Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Б.Энхбат,

   шүүгдэгч Л.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхан овогт Лхагваагийн Оюунчимэгт холбогдох 201726010598 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Захуй суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, багш мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Авто-Таун Велла хотхон 53Г-336 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Урианхан овогт Лхагваагийн Оюунчимэг /РД:ТЗ63121204/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Оюунчимэг нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Авто Таун Велла хотхон 53Г-336 тоот гэртээ Р.Төмөрбаатартай “хүүхэд загнаж, айлгалаа” гэх хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан, улмаар гурил элддэг бөөрөнхий модоор зүүн гарын бугуй хэсэгт 1 удаа цохиж, бие махбодид нь зүүн гарын богтос  ясны далд хугарал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Л.Оюунчимэг нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Авто Таун Велла хотхоны 53Г-336 тоот буюу өөрийн гэртээ нөхөр Р.Төмөрбаатартай хүүхдүүдээ өмөөрч маргалдсаны улмаас гурил элддэг бөөрөнхий модоор зүүн гарын бугуй хэсэгт 1 удаа цохиж, бие махбодид нь богтос ясны далд хугарал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Р.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:              “...2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед миний бие гэртээ охин Есүй-Үжин, хүү Баасанням, эхнэр Оюунчимэг нарын хамт байж байсан. Энэ үед манай хүү Баасанням гэр дотор үймүүлээд гүйгээд байхаар нь би үргэлж авч явдаг хар өнгийн гар чийдэнгээр зангахад эхнэр маань уурлаад “чи дандаа хүүхдүүдээ загнаж байдаг, наад нэг муухай юмаараа айлгаж байдаг, болиоч” гээд гурил элдэж байсан бөөрөнхий модоор миний зүүн гарын бугуй хэсэгт цохиж гэмтээсэн юм. Тухайн үед миний зүүн гарын бугуй маш их өвдөж янгинасан. Маргааш нь би Сэлэнгэ аймаг явах ёстой байсан тухайн шөнөө ямар нэг өвчин мэдрэгдээгүй юм. Гэтэл өглөө Сэлэнгэ явах гээд босоод ирэхэд гар хавдчихсан байсан. Тэгээд би охин Есүй-Үжингээ дагуулаад Сэлэнгэд очоод эхнэрээ хашраалгах зорилгоор цагдаад өргөдөл өгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний зүүн бугуй хэсгээр хугарсан байна гэсэн. ...Би эхнэртээ ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 26 х/

           

Гэрч Р.Алимаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн ах Р.Төмөрбаатар 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед манай гэрт ирсэн. Тухайн үед миний ахын зүүн гарын шуу хэсэг нь хавдаад улайсан байдалтай байсан. Тэгээд би ахыг дагуулаад аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргээд үзүүлэхэд эмч гарыг нь хугарсан байна гэж хэлээд гипс тавьсан. Эмч Төмөрбаатар ахын даралт нь ихэссэн байна гээд даралтны эм бичиж өгсөн. Тэгээд бид хоёр манай гэрт харьж амарсан. Төмөрбаатар ах надад “би өөрийн дарга руугаа очиж золгоод гэртээ ирсний дараа эхнэр Оюунчимэг ямар нэг шалтгаангүй гурилын модоор зүүн гарын шуу руу хүчтэй цохиж гарыг минь хугалсан” гэсэн зүйл хэлж ярьсан. Тухайн үед Төмөрбаатар ахын биед өөр ямар нэг гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 х/

 

Насанд хүрээгүй гэрч Т.Баасанбямбын мөрдөн байцаалтан шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байсан. Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 53г байрны 336 тоотод байдаг. Гэртээ ном уншаад байж байхад аав Төмөрбаатар нь жижиг хар өнгийн цахилгаан бороохой шиг зүйл гартаа барьчихсан дүүтэй тоглож байхад ээж Оюунчимэг жижиг гурилын модоор гар луу нь цохиод гарт нь байсан цахилгаан бороохой шиг зүйл нь газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

 

Насанд хүрээгүй гэрч Т.Есүй-Үжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод гэртээ аав, ээж дүү нарын хамт байсан. Аав дүү нар луу цахилгаан бороохой гартаа бариад дугаргаад байхаар нь ээж нь чи яахаараа хүүхдүүд рүүгээ цахилгаан бороохой дугаргаж байдаг юм гэж хэлээд гар руу нь нэг удаа гурилын модоор цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 69 дугаартай дүгнэлт:

            а/ Р.Төмөрбаатарын биед зүүн богтос яс 3/1 доод хэсгээр хөндлөн хугарсан, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

           б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

             в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

              г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 36 х/

 

             6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 478 дугаартай дүгнэлт:

              а/ Р.Төмөрбаатарын биед зүүн гарын богтос ясны далд хугарал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

              б/ Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 2017 оны 3 дугаар сарын 03-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

              в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

              г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

               д/ 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан шинжээч эмч С.Бүрэнжаргалын 69 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            Шинжээч С.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:           “...Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэлх хугацаанд магадлуулагч Р.Төмөрбаатарын биед С.Чулуунсүх, Ц.Бадрал эмч нарын хамт шүүх эмнэлгийн давтан магадлал шинжилгээг анх удаа хийсэн. Р.Төмөрбаатарын биед учирсан гэмтэл нь гурил элддэг бөөрөнхий модоор цохих үед үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт гурил элддэг бөөрөнхий мод орно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 х/

 

            Шинжээч С.Бүрэнжаргалыг байцаасан тэмдэглэл: “...Р.Төмөрбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шүүх эмнэлэг дээр ирж надад биеэ үзүүлэхдээ хүнд модоор цохиулсан гэсэн өгүүлэмжтэй, зүүн гар хөндүүрлэсэн эмзэглэлтэй ирсэн ба хэсэг газрын үзлэгт зүүн шуунд гипс тавиулсан боолттой хурууны үзүүрүүд хөдөлгөөн хэвийн мэдрэмж алдаагуй байсан. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шууны рентген зурагт зүүн шууны богтос яс 3/1 доод хэсгээр хөндлөн хугаралтай гэсэн байсан. Уг хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Үзлэг хийхэд буюу рентген зураг, яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн эмнэлэгийн үзлэгийн тэмдэглэл зэргээс харахад шинээр учирсан гэмтэл байсан ба 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр үүссэн шинэ гэмтэл мөн байх боломжтой. Уг гэмтэл нь шинээр учирсан гипс тавиулаад удаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 х/

 

Шүүгдэгч Л.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр гэртээ байж байхдаа өөрийнхөө биед авч явдаг хар өнгийн төмөр гэрэл тусдаг бас бороохой болдог зүйлээр хүүхэд рүүгээ зангаад байсан. Яагаад зангасан бэ гэхээр хүүхдүүд маань Сэлэнгэ аймаг явах гээд бужигнаж байсан. Ер нь бол нөхөр маань хүүхэд рүүгээ байнга тэгж зангадаг. Нөхөр хүүхэд рүүгээ зангах үед би гурил элдэж байгаад нөхөртөө хандаж “чи дандаа ингэж байдаг, битгий ингээд бай” гэж хэлээд гартаа байсан гурил элддэг бөөрөнхий модоор зүүн гарын бугуй хэсэг рүү шүргэх шиг болсон. Энэ үед нөхөр маань “ёооё гар” гээд тэгсэн. Тэгээд нөхөр маань 2-3 хоноод Сэлэнгэ аймаг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55, 56-57 х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

  “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээ хүү Будням манай нөхөртэй тоглоод салбалзаад байсан. Зээ хүү Будням 5 дугаар ангид сурдаг хөдөлгөөнтэй хүүхэд юм. Манай нөхөр Төмөрбаатар хүүхдийг хааяа бороохойгоор айлгадаг. Би тухайн үед чи яагаад хүүхэд айлгаад байдаг юм гээд зүүн гар руу гурлын элдүүр модоор хальт цохисон. Тухайн үед гар нь гайгүй байсан. Нөхөр Төмөрбаатар маргааш нь Сэлэнгэ рүү явсан. Сэлэнгэд очсон хойно нь дүү нар нь дагуулж яваад шүүх, цагдаа болсон байсан. Нөхөр Төмөрбаатарын гар нь цуурсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Оюунчимэг нь Р.Төмөрбаатарын зүүн гарын богтос хэсэг рүү гурилын модоор цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар буюу хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон, тухайн хэрэг нь ахуйн хүрээнд  гэр бүлийн шинжтэй асуудлаас буюу хүүхдээ өмөөрсөнөөс болсон байх тул Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгч Л.Оюунчимэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

            Шүүгдэгч Л.Оюунчимэг нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64х/-аар тогтоогдов.

           

          Хохирол төлбөрийн тухайд:

          Хохирогч Р.Төмөрбаатар нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” /хх-ийн 13, 24-25, 26 х/ гэх тул Л.Оюунчимэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Оюунчимэгийн нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал /53 настай/, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 17 см урттай хар өнгийн гар чийдэн, 1 ширхэг 26 см урттай, 3.5 см тойргийн радиустай гурил элддэг бөөрөнхий мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Шүүгдэгч Л.Оюунчимэгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Урианхан овогт Лхагваагийн Оюунчимэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оюунчимэгийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оюунчимэгийн эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Л.Оюунчимэгт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 17 см урттай хар өнгийн гар чийдэн, 1 ширхэг 26 см урттай, 3.5 см тойргийн радиустай гурил элддэг бөөрөнхий мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Оюунчимэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Оюунчимэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ