| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/01179/и |
| Дугаар | 96 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01179/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, М *** тоотод оршин суух, Б*** овогт Б*** З*** /регистрийн дугаар ТЗ***, утас ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, *** тоотод оршин суух, С*** овогт Б*** Б*** /регистрийн дугаар ТЗ***, утас ***/-т холбогдох
Гэм хорын хохирол 6,123,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г***, иргэдийн төлөөлөгч Ж.М***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.З*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...миний бие 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн, Дархан сумын *** дугаар багийн нутагт байрлах төв г*** хажууд иргэн Б.Б*** зодуулсан. Үүний улмаас баруун хөлний шилбэний яс хугарч улмаар хөл маань идээлэн хөлөө өвдөгний үеэс дээгүүр тайруулсан. Энэ талаарх гомдлоо Дархан-Уул аймгийн *******гийн газарт гаргасан. *******гийн байгууллагаас Б.Б*** бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж шүүхээс гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж хянан харгалзсан. Тухайн үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд учирсан хохирлын талаарх баримтыг бүрдүүлж өгөөгүй байсан. Гэмтэл авч хөлөө тайруулснаас хойш маш их хэмжээний эмчилгээ сувилгааны зардал гарсан. Иймд эм тарианы зардал болон эхнэрийн намайг асарч сувилж ажилгүй байсан хугацааны цалин нийт 3,000,000 төгрөг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар өөрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоосон акт гарч группэд орох хүртэлх хугацааны буюу 5 сарын хугацаанд хөдөлмөр эрхлээгүй хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 960,000 төгрөгийг, гэмтэл согог сэргээн засалтын Д*** ХХК-аас авсан хиймэл эрхтэн буюу дунд чөмөгний протез 1,600,000 төгрөг, хөтөвч 80,000 төгрөг, тэргэнцэр 150,000 төгрөг суга таяг 40,000 төгрөг, нурууны хамгаалалт 250,000 төгрөг нийт 2,120,000 төгрөгийг, тээврийн зардалд 43,350 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Иймд нийт Б.Б*** 6,123,350 төгрөгийг нэхэмжилж байна.гэв.
Хариуцагч Б.Б*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...миний хувьд түүний хөлийг хугалснаас болж хөлийг нь тайруулах хэмжээнд хүртэл гэмтээгээгүй юм. Тухайн үед эмчилгээ хийлгэж эмнэлэгт хандсан бол хөлөө тайруулахгүй байх байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд ажил төрөлгүй эхнэр маань өвчтэй байнгын эмчийн хяналтанд байдаг. Би 1,000,000 төгрөгийг цувуулж ажил хийж байгаад өгнө гэсэн бодолтой байна. гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.З*** нь хариуцагч Б.Б*** гэм хор учруулсны хохирол төлбөрт эм тарианы зардалд 1,041,850 төгрөг, түүний эхнэрийн асарч сувилж ажилгүй байсан хугацааны цалин 1,958,150 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 960,000 төгрөг, хиймэл эрхтэн хийлгэхэд гарсан зардал 2,120,000 төгрөг, тээврийн зардал 43,350 төгрөг, нийт 6,123,350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ..нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 1000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч Б.Б*** нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын *** дугаар багийн нутагт Т*** хажууд хамт байж байсан Б.З*** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг түлхэж унагааснаас Б.З*** баруун хөлний шилбэ яс нь хугарч яллагдагч нь бусдын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Б.Б*** бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэсэн байна. /хх-4-6/,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хор арилгах эрх бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гаргахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 228.5-т хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй, 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.З*** нь гэм хор учруулсантай холбоотой зардлыг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.З*** гэм хор учируулсны улмаас эм тарианы зардалд 1,041,850 төгрөг, замын зардалд 43,350 төгрөг, хиймэл эрхтэн худалдаж авахад дунд чөмөгний протез 1,600,000 төгрөг, хөтөвч 80,000 төгрөг, тэргэнцэр 150,000 төгрөг, суга таяг 40,000 төгрөг, нурууны хамгаалалт 250,000 төгрөг, нийт 3,205,200 төгрөг гарсан болох нь М*** ХХК-ний 2015 оны 05 дугаар сарын 15, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын баримт, Аньс эмийн сангийн 2015 оны 07 дугаар сарын 09, 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, Ариун маргад эмийн сангийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын баримт /хх-7-10/, Улаанбаатар төмөр замын тасалбар, хот хоорондын зорчих эрхийн тасалбар /хх-/, Гэмтэл согог сэргээн засалтын Д*** ХХК-ний 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Б.З*** нь Эрхэм чанар протезийн үйлдвэрээр...нийт 2,120,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт /хх-/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гаргсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, 505.2-т Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасны дагуу гэмт хэрэг гарсан өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон комиссын шийдвэр гаргасан өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 5 сарын хугацааны нөхөн төлбөр 960,000 төгрөгийг хариуцагч Б.Б*** гаргуулж, нэхэмжлэгч Б.З*** олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.З*** нь ...намайг манай эхнэр асарч сувилж, ажил хийж чадаагүй учир эхнэрийн ажилгүй байсан хугацааны цалин 1,958,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд энэхүү шаардлагатай холбогдуулан М*** ХХК-ний цалингийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн боловч түүний ажил хийж, цалин хөлс авч байсан нь өөр баримтаар давхар нотлогдохгүй байна.
Иймд хариуцагч Б.Б*** 4,165,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.З*** олгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,958,150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Б*** 4,165,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.З*** олгож, нэхэмжлэгч Б.З*** нэхэмжилсэн 1,958,150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Б.З*** улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Б*** улсын тэмдэгтийн хураамж 81,593 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Ж.ЛХАГВАСҮРЭН