Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01118/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р хороолол *** дугаар байрны *** тоотод тоотод оршин суух, регистрийн дугаар ТИ***, Б*** овогт Б*** М*** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ВЭ***, Г*** овогт Н*** О*** холбогдох

 

2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасалт хийлгэсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Н.О***, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н***, нарийн бичгийн дарга Г.Э*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Н.О*** зээлүүлсэн нийт 7860000 төгрөг авахаар шүүхэд хандаж Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дүгээр захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 7860000 төгрөгийг 2015.06.10-ны дотор төлж дуусгана гэсэн боловч төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахад эд хөрөнгөгүй нь лавлагаагаар тогтоогдсон. Гэтэл Н.О*** нь өмнө нь Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** тоот 2 өрөө орон сууцыг өв залгамжлалын журмаар шилжүүлэн ах Н.Б*** хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Ингээд намайг 2015.05.04-ний өдөр дээрх 2 өрөө байрны хамтран өмчлөгч болох хариуцагч Н.О*** нь өөрийгөө хасалт хийлгүүлж ах Н.Б*** нэр дээр үлдээсэн. Анх би 2 өрөө байраа барьцаанд тавь гэж хэлж байсан гэтэл Н.О*** нь өнөө маргаашгүй зарж байраа сайжруулах гэж байгаа тул барьцаалж болохгүй байна гэж байсан. Энэ үйлдэл нь хариуцагч Н.О*** нь надад 7860000 төгрөгийг буцааж төлөх сэтгэлгүй, хариуцлагаас зугтаж санаатайгаар 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөс хасалт хийлгэсэн ба энэ үйлдэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул хасалт хийлгэсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О*** түүний өмгөөлөгч Д.Н*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.М*** гаргасан 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасалт хийлгэсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Анх М*** зээл авахдаа байр барьцаалах талаар яриагүй. Нөхөр Б*** хамт 6 сая төгрөг зээлээр авч зээлийн гэрээ байгуулсан. Нөхөр Б*** нь салаад хаяад явсан тул би хугацаандаа зээлээ төлж чадаагүй. Нэхэмжлэгч Б.М*** нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 7860.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2015.05.06-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэлийн хувийг хариуцагч надад гардуулсан. Дээрхи маргаан бүхий 2 өрөө орон сууц нь миний аав Н*** өмчлөлд байсан бөгөөд үүнийг ах Н.Б*** авч өгч байсан. Аав Н*** 2012 онд нас барж өв залгамжлалаар ах Н.Б***, Н.О*** миний өмчлөлд байрны өмчлөх эрх шилжсэн. Ах өөрийн байраа авах болсон тул 2015.05.01-ний өдөр Орон сууцыг хамтран өмчлөлөөс хасах хэлцэл хийж өмчлөх эрхийг ах Н.Б*** шилжүүлсэн. Би шүүхэд иргэний хэрэг үүсгээгүй байхад энэ байрыг шилжүүлсэн байсан. Би байрыг зээлийн барьцаанд тавиагүй байсан. Энэ нь дан ганц миний хөрөнгө биш байсан тул надад барьцаалах эрх байхгүй. Би одоо ахын эхнэрийн байранд хүүхдийнхээ хамт амьдардаг өрх толгойлсон хүн. Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.***-ний өдрийн *** дугаартай захирамжийн дагуу би өдөр бүр 10.000 төгрөг төлж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М*** нь хариуцагч Н.*** холбогдуулан Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.О*** нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М*** нь хариуцагч Н.О*** харилцан тохиролцож 2015.02.27-ны өдөр 6.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 10 хувийн хугацаатай зээлүүлж Зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Н.О*** холбогдуулан зээл, зээлийн хүү 7260.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай захирамжаар Иргэний хэрэг үүсгэн, мөн шүүхийн 2015 оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-5/

 

Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015.***-ний өдрийн *** дугаартай захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хариуцагч Н.О*** нь 2015.04.05-нд 250.000 төгрөг, 2015 оны 8 сараас өдөр бүр 10.000 төгрөгөөр төлбөрийг барагдуулж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 33-40/

 

Маргаан бүхий Дархан сумын ***-р баг ***-р хороолол ***-р байр 29.0 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Б.Н***, Н.Б*** нар бүртгэлтэй байсан бөгөөд 2012.06.06-ны өдөр өв залгамжлалаар Н.Б***, Н.О*** нар бүртгэгдсэн, 2015.05.01-ний өдөр *** дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр иргэн Н.Б*** өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлсэн. 2015.07.16-ны өдөр Г*** ББСБ-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байх ба 2015.11.02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны *** тоот албан бичгээр тусгай тэмдэглэл бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, Г*** ББСБ-ын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 53-61/

 

Нэхэмжлэгч нь Б.М*** нь дээрхи хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт маргааны зүйл болсон 7260.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгө гэж заагаагүй зүйлийг хариуцагч Н.О*** нь бусдад шилжүүлсэн гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхийн үндэслэл болохгүй юм.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бол эрх ашиг нь хөндөгдсөн гэрээний талууд гомдол гаргах, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан авах эрх нь зөвхөн гэрээний талуудад байгаа болно.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хурлын тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Б.М*** нэхэмжлэлтэй Н.О*** холбогдох 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасалт хийлгэсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.АЛТАНТУЯА