| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/01372/ |
| Дугаар | 94 |
| Огноо | 2016-01-12 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01372/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, ***-р хороолол, ***-р байр *** тоотод оршин суух Б*** овогт Ш*** О*** /ТА***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн З*** холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.О***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*** нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ Нэхэмжлэгч Ш.О*** нь 2009 онд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч Дархан сумын ***-р баг, *** хороололд амины орон сууцны зориулалтаар 500 м2 газрыг түүний эзэмшилд шилжүүлсэн. Уг газрын эзэмших гэрчилгээ авахын тулд газрын дуудлага худалдааны үнэ гэж Аймгийн засаг даргын Тамгын газрын дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд байж байтал 2014 онд Д*** ТӨХК-аас дээрх газар бол манай эзэмшлийн газар, та нар манай эзэмшлийн газрыг буцааж өг гэсэн асуудал үүсгэж энэ асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдах явцад Ш.О*** нь дээрх эзэмшлийн газрыг 2014 онд Д*** ТӨХК-нд шилжүүлж өгч, Дархан сумын ***-р баг, *** хороололд байх 500 м2 газар нь Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн нэр дээр шилжиж, эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан. Иймд нэгэнт газар эзэмших эрхгүй болсон учраас үндэслэлгүй шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг Дархан-Уул аймгийн З*** буцаан шаардаж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А*** нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Иргэн Ш*** О*** нь 2009 онд газар эзэмших хүсэлтээ гаргаж, 500м2 газрын инженерийн шугам, сүлжээний зардал болох 2,500,000 төгрөгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд тушаасан учраас газар эзэмших эрх нь үүсч, аймгийн Засаг даргын 2009 оны 10 сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжаар 500 мкв газрыг 2 жилийн хугацаагаар Ш.О*** эзэмшилд шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Тухайн үед манайд Азийн Хөгжлийн банкны төслийн хүрээнд тухайн хороололд инженерийн шугам сүлжээ /дулаан, цахилгаан, цэвэр бохир ус/-г холбогдох зураг төслийн дагуу хийж гүйцэтгэж орон нутгийн өмчид хүлээлгэн өгч, иргэд тухайн инженерийн шугам сүлжээнд холбогдсон газрын үнэ болох 2,5 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төлснөөр газар олгох шийдвэр гаргуулж амины орон сууцны хороолол бий болж байсан. Үүний дагуу л Ш.О*** нь газар эзэмших хүсэлтээ гаргаж, тухайн газрын инженерийн шугам, сүлжээний үнэ 2,500,000 төгрөгийг төлж газар эзэмшсэн. 2009 оны 11 сарын 07-ны өдрийн өргөдөлдөө өөрийн барьж байгаа хувийн орон сууцны эзэмшил газрын газар эзэмших гэрээний хугацааг 20 жилийн хугацаагаар сунгах тухай хүсэлтийг хүлээн авч аймгийн Засаг даргын 2011 оны 11 сарын 22-ны өдрийн *** дугаар захирамжаар 500 мкв газрыг 20 жилийн хугацаагаар сунгаж газар эзэмшүүлсэн. 2014 оны 07 сарын 08-ны өдөр Ш.О*** нь дээрх газрыг Д*** ТӨХК-д шилжүүлэх өргөдөл, хүсэлт өөрөө гаргасны дагуу дээрх газар нь Д*** ТӨХК-д шилжсэн. Тодруулбал Ш.О*** энэ газрыг эзэмших хугацаанд буюу 2014 онд газрын эзэмших эрхийн талаар маргаан гарч Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад Ш.О*** нь өөрөө сайн дураараа газар эзэмших эрхээ шилжүүлсэн байдаг. Тиймээс энэ 2,500,000 төгрөгийг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцах үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь буруу байна энэ мөнгийг газрыг эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж авсан Д*** ТӨХК-аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.О*** нь хариуцагч Дархан-Уул аймгийн З*** 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Зохигчид нь 2,500,000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан үйл баримтын талаар болон тухайн 2,500,000 төгрөг нь газар эзэмших эрхтэй холбоотой, тухайн газрын үнэ болох талаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч нь ... 2009 онд эзэмших газрын дуудлага худалдааны үнэ гэж Аймгийн засаг даргын Тамгын газрын дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн. ... 2014 онд уг эзэмшлийн газар нь өөр этгээдэд шилжсэн тул хариуцагчид үндэслэлгүй шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг буцаан шаардаж байна ... гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Ш.О*** нь 2009 онд газар эзэмших хүсэлтээ гаргаж, 500м2 газрын инженерийн шугам, сүлжээний зардал болох 2,500,000 төгрөгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд тушаасан учраас газар эзэмших эрх нь үүсч, уг газрыг Ш.О*** эзэмшилд шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан ... 2014 онд нэхэмжлэгч нь өөрөө хүсэлтээ гаргаж уг газрыг Д*** ТӨХК-д эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. ... Тиймээс энэ 2,500,000 төгрөгийг аймгийн З*** хариуцах үндэслэлгүй ... гэж маргажээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн талаар бодит үйл баримтыг тодорхойлбол нэхэмжлэгч Ш.О*** нь анх 2009 онд Дархан-Уул аймгийн газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргаж, тухайн газрын инженерийн шугам сүлжээний үнэ 2,500,000 төгрөгийг төлсөн тул түүнд Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, *** хороололд 500м2 газрыг амины орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ. Улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 20 жилийн хугацаагаар сунгажээ. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /2009.11.05/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар авагджээ.
2014 онд тухайн газрын эзэмших эрхийн талаар маргаан гарч, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байх хугацаандаа Ш.О*** нь дээрх эзэмшлийн газраа Д*** ТӨХК-нд өөрийн хүсэлтээр, эрх шилжүүлэх гэрээ байгуулан газар эзэмших эрхээ шилжүүлэн өгсөн байна.
Гэтэл нэхэмжлэгч Ш.О*** нь хариуцагч Д*** холбогдуулж тухайн үед газрын үнэ 2,500,000 төгрөгийг үндэслэлгүйгээр тушаасан /шилжүүлсэн/ гэж үзэж уг мөнгийг буцаан шаардсан нэхэмжлэлээ 7 жилийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сард шүүхэд гаргажээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан бөгөөд талуудын хооронд газар эзэмших гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээнд заасны дагуу газар эзэмшүүлэгч нь гэрээнд заасан хэмжээний газрыг шилжүүлэн өгч нэхэмжлэгч нь дээрх газрыг 2014 он хүртэл эзэмшиж байгаад өөрийн хүсэлтээр, эрх шилжүүлэх гэрээ байгуулан өөр этгээдэд уг газар эзэмших эрхээ шилжүүлжээ.
Үүнээс үзэхэд гэрээний талууд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн буюу нэхэмжлэгч Ш.О*** нь тухайн газрыг гэрээнд заасны дагуу 2014 оныг хүртэл эзэмшиж байгаад өөрийн хүсэлтээр гэрээг цуцлаж, газрыг өөр этгээдэд шилжүүлсэн байна.
Ийнхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар үүрэг дуусгавар болох үндэслэл болох тул хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээхгүй юм. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д*** холбогдох нэхэмжлэгч Ш.О*** 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.О*** тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН