| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/01364/и |
| Дугаар | 46 |
| Огноо | 2016-01-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01364/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, Б*** баг, *** тоотод оршин суух, Ц*** овогт Д*** З*** /регистрийн дугаар ТЛ***, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, *** баг, *** тоотод оршин суух, С*** овогт С*** Д*** /регистрийн дугаар ПО***, утас ***/-т холбогдох
Гэм хорын хохирол 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С***, хариуцагч С.Д***, иргэдийн төлөөлөгч Р.Р***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.З*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хашааныхаа гаднаас 1 тооны хязаалан эр үхрээ хулгайд алдсан. Хэсгийн төлөөлөгч нямсүрэнд үхрээ алдсан талаар өргөдлөө өгсөн.
...Дархан-Уул аймгийн хяналтын прокурор Н.Д*** гэх хүний гарын үсэгтэй *******, ******* гэсэн дугаартай тогтоол ирсэн. Уг тогтоолд хэрэг гарснаас хойш 6 сар өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгов гэсэн утгатай байсан. Цагдаа миний асуудлыг шийдэж өгөөгүй учраас Д.З*** би шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д*** үхрийн үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч С.Д*** нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...миний бие 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр алга болсон гэх З*** гуайн хязаалан үхэрнээс болж 2015 оны 01 дүгээр сард иргэн Р.М***, Ү.Ц*** нарын хамт О*** сумын хэсгийн байранд дуудагдан очиж байцаагдсан.
...2015 оны 6 сард энэ хэрэг хаагдсан. Би энэ хэрэгт гүтгэгдэн бүтэн 6 сарын хугацаанд Дархан-Уул аймаг явж байцаагдаж хий гүтгүүлсэн. Сэтгэл санаа нэр хүнд санхүүгийн хохирол их амссан. Аваагүй байж хүнд хий гүтгүүлэх миний хувьд болон гэр бүлийнхэнд маань сэтгэл санааны хүнд цохилт болж байна. Нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.З*** нь хариуцагч С.Д*** холбогдуулан хулгайд алдсан үхрийн үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Д*** нь ...тухайн үхрийг би аваагүй, намайг гүтгэж байна. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд :
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ...Дархан-Уул аймгийн О*** сумын Б*** баг *** тоотод оршин суух иргэн Д.З*** 1 тооны хязаалан насны эр үхрээ 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хулгайд алдсан гэх үйлдэлд Р.М***, С.Д*** нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар сэжигтнээр тооцож, гэрч Ш.Э***, Х.Б*** нарыг нүүрэлдүүлэн байцаах болон нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн С.Д***, Р.М*** нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар бүрэн нотлон тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар иргэн Д.З*** 1 тооны үхрийг С.Д***, Р.М*** нар бүлэглэн хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хх-5/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ...Д.З*** 1 тооны хязаалан насны эр үхрээ 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хулгайд алдсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож.. шийдвэрлэсэн байна /хх-4/
Капитал зууч ХХК-ний 2015 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд ...үхрийн тухайн үеийн зах зээлийн үнэ 1,500,000 төгрөг гэжээ /хх-6/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т .Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Д.З*** 1 тооны үхрийг хулгайд алдахад хариуцагч С.Д*** гэм буруутай болох нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.З*** нэхэмжлэлтэй хариуцагч С.Д*** холбогдх гаргасан үхрийн үнэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З*** гаргасан хариуцагч С.Д*** үхрийн үнэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.З*** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн сангийн дансад хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Ж.ЛХАГВАСҮРЭН