Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2015/01224/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Х*** сум, М*** О*** гудамжны *** тоотод оршин суух, У*** овогт Б*** М*** /РД: ДЙ***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоотод оршин суух Т*** овогт Т*** Ц*** /РД: ЕС***/-д холбогдох,

 

"Зээлийн төлбөр болох 8,000,000 төгрөг, зээлийн хүү 1,600,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т***, хариуцагч Т.Ц***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Т.Ц*** нь манай эхнэрийн үеэл эгч нь юм. Хариуцагч Т.Ц*** манай эхнэр бид хоёроос маш чухал мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлүүлээч гэсэн. Гэтэл бид хоёрт бэлэн мөнгө байхгүй гэхэд малчны зээл авчих, би хүүтэй нь төлөөд буцаагаад өгнө гэсэн. Тэгээд би Хаан банкнаас 8,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар малчны зээл авсан. Би мөнгө зээлж авсан даруйдаа хариуцагч Т.Ц*** Хаан банкны дансруу шилжүүлж мөнгөө зээлсэн. Одоо болтол нэг ч төгрөг төлөхгүй байна. Иймд зээлүүлсэн 8,000,000 төгрөг, банкнаас авсан хүү 1,600,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц*** нь Б.М*** 8,000,000 төгрөгийн малчны зээл авахуулж, зээлж авсан бөгөөд одоо болтол төлөөгүй байна. Б.М*** нь зээл аваад Т.Ц*** шилжүүлсэн баримт нь хэрэгт байгаа. Иймд дээрх 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Т.Ц*** нь банкны хүүг нь төлнө гэж хэлсэн учир банкны хүү 1,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Т.Ц*** нь өмнө нь зээлийн асуудал байсан, өөр хүмүүст мөнгө зээлсэн асуудал ярьж байна. Тийм бол тэр хүмүүсээсээ мөнгөө нэхэх хэрэгтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Ц*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М*** гэх хүнийг огт танихгүй, мөнгөний туслалцаа гуйж байгаагүй. М*** эхнэр болох П.А*** нь 2014 оны 5 сард надтай утсаар ярьж 2 хүний зээл төлөөд өгөөч өдөртөө бэлэн мөнгийг чинь өгье гээд А***, А*** нарын Төрийн банкны дансанд мөнгө хийлгэсэн. Тэгээд би мөнгөө нэхээд А*** очсон. Тэгэхэд би нөхөртөө хэлээд малчны зээл

 

FILENAME \p \* MERGEFORMAT C:\Users\yser\Desktop\Мөнхбат-Цэнгэл.docx

авахуулчлаа, таны дансанд мөнгө хийчихлээ гэсэн. Тэгээд 2014 оны 05 сарын 13-ны өдөр А***, А*** нарын зээл болох нийт 7,900,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан. Б.М*** эхнэр А*** манай хамаатан юм. Түүнтэй өмнө нь холбоогүй байж байгаад 2014 оны 02 сараас эхлэн холбоотой болсон юм. Тэгээд түүний гуйлтаар өөр хүмүүст мөнгө бас зээлүүлж байсан. Б.М*** эхнэр А*** нөхөртөө юу гэж хэлж байж миний мөнгийг авч өгсөн талаар би мэдэхгүй. Одоо А*** бид нарын хооронд тооцоо байхгүй. Иймээс би өөрийн зээлсэн мөнгөө буцаан авсан бөгөөд Б.М*** гэх хүнийг огт танихгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М*** нь хариуцагч Т.Ц*** зээлийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1,600,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Ц*** нь миний дансанд Б.М*** шилжин ирсэн 7,900,000 төгрөг түүний эхнэр П.А*** болон түүний дүү П.А*** нарын өмнө нь зээлсэн зээлийн төлбөр бөгөөд Б.М*** мөнгө зээлж авсан асуудал байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2014 оны 06 сарын 05-ны өдөр Б.М*** *** тоот дансанд 8,000,000 төгрөгийн зээл олголтын орлого орсон бөгөөд мөн өдрөө *** тоот дансруу малын үнэ Б.М*** шилжүүлэв гэсэн утга бүхий 7,900,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.

Энэхүү 7,900,000 төгрөгийг шилжүүлсэн данс болох *** тоот данс нь хариуцагч Т.Ц*** данс болох нь Хаан банкны 2016 оны 01 сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Хариуцагч Т.Ц*** нь энэхүү 7,900,000 төгрөгийн шилжүүлэг нь Б.М*** эхнэр П.А***, түүний дүү П.А*** нарын өмнө нь зээлсэн зээлийн төлбөр гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагч Т.Ц*** энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38.6-д: хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж тус тус заажээ.

 

Иймд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.М*** нийт 7,900,000 төгрөгийг хариуцагч Т.Ц*** дансаар шилжүүлэн өгсөн бөгөөд дансны хуулгын агуулга нь малын үнэ гэсэн байгаа хэдий ч хариуцагч Т.Ц*** нь шүүх хуралдаан дээр ...бидний хооронд ямар нэгэн мал худалдаж авсан асуудал огт байхгүй... гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд Б.М***, Т.Ц*** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хэрэгт авагдсан гэрч П.А*** Т.Ц*** бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Зээл авч өгөөч гэсэн. Тэгэхэд нь би нөхөртөө хэлээд 8,000,000 төгрөгийн малчны зээл авч, манай нөхөр шууд дансаар нь тэр даруйд нь шилжүүлсэн. Мөнгөө хугацаандаа төлнө гэж хэлж авсан. Тэгээд ерөөсөө төлөөгүй байгаа гэсэн мэдүүлгээр хариуцагч Т.Ц***, нэхэмжлэгч Б.М*** 7,900,000 төгрөгийг зээлийн гэрээний зүйл болгон шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү мэдүүлэг авах ажиллагаанд хариуцагч Т.Ц*** байлцсан болохыг дурдаж байна.

 

Хариуцагч Т.Ц*** нь нэхэмжлэгч Б.М*** танихгүй, түүнээс мөнгө зээлэх талаар ярьж тохирсон зүйл байхгүй гэж тайлбарладаг боловч Б.М*** эхнэр П.А*** төрөл, садангийн холбоотой, гэрч П.А*** Би нөхөртөө хэлээд 8,000,000 төгрөгийн малчны зээл авсан... гэсэн мэдүүлгээс үзэхэд Т.Ц*** зээл авах тухай хүсэл зоригийн илэрхийллээ гэрч П.А*** дамжуулан илэрхийлснийг нэхэмжлэгч Б.М*** хүлээн авч, 2014 оны 06 сарын 05-ны өдөр Хаан банкнаас зээл авч, Т.Ц*** дансруу шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хийгдсэн хэлцэл гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Б.М*** Т.Ц*** гэрээний үүргийн биелэлтийг шаардах шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.М*** нь хүүгийн төлбөрт 1,600,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ хийгдээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан: зээл авахдаа банкны хүүтэй нь төлнө гэсэн болохоор хүү нэхэмжилж байгаа юм. Түүнээс бичгээр байгуулсан гэрээ байхгүй гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул нэхэмжлэгч Б.М*** хүү авах эрхгүй байна.

Иймд Б.М*** нэхэмжлэлийн шаардлагаас дансаар шилжүүлсэн 7,900,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Ц*** 7,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М*** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц*** улсын тэмдэгтийн хураамжид 141,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М*** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ