| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/01382/И |
| Дугаар | 95 |
| Огноо | 2016-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/01382/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар байрны ****** тоотод оршин суух, Л.Л*** /регистрийн дугаар ***, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, *** баг, *** дугаар байрны *** тоотод оршин суух, С*** овогт Г*** С*** /регистрийн дугаар ТЖ*** , утас ***/-д холбогдох
7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э***, Р.М***, хариуцагч Г.С***, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Л*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...миний бие Г.С*** 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, сарын 3 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Г.С*** удаа дараа мөнгөө нэхэмжилж удаа дараа хэлсэн боловч биелүүлэхгүй байх тул хариуцагч Г.С*** үндсэн зээл 4,000,000 төгрөг, түүний хүү 3,000,000 төгрөг бүгд 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...хариуцагч Г.С*** нь Л*** Л*** барьж ашиглалтанд оруулсан орон сууцыг урьдчилгаа 10 хувийг төлж авахаар тохиролцож, гэрээ байгуулан, уг орон сууцанд орсон. Байрны урьдчилгаанд 3,500,000 төгрөгийг өгсөн. Түүний дараа Г.С*** нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цалингийн зээлэнд төлөх гэсэн юм гээд Л*** Л*** 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Г.С*** нь байрны урьдчилгаанд 4,700,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч 3,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 1,200,000 төгрөгийг төлөөгүй байсан учраас Л*** Л*** байрны урьдчилгааны дутуу 1,200,000 төгрөг, өмнө зээлсэн 4,000,000 төгрөг нийт 5,200,000 төгрөгийг зээлсэн гэж бичиг хийж өгсөн. Г.С*** нь тухайн байранд 1 жил гаруй хугацаанд амьдарчихаад байраа аваагүй, иймд түүний өгсөн 3,500,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгасан. Иймд Г.С*** үндсэн зээл 4,000,000 төгрөг, түүний хүү 3,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.С*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...миний бие нэхэжмлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цалингийн зээл 4,710,077 төгрөг авч, 2,000,000 төгрөгийг дүүдээ бэлнээр өгсөн улмаар 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөн дахин шугамын зээл 1,790,195 төгрөг авч ээж Э*** дансанд шилжүүлж нийт 3,500,000 төгрөг болгоод байрны урьдчилгаагаа дүү С*** ******* банкны *** тоот данснаас 3,500,000 төгрөгийг Т*** ХХК-ий *** тоот дансанд Г.С*** байрны урьдчилгаа төлбөр нэрээр шилжүүлсэн. 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдөр анх байрандаа орсон. Тухайн үед уг байр нь улсын комисс хүлээж аваагүй, хүйтэн халуун усгүй 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл халаал дулаанч өгөөгүй байр байсан. Улсын комисс хүлээн авснаас хойш байрны зээл хөөцөлдөх болоход цалингийн зээл маань өндөр учраас шаардлага байсан. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байрны эзэн Л*** 4,000,000 төгрөг байраа банкны зээлээр авсан тохиолдолд өгнө гэж авсан. Тухайн үед ямарч зээлийн гэрээ байгуулаагүй. Улмаар 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн хүсэлтээр ар гэрийн шалтгаанаар ажлаас гарахаар болсон. Ажлаас гарсан учраас байрны зээл авч чадахгүйд хүрсэн. Уг шалтгаанаа Л*** утсаар хэлж байрны урьдчилгаанд өгсөн 3,500,000 төгрөг авсан. 4,000,000 төгрөгнөөс суутгаад зөрүү 500,000 төгрөгийн тооцоог өгнө гэж ярьсан. Тухайн үед уулзах гэсэн боловч дандаа хотод юм уу гадаадад байж таараад уулзаж чадаагүй. Тэгээд байрны зээл авч чадахгүй учраас хүнийг байранд нь сууж хохироогоод яахав гээд 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нүүсэн. Нүүж байхдаа утсаар хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүнд 500,000 төгрөгийг өгнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л*** Л*** нь хариуцагч Г.С*** үндсэн зээл 4,000,000 төгрөг, түүний хүү 3,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Г.С*** нь ...байрны урьдчилгаанд өгсөн 3,500,000 төгрөгийг зээлсэн 4000,000 төгрөгөнд суутгаж, үлдэх 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. зээл хүүгийн талаар тохиролцоогүй тул зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч Г.С*** нь Т*** ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний урьдчилгаа төлбөрт 3,500,000 төгрөгийг Т*** ХХК-ний эзэмшлийн *** тоот дансанд хийсэн болох нь орон сууц захиалан бариулах гэрээ /хх-15/, ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримт /хх16-19/ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Г.С***нь ХААН банкны цалингийн зээлийн төлбөрт төлөх зорилгоор нэхэмжлэгч Л*** Л*** 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4000,000 төгрөгийг зээлж авсан болох нь хариуцагч Г.С*** бичсэн Миний бие Л*** 4000,000 төгрөг зээл,тус зээлийг байрны зээл бүтэхээр дансаар шилжүүлнэ... гэсэн баримт /хх-3/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид дээрх үйл явдлын талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Г.С*** нь нэхэмжлэгч Л*** Л*** 4,000,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч Л*** нь зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй болно, 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зохигчид нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээнд хүү тогтоогоогүй, хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул нэхэмжлэгч Л*** нь зээлийн хүү 3,000,000 төгрөг нэхэмжлэх эрхгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр Г.С*** нь байрны урьдчилгаа төлбөрийн дутуу 1,200,000 төгрөг дээр өмнө зээлсэн 4,000,000 төгрөгийг нэмж нийт 5,200,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр өгөхөөр тохиролцож, Л*** энэ талаар бичиг хийж өгсөн. Иймд зээлийн хүү 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэсэн тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт хариуцагч Г.С*** 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бичсэн 1,200,000-зөрүү мөнгө зээлсэн. Нийт 5,200,000 төгрөг 2014 оны 03 дугаар сарын 20-ноос өмнө зээлсэн мөнгөө өгнө. Тус хугацаанаас хойш 3 хувиар тооцож хүү өгнө гэсэн баримт байх боловч 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Л*** 5,200,000 төгрөгийн хариуцагч Г.С*** шилжүүлж өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй болно.
Хариуцагч Г.С*** нь ...байрны урьдчилгаанд төлсөн 3,500,000 төгрөгийг суутгуулж, 500,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч хариуцагч Г.С*** нь Т*** ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, гэрээний үндсэн дээр байрны урьдчилгаа төлбөрт 3,500,000 төгрөгийг Т*** ХХК-нд өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тугайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах тодоорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан байх тул хариуцагч Г.С*** хуулийн этгээд болох Т*** ХХК-нд төлсөн 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Л*** өгөх ёстой зээлийн төлбөрөөс хасаж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Иймд хариуцагч Г.С*** үндсэн зээл 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л*** олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Г.С*** 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С*** улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л*** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА