2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/321

 

 

 

 

 

 

   2026         01         30                                      2026/ШЦТ/321

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр;

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

Улсын яллагч: Б.Одонтуяа;

Шүүгдэгч: Б.Н- (өөрийгөө өмгөөлөв);

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золзаяа;

Хэргийн дугаар: 2503013381357;

 

Шүүгдэгч Б.Н ... регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Н- нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Санзайн зам Чандмань дэлгүүрийн урд замд 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 55 минутын орчимд Тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдын суурин газарт цаг 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг тус тус зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокуророос Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- мэдүүлэхдээ: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 20.000.000 төгрөгийг төлж, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-10),

Хохирогч П.Б-гийн “...Би тэр өдөр 7-н буудал ороод эргэж ирээд Чандмань дэлгүүрээс архи аваад гараад зам гарахад машинууд хурдтай явж байсан. Тэгээд зам гарах гэж байснаа л санаж байна. Өөр санах зүйл алга...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24),

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо Санзайн зам Чандмань дэлгүүрийн урд замд 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 55 минутын орчимд Тоёота приус маркийн ... улсын дугаартай автомашины жолооч нь явган зорчигч мөргөөд зосгож байгаа нь харагдаж байна” гэх тэмдэглэл (хх-ийн 13),

“...Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн аюулгүйн хийн дэрний мэдрэгчид бичигдсэн мэдээллээс -4 секундийн үед 88 км/цаг хурдтай явсан байна. Бичигдсэн мэдээлэлд автомашины тоормосны дөрөөн дээр гишгэх үйлдэл хийгээгүй байна” гэх Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0225/1432 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 34-35),

“...П.Б-гийн биед баруун дагз яснаас лямбда заадас руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз, шулуун синусын аалзан хальсан доорх цус харвалт, хэвлийн битүү гэмтэл, элэг, бүдүүн гэдэс, чацархайн урагдал, няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /2500 мл/, хэвлийн хөндийг нээж шалгах мэс засал  /2025.11.01/, элэгний урагдал, бүдүүн гэдэсний урагдалд цус тогтоох мэс засал /2025.11.03/, уушгины эдийн няцрал, зүүн суудал ясны дээд, доод салаа, зүүн сүүж ясны дээд ирмэг, ууц ясны нийлмэл хугарал, бүсэлхийн 5-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюулгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна..” гэх Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0725/13866 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 47-51),

“...Явган зорчигч П.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчсөн байна. Жолооч Б.Н- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдын суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш заамд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.3. Замын хөдөлгөөнд оролцоч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэх Тээврийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах албаны мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1584 дугаартай дүгнэлт (хх-ийн 67),

Яллагдагч Б.Н-ийн “...Тухайн өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зуслангийн зам дагуу Санзайн явах зам Чандмань дэлгүүрийн урд уруудаад явж байхад хүн гэнэт гараад ирсэн. Тэгэхэд тухайн газрын ойр орчимд явган хүний гарц байхгүй байсан. Би зогсож чадалгүй мөргөөд шууд зогссон. Бууж ирээд тухайн хүнийг хараад цагдаа түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 88),

Хохирогч П.Б-гийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 72),

Б.Н-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 89-98) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хууль ёсны эх сурвалж, агуулга, хоорондын уялдаа холбоо, харилцан баталгаажиж буй байдал болон хэргийн бодит нөхцөлтэй нийцэж буй эсэхийг шүүх иж бүрнээр судлан шинжилж, үнэлэхэд дараах нөхцөл байдал тогтоогдов.

Шүүгдэгч Б.Н- нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний оройн 18 цаг 55 минутын орчимд Toyota Prius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Санзайн замын Чандмань дэлгүүрийн урд хэсгээр хөдөлгөөнд оролцохдоо суурин газарт тогтоосон хурдны дээд хязгаарыг давуулан, түүнчлэн хөдөлгөөнд аюул, саад үүсэх нөхцөл байдал бий болсон үед хурдыг бууруулж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс тухайн үед зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Осол гарах үед хохирогч П.Б- нь явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан хэдий ч шүүгдэгч Б.Н- нь 88 км/цагийн хурдтай явж байсан буюу суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүй байх жолоочийн үүргийг зөрчсөн болох нь Тээврийн цагдаагийн газрын мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1584 дугаартай дүгнэлт (хх-ийн 67), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0225/1432 дугаартай шинжээчийн дүгнэлтээр (хх-ийн 34–35) тус тус тогтоогджээ.

Дээрх баримтуудаас үзэхэд шүүгдэгч хурдыг зохистой сонгоогүй, замын нөхцөл байдалд нийцүүлэн жолоодлогоо зохицуулаагүй үйлдэл нь осол гарахад шууд шалтгаант холбоотой, голлох нөлөө үзүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд явган зорчигчийн дүрэм зөрчсөн үйлдэл ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

Уг ослын улмаас хохирогч П.Б-гийн биед “баруун дагз яснаас лямбда заадас руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз, шулуун синусын аалзан хальсан доорх цус харвалт, хэвлийн битүү гэмтэл, элэг, бүдүүн гэдэс, чацархайн урагдал, няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /2500 мл/, хэвлийн хөндийг нээж шалгах мэс засал  /2025.11.01/, элэгний урагдал, бүдүүн гэдэсний урагдалд цус тогтоох мэс засал /2025.11.03/, уушгины эдийн няцрал, зүүн суудал ясны дээд, доод салаа, зүүн сүүж ясны дээд ирмэг, ууц ясны нийлмэл хугарал, бүсэлхийн 5-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, шилбэнд цус хуралт, зулгаралт” зэрэг амь насанд аюултай гэмтлүүд учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0725/13866 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд эдгээр нь хүний эрүүл мэндэд учирсан хүнд хохиролд тооцогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н- нь ослын нөхцөл байдлыг үндсэндээ үгүйсгээгүй, хохирогчид эмчилгээний зардалд 20.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь нотлогдож, хохирогч гомдолгүй гэх хүсэлт гаргасан байна. Түүнчлэн осол гарах үед шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглээгүй, харин хохирогч 2,46 хувийн согтолтын зэрэгтэй байсан нь холбогдох баримтуудаар нотлогджээ.

Мөн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зураг, камерын бичлэгүүд нь явган зорчигчийг автомашины урд баруун хэсгээр мөргөсөн, улмаар салхины шил баруун талаараа цөмөрч хагарсан нөхцөл байдлыг бодитоор харуулж байна.

Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хууль ёсны эх сурвалжтай, агуулгын хувьд бодит байдлыг тусгасан, хоорондоо зөрчилгүй, харилцан бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдалтай бүрэн нийцсэн, үнэн зөв, итгэх үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

Эдгээр баримтыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч Б.Н- нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь гэмт хэргийн объектив талыг бүрдүүлсэн гэж үзэх үндэстэй.

Түүнчлэн шүүгдэгч нь осол гаргахдаа болгоомжгүй хандаж, үр дагаврыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч зохих анхаарал, сэрэмж гаргаагүй нь болгоомжгүй хэлбэрийн гэм буруугийн илэрхийлэл болж, гэмт хэргийн субъектив талыг бүрдүүлж байна.    

Ийнхүү дээрх байдлаар тодорхойлсноор шүүгдэгч Б.Н-ийн үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, үйлдэл, үр дагаврын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

Шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг авч үзэхэд түүний зүгээс суурин газарт тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлсэн боловч хохирогч мөн тухайн үед явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Н- нь урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгэгдэж байгаагүй, их сургуульд суралцдаг, гэр бүлийнхээ хамт амьдардаг, тогтмол оршин суух хаягтай хүн болох нь тогтоогдсон бөгөөд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Мөн хохирогчид учирсан эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн нь гэм буруугаа ухамсарласан бодит алхам болсон гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, болгоомжгүй хэлбэрийн гэм буруу, учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа ухамсарлаж, хохирлыг барагдуулсан байдал, мөн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх боломж зэргийг цогцоор нь үнэлэв.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзвэл шүүгдэгчид хорих ял оногдуулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод зайлшгүй шаардлагатай гэж үзэхэд хангалттай үндэслэлгүй бөгөөд харин хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засран хүмүүжүүлэх, хуульд захирагдах ухамсрыг төлөвшүүлэх, хяналт дор амьдруулах замаар дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхэд илүү тохиромжтой, үр нөлөөтэй арга хэмжээ гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн тэнссэн хугацаанд тодорхой үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож байгаа нь шүүгдэгчийн зан үйлд бодит хяналт тогтоох, хариуцлагын мэдрэмжийг нэмэгдүүлэх, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах замаар дахин хууль зөрчих эрсдэлийг бууруулах, улмаар эрүүгийн бодлогын сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хангах ач холбогдолтой байна.

Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь гэмт хэргийн үр дагаврыг ухамсарлуулж, хяналтын дор хүмүүжүүлэх, дахин хууль зөрчихгүй байх баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит эрүүгийн хариуцлагын арга хэмжээ мөн гэж үзсэн тул доорх байдлаар хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоов. 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдаж байна.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н- нь хохирогч П.Б-гийн эмчилгээний зардалд бэлнээр нийт 20.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар хохирогч хүсэлт (хх-ийн 102) гаргасан нь хэрэгт хавсаргагдсан тул хохирогчид нэмж төлөх төлбөргүй болно.

Мөн хохирогч П.Б- нь Дарь эх нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нийт 1.839.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан зардлыг шүүгдэгч Б.Н-ээс нөхөн төлсөн нотлох баримтыг (хх-ийн 73) мөрдөн шалгалтын явцад гаргаж өгсөн учир Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Н- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

     ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Н-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Н-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлаах тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Н- нь хохирогч П.Б-д 20.000.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.839.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч тогтоолыг өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ