Б*** нь өөрийнхөө бизнест яаралтай шаардлагатай болсон 1,000,000 төгрөгийг сарын 5-10 хувийн хүүтэй ч хамаагүй зээлээч гэж надаас гуйсан. Миний бие хүлээн авч сарын 5 хувийн хүүтэйгээр 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 2014 оны 02 дугаар сарын 18-аас мөн оны 5 дугаар сарын 18 хүртэл зээлдүүлсэн. Зээлдэгч Б*** нь тохиролцсон баримт бичигт 1,000,000 төгрөгийг хүлээн авч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч С.Б*** нь зээлж авсан 1,000,000 төгрөгийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй. Удаа дараа шаардсан боловч мөнгөгүй байна гэсэн шалтгаан хэлсээр сүүлдээ утсаа ч авахгүй ярихгүй байна. Миний бие нь үндсэн зээл 1,000,000 төгрөг, түүний хүү 750,000 төгрөг, нийт 1,750,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч С.Б*** хамаатан садан хүмүүс учир нэхэмжлэлийн шаардлагаасаа 500,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, С.Б*** 1,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.

 

Хариуцагч Н.Б*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...миний бие Ж.Ц*** гуайгаас тусламж гуйж, 2014 оны 03 сард 1,000,000 төгрөгийн 5 хувийн хүүтэйгээр авсан нь үнэн. Тухайн үед хүний лангуу түрээслэн ажил хийж байсан. Миний бие өвдөөд зогсож чадахаа больсон учраас банкны зээлээ ч төлж чадахгүйд хүрээд мөнгө Ц*** авсан. Хашаа байшин зараад өгөх гэсэн боловч зарагдахгүй байгаа болохоор ямар ч аргагүйд хүрээд байна. Б*** би 5 хувийн хүүг өгч чадахгүй. Үндсэн мөнгийг тодорхой хугацааны дараа өгнө. Үндсэн мөнгөнөөс 2014 оны 3, 4, 5, 6, 7, 8, саруудад сарын 50,000 төгрөг нийт 300,000 төгрөг өгсөн тул 1,000,000 төгрөгнөөс 300,000 төгрөгийг хасч 700,000 төгрөгийг өөрийн боломжоор төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ц*** нь хариуцагч С.Б*** үндсэн зээл 1,000,000 төгрөг, түүний хүү 750,000 төгрөг, нийт 1,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагчаас үндсэн зээл 1,000,000 төгрөг, түүний хүү 250,000 төгрөг, нийт 1,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ж.Ц*** нь хариуцагч С.Б*** 1,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр хийсэн ба 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохигчид нь зээлийн гэрээний хугацааг 4 сарын хугацаагаар сунгасан болох нь 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Дархан сумын *** дүгээр багийн иргэн Ц*** *** дугаар багийн иргэн Б*** 1 сая төгрөг зээлдүүлсэн тухай баримт бичиг /хх-6/, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн хугацааг сунгах тухай тохиролцоо /хх-6/ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч С.Б*** нь зээлийн хүүний төлбөрт нийт 300,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ц*** өгсөн. Энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.  Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчид анх зээлийн гэрээ байгуулахдаа 3 сарын хугацаагаар байгуулсан боловч гэрээний хугацааг 4 сараар сунгасан байх тул гэрээний нийт хугацааг 7 сар гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч С.Б*** нь шүүх хуралдаан дээр ...би төлбөрийн чадваргүй учир хүү төлөхгүй... гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэхүү тайлбар нь зээлийн хүүгээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

 

Хариуцагч С.Б*** нь үндсэн зээл 1000,000 төгрөгийг, зээлийн гэрээний хугацааны хүү 350,000 төгрөг /7 сар * сарын хүү 50,000 төгрөг/-ийн хамт нийт 1,350,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ц*** төлөх үүрэгтэй боловч хариуцагч зээлийн хүүний төлбөрт 300,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх зээл, зээлийн хүү 1,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 282.3-т зааснаар хариуцагч С.Б*** 1,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ц*** олгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б*** улсын тэмдэгтийн хураамж 29,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ц*** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМА