Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/33

 

 

 

 

 

У.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Л.С /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/187 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч У.Т-т холбогдох, эрүүгийн 2120000730076 дугаартай, 1 хавтас, 169 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Б.Д-ийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, яс үндэс халх, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Замын-Үүд сумын * дугаар баг, С-ын **-* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт У-ийн Т-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч У.Т нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 48 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын *-р багийн Тээврийн *-* тоотод байрлах “*****” нэртэй барилгын материалын дэлгүүрийн контейнараас С.А-ийн эзэмшлийн 1 ширхэг аккумляторыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт У-ийн Т-т холбогдох эрүүгийн 2120000730076 дугаартай хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорыг газарт буцааж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг саарал өнгийн сиди бичлэгийг хэргийн хамт хүргүүлж,

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч У.Т-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ захирамжийг прокурор, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Д эсэргүүцэлдээ: “...2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд “Булаах, дээрэмдэх” гэмт хэргийг нэгтгэж, оногдуулах ял шийтгэлийг зүйл анги бүрээр ялгаж, салгаж зааж өгсөн бөгөөд тус гэмт хэргийг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай тогтоолд бусад төрлийн гэмт хэргээс ялгах, нэг мөр ойлгох, зөв зүйлчлэх явдлыг хангах зорилгоор дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: “Бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, ил аргаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо төсөөтэй болохыг анхаарвал зохино” хэмээн зааж өгчээ.

Гэтэл сум дундын шүүхээс У.Т-ын үйлдлийг хохирогчид мэдэгдэлгүйгээр, бага насны хүүхэд, хөгшид, өвчтэй зэрэг хүмүүсийг үл тоомсорлож тэдний дэргэд хулгайлах тохиолдол байдгийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэж, хөндлөнгийн хүмүүсийн дэргэд бусдын эд зүйлийг авч байгааг ил аргаар авсан гэж үзэж, дээрэмдэх гэмт хэргээр зүйлчлэх нь үндэслэлгүй юм гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй өөрөөр хэлбэл хэрэг учрал болох үед гэрч Б.Ө нь нас биед хүрсэн, эрүүл, хүүхдээ хашаандаа салхилуулж байх үед нь У.Т-ыг аккумлятор авахаар орж ирэхэд нь “... та хүний юмыг зөвшөөрөлгүй аваад явах гэж байгаа юм уу буцаагаад тавиач...” гэж шаардлагыг хувийн зүгээс тавьсан боловч, уг шаардлагыг үл хүндэтгэн бусдын эд зүйлийг илээр өргөж авч явсан, мөн шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхдээ “бага насны хүүхэд, хөгшин, өвчтэй” мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй, мөн У.Т-ын бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр,  хууль бусаар авсан үйлдэл нь хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан камерын бичлэгээр давхар нотлогдон тогтоогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн зүйлчлэл нь хэргийн үйл баримттай тохирсон, үндэслэлтэй болно. Мөн гэмт хэрэг үйлдэх үед дэргэд нь байсан этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан бол гэм буруутай этгээдийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргээр зүйлчилж ирсэн практик байсан. Үүнийг гэрч Ө-ын мэдүүлэгт дурьдсан шаардлагаар нотолж байгаа болно.

 Хохирогч С.А-г хохирогчоор тогтоох болсон шалтгаан нөхцөл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...уг  алга болсон гэх автомашины аккумлятор нь манай аавын унадаг машины аккумлятор байсан юм... аккумляторыг алга болох үед манай аав Улаанбаатар хотод эмчилгээнд байсан учир би уг хэрэгт хохирогчоор орсон юм... уг аккумлятор нь хуучин, аккумлятор байсан... би учирсан хохирлоо барагдуулж авсан учир шүүх хуралд суухгүй... надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэргийг үндэслэл болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасан байх ба энэхүү заалт нь заавал хууль ёсны төлөөлөгч оролцуулах ёстой гэсэн диспотив буюу үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А-г хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах талаар хүсэлт ирээгүй, мөн түүнчлэн хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээж оролцдог оролцогчид тул хэрэгт заавал хууль ёсны төлөөлөгч томилж оролцуулах шаардлагагүй болно.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан шаардлагуудыг бүрэн хангасан болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бөгөөд хууль зүйн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч У.Т-т холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын13-ны өдрийн 2021/ШЗ/187 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Прокурор Л.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн объектив талын гол шинж болох илээр эсхүл нууцаар гэж ялгагддаг. Монгол хэлний тайлбар толь бичгээр илээр гэдэг нь нууц биш илэрхий, тодорхой байхыг илэрхийлдэг бол нууцаар гэдэг нь нийтэд үзүүлж, мэдэгдэж болохооргүй хэмээн тайлбарласан байдаг. Хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээд үзвэл гэрч Б.Ө нь  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дугаар багийн *-* тоотод амьдардаг талаар мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн тоотод байх байр нь нийтийн зориулалттай өөрөөр хэлбэл тухайн хашаа нь олон нийтийн газар биш гэсэн үг. Шүүгдэгч У.Т-ын гаргасан үйлдэл эхлэхээс дуусах хүртэл хугацаанд Б.Ө дуугүй хараад зогсоогүй, түүнийг бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч буй үйлдлийг мэдсэн. Мэдсэн даруйдаа та хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авах гэж байна болохгүй гэдэг шаардлагыг шүүгдэгчид тавьсан байдаг. Тухайн шаардлагыг шүүгдэгч У.Т үл тоож гэмт хэргийг төгсгөсөн.

Гэрч Б.Ө гэмт хэрэг болсон даруй хохирогч С.А-д хэлсэн байдаг. Түүний дараа камерын бичлэг шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үйл ажиллагаа явагдсан байдаг. Гэрч Б.Ө хууль ёсоор тухайн тоотод оршин суудаг бөгөөд хүүхдээ хашаан дотроо салхилуулж байсан, мөн боломжит хэлбэрээр тухайн эд хөрөнгийг авах хамгаалалтыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Бусдын нүдэн дээр ил авсан үйлдэл нь  дээрэмдэх гэмт хэрэгт хамаарч байна. Иргэний хуулийн 89-92 дугаар зүйлд эзэмшлийн талаар хуульчилсан байдаг. Хүсэл зоригийн дагуу эд зүйлийг хууль бусаар мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг. Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа нь тодорхой этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ. Шударга эзэмшигч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгийн эзэмшигч тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлд шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан байдаг. С.А-г хохирогчоор оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хохирогчийг тодорхойлсон байна. Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заасан байдаг. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.А нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар төрсөн эцгийнхээ гэр бүлийн гишүүн, Иргэний хуулийн 125 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн өмчийг гишүүд эдлэх, хэрэглэх, зохих шаардлагыг хангах эрх нь байна. Гуравдагч этгээдээр оролцож байгаа нь шударга эзэмшигчээр тогтоогдох боломжтой байна. Тухайн үед хохирогч С.А-ийн аав эмнэлэгт хэвтсэн байсан. Тиймээс энэ хэрэгт хохирогчоор орсон, хохирогчоор тогтоогдохтой холбоотой санал хүсэлт байхгүй, хохирол төлбөр барагдсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Эсэргүүцлээ дэмжиж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаалгах саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны 2021/ШЗ/187 тоот “Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах тухай” шүүгчийн захирамжтай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал шүүгдэгч У.Т нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд Замын-Үүд сумын *-р баг, Тээврийн *-* тоотод хашаанд байрлах “******” нэртэй барилгын материалын дэлгүүрийн континероос 1 ширхэг аккумляторыг аваад явж байхад нь уг хашаанд амьдардаг Б.О-өөс “ ...хүний юмыг зөвшөөрөлгүй аваад явж байгаа юм уу, буцаагаад тавиач“ гэж хэлж анхааруулаад байхад авч явсан үйл баримт болсон ба гэрч Б.О-ийн мэдүүлэг/хх-ийн 6 /, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/, хохирогч С.А-ийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогджээ.

 

Прокуророос шүүгдэгч У.Т-ын энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  буюу “Дээрэмдэх” гэмт хэрэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэсэн шинжүүдийг гэм буруутайд тооцохоор заасан бол,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл буюу “Хулгайлах” гэмт хэрэгт  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн шинжүүдийг гэм буруутайд тооцохоор заажээ.

 

Энэ 2 гэмт хэрэг нь илээр, нууцаар гэсэн 2 шинжээр хоорондоо ялгагдах ба “нууцаар” гэдэг нь бусдын эд хөрөнгийг авсан үйлдлийг хэн ч хараагүй байхыг шаардах бол “илээр” гэдэг нь бусдын нүдэн дээр ил, тодоор бусдын эд хөрөнгийг авсан байх юм.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэл хөнгөрөхөөр бол шүүх хөнгөрүүлэн өөрчилж болох тул шүүгч нь  хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх юм.

 

Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон байна.

 

            С.А-г хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжтой байхад мөрдөн шалгах ажиллагааны үед түүнийг хохирогчоор шууд тогтоосон нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх үзэж байгаа нь зөв болно, гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3-д зааснаар “…хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх … шийдвэрлэнэ” гэсний дагуу анхан шатны шүүх С.А-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжтой.

 

Хэрэгт хохирол төлөгдсөн, хэргийн талаар нэмж шалгуулах гомдол хүсэлт гараагүй байгааг шүүх мөн анхаарах нь зүйтэй.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн “Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах” тухай шүүгчийн захирамжийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1-д тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул прокуророос гаргасан эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй  болгож,  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/187 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцааж, прокурор Б.Д-ийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                           

                                                                                                  А.САЙНТӨГС