Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1665

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01560 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Тгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээд “Х.Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаар шүүгчийн захирамжаар Г.Тгаас 84 560 964 төгрөгийг гаргуулж “Х.Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Н газар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206015877 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр ... байрны, 2 тоот 111.4 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн ханшийг 189 469 100 төгрөгөөр үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэх хуудсыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгч, энэ бичгийг хүлээж авахгүй бол танд 1 сарын хугацаа өгөхгүй гэж дарамталсан.

Н газар нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн.

Дээрх орон сууцыг 2010 онд “О К” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан худалдан авсан ба одоогийн зах зээлийн үнэ нь 280 000 000 төгрөг байхад хэт доогуур буюу 189 469 100 төгрөгөөр талбайн хэмжээг багасган үнэлсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаар захирамжаар Г.Т, С.Р нараас 85 241 718 төгрөг, мөн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 795 дугаар захирамжаар 25 654 700 төгрөгийг тус тус гаргуулж, “Х.Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18290586, 18290584 дүгээр тогтоолуудаар үүсгэн, тус газрын 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4/14078 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Г.Тгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ... байрны 2 тоотод байрлах орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18290586 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18290586/01 тоот тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Г.Тд үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2329 дүгээр албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуульд заасны дагуу “Х Э” ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 189 469 100 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/4991 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдсэн.

Г.Т нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг үнэлэгдсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах хүсэлтийг тус газарт гаргасныг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг бие даан худалдан борлуулж төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4/6113 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, мөн төлбөр төлөгч өөрөө үнэлгээг хүлээн зөвшөөрч, хугацаа авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 тоот захирамж, мөн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 00795 тоот захирамжийн дагуу Г.Т, С.Р нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд төлбөр төлөгч нь энэ хугацаанд мөн л төлбөр төлөөгүй бөгөөд ямар нэг байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах, үнийн санал өгөхгүй байх замаар өнөөдрийг хүрч байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгөө өөрөө зарж төлбөр барагдуулах хүсэлт гаргаж хугацаа авсан боловч мөн л төлөөгүй бөгөөд харин гомдол гаргаж шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Г.Тгийн нэхэмжлэлтэй, Н газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Н газар нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож, дахин зах зээлийн бодит ханшийг тогтоох шаардлагатай. Орон сууцны зах зээлийн үнэ нь 280 000 000 төгрөг байхад хэт доогуур буюу 189 469 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Н газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Х.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Т, С.Р нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 109 881 114 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00187 дугаар захирамжаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр ..тоот, 111.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх9-11/

 

Дээрх шийдвэрийг Г.Т, С.Р нар биелүүлээгүй тул Н газар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4441 дугаар захирамж, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 399 тоот гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх29,32, 40/

 

Н газар нь Г.Тгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206015877 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр ..тоот, 111.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-өдөр битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. /хх 41, 45/

 

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Н газар төлбөр төлөгч Г.Тд барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн санал ирүүлэхийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2329 тоот албан бичгээр мэдэгдэхэд, тэрээр үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “Х.Х” ХХК 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/518 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлтийг өгснийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоороо шинжээч томилсон ба уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугара зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтад нийцжээ. /хх47, 49, 50, 51/

 

Н газраас томилогдсон шинжээч “Х Э” ХХК уг орон сууцны зах зээлийн үнийг 189 469 100 төгрөгөөр үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй болохыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/4991 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Г.Тд мөн өдрөө мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч Г.Т 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 189 469 100 төгрөгөөс доошгүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацаа авах тухай хүсэлтийг гаргасан ба Н газар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4/6113 тоот албан бичгээр 1 сарын хугацаанд үнэлсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулж, төлбөр төлөхийг мэдэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дууссан байх бөгөөд дээрх хугацааг хэтрүүлэн 20 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Төлбөр төлөгч Г.Т нь барьцааны зүйл болох 111.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2010 онд “О К” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээний дагуу худалдан авсан болон одоогийн зах зээлийн үнэ нь 280 000 000 төгрөг байхад шинжээч хэт доогуур буюу 189 469 100 төгрөгөөр талбайн хэмжээг багасган үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА