| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2015/01290/и |
| Дугаар | 62 |
| Огноо | 2016-01-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/01290/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр хороолол, *** байрлах Э*** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, *** үйлдвэрийн хашаанд байрлах, Д*** ХХК-д холбогдох,
Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,050,000 төгрөг, алданги 1,025,000 төгрөг, нийт 3,075,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А***, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э*** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Компанийн захирал Б.Ш*** би Д*** ХХК-тай Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагчийн талбайд гүний худгийн өрөмдлөг хийхээр тохирсон. Захиалгат ажлыг 15,780,000 төгрөгөөр тохиролцож, ажлыг гүйцэтгэн, 2012 оны 11 сарын 03-ны өдөр хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн. Гэтэл хийсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 2,050,000 төгрөгийг өнөөг болтол өгөлгүй биднийг чирэгдүүлж байна. Гэрээний 5.2-т хугацаандаа төлбөр төлөөгүй хоног тутамд үлдсэн төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж заасан. Иймд төлөгдөөгүй үлдсэн төлбөр 2,050,000 төгрөг, алданги 1,025,000 төгрөг, нийт 3,075,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э*** ХХК нь Д*** ХХК-тай гүний худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр тохирч, гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч байгууллага нь ******* хотод байрладаг тул гэрээ, холбогдох бичиг баримтаа шуудангаар шилжүүлэн, харилцан гарын үсэг зурж байсан бөгөөд хэрэгт авагдсан гэрээнд хариуцагч тал гарын үсэг зураагүй байгаа ч гэсэн тухайн үедээ тус гэрээнд зааснаар гэрээний нөхцлийг тохирсон. Тухайн үед маргаан гарна гэж бодолгүй, гарын үсэг зуруулаагүй байна. Энэ нь итгэлцлийн асуудал байсан гэж үзэж байна. Иймээс тус гэрээг хүчин төгөлдөр бус, гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,050,000 төгрөг, алданги 1,025,000 төгрөг, нийт 3,075,000 төгрөгийг Д*** ХХК-иас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Э*** ХХК-иар гүний худгийн өрөмдлөгийн ажил хийлгэж, 2012 онд ажлыг бүрэн хүлээн авсан нь үнэн. Ажлын хөлс, тээврийн зардал гээд нийт дүнг 15,780,000 төгрөгөөр тохирсон юм. Бид тохирсны дагуу худаг гаргасны хөлсөө бүрэн төлж дууссан. Гэрээг бичгээр хийгээгүй. Амаар л тохирсон. Иймээс алдангийг зөвшөөрөхгүй. Одоо манай зүгээс тус компанид төлөх төлбөр байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан гэрээ нь зөвхөн эдний талын дангаар хийж, өөрсдөө гарын үсэг зурсан, тамга дарсан гэрээ байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд тохиролцон нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр гэрээ хийсэн гэж үзнэ. Иймээс энэхүү гэрээг талууд тохиролцон байгуулсан гэж үзэхгүй тул гэрээ бичгээр байгуулагдаагүй гэж үзэж байна. Иймд алданги нэхэмжлэх үндэслэлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э*** ХХК нь хариуцагч Д*** ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,050,000 төгрөг, алданги 1,025,000 төгрөг, нийт 3,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*** шүүх хуралдаан дээр ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан тул одоо ямар нэгэн төлбөр төлөх үндэслэлгүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч бичгээр гэрээ байгуулагдаагүй тул алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж тус тус маргадаг болно.
Нэхэмжлэгч Э*** ХХК нь Д*** ХХК-тай 130 м гүн худаг гаргах ажлыг 15,780,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон, ажлаа бүрэн гүйцэтгэж 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д*** ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*** Э*** ХХК-иар 130 м гүний худгийг гаргуулсан ба ажлын нийт хөлсийг 15,780,000 төгрөгөөр тохирсон нь үнэн. Энэ тохиролцооны дагуу худгаа 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай компани хүлээн авсан гэсэн тайлбар, хэрэгт авагдсан өрөмдлөгийн ажлын журнал, худаг хүлээлцсэн актаар тус тус тогтоогдож байгаа бөгөөд худгийг хүлээн авсан байдал, тохиролцсон хөлсний хэмжээний талаар талууд маргаагүй болно.
Талуудын дээрх тохиролцооноос үзэхэд Э*** ХХК болон Д*** ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Э*** ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг Д*** ХХК-д бүрэн хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Харин Д*** ХХК нь хэлэлцэн тохирсон хөлс болох 15,780,000 төгрөгөөс 2,050,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн тул энэхүү төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргасныг хариуцагч төлбөрөө бүрэн төлсөн тул зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч энэхүү татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Д*** ХХК нь ажлын хөлс болох 15,780,000 төгрөгийг бүрэн хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан татгалзсан тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Иймд хариуцагч Д*** ХХК-ийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,050,000 төгрөгийг нэхэмжлэгч Э*** ХХК нь хариуцагч Д*** ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э*** ХХК нь дээрх гэрээг бичгээр байгуулсан гэж үзэж гэрээнд заасны дагуу 1,025,000 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч Д*** ХХК нь бичгээр гэрээ байгуулаагүй тул алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг болно.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээ /хх-3 дугаар тал/-г ирүүлсэн бөгөөд гэрээнд захиалагчийг төлөөлж Д*** ХХК-ийн менежер Б.Б*** гэж бичсэн байх боловч гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй, зөвхөн Э*** ХХК-ийн захирал Ш*** гарын үсэг зурсан, тус компани тамга дарсан байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсэг зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор заажээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй боловч гэрээг талууд тохиролцон бичгээр хийж болох бөгөөд энэ тохиолдолд дээрх хуульд заасан шаардлага тавигдахаар байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар шүүхэд өгсөн гэрээний хувьд хуулийн дээрх шаардлагууд хангагдаагүй бөгөөд тус гэрээнд хариуцагч талаас гарын үсэг зураагүй, мөн энэхүү бичгийн гэрээний саналыг хариуцагч тал хүлээн авснаа илэрхийлсэн гарын үсэг, тамга тэмдэг бүхий баримт бичгийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн байдал тогтоогдохгүй байх тул талуудын хооронд бичгээр гэрээ хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй учир нэхэмжлэгч Э*** ХХК нь алданги нэхэмжлэх эрхгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Э*** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 2,050,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,025,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232.3-т заасныг баримтлан хариуцагч Д*** ХХК-иас 2,050,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э*** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,025,00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д*** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 47,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э*** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ