Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2015/01168

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар багт байрлах Дархан-Уул аймаг дахь А*** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багт байрлах М*** ХХК /компанийн РД: ***/-д холбогдох,

 

Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 8,219,900 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь А*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан сумын *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** хотхоны *** дугаар байрны *** тоот орон сууцанд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А*** ХХК-тай орон сууцны барилгын доторх талбайн хэмжилт хийх ажлын гэрээ байгуулан талбайг хэмжүүлсэн. Дээрх орон сууцнуудад нийт 6,323 м.кв-аар дутуу байсан бөгөөд манай Тамгын газар 2015 оны 06 сарын 18-ны өдөр М*** ХХК-д албан бичиг явуулсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Иймд М*** ХХК-иас 8,219,900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн албан хаагчдад зориулсан байр худалдан авах, шинээр захиалж бариулах талаар Тамгын газрын тушаалаар комисс томилогдон, ажлын хэсэг судалгаа хийсний үндсэн дээр М*** ХХК-ийн П*** хотхонд *** дугаар байрны *** тоот тус бүр нь 42,57 м.кв талбай бүхий 2 орон сууц захиалж, 2013 оны 08 сарын 20-ны өдөр *** дугаартай гэрээг тус тус байгуулсан. Байрыг албан ёсоор 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч талаас орон сууцны талбайн хэмжээг хэмжүүлэхээр А*** ХХК-тай гэрээ байгуулан, хэмжилт хийлгэхэд 14 тоотоос 3,119 м.кв, 15 тоотоос 3,204 м.кв, нийт 6,323 м.кв талбай дутсан. Иймээс талбайн зөрүү болох 8,219,900 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Талуудын хооронд Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Учир нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол шууд барьсан бэлэн орон сууцыг үнийг нь өгөөд худалдаад авах байсан. Гэтэл баригдаагүй барилгыг очиж захиалга өгөөд ажил гүйцэтгэгч нь барьж дуусаад улсын комисс хүлээн авсны дараа захиалагч байраа үнийг нь төлөөд авсан байгаа. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илэрхийлж байна. Мөн анх байр захиалах үед *** дугаар байр гэж байснаа баригдсаны дараа *** дугаар байр болж өөрчлөгдсөн, мөн хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байр хүлээлцсэн актад 90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа гэсэн байгаа зэргээр үзэхэд энэ нь ажил гүйцэтгэх гэрээ юм. Хариуцагч тал нэгжийн үнийг тохироогүй гэж тайлбарлаж байгаа боловч байр хүлээлцсэн актад нэгж талбайн үнэ 1,300,000 төгрөг гэсэн байгаа. Мөн *** дүгээр гэрээний ард гэрээний тусгай нөхцөл гэсэн зүйл байдаг бөгөөд үүнд хууль тогтоомжид заасны дагуу 3 жилийн хугацаагаар баталгаат хугацаа олгосон байдаг. Үүнийг талуудын гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй гэж хариуцагч тал хүлээн зөвшөөрдөггүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасны дагуу барилга байшингийн талаарх гомдлын шаардлага гаргах хугацаа 3 жил байхаар заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *** тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан, гэрээнд заасан орон сууцуудыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч, баримтад комиссууд гарын үсэг зурсан байдаг. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцуудыг хүлээн авсан боловч байрны төлбөр шилжүүлэх асуудал үүсч, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр албан ёсоор хүлээлцсэн акт дахин үйлдэж хүлээлгэн өгсөн. Гэрээнд нэг орон сууцыг 42, 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц гэж зааснаас биш 1 м.кв-ын үнийг тохироогүй бөгөөд орон сууцны үнийг багцын үнээр тохирсон юм. Нэхэмжлэгч тал орон сууцыг бүрэн байна гэж актаар хүлээн авчихаад одоо доголдол байна, талбайн хэмжээ зөрүүтэй байна гэж үзэх үндэслэлгүй. Энэхүү талбайн зөрүү нь барилгын ашиглалт, эдэлгээний явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш юм. Нөгөө талаар гэрээний нэр нь Орон сууц захиалгаар барих гэрээ гэж заасан хэдий ч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан юм. Хуульд зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдана. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн гэрээнд зааснаар төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь М*** ХХК байгаа. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бол захиалагч өөрийн нэр дээр газраа авч, зураг төслөө өөрөө гаргаж өгөх ёстой. Хэмжилт хийсэн гэх А*** ХХК нь манай компанитай ашиг сонирхлын зөрчилтэй компани бөгөөд тусгай зөвшөөрөл нь хэмжилт хийсэн өдөр нь дууссан байдаг. Иймээс хэмжилт хийх эрхгүй этгээд юм гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь А*** нь М*** ХХК-иас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 6,323 м.кв-ийн үнэ болох 8,219,900 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

Хариуцагч М*** ХХК нь орон сууцны талбайн зөрүүтэй байдал нь далд доголдол биш, талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нд 1 м.кв-ийн үнийг тохироогүй, орон сууцны үнийг бүхэлд нь багцын үнээр тохирсон, энэхүү гэрээ нь орон сууц захиалгаар барих гэрээ гэсэн нэртэй боловч худалдах, худалдах авах гэрээ тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Дархан сумын *** дүгээр баг, *** дугаар хорооллын нутагт баригдаж байгаа П*** хотхоны *** дугаар байрны *** тоот тус бүр нь 42,57 м.кв талбай бүхий 2 өрөө, 2 орон сууцыг захиалан бариулахаар тохирч, 1 орон сууцны үнэ нь 55,341,000 төгрөг, 2 орон сууцны нийт үнэ болох 110,682,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр, М*** ХХК нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Монгол улсын барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн 2013 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** энэхүү гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд гүйцэтгэгч болох М*** ХХК нь 2013 оны 04 дүгээр улиралд багтаан, гэрээнд заасан орон сууцыг шинээр барьж, захиалагч болох Дархан-Уул аймгийн шүүхэд хүлээлгэн өгөхөөр тохирч, тус орон сууц баригдаж бий болохоос өмнө буюу 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрээг байгуулсан, мөн орон сууцыг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын комиссын бүрэлдэхүүн шалгаж, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрсний дагуу нэхэмжлэгч тал 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй 2 орон сууцыг хүлээн авсан, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэрээнд заасан *** дугаар байрны *** тоот орон сууцууд 90 хувийн гүйцэтгэлтэй байсан зэрэг нь хэрэгт авагдсан орон сууц захиалгаар барих тухай 58, 59 дугаартай гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн акт, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай Барилга орон сууц хүлээн авсан комиссын акт болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч М*** ХХК нь гэрээнд заасны дагуу Дархан сумын *** дүгээр баг, *** дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** давхрын *** тоот тус бүр 2 өрөө орон сууцыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь А*** хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь дээрх 2 орон сууцны нийт үнэ болох 110,682,000 төгрөгийг хүлээлгэн өгч, талууд гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нэг бүр нь 42,57 м.кв талбай бүхий 2 өрөө, 2 ширхэг орон сууцыг барихаар тохирсон байх боловч *** тоот, 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 39,451 м.кв буюу гэрээнд зааснаас 3,12 м.кв, *** тоот, 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 39,366 м.кв буюу гэрээнд зааснаас 3,2 м.кв-аар тус тус дутуу болох нь хэрэгт авагдсан А*** ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлээр тогтоогдож байгаа бөгөөд энэхүү хэмжилт хийсэн тэмдэглэл, дүгнэлтийг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар эрх бүхий шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх А*** ХХК-ийн талбайн хэмжээг хэмжсэн баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт биш бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт тул хариуцагч тал үүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх энэхүү нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38.6-д: ... туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж тус тус заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** шүүх хуралдаан дээр А*** ХХК нь хэмжилт хийх эрхгүй этгээд байсан... гэж тайлбарлаж байгаа боловч тус компанийн эрхгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуульд заасны дагуу шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргаагүй нь дээрх хуульд заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т: Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хэмжээ буюу нэг бүр нь 42,57 м.кв талбай бүхий 2 орон сууцны нийт талбайн хэмжээнээс 6,32 м.кв дутуу байгаа нь энэхүү хуульд зааснаар ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу хариуцагч М*** ХХК нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь А*** нь орон сууцны талбайн дутуу метр квадратын үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч М*** ХХК нь орон сууцны талбайн хэмжээг нэг метр квадратаар биш багцын үнээр тооцож тохирсон гэж тайлбарладаг боловч гэрээнд орон сууц нэг бүрийн талбайн хэмжээг 42,57 м.кв байхаар тохирсон байх тул энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар гүйцэтгэсэн ажилд нь ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш энэ зүйлд заасан хугацааны дотор гаргах бөгөөд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь орон сууц тул орон сууцыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 90 хувьтай орон сууцыг хүлээлгэн өгсөн гэсэн баримт байгаа боловч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор талууд орон сууцыг хүлээлцсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь талбайн хэмжээ зөрүүтэй талаар 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай албан бичгээр хариуцагч М*** ХХК-д шаардлага тавьж байжээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** тоот гэрээнүүдэд заасан нийт 2 ширхэг орон сууцны талбайн дутуу хэмжээнд буюу нийт 6,32 м.кв-д ногдох 8,216,000 төгрөг /2 орон сууны нийт үнэ хэмжээгээр тооцож, 110,682,000 төгрөг/ 85,14 м.кв * 6,32 м.кв/-ийг хариуцагч М*** ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь А*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Дээрх 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай гэрээгээр захиалагч нь Дархан-Уул аймгийн ***, регистрийн дугаар 9022929 гэсэн байгаа хэдий ч гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь А*** газар нэртэй байсан бөгөөд Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай тогтоолоор тус Т***, Захиргааны хэргийн анхан шатны *** дугаар ш***, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Дархан-Уул аймаг дахь *** болж тус тус нэр нь өөрчлөгдсөн, хэрэгт авагдсан 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээний өөрчлөлтөөр Дархан-Уул аймгийн *** гэсэн нэрийг Дархан-Уул аймаг дахь *** гэж өөрчлөн, 9022929 дугаар регистртэйгээр бүртгүүлсэн, дээрх *** тоот орон сууцууд тус А*** эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан үлдэгдлийн журнал, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, тус ш*** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхийн Ерөнхий зөвлөлийн тогтоолуудаар тогтоогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 353 дугаар зүйлийн 353.2-т заасныг баримтлан хариуцагч М*** ХХК-иас 8,216,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь А*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь А*** нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М*** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 146,406 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ