| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/01122/И |
| Дугаар | 1220 |
| Огноо | 2015-11-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 1220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01122/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хэсэг *** тоотод оршин суух М.Б / утас ***/- нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгий Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие тус байгууллагад ажиллахдаа хамт олонтойгоо эвтэй, найрсаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрт нь биелүүлж ажиллаж ирсэн. Гэтэл 2015 оны 10 сарын 16-ны өглөө гэнэт манай байгууллагын даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Б үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би ажилд орсон цагаасаа хууль журмын дагуу ажиллаж ирсэн. Ам бүл 3, эхнэр охины хамт өрх гэрээ эхнэр хүүхдээ тэжээх гэж чадан ядан амьдарч байна.
Намайг гэнэт нэг өдөр дуудаад хяналтын байцаагч Х нь хамт олны дунд “чиний өвчин хэд хамаатай юм, чи ажлын цагт бэлэн бай гэх мэтээр намайг загнасан. Би байнга л ажлын байранд байж байдаг. Бичиг хэрэг хүргэлтийг байнга хувийн машинаараа ч хүргэдэг байсан. Удирдах ажилтан нар нь ёс зүйгүй дураараа загнаж болдог, над шиг үйлчилгээний ажилтанг дор үзэж болно гэсэн ойлголтоор байнга ханддагт нь би гомдолтой байгаа. Намайг байгууллагын хуралд хэн ч ор гэж хэлж байгаагүй. Нэг л удаа орохдоо хяналтын байцаагч Х загнаад байгаа юм уу, доромжлоод байгаа юм уу ойлгоогүй гарсан.
Би ******** 2013 оны 08 дугаар сард ажилд орсон. Ажилд орсон цагаас хойш ийм асуудал болж байгаагүй. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ажлаас халах тушаалыг надад огт мэдэгдээгүй, сануулаагүй ажилаас чөлөөлөх тушаал гаргасан байгаа. Миний бие ажилаас халагдах хэмжээний зөрчил гаргаагүй. Ажилаас
халагдсан тушаалын зүйл анги нь эрүүл мэндийн байдлын улмаас цаашид ажиллуулах боломжгүй болсон тухай заалт оруулсан байна гэж өмгөөлөгч надад хэлсэн. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгоно, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна, мөн нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлнэ гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Э нь албаны **** улсын номертой **** маркийн машиныг харуицан эзэмшдэг байсан бөгөөд дараах алдаа дутагдал зөрчлийг тогтмол гаргаж байсан.
2014 оны өвөл сольсон машины өвлийн дугуйг 2015.10.06-ны өдрийг хүртэл солиогүй, албаны машинд цэвэрлэгээ үйлчилгээг огт хийдэггүй, 2014 оны хавар эвдэрсэн автомашины халаалтын системийг засах хүсэлтийг огт гаргаж байгаагүй, ажлын цаг барьдаггүй, ажлын цагаар огт байдаггүй, гэр утсаа унтраадаг, хэд хэдэн удаа бүтэн өдрөөр ажил тасалсан, ажил үүрэгтэй нь холбоотой шаардлага тавихад биелүүлдэггүй, хувийн зохион байгуулалт муу. Бид энэ хүнд олон талын хөнгөлөлт үзүүлж, гачигдал шалтгаантай үед буцалтгүй тусламж олгож, цалинг нь хүртэл бүтэн бодож олгож байсан. Сүүлийн үед М.Э ажил таслах байдал нэмэгдсэн. Энэ асуудлыг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн өөрт нь сануулсан боловч өөрийн алдаа дутагдалдаа дүгнэлт хийхгүйгээр бусдад уурлах, элдэв хов тараах зэрэг зохисгүй авир гаргаж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлдэггүй байсан.
М.Э өөрөө ажилдаа яаж ханддагаа бодох хэрэгтэй. Одоогийн байдлаар нийтээрээ хямралд орсон байгаа. Бензин тосны мөнгө байхгүй учраас байгууллагын машин бараг явахгүй байгаа. Гэтэл М.Э нь ажлын байрандаа байхгүй, гадуур хувийн ажилаа хөөцөлдөөд халтуур хийгээд явж байдаг. Дотоод ажилд оролцдоггүй. Бусад жолооч болон Тамгын газрын жолооч нар бүгд ажлын байрандаа байж байдаг. Машин жолоодохгүй бол ажилгүй байгаа бол ажлын байрандаа нэг нэгэндээ туслаад явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл ийм асуудалд оролцдоггүй хүн байгаа юм. Ажилаас чөлөөлөгдөх тушаал дээр эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажиллаж боломжгүй гэж ярьж байна. Түүний хажуугаар ур чадвар гэсэн заалт багтаж яваа шүү дээ. Ур чадвар гэх зүйлд ганцхан машин барих асуудал биш шүү дээ. М.Э ажилд эгүүлэн авах болон халагдах талаар ярьмааргүй байна. Ямар ч байсан шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэн үзнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь **** даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгчийн 2015 ны 10 дугаар сарын 06-ны өдрийн б/10 тоот “Ажлаас чөлөөлөх тухай“ тушаалыг хүчингүй болгуулах, жолоочийн албан тушаалд эгүүлэн томиуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
М.Э нь ****** гэрээт ажилтан жолоочоор 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээгээр ажилд орсон буюу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан байна.
Хариуцагч ажил олгогч ****** даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 тоот “Ажлаас чөлөлөх тухай” тушаалаар Монгол улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 1415 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь байгууллагын дүрэм”–йн 3.3 дахь хэсгийн 3.3.7, 4.2 дахь хэсгийг 4.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгон М.Эрдэнэбатыг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Б/10 тоот тушаалд ажилтан М.Э ажлаас чөлөөлж буй үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 ...ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэснийг баримталсан байна.
Б/10 тушаалын үндэслэл болж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2–т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох тухай ажилтаны ажил албан тушаалаа гүйцэтгэж чадахгүй байгаа байдал буюу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчилалын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох бөгөөд хариуцагч ажил олгогч Дархан-Уул аймийн Улсын бүртгэлийн хэлтэс нь энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тушаалын үндэслэлээ нотолж чадахгүй байна.
Мөн хариуцагч байгууллагын даргын түр орлон гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилтан М.Э ажлын байранд заагдсан үүргээ биелүүлдэггүй, ажлын цаг барьдаггүй, автомашины суудлын бүрээсийг огт угааж цэвэрлэдэггүй, 2014 оны хавар эвдэрсэн автомашины халаалтын системийг засах хүсэлтийг огт гаргаж байгаагүй, бусдад уурлах, элдэв хов тараах зэрэг зохисгүй авир гаргаж хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлдэггүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбараар татгалзаж буй боловч хөдөлмөрийн гэрээ болон, байгууллагын дотоод журамд зааснаар ажилтан М.Э сануулж байсан болон удирдлагын түвшинд хэлэлцэж байсан эсэх, түүний хөдөлмөрийн гэрээний үүргийг жил хагас жилээр дүгнэж байсан эсэх, ажлын байрны ажлын цаг ашиглалтыг ямар байдлаар бүртгэж, хяналт тавьж байсан эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй мөн дээрхи зөрчилийг ноцтой зөрчил гэж үзэж тайлбарлаж байгаа бол ноцтой зөрчилийг ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэж заахыг хууль шаардах бөгөөд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний /хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах үндэслэл тохиолдолыг дурдахдаа байгууллагын дотоод журамд заасны дагуу гэж тодорхойлсон бөгөөд ажилтан М.Э хувьд дээрхи ноцтой зөрчил гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.
Иймд ажилтан М.Э ... 2014 оны хавар эвдэрсэн автомашины халаалтын системийг засах хүсэлтийг огт гаргаж байгаагүй, бусдад уурлах, элдэв хов тараах зэрэг зохисгүй авир гаргаж хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлдэггүй байсан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй ... гэж ажил олгогч тайлбарлаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээний болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд тооцогдохгүй байна.
Мөн ажилтаныг ажил хөдөлмөр эрхлэлтийг шууд зогсоох, ажилд авах зэрэг тушаалыг тухайн байгууллагын дарга, захирал эрх хэмжээний хүрээнд гаргах эрхтэй атал даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч тушаал гаргасан байна.
Иймд ********* Даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгчийн 2015 ны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 тоот “Ажлаас чөлөөлөх тухай“ тушаалыг хүчингүй болгож, ажилтан М.Эрдэнэбатыг жолоочийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 06-наас 2015 оны 12 дугаар 02 хүртэлхи хугацааны цалинг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж, олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Э ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн тул ажил олгогч ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийг ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг мэдэгдэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгчийн 2015 ны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 тоот “Ажлаас чөлөөлх тухай“ тушаалыг хүчингүй болгож, ажилтан М.Э жолоочийн ажилд нь эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 06-наас 2015 оны 12 дугаар 02 хүртэлхи хугацааны цалинг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж ажилтан нэхэмжлэгч М.Эрдэнэбатад олгосугай.
3. М.Э ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийн ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтыг хийх учрыг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4. Нэхэмжлэгч М.Э нь Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс тэмдэгийн хураамж 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ