Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2016/00068

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2016/00068

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, Н гудамж, байр, тоот хаягт оршин суух Б овогт Д.С /рд:......../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг, . хороо, Д гудамж гудамж, ... тоот хаягт оршин суух Ө овогт З.О /рд:........./,

Хариуцагч: С дүүрэг, . хороо, Д гудамж гудамж, ... тоот хаягт оршин суух Е овогт Х.Б /рд:......./ нарт холбогдох,

4.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С , хариуцагч З.О , Х.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.О нь нөхөр болох Х.Б гийн хамт 2013 оны 6 дугаар сард Д.С надаас 700.000 төгрөг чухал хэрэг болоод байна гэж хэлээд авсан. Мөн 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нөхөр болох Х.Б тэй хамт ирээд ажлаасаа зээлээд өгчих гээд өөрийн эзэмшлийн нийтийн байр маань барьцаанд байгаа учраас зээлээ чөлөөлчихөөд барьцаанаас суллаад худалдчихаад өгнө гэж хэлээд манай ажил болох С ББСБ-аас 5.000.000 төгрөгийг авч 1.000.000 төгрөгийг н.Мэндээд өгч, үлдэх 4.000.000 төгрөгийг З.О д өгсөн. З.О нь зээл, зээлийн хүүнд 1.500.000 төгрөг төлсөн. Эхлээд зээлээ хүүгээ төлж байсан боловч гэнэт зээлээ төлөхгүй 2 жил гаран алга болоод ямар ч холбогдох боломжгүй байж байгаад ээж нь дэлгүүр ажиллуулдаг сургаар 3 сар хайгаад цагдаатай хамт гэрт нь очиход 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр би хохирлыг чинь барагдуулна гэж хэлж байсан. Манай ажил С ББСБ нь Д.С олон өнчин дүү нартай, худал хэлдэггүй хүн, хүнд залилуулсан гэдгийг мэдэж байгаа болохоор өдий хүртэл хүлээлээ. Эхлээд миний бие 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч одоо 3.500.000 төгрөг буюу үндсэн зээлийг хүүтэй нь авмаар байна. Хариуцагч нараас 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 700.000 төгрөгөөр багасгаж байна. Мөн 1.500.000 төгрөгт бодож авч байсан алтан нуух, мөнгөн халбагатай чүнчигноров хөөрөг, шүрэн бугуйвч, зүүлт зэргийг буцаан өгөх хүсэлтэй байна. Эдгээр нь 1.500.000 төгрөгт огт хүрэхгүй, зарагдахгүй байгаа гэжээ.

 

Хариуцагч З.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны намар Д.С нь найз залуу н.Мэндээд зээл авч өгөх гэсэн юм, батлан даагчаар ороод өгөөч гэж гуйсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан болохоор Д.С т хандан найздаа хэдэн төгрөг нэмээд зээлээд өгөөч гэж хэлсэн. Улмаар дараа өдөр нь С ББСБ-д очиж батлан даагч болон зээл авахад нь тусалсан. Нийт 5.000.000 төгрөг зээлсэн боловч надад 3.500.000 төгрөгийг өгсөн болно. 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл зээлийг хүүгийн хамт төлж явж байгаад Д.С ийн данс руу 1.500.000 төгрөг хийсэн. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг хувааж төлөхөөр болсон. 2016 оны 4 дүгээр сард өөрийн өвөөгийн хөөрөг болох алтан нуух, мөнгөн халбагатай чүнчигноров хөөрөг, шүрэн эрх, шүрэн зүүлтийг нийт 1.500.000 төгрөгт бодож өгсөн. Эдгээрийг буцаан авахад татгалзах зүйл алга. Миний өгсөн хөөрөг, эрх, бугуйвч мөн байна. Бүрэн бүтэн байна. Миний бие 2.500.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна, харин үлдэгдэл 1.000.000 төгрөгийг өгөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Х.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.С ээс мөнгө зээлсэн удаа байхгүй бөгөөд манай эхнэрийн найз гэдгийг нь мэдэх бөгөөд Д.С тэй тухтай 5-10 минут ч ярьж үзээгүй болно. 2013 оны миний эхнэр З.О найз Д.С ээс 3.500.000 төгрөг зээлсэн бөгөөд 2014 оны 4 дүгээр сард 1.500.000 төгрөгийг эргүүлэн өгсөн болно. Д.С нь Х.Б намайг шүүхэд өгсөн нь ямар нэгэн үндэслэлгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь зээлийн гэрээний үүрэгт анх 4.200.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 700.000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт З.О , Х.Б нараас 3.500.000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хариуцагч З.О нь нэхэмжлэгч Д.С ээс 3.500.000 төгрөгийг зээлж авсан, 1.500.000 төгрөгийг зээл, зээлийн хүүнд төлсөн, мөн чүгчигноров хөөрөг, шүрэн бугуйвч, шүрэн зүүлтийг 1.500.000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож өгсөн тул одоо 500.000 төгрөгийн үүрэг үлдсэн гэж маргадаг.

 

Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Д.С ээс мөнгө зээлсэн удаа байхгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрөөс нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарладаг.

 

Нэхэмжлэгч Д.С нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг зээлэн авч, найз З.О д 4.000.000 төгрөгийг өгсөн гэж, хариуцагч З.О найз Д.С ээс 3.500.000 төгрөгийг авсан гэж тус тус харилцан адилгүй тайлбарладаг.

 

Иргэний хэрэгт Д.С ээс 4.000.000 төгрөгийг З.О д хүлээлгэн өгсөн талаар баримт авагдаагүй байх ба нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээний ар талд З.О ын гараар нийт 3.5 сая-г зээлснээс 1.5 сая-г буцаан олгосон /хх-7х.ар тал/ гэж бичсэн тэмдэглэлээс үзэхэд хариуцагч З.О ын 3.500.000 төгрөг авсан гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн ба Д.С , З.О нар зээлийн гэрээг амаар байгуулжээ.

 

Иймд зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул нэхэмжлэгч Д.С нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн хүү шаардах эрхгүй, харин үндсэн зээлийг буцаан шаардах эрхтэй юм.

 

Зээлдүүлэгч Д.С т зээлдэгч З.О нь зээлийн гэрээний үүрэгт 1.500.000 төгрөгийг төлсөн талаар зохигч талууд маргадаггүй.

 

Хэдийгээр З.О нь зээлийн гэрээний үүрэгт Д.С т 3.500.000 1.500.000 = 2.000.000 төгрөг төлөх үүргийг хүлээж байвч хариуцагч З.О ын төлөхийг зөвшөөрсөн 2.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Х.Б д мөнгө зээлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч Х.Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч З.О , нэхэмжлэгч Д.С нар 1.500.000 төгрөгөөр тооцон зээлийн гэрээний үүрэгт өгч, авсан чүнчигноров хөөрөг, шүрэн бугуйвч, шүрэн зүүлтийг харилцан тохиролцож буцаасан тул хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцохдоо эдгээр эд зүйлсийн үнийг оролцуулаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т заасныг баримтлан хариуцагч З.О аас 2.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөг болон хариуцагч Х.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С ээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.О аас тэмдэгтийн хураамжид 54.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С т олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР