Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01366/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалжшүүгч Ж.Лхагвасүрэн, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг О*** сум ***-р баг Б*** тоотод тоотод оршин суух, регистрийн дугаар ТЛ***, Ц*** овогт Д*** З*** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Дархан-Уул аймаг О*** сум ***-р баг Б*** тоотод тоотод оршин суух, регистрийн дугаар МЕ***, Б*** овогт Ч*** Ц*** холбогдох

 

Гэм хорын хохирол 4200.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 11 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С***, хариуцагч, Ч.Ц***, иргэдийн төлөөлөгч М.Ц***, нарийн бичгийн дарга Б.Б*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Цэрэн, Ц*** манайх гурван гэрээрээ нийлж хонио хариулдаг байсан. 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр /өглөө/ Ц*** 3 айлынхаа хоныг тоо ёсоор бүрэн аваад бэлчээхээр явсан. Орой бэлчээрээс ирэхээр нь хонио авах гэсэн чинь 28 тооны хонь байхгүй болсон байв. Ц*** яав ийв, юу болов гэсэн чинь намайг Орхон голд усанд орж байхад байсан юм гэснээс өөр зүйл хэлээгүй. Тэр даруй хэсгийн төлөөлөгч Н*** хэлж ойр хавиар хайгаад олоогүй, тэр өдрөө хэсгийн төлөөлөгчид өргөдлөө өгсөн. Нэлээд хэд хоногийн дараа Ц*** дүү гэх О*** над руу утасдаж Заяа эгчээ та цагдаагаас өргөдлөө авчих бид нарын буруу, таны хоныг төлж өгнө гэсэн боловч өдийг хүртэл миний хохирлыг барагдуулаагүй. Би 1 хонио зах зээлийн дундаж үнээр 150,000 төгрөгөөр үнэлсэн. 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн хяналтын прокурор Н.Д*** гэх хүний гарын үсэгтэй №*** дугаартай тогтоол ирсэн. Уг тогтоолд хэрэг гарсан өдрөөс хойш 6 сар өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгов гэсэн утгатай байв. Ийм учраас иргэн Д.З*** би шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний төрсөн хүү Х*** Г*** бага хэмжээний мөнгөний хэрэг гарсан тул өөрийн эзэмшлийн малаа хүүгийнхээ нэр дээр болгосон. Учир нь банкаар их явдаг болохоор би явж чадахгүй, нүдний хараа муу, хөл гар өвддөг учраас ийм шийдвэр гаргасан гэжээ.

 

Хариуцагч Ч.Ц*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014.07.09-нд намайг айлуудаас хонио гаргуулаад бэлчээрт явахад З*** хонио надад авчирч хүлээлгэж өгөөгүй. 10-д хонь, хэдэн ямааг бага насны нэг хүүхэд гаргаж ирж миний тууж явсан хонинд нийлүүлсэн. Орой нь бэлчээрээс ирэхэд мөн л гэрт нь хүн амьтан байгаагүй юм. Хонинуудыг нь хүлээлгэж өгөх гээд утасдаад ч холбогдохгүй байсан. Маргааш нь ирээд намайг хонь алга болголоо гээд цагдаад өгч баахан шалгуулсан боловч намайг холбогдолгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Би энэ айлын хоныг бүрэн бүтэн хариулна гэж үүрэг аваагүй. Тохиролцсон айлуудынхаа хоныг би утсаар хэлээд гаргуулж аваад хариулдаг. Энэ З*** гэдэг айл надад хонь малаа хүлээлгэж өгч тоолж авч байсан ч удаагүй. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З*** нь хариуцагч Ч.Ц*** холбогдуулан гэм хорын хохирол 4200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.З*** нь хариуцагч Ч.Ц*** нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хонь хариулж байгаад 28 тооны хонь завшсан буюу үрэгдүүлсэн тул нэг бүрийн үнэ 150.000 төгрөгөөр бодож 4200.000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч.Ц*** зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолд ...Дархан-Уул аймгийн О*** сумын Б*** *** тоотод оршин суух иргэн Д.З*** хонийг Ч.Ц*** гэгч нь 2014 оны 7 дугаар сарын 09-нд хариулж байгаад 28 тооны хонийг завшсан буюу үрэгдүүлсэн гэх үйлдэлд Ч.Ц*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар сэжигтнээр тооцсон ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. / хх-ийн 4/

 

Капитал зууч ХХК-ний 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үнэлгээний тайлангаар 28 толгой эм хонь 4200.000 төгрөг гэж тогтоожээ. /хх-ийн 6/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Ч.Ц*** гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл гэм буруу болон хохирол хоёр нь шалтгаант холбоотой тохиолдолд хохирлыг гэм буруутай этгээд арилгах үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч Д.З*** нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр М.С*** шүүхэд төлөөлж оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.З*** нэхэмжлэлтэй Ч.Ц*** холбогдох гэм хорын хохирол 4200.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 82150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

Д.ОЮУНДАРЬ