Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01366/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг *** тоотод тоотод оршин суух, регистрийн дугаар ТЖ***, З*** овогт О*** Я*** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Дархан-Уул аймаг Дархан сум Д*** ХК-д холбогдох

 

2015.09.08-ны өдрийн 15 цаг 30 минутад гарсан ослыг Үйлдвэрлэлийн осолд тооцсон акт гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 11 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***, нарийн бичгийн дарга Г.Д*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Я***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Я*** нь Д*** ХК-д цахилгаанчнаар 5 жил 9 сар ажилласан. Тусгай дунд боловсролтой, мэргэжлийн цахилгаанчны 3-р зэрэгтэй юм. 2015-09-08-ны өдөр Дэд станцын жижүүр Н.Н***, цехийн дарга Ч.Б*** нарын өгсөн үүргийн дагуу зам дагуу хуулж тавьсан хавтанг буцаан тавих ажил үүрэг гүйцэтгэж байх явцдаа 1.5 м өргөн, 1.5 м урт, 10 см зузаантай хавтанг хөл дээрээ унагаж гэмтсэн осол гарсан юм. Үүнээс болж зүүн хөлний эрхий хуруу мултарч, долоовор, дунд, ядам хуруунууд бяцарч, чигчий хуруу хугарсан. Мөн баруун хөлний эрхий хурууны хумс хуурч гэмтсэн. Зүүн хөлний хуруунууд эдгэрэх боломжгүй үхжин бүгдийг нь тайруулан эрхтнээсээ хагацаж, тахир дутуу болсон. Гарсан ослыг үйлдвэрийн дэргэдэх Орон тооны бус комисс судлан бүртгэж акт тогтоосон бөгөөд уг актад Үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж шийдвэрлэлээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гомдолтой байна. Комиссын бүрэлдэхүүн осолд тооцохгүй шалтгаанаа өөрийн буруутай үйлдлээс болсон гэлээ. О.Я*** нь уг осолд ороход нөлөөлсөн буруугүй. Эрүүл саруул, хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэж явсан. Энэ талаар Хөдөлмөрийн Улсын байцаагч С.Э*** дээрх акт болон болсон үйл явдалтай танилцаад 2015.10.22-нд *** тоот Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргаж цахилгаанчин О.Я*** өртсөн ослыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 3.3.1, 20 дахь заалтын дагуу үйлдвэрийн осолд тооцно гэж дүгнэв.

Гэвч Т*** Үйлдвэр осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус К.Э*** даргатай комиссийн бүрэлдэхүүн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үл тоон үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байна.

Үүнээс болж би групп тогтоолгох, Хөдөлмөрийн хуульд заагдсан нөхөн олговор авах зэрэг эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. Осолд 2015-09-08нд орж эмнэлэгт хэвтэн хөлийн хуруунуудаа тайруулж бие сэтгэлийн хохирол эдэлж байна.

Иймд О.Я*** өртсөн ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож өгөхийг Т*** дэргэдэх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, орон тооны бус комисст даалгаж эрхийг минь хамгаалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д*** ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн орчим Ү*** дарга Ц.Б*** дотоод сүлжээгээр холбогдон Манай халаалтын зуухны үүдэнд босгож орхисон хавтангаа буцааж байрлуулахгүй бол осол, аваар гарах, ажилчид орж гарахад саад болоод байна гэсний дагуу Дэд станцын жижүүр цахилгаанчин Н*** Н*** үдээс хойш 15 цагийн орчим 4-р зэрэгтэй цахилгаанчин О.Я*** ахлуулан 3-р зэрэгтэй цахилгаанчин Д.П***, Н.Э***, Ө.Л*** нарыг дадлага хийж байгаа 3-н оюутангаар хүч нэмэгдүүлэн аман зааварчилгаа өгч дуудлага барагдуулах үүрэг өгөөд явуулсан. Энэ ажлыг хийх талаар хариуцсан инженер Д.Э*** хэлээгүй, зөвшөөрөл нарядыг өөрөө аман хэлбэрээр өгч гаргасан. Хийгдэх ажил нь булаатай байсан кабелийн гэмтлийг засаад газар шорооны ажил хийхдээ босгож тавьсан 1.5 метрийн урттай, 1.5 метрийн өргөнтэй, 10 см-ийн зузаантай, 12-13 см-ийн харьцаатай торлосон арматуртай, 562,5 кг хүнд жинтэй хавтанг байранд нь тавих байсан. Уг ажлыг хийхдээ хөл, гараа даруулахаас болгоомжилж төмөр замын дэр мод доор нь хийе гэдэг санал цахилгаанчдаас гаргаад 2 оюутан явуулж авчруулсан. Бетон буулгах газраа авчирсан дэр модоо байрлуулаад байтал цахилгаанчин О.Я*** хавтанг яг газарт буулгахын өмнө энүүгээр яах гэсийм гээд өшиглөөд холдуулсан. Эхний хавтанг ямар нэг асуудалгүй хөл, гараа аваарай гэж сануулсаны дагуу буулгасан. Энэ үед Ө.Л*** байнга хөл, гараа зайлуулаарай гэж хэлж сануулж байсан. Хоёр дахь хавтанг мөн дөрвүүлээ буулгах үед босоо байдалд байхад нь цахилгаанчин Ө.Л*** анхааруулга, сануулга өгч хөл гараа холдуулаарай гэж хэлж байсан. Дахин доошлуулан өвдгөн тус газар аваачаад түр зогсолт хийх үед цахилгаанчин Ө.Л*** дахин хөл, гараа холдуулаарай гэж чанга дуугаар анхааруулаад хэдэн хором хүлээгээд тэгээд газарт тавихад О.Я*** хөлөө даруулсан ёолж байсан. Хавтангаа буцааж хурдан босгоод юмаар тулж тавиад О.Я*** үйлдвэрийн эмнэлэг рүү авч явсан. Ажлын хэсгийн ахлагч цахилгаанчин О.Я*** нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.3, 18.2.5, 18.2.6, 18.2.7, 18.2.8 дахь заалт, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр бүлгийн 9.2.8, 9.3.9, Цахилгааны дуудлага барагдуулах журмын 7, 11, 13 дугаар зүйлийг, Төмөрлөгийн үйлдвэрт мөрдөх аюулгүй ажиллагааны ерөнхий зааврын 1.3, 1.4, 1.5, 1.12, 1.13, 1.16, 1.18, 1.20, 3.3, 5.3, 5.4, 5.5, 5.18 дугаар заалтууд Цахилгаанчны ажлын байрны тодорхойлолтын Б-3, В-3, 4, 5 дахь заалтуудыг зөрчсөн нь осол аваар гарах нөхцлийг бүрдүүлсэн байна. Дэд станцын цахилгаанчин О.Я*** аман зааварчилгаа өгсөн боловч хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг бүрэн өмсөөгүй, анхааруулах дохио өгсөөр байтал сэргийлэх арга хэмжээ аваагүй, хамгаалах хэрэгсэл, мод ашиглах саналыг хүлээж аваагүй нь ноцтой алдаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Я*** нь хариуцагч Д*** ХК-д холбогдуулан 2015.09.08-ны өдрийн 15 цаг 30 минутад гарсан ослын Үйлдвэрлэлийн осолд тооцсон акт гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д*** ХК нь үйлдвэрлэлийн ослыг үйлдвэрийн захирлын тушаалаар томилогдсон орон тооны бус комисс тогтоож акт гаргасан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч О.Я*** нь Д*** ХК-д цахилгаанчнаар 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Д*** Төрийн өмчит ХК-ийн Ерөнхий захирлын тушаал, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч О.Я*** нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн орчим Ү*** дарга Ц.Б*** тушаалаар 1.5 метрийн урттай, 1.5 метрийн өргөнтэй, 10 см-ийн зузаантай, 12-13 см-ийн харьцаатай торлосон арматуртай, 562,5 кг хүнд жинтэй хавтанг байранд нь тавих ажлыг ахлан цахилгаанчин Д.П***, Н.Э***, Ө.Л***, дадлага хийж байгаа 3-н оюутаны хамт ажиллаж байхдаа хөл дээрээ унагасны улмаас зүүн хөлний эрхий хуруу мултарч, долоовор, дунд, ядам хуруунууд бяцарч, чигчий хуруу хугарсан. Мөн баруун хөлний эрхий хурууны хумс хуурч гэмтсэн. Зүүн хөлний хуруунууд эдгэрэх боломжгүй үхжин бүгдийг нь тайруулан эрхтнээсээ хагацаж, тахир дутуу болсон болох нь хэрэгт авагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдээлэх хуудас, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах анхан шатны бүртгэлийн маягт, Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, Үйлдвэрлэлийн ослын хүнд хөнгөний тухай магадлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д*** ХК-ны захирлын тушаалаар томилогдсон Орон тооны бус комиссоос Үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар дүгнэлт гаргасан байх бөгөөд дүгнэлтэдХөдөлмөр хамгаалалын хувцас хэрэглэлийг өмсөөгүй, анхааруулах дохио өгсөөр байтал сэргийлэх арга хэмжээ аваагүй, хамгаалах хэрэгсэл ашиглах санал хүлээн аваагүй, цахилгаанчин О.Я*** холбоотой гарсан ослыг үйлдвэрийн осолд тооцохгүй, ХАБЭА дүрэм зөрчсөнөөс зүүн хөлөө гэмтээсэн. О.Я*** хөлөө эдгээж ажилдаа орсны дараа ХАБЭА-н сургалтанд хамруулж шалгалт авч тэнцсэн тохиолдолд ажилд оруулах. ... Комиссын гишүүд гарын үсэг зуржээ. /хх-ийн 4-5/

 

Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар дүгнэлтэд:

1.Цахилгаанчин О.Я*** өртсөн ослыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийн ойлгоно гэж заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцно.

2. Ажилтан О.Я*** мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу гомдлоо шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй. Хөдөлмөрийн улсын байцаагч С.Э*** гэжээ. /хх-ийн 13/

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана гэж заасны дагуу Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар дүгнэлт гарсан байх бөгөөд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д заасан Үйлдвэрлэлийн осол болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Д*** ХК-д 2015.09.08-ны өдрийн 15 цаг 30 минутад гарсан ослыг Үйлдвэрлэлийн осолд тооцож акт гаргуулахыг даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасныг баримтлан хариуцагч Д*** ХК-д 2015.09.08-ны өдрийн 15 цаг 30 минутад гарсан ослыг Үйлдвэрлэлийн осолд тооцож акт гаргуулахыг даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА