Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/968

 

 

 

 

 

 

 2021             11            11                                          2021/ДШМ/968                                                

           

Б.Б-, Ш.Э-, Х.Т нарт                                                                          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч П.Анударь,

шүүгдэгч Ш.Э-ын өмгөөлөгч Ж.Иманмагзам,

шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр,

иргэний хариуцагч “Индустр” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Батмөнх,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12ы өдрийн 1675 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Х.Т, Б.Б-, Ш.Э- нарт холбогдох 1902001160269 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Р овгийн Б-гийн Б-, Өвөрхангай аймагт 1980 оны 06 дугаар сарын 28ы өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай гудамжны 0-0 тоотод суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “-” хотхоны 0 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: 000000000/

2. Б овгийн Ш-ын Э, Өвөрхангай аймагт 1988 оны 03 дугаар сарын 07ы өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онцгой байдал-гамшгаас хамгаалах албаны мэргэжилтэй, хэрэгт холбогдол үедээ “-” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 5, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 000к байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: 00000000/

3. Т овгийн Х-гийн Т, Өвөрхангай аймагт 1979 оны 05 дугаар сарын 05ы өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Б-гийн жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат 19 дүгээр байрны 76 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 000  гудамжны 000 дугаар байрны 00 тоотод оршин суух, /регистрийн дугаар: 00000000/

1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч Б.Б- нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаанаар зээлийн шаардлага хангахгүй Ш.Э-ын үүсгэн байгуулсан “Онгиболд” ХХК-ийн “Монгол фермер” төслийг  хэлэлцүүлэн, дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “Онгиболд” ХХК-ийн Голомт банкны 1405007436 тоот дансаар шилжүүлэн авч, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг Ш.Э-, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, тэдгээрийн үүрэг оролцоог хуваарилах замаар зохион байгуулан Ш.Э-ын үүсгэн байгуулсан “Онгиболд” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Х.Тгийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 1,132,200,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад оруулсан, Ш.Э-од 123,705,000 төгрөг, Б.Гд 34,000,000 төгрөг, Ж.Гд 150,000,000 төгрөг, Х.Тд 40,000 төгрөг, В.Эт 10,000,000 төгрөг, О.Мд 100,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн зэргээр захиран зарцуулж хууль бус эх үүсвэрийг нуун далдалж байнга тогтвортой мөнгө угаасан,

Шүүгдэгч Ш.Э- нь нийтийн албан тушаалтан Б.Б-гийн зохион байгуулсан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох замаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан өөрийн “Онгиболд" ХХК-ийг Х.Тгийн нэр дээр шилжүүлсэн, төслийн зээлийг зориулалтын бусаар захиран зарцуулсан үйлдлээр бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй хамтран оролцсон,

мөн гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг мэдсээр байж Б.Б-, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 1,550,000,000 төгрөгийн зээл авсан өөрийн үүсгэн байгуулсан “О” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б-гийн эцэг Р.Б-гийн үүсгэн байгуулсан “Э” ХХК-ийн ажилтан Х.Тгийн нэр дээр шилжүүлэн өгсөн, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “О” ХХК-ийн Голомт банкны 1405101239 тоот ам.долларын данснаас 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй барилгад оруулсан, өөрөө 123,705,000 төгрөг авч, Б.Г-д 34,000,000 төгрөг, Ж.Г-д 150,000,000 төгрөг, Х.Тд 40,000 төгрөг, В.Э-т 10,000,000 төгрөг, О.Маргадад 100,000,000 төгрөг тус тус шилжүүлж хууль бус орлогын эх үүсвэрийг нуун далдалж байнга тогтвортой мөнгө угаасан,

Шүүгдэгч Х.Т нь Б.Б-, Ш.Э- нарын урьдчилан үгсэн тохиролцож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох замаар олсон 1,550,000,000 төгрөгийг мэдсээр байж “О” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “О” ХХК-ийн Голомт банкны 1405101239 тоот ам.долларын данснаас 1,132,200,000 төгрөг шилжүүлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад оруулсан, өөрөө 40,000 төгрөгийг авсан, Ш.Э-од нийт 123,705,000 төгрөг, Б Гд 34,000,000 төгрөг, Ж.Гд 150,000,000 төгрөг, Х.Тд 40,000 төгрөг, В.Эт 10,000,000 төгрөг, О.Мд 100,000,000 төгрөг тус тус шилжүүлж хууль бус орлогын эх үүсвэрийг нуун далдалж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Ш.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Х.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Б.Б-г шаардлага хангахгүй төслийг комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжсэн гэж яллаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна. “Онгиболд” ХХК-ийн “Монгол фермер” төслийг зээл авах шаардлага хангаагүй гэх атал уг төслийн материал болон 2014 онд дагаж мөрдөж байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох журам зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтууд хэрэгт авагдаагүй байна. Эдгээр баримтгүйгээр “Онгиболд” ХХК-ийн “Монгол фермер” төсөл нь зээлийн шаардлага хангасан эсэхийг тогтоох боломжгүй тул холбогдох байгууллагаас нотлох баримтыг гаргуулан хэрэгт хавсаргах нь зүйтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Учралбаяр нь “... “Монгол фермер” төслийн материал тус сангийн архивт байхгүй ... тухайн үед хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох журам ямар байсныг мэдэхгүй ... төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэрт нэг бүрчлэн үзэж танилцаж шийдвэрлэсэн талаар мэдээлэл байхгүй учраас төслийн материалыг комиссын гишүүд нэг бүрчлэн үзэж байгаагүй...” талаар мэдүүлсэнтэй холбогдуулан 2014 оны 10 сарын 15-ны өдрийн төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаанд оролцсон нэр бүхий гишүүдийг гэрчээр асууж, “Онгиболд” ХХК-ийн төслийг ямар журмаар, хэрхэн шалгаруулсан, комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Б- уг хуралд ямар байр суурьтай оролцсон болон бусад нөхцөл байдлын талаар тодруулах шаардлагатай.

2. Гэмт хэргийн улмаас улсад учруулсан их хэмжээний хохирлыг иргэний журмаар шийдвэрлэж, “Онгиболд” ХХК-аас зээл болон хүүгийн хамт нийт 1,596,579,229 төгрөгийг гаргуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгох тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 24-ны өдрийн 101/ШШ/2016/02610 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дээрх хохирлын мөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу “Онгиболд” ХХК-аас гаргуулан авах талаар мэдүүлжээ. Прокуророос Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн дээрх асуудлыг хэрхэн дүгнэж, хохирлыг гаргуулахаар яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй төдийгүй шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаарх мэдээллийг яллах дүгнэлтэд тодорхой, ойлгомжтой тусгах шаардлагатай.

3. “Онгиболд” ХХК-ийн захирал Х.Т нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн санхүүжилтээс “Индастр” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36 м2 талбайн захиалга хийж 600,000 ам.доллар бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогджээ. Мөрдөн байцаалтын шатанд дээрх 600,000 ам.доллар буюу гадаад валютыг төгрөгт шилжүүлэхдээ тухайн үеийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хавсаргаж ирүүлээгүй атал 1,172,625,500 төгрөгийн хохирлын дүн тогтоосон нь эргэлзээтэй байна.

“Онгиболд” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Монгол фермер” төслийг хэрэгжүүлэхээр авсан 1,550,000,000 төгрөгийг Б.Б-гийн хамаарал бүхий иргэдэд шилжүүлэх, бусдын нэр дээр авсан зээлийн барагдуулах нэрээр шилжүүлэх, үйлчилгээний барилга худалдан авахаар захиалгын гэрээ байгуулан мөнгө хүлээлгэн өгөх зэргээр зориулалтын бусаар зарцуулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч дээрх үйлдэлд шүүгдэгч Б.Б-гийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Жижиг, үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан 1,550,000,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого мөн эсэхийг шалгаж тогтоосны дараа мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт өгөх учиртай гэж үзээд хэргийг прокурорт буцаажээ. 

Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагаагааны явцад “Онгиболд” ХХК-ийн “Монгол фермер” төслийн материал архив байхгүй тул хэрэгт хавсаргах боломжгүй. 2014 онд дагаж мөрдөж байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг хэрэгт хавсаргаагүй боловч “Онгиболд” ХХК-ийн төсөл байхгүйгээс гадна “...Онгиболд ХХК тус төвийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санд бүртгэлгүй сангийн зээл хамрагдахаар манай төвөөс тодорхойлолт аваагүй байна...” гэх Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаартай хариу албан бичиг /1-р хх 65/ болон бусад нотлох баримтуудаар “Онгиболд” ХХК-ийн Монгол Фермер төсөл нь зээлийн шаардлага хангаагүй болох нь нотлогдсон. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаар Б.Б- нь “Онгиболд” ХХК-ийг үүсгэн байгуулсан Ш.Э-той хамааралтай болох нь нотлогдсон. Тухайн үед төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан, зээл авах шаардлага хангаагүй “Онгиболд” ХХК-ийн Монгол Фермер төслийг комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжсэн болох нь нотлогдсон гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эсэх асуудал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд нөлөөлөхгүй, яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч, иргэний хариуцагчаар төлүүлэхээр тусгасан нь хууль зөрчөөгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн санхүүжилтээс авсан 600,000 ам.долларыг төгрөгт шилжүүлэн тооцсон мөрдөгчийн магадалгааг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай үнэлнэ” гэснийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.  

Шүүгдэгч Х.Т тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Х.Тгийн өмгөөлөгч Б.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1675 дугаартай шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч П.Анударь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Ш.Э-ын өмгөөлөгч Ж.Иманмагзам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.

Иргэний хариуцагч “Индастр” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-, Ш.Э-, Х.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Онгиболд” ХХК-ийн “Монгол фермер” төслийн материал Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн архивт байхгүй талаар холбогдох албан тушаалтны мэдүүлэг /5-р хх 120, 6-р хх 7, 116/, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 23-24/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад уг төслийг шаардаж хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй шийдвэр болжээ.

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгын хүрээнд төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны хоёрдугаар хуралдааны тэмдэглэлд гишүүдийн 100 хувийн саналаар 80,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 127 төслийг жагсаалтаар дэмжиж шийдвэрлэсэн талаар тодорхой тусгаснаас үзэхэд комиссын гишүүдээс “Монгол фермер” төслийг хэрхэн, яаж шалгаруулсан, энэ талаар нарийн бичгийн дарга Б.Б- ямар байр суурьтай байсан талаар гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдол багатай байна.  

 

 

Түүнчлэн шүүхээс танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий болсон нотлох баримтуудыг шаардаж хэргийг прокурорт буцаасан хууль зүйн үндэслэлгүй. Тухайлбал, “Онгиболд” ХХК-ийн зээл авсан цаг хугацаанд мөрдөгдөж байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох журам болон ам.долларын ханшийн мэдээлэл зэрэг нь нийтэд илэрхий баримт бөгөөд шүүхийн шатанд хэрэгт хавсаргаж нотлох баримтаар тооцож үнэлэх бүрэн боломжтой.

“Онгиболд” ХХК-ийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас “Монгол фермер” төсөл хэрэгжүүлэхэд зээл авсан үйлдэл нь албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй эсэх, үүнээс учирсан хохирол, хор уршигийг шийдвэрлэхэд уг зээлтэй холбоотой асуудлаар зохигчдын эвлэрлийг баталгаажуулсан иргэний шүүхийн шийдвэр хаалт болохгүй.

Б.Б-, Ш.Э-, Х.Т нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил гараагүй байх тул шүүхээс яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-, Ш.Э-, Х.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлгүй хэргийг прокурорт буцаасан атлаа шүүгчийн захирамжид “... Шүүгдэгч Б.Б-г уг төслийг зээл авах шаардлага хангахгүй байхад Төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжсэн гэж яллаж байх боловч дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй ...”, “... шүүгдэгч Б.Б-гийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна ...” гэх зэрэг шүүгдэгчийн гэм буруугүйг урьдчилсан тогтоосон хэт өмгөөлөх талыг баримталсан дүгнэлт хийсэн болохыг зориуд тэмдэглэж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1675 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-, Ш.Э-, Х.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-, Ш.Э-, Х.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН