Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 01209

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01063 дугаар шийдвэртэй Б.М-ийн нэхэмжлэлтэй Т.П-д холбогдох, гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагч Т.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.П-той 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү П.Даян-Очир төрсөн. Хамтын амьдрал сүүлийн нэг жил гаруй хугацаанд маш хөндий хүйтэн, хайр халамжгүй, гэр бүлийн дулаан уур амьсгалгүй болсон. Т.П-ийг гэртээ ирэхэд нь гэр цэвэрхэн, хоол нь бэлэн, хувцсыг нь угааж, цэвэрлээд индүүдчихсэн, хүүхдээ асраад л хүлээгээд суудаг байсан. Харин тэр ажил ихтэй байна, найзуудтайгаа уулзана, фитнест явна, загасчлахаар явна гэх мэт шалтаг тоочин байнга шахуу эзгүй байдаг байсан ба нөхөр болон аав хүнийхээ үүргийг үл ухамсарлан дэргэд байж тусалж дэмжилгүй, өөрийгөө зугаацуулж, өөрийн дуртай зүйлсээ хийдэг. 7 хоногт 2-оос 3 удаа найзуудтайгаа уулзахаар гардаг ба гарах болгондоо маш их ууж, хөл дээрээ тогтож чадахгүй шахуу үүрээр эсвэл өглөө ирдэг, заримдаа бүр гадуур шалтгаангүй хонодог. Гэртээ байсан ч хэвтэрт байгаа хүн шиг байнга л утсаа оролдож, зурагт үзэж хэвтдэг байсан. Гэр цэвэрлэх, хоол хийхэд туслах нь байтугай хүүхэд асрахад тусалдаггүй, надад өөртөө зарцуулах цаг олгодоггүй. Миний хувьд гэрлэсэн статустай ганц бие ээжийн амьдралаар амьдарч байсан. Түүнийг өөрчлөгдөнө гэж итгэж, маш удаан хугацаанд тэвчиж, хичээж ирсэн.

Харамсалтай нь бидний харилцаа улам дордсон ба  миний итгэл алдарч, цаашид тэвчиж амьдрах аргагүй болсон. Иймээс би 2018 оны 12 дугаар сараас хойш хүүгээ аваад аав, ээжийндээ нүүж ирээд амьдарч байна. Шүүхэд нэхэмжлэл өгөхөөс өмнө эвлэрүүлэн зуучлалаар орсон хэдий ч  би нэгэнт шийдсэн, цаашид тэвчих, буцаад хамт амьдрах ямар ч итгэл, найдвар, хүсэл байхгүй тул дээрх бүх шалтгааныг харгалзан үзэж, гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү П.Даян-Очирыг өөрийн асрамжид авах, тэтгэмж тогтоолгох, цаашдын цэцэрлэг, сургуулийн төлбөрийг төлүүлэх хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.П шүүхэд гаргасан тайлбартаа: Б.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хамтын амьдралын хугацаан дахь хүйтэн хөндий, хайр халамжгүй, гэр бүлийн дулаан уур амьсгалгүй, мөн ахуйн ажил болон хүүхэд асрах тал дээр би санал нийлж байна. Гэхдээ үүнд дурдсан сөрөг асуудлууд нэг хүний хандлагаас болж ийм болдоггүй гэж би хувьдаа бодож байна. Б.М-ийн хувь хүний зан, төлөвшил хэт дотогшоо, нээлттэй биш ба үүнээс үүдэлтэй хосын бие биенээ ойлгох ойлголцол, харилцан ярилцлага өнгөрсөн хугацаанд бидний дунд амжилттай өрнөдөггүй байсан. Хамтдаа суугаад болохгүй байгаа асуудлуудаа ярилцаж, хамтдаа шийдье гэдэг саналыг би удаа дараа тавьж байлаа. Гэвч миний тэрхүү саналууд үргэлж хэрүүлийн шинж чанартай өрнөж, ойлголцож чадалгүй өндөрлөдөг байсан. 2017 оны 11 сараас 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл бид хоёр мөн тусдаа амьдарсан ба хүүгийнхээ төлөө дахиад хичээцгээе гэж ярилцан буцаж нэг гэртээ орж байсан. Эр нөхрийн хувьд би хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдгээ ухамсарлаж байсан тул  харилцаагаа сайжруулах тал дээр хичээж ирснээ энд дурдах хэрэгтэй байх. Хаана ч байсан харилцаа дээрдэхгүй, эр нөхрөө үзэн ядсан тийм хандлага дор  би дотроо сэтгэлийн шаналалтай, өдийг хүртэл явж ирэхдээ төрсөн хүүгээ л бодож гэрлүүгээ яардаг болсон.

Миний хүү П.Даян-Очир бол миний хувьд цор ганц хүүхэд юм. Байгалийн аргаар олдож байгаагүй, миний эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-ын Ча–Гангнам эмнэлэгт үр шилжүүлэн суулгах аргаар бүрэлдсэн хүүхэд юм. Энэхүү эрүүл мэндийн шалтгаанаа би гэр бүл болохоосоо өмнө ч Б.М-д анхааруулж байсан. Бидний хамтын амьдрал маань бүтэлгүй болж байгаа  ч цаашид залуу хүний хувьд хүнтэй сууж, хүүхэдтэй болох баталгаа надад байхгүй. Энд дурдсан асуудлуудыг би эвлэрүүлэн зуучлалаар орж байхдаа мөн дурдсан. Нэгэнт шийдсэн, буцаад хамт амьдрах шаардлагагүй гэж үзэж байгаа тул гэрлэлтийг цуцлахад татгалзах зүйлгүй. Харин миний эрүүл мэндийн онцгой нөхцөлийг харгалзан үзэж,  насанд хүрээгүй хүү П.Даян-Очирыг  аавын асрамжид үлдээж өгнө үү гэж хүсч байна. Хэрвээ хүүг минь ээжийн асрамжид үлдээх шийдвэр гаргавал Б.М-г албан болон хувийн ажлаар гадаад орнуудад зорчих тохиолдолд П.Даян-Очирыг 18 нас хүртэл нь зөвхөн төрсөн эцэг Т.П миний асрамжид үлдээж байх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б.М /РД:ТД89013003/, Ш овогт Т.П /РД:ШУ88090213/ нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү П.Даян-Очир  /РД:УЖ16300130/-ыг эцэг Т.П-ийн асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү П.Даян-Очирыг эх Б.М-тай уулзуулж байхыг эцэг Т.П-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.П оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс... Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү П.Даян-Очирыг эцэг Т.П-ийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Б.М хариуцагч Т.П-ийг архи их уудаг зуршилтай, хүүхдэдээ хайр халамжгүй, хүүхдээ асрах чадваргүй гэж маргаж байх боловч түүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараас өөр баримтаар тогтоогдохгүй байна. Хүүхдээ тэжээн тэтгэх орлого, өөрийн өмчит гэр орны одоогийн нөхцөл байдлаараа хариуцагч Т.П хэрэгт авагдсан баримтаар илүү байх бөгөөд эцэг Т.П байгалийн жамаар хүүхэдтэй болох чадваргүй, дахин хүүхэдтэй болох нь эргэлзээтэй талаар хэн аль нь маргаагүй... байгалийн жамаар үр хүүхэдтэй болох боломж хариуцагч Т.П-д байхгүй, үр шилжүүлэн суулгах ажилбараар дахин хүүхэдтэй болох, үр тогтоох чадвартай эс байгаа эсэх, эрүүл мэндийн шалтгаантай гэх зохигчдын тайлбар зэргийг харгалзан хүү П.Даян-Очирыг эцэг Т.П-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэжээ.

Шүүх хүү П.Даян-Очирын асрамжийг шийдвэрлэхдээ эцэг Т.П-ийг хүүхдээ тэжээн тэтгэх орлого, өөрийн өмчит гэр орны одоогийн нөхцөл байдлаараа хариуцагч Т.П хэрэгт авагдсан баримтаар илүү, байгалийн жамаар хүүхэдтэй болох нь эргэлзээтэй, үр шилжүүлэн суулгах ажилбараар дахин хүүхэдтэй болох, үр тогтоох эс байгаа эсэх нь эргэлзээтэй байх тул эцэг Т.П-ийн асрамжид үлдээж байгаа талаар дүгнэсэн. Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашиг, хүүхдийн хүмүүжил, цаашид хэн дээрээ байхыг чухалчлахаас илүү эцгийн хувийн байдлыг харгалзаж, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “гэрлэгчид энэ хуулийн 14.5 дахь хэсэгт зааснаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо. ес суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хэн нэгний асрамжид үлдээх... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш хүү П.Даян-очир асрамжид байгаа бөгөөд эх Б.М нь хүүхдээ байнга асардаг, хүүхдийг эрүүл мэнд, хүмүүжилд тавих анхаарал сайн байдаг. Хариуцагч Т.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “гэр бүлийн дулаан уур амьсгалгүй, мөн ахуйн ажил болон хүүхэд асрах тал дээр санал нийлж байна” гэжээ. Энэ нь эх Б.М хүүхдээ байнга асардаг, эцэг нь хүүхдийг асрах тал дээр оролцоо бага байдал харагдаж байна. Ахуйн нөхцөл, бололцоо: Шүүх дүгнэхдээ хүүхдээ тэжээн тэтгэх орлого, өөрийн өмчит гэр орны одоогийн нөхцөл байдлаараа хариуцагч Т.П хэрэгт авагдсан баримтаар илүү учраас хүүхдийг эцэгт үлдээх талаар дурдсан. Эх Б.М нь “Даблью Эс И Институт Монголиа” ХХК-д англи хэлний багшаар ажилладаг, сарын үндсэн цалин 1 200 000 төгрөг, мөн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд 66.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг аав, ээжийн хамт өмчилдөг бөгөөд одоогийн байдлаар хүүгийн хамт 2 уулаа амьдардаг. Эдгээр нөхцөл байдал нь эцэг, эхийн ахуйн нөхцөл бололцоо адил байгааг харуулж байна.

Гэрлэгчдийн ёс суртахууны талаарх баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч Т.П нь шүүх хуралдаанд “...Б.М-ийн ярьж байгаа зүйлсэд санал нэг байна. Гадуур тэнэдэг, архи уудаг, халамжгүй, гэртээ яваад ороход гэр цэвэрхэн байдагт санал нэг байна” гэжээ. Хариуцагчийн тайлбараас харахад хүү П.Даян-Очир цаашид эцгийн асрамжид байх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар зохигчид шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “эцэг, эх дараах үүрэг хүлээнэ” 26.2.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх” 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж тус тус заажээ.

Эцэг Т.П-ийн хувьд эх Б.М-г хүүхдээ байнга асардагыг хүлээн зөвшөөрсөн, гадуур тэнэх, архи уудаг, халамжгүй талаар тайлбараа шүүхэд гаргасаар байтал шүүх хүүхдийн эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг харгалзан үзэлгүй, хүүхдийн асрамжийг шийдвэрлэсэн. Хүүхэд аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэн, айх айдасгүй сэргэлэн цовоо өсөх боломжийг нэн тэргүүнд шүүх анхааран үзэх ёстой. Эцэг Т.П-ийн дээрх шаардлагыг хангаж байгаа гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд “архи согтууруулах ундаа хэрэглэдэг, гадуур тэнэдэг, хайр халамжгүй байдаг” талаараа шүүхэд тайлбарласан. Эцэг эх, хэн аль нь уг шаардлагыг хангаж байсан ч ялангуяа бага насны хүүхдийн хувьд хэнд илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Хүү П.Даян-Очир нь төрсөн цагаас хойш эхийн асрамжид байдаг, гэрлэгчид тусдаа амьдарсан буюу 2018 оны 12 сараас хойш эх Б.М-ийн асрамжид өнөөдрийг хүртэл амьдардаг. Бага насны хүүхдийн тухайн үеийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй байхад дассан орчныг солих нь хүүхдэд муугаар нөлөөлөх боломжтойг шүүх анхаараагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүүхдийн өөрийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжид тавьж, хүүхдийн ашиг сонирхлыг хангалгүйгээр эцэг Т.П нь цаашид байгалийн жамаар хүүхэдтэй болох боломжгүй, үр шилжүүлж хүүхэдтэй болох эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүүхдийн асрамжийг шийдвэрлэж болохгүй.

Эцэг эх нь хоол хүнс, хувцас хунар зэрэг хүүхдийн хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна хүүхдийг хайрлан халамжилж, зөв үлгэр дуурайлал үзүүлж, зөв төлөвшилтэй иргэн болгон хүмүүжүүлэх нь юу юунаас илүү чухал юм. Иймээс хүүхдийн хэрэгцээ шаардлагыг дан ганц эд хөрөнгөөр тодорхойлох нь буруу. Учир нь хүүхэд нас биенд хүрээд бусдыг хайрладаггүй, өөртөө итгэлгүй, бие даасан бус, аливааг мөнгөөр хэмжих буруу дадал зуршилтай болох өндөр магадлалтай. Эцэг эхийн зүгээс аль аль нь ахуйн нөхцөл бололцоо адил бүрдсэн байгаа хэдий ч хүүхэд хаана тав тухтай, айх айдасгүй, хайр халамжид, эрүүл саруул өсөх боломжтой гэдгийг нэгдүгээрт тавьж шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн хүү П.Даян-Очир нь бага насны буюу 2 нас 7 сартай бөгөөд хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнд онцгой халамж, хамгаалалт шаардлага байхад хүүхдийг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь буруу юм. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү П.Даян-Очирыг эх Б.М-ийн асрамжид үлдээж, хуульд зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Т.П-д холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, хүүхдээ өөрийн асрамжид авна гэж маргажээ.

Б.М, Т.П нар нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, хамтран амьдрах явцад  2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү П.Даян-Очир төрсөн, гэрлэгчид таарамжгүй харьцааны улмаас 2018 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байгаа үйл баримт хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 7, 10 дугаар тал/

Гэрлэгчид 2018 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хүү П.Даян-Очир төрсөн цагаасаа одоо хүртэл эх Б.М-ийн асрамжид өсөж торниж байгаа, бага насны /2 нас 8 сар/ хүүхдийн дассан орчинг өөрчлөн эцэг Т.П-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хүүхдийн асрамжийг шүүхээс тогтоохдоо хүүхдийн эрх ашиг, сонирхлыг голлон харгалзах учиртай.

Хэргийн баримтаар бага насны хүүхдийн одоогийн амьдарч буй орчин нөхцөлийг зайлшгүй өөрчлөх шалтаантай болох нь тогтоогдоогүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгний асрамжид байж, тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд эцэг эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шүүх шийдвэрлэх юм.

Иймээс хүү П.Даян-Очирыг эх Б.М-ийн асрамжид үлдээж, эцэг Т.П-оос хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шүүх хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй гэрлэгчдийн маргааныг шийдвэрлэхдээ хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох үүрэгтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар “эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул мөн хуулийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох тул хариуцагчийн хүүхэдтэйгээ уулзах саналыг нэхэмжлэгч хязгаарлах эрхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү П.Даян-Очирыг эх Б.М-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар эцэг Т.П-оос хүүхдийн тэтгэлэгийг сар бүр амжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, амжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байвал 18/ нас хүртэл тэжээн тэтгүүлсүгэй” гэж, 3 дах заалтын “эх Б.М-тай” гэснийг “эцэг Т.П-той” гэж “Т.П-д” гэснийг Б.М-д” гэж, 4 дэх заалтын “олгосугай” гэснийг “олгож, 35 868 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                                                        ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                            Б.НАРМАНДАХ