Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2015/01261

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн Э***, М*** ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн О*** сумын З*** холбогдох,

 

21,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***, О*** сумын З*** Б.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дархан-Уул аймгийн Х*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг дарга нар Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн цахим хуралдаанаар Монгол улсын нийт 250 сумыг интернеттэй болгох асуудал яригдаж үүнийг аймгуудын цахилгаан холбооноос шаардлагатай ажлыг хийж 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бэлэн болгож дуусгах үүрэг өгсний дагуу аймгийн З*** гэрээ хийж, шаардлагатай  хөрөнгө оруулалтыг аймаг орон нутгийн төсвөөс гаргана гэж гэрээ байгуулсан. Дараа нь О*** сумын Засаг даргатай хамтарч ажиллах гэрээ хийсэн байдаг. Гэрээний дагуу ажлаа хийж байгаад хөрөнгө оруулах болоход аймгийн Засаг даргаас 2014 оны төсөвт тусгагдаагүй байгаа гэсэн. Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн мэдэгдэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсвөөс гаргаж Ц*** ХК-тай хамтарч уг ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдсэн байдаг. Аймгийн Засаг даргаас М*** ХК-руу дээрх ажилд холбогдох хөрөнгө мөнгөний асуудлыг 2015 оны төсөвт тусгахаар болж бэлтгэл ажлыг эхлүүлж байна гэх албан бичиг ирсэн. Иймд шаардлагатай хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг М*** ХК-иас гаргаж уг ажлыг хийсэн. Компаниас 21.5 сая төгрөгийн төсөв гаргасан. Үүний талаар 21.5 сая төгрөгийг М*** ХК-д буцаан олгохыг үүрэг болгосон талаарх бичиг ч ирсэн. Үүнийг аймгийн Засаг даргад мэдэгдэж санхүүжилт авна гэхэд төсөв мөнгөний боломж байхгүй учир одоохондоо өгч чадахгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймээс энэ 21,5 сая төгрөгийг О*** сумын З*** гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн О*** сумын З*** Б.Б*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү асуудал О*** сумын Засаг даргатай огт хамааралгүй зүйл гэж үзэж байна. Учир нь хөрөнгө мөнгөтэй холбоотой гэрээ бүгд аймгийн З*** даргатай хийгдсэн гэрээ. Миний хувьд хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Түүн дээр ямар ч хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйл байгаагүй. Аймгийн З*** нь О*** суманд ямар ч ажил бэлдээгүй байж М*** ХК-руу бэлтгэл ажил хийж байна гэх утга бүхий зүйл бичиг явуулсан байдаг. Энэ хугацаанд надад хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар ч албан тоот ирээгүй. Дээрх ажлыг хийж гүйцэтгээд 2014 оны сүүлээр хүлээлгэж өгсөн нь үнэн. Төсөв мөнгөний талаар надад эрт мэдэгдсэн бол би аймгийн З*** уулзаж ярилцаад төсөвт тусгуулах арга хэмжээ авах байсан. Үүний төсвийг аймаг хөгжүүлэх сангаас гаргуулах талаар гэрээ болон баримт бичиг дээр тусгасан байгаа шүү дээ. Би аймаг хөгжүүлэх санд гар хүрэх эрхгүй. Тийм болохоор уг нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн З*** холбогдуулж гаргах асуудал учир нэхэмжлэлийн шаардлагыг манай сум хариуцах үндэслэлгүй юм гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

М*** ХК нь Дархан-Уул аймгийн О*** сумын З*** холбогдуулан, О*** суманд байгуулсан харилцаа холбооны дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан зардал болох 21,500,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н***, М*** ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б*** нар тохиролцон, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт х*** үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-г байгуулж, тус гэрээгээр 2014 онд О*** суманд харилцаа холбооны дэд бүтцийг байгуулах, Аймгийн Засаг дарга нь өөрийн аймгийн сумдад харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай техникийн нөхцлийг бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг аймаг хөгжүүлэх сан, орон нутгийн төсвөөс бүрдүүлэх зэрэг нөхцлүүдийг тохирсон бөгөөд мөн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн О*** төлөөлж Засаг дарга Б.Б***, М*** ХК түүнийг төлөөлж Дархан-Уул аймгийн Х*** дарга З.Д*** нар Х*** үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг байгуулж, Сумын З*** нь гэрээ байгуулагдсанаас хойш 14 хоногийн дотор О*** суманд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай техникийн нөхцлийг бүрдүүлэхэд шаардагдах 23,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг М*** ХК-ийн Дархан-Уул аймгийн Х*** дансанд шилжүүлэхээр тохирсон гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр Дархан-Уул аймагт харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Дархан-Уул аймгийн О*** суманд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх гэрээнүүдийн агуулгаас үзэхэд М*** ХК, Дархан-Уул аймгийн З***, Орхон сумын З*** нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэрээнд заасны дагуу М*** ХК нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгэж, ажлыг хүлээлгэн өгсөн, ажлын нийт төсөв 21,497,467 төгрөг болсон зэрэг нь хэрэгт авагдсан барилга угсралт, өргөтгөлийн ажлын гүйцэтгэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Хариуцагч Орхон сумын *** гэрээнд заасан ажлын хөлс буюу санхүүжилтийг Дархан-Уул аймгийн З*** хариуцах ёстой, өөрөөр хэлбэл гэрээндээ Аймаг хөгжүүлэх сан, орон нутгийн төсвөөс гаргахаар заасан учир манай сумын төсөвт үүнд зориулсан хөрөнгийг тусгаагүй учир бид төлөх эх үүсвэр байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр албан бичгээр Монгол улсын Ерөнхий сайдаас аймгийн Засаг дарга нарт М*** ХК-тай хамтран сумдад харилцаа холбооны үйлчилгээг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг өгсөний дагуу орон нутгаас шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэж, М*** ХК-тай хамтран дээрх ажлыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг мэдэгджээ.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар албан бичгээр сумдад өндөр хурдны интернетийн үйлчилгээг хүргэхийн тулд холбогдох хууль тогтоомжийн дагуу М*** ХК-тай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж, аймаг орон нутгаас хариуцан гаргах зардлыг 2015 оны төсөвт төлөвлөж, тус байгууллагад гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах талаар мэдэгдэж үүрэг болгосон байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар М*** ХК-д явуулсан албан бичгээр Дархан-Уул аймгийн О*** сумыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбох төсөвт ажил нь 2014 оны орон нутгийн төсвөөр батлагдаагүй, орон нутгийн төсвөөр санхүүжүүлэх боломжгүй тул тус хөрөнгийн эх үүсвэрийг 2015 оны орон нутгийн төсөвт батлуулах саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн мэдэгдлийг өгч байжээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Орхон суманд харилцаа холбооны үйлчилгээг нэвтрүүлэх, дэд бүтэц байгуулах ажил нь Ерөнхий сайдаас Аймгийн Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын дагуу хийгдсэн ажил байх бөгөөд энэхүү ажлыг орон нутагт зохион байгуулах, санхүүжилтийг орон нутгийн төсөвт суулгаж, ажил гүйцэтгэгч байгууллага болох М*** ХК-д олгох ажлыг Дархан-Уул аймгийн З*** буюу түүний Т*** хариуцахаар үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна.

Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын М*** ХК-тай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай Дархан-Уул аймагт х*** үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-ий 4 дүгээр зүйлийн 4.1-д сумдад харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай техникийн нөхцлийг бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг аймаг хөгжүүлэх сан, орон нутгийн төсвөөс бүрдүүлэх ажлыг хариуцна гэж заажээ.

 

Монгол Улсын төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д: орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлнэ, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т: төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх6.6.3-т: төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх зэрэг зарчмуудыг хуульчилжээ.

Дээрх хуулийн зарчмуудаас үзэхэд тухайн зардлыг төсөвт тусгаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлаагүй бол батлагдсан төсвөөс зарцуулалт хийх боломжгүй, мөн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Дархан-Уул аймгийн З***, түүний Тамгын газрын үүргийг О*** сумын З*** М*** ХК-тай хийсэн 2014 оны 07 сарын 28-ны өдрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан 23,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Сумын З*** М*** ХК-ийн Дархан-Уул аймгийн х*** дансанд шилжүүлнэ гэсэн заалтын дагуу Дархан-Уул аймгийн З***, түүний Т*** гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч О*** сумын З*** нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тайлбар үндэслэлтэй байна гэж үзэж, М*** ХК-ийн О*** сумын З*** холбогдуулан гаргасан 21,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан М*** ХК-ийн Дархан-Уул аймгийн О*** сумын З*** 21,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,438 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ